| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05735/И |
| Дугаар | 102/ШШ2024/04391 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/04391
| 2024 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2024/04391 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо,************** цогцолбор, 801 тоотод байрлах, ************** ББСБ ХХК /РД:5928907/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих иргэн************** /РД:УШ98112761/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргалд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай “************** ББСБ” ХХК нь Г.Анартай 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ХЗГ-22/437 дугаартай “Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ”-г байгуулж, 1,599,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Гэтэл хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөө 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хийгээгүй, зээлээ бүрэн төлж дуусгаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 102/Ш32024/13307 шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна. Иймд оршин суугаа газар нь тодорхойгүй Г.Анарыг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2024/13307 дугаар захирамж, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ” хуулбар, зээл олголтын хуудас зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь************** /РД:УШ98112761/-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.
4. Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь Г.Анартай байгуулсан “Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ”-ний үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлж, тэдгээрийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ”-г хавсаргасан байна.
5. Г.Анарын оршин суух хаяг тодорхойгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2024/13307 дугаар захирамжаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Анарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд************** /РД:УШ98112761/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох************** /РД:УШ98112761/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд************** /РД:УШ98112761/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ