Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

  2023  оны 07 дугаар сарын 03-ны өдөр                    Дугаар 2023/ШЦТ/127               Баруун-Урт сум           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж

Шүүгдэгч Ц.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Отгонбаярт холбогдох эрүүгийн 2330000140123 дугаартай  хэргийг  2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цайрт Менерал”ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Хайлаастын 1818 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй  РД:/ЛГ82080917/ Хэрээд овогт Цэгмэдийн Отгонбаяр

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч Ц.Отгонбаярын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг “Яргайт” нэртэй караокены 1 номерын өрөөнд иргэн С.Дэлгэрмаагийн мартаж гарсан гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 742,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Ц.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хууль бус арга хэрэглэсэн зүйл байхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

 

 

Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг “Яргайт” нэртэй караокены 1 номерын өрөөнд иргэн С.Дэлгэрмаагийн мартаж гарсан гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 742,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 х/,  эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 09-10 / хохирогч С.Дэлгэрмаа мэдүүлэг /хх-ийн 32-33 х/, гэрч Г.Отгончимэгийн мэдүүлэг /хх-ийн 40-41 х/,  Ю.Намхайгийн мэдүүлэг /хх-ийн 43 х/,  Д.Баярбатыг мэдүүлэг /хх-ийн 45 х/, Ж.Мөнх-Урлагын  мэдүүлэг /хх-ийн 49 х/, насанд хүрээгүй гэрч О.Мөнхдарийн  мэдүүлэг /хх-ийн 54-56 х/  Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны 2202507 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-71х/,  шүүгдэгч Ц.Отгонбаярын эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл /хх-ийн 91 х /, хохирогч С.Дэлгэрмаагийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 105 х / зэрэг баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

 Шүүгдэгч Ц.Отгонбаярын  хохирогч С.Дэлгэрмаагийн мартаж гарсан гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 742,500 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч С.Дэлгэрмаад 742,500 төгрөгийн хохирол  учирсан бөгөөд хохирогч С.Дэлгэрмаа нь прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “би oppo A92 S маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Прокуророос санал болгож, шүүгдэгч Ц.Отгонбаярын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иймд Ц.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ц.Отгонбаярт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хэрээд ургийн овогт Цэгмэдийн Отгонбаярыг гээгдэл эд хөрөнгө завших  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаярыг 500  /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Отгонбаярт оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Отгонбаярт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Отгонбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч С.Дэлгэрмаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР