Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 627

 

МАГАДЛАЛ

 

2018.03.07                                                     Дугаар 627                                Улаанбаатар хот

 

 

 

 

З.З-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.З-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХЭҮТ ТББ-д холбогдох,

 

Удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00924 дугаартай шийдвэрийн дагуу ХЭҮТ ТББ-н гүйцэтгэх захирлаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор ажилд нь томилсон. Гэвч ХЭҮТ ТББ-н удирдах зөвлөлийн тогтоол нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлийг тус тус зөрчиж гаргасан учраас тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь өмнө нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00924 дугаартай шийдвэрээр талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэхдээ З.З-тай өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг өмнөх гэрээний нөхцлөөр эгүүлэн авахаар тохиролцсон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Манай хувьд З.З-г удаа дараа ажилдаа орохыг албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй байгаа. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоол шүүхийн шийдвэрийг үндэслэн гарсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.З-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахыг хариуцагч ХЭҮТ ТББ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХЭҮТ ТББ-иас140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.З-долгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажилд эгүүлэн авахдаа ажил үүрэг, албан тушаал болон цалин хөлс өөрчлөгдөөгүй бол хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах шаардлагагүй бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02573 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч З.З-ийн  туршилтын хугацаа ажил эгүүлэн тогтоох шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх тул дахин нэг сарын туршилтын хугацаагаар ажилд авсан Удирдах зөвлөлийн 04 дүгээр тогтоол нь үндэслэлгүй байна...” гэж заасан нь хуульд нийцэхгүй юм. Шүүхийн шийдвэрийн дагуу З.З-г өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр ажилд эгүүлэн авах шийдвэр гаргасан болно. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг даалгасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд шүүх дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн байна. Өмнөх шүүхийн шийдвэр нь ажилд эгүүлэн тогтоосон. Ингэхдээ өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөл үргэлжилэхээр заасан байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах шаардлагыг хангахдаа тодорхой хууль зүйн үндэслэлийг зааж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй атал шүүхээс ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. З.З нь туршилтын нэг сарын хугацаатай ажилд эгүүлэн авсан талаар нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. ХЭҮТ ТББ-н хөдөлмөрийн дотоод журамд Хөдөлмөрийн гэрээ болон ажилтны хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг Удирдах зөвлөлд гаргана гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад шүүхийн шийдвэр нийцсэн байна.

Нэхэмжлэгч З.З нь хариуцагч ХЭҮТ ТББ-д холбогдуулан Удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч З.З нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХЭҮТ ТББ-н гүйцэтгэх захирлын албан тушаалаас халагдаж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00924 дугаартай захирамжаар талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмнө нь дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх захирамжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохдоо нэхэмжлэгчийг өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр буцааж ажилд нь авах талаар заасан. Өмнөх Хөдөлмөрийн гэрээ нь туршилтын журмаар 3 сарын хугацаатай байхаар тохиролцжээ. Уг шүүгчийн захирамжийг үндэслэн Удирдах зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 04 тоот тогтоолд нэхэмжлэгчийг 1 сарын хугацаагаар ажилд авах талаар заасан байгаа нь эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөө зөрчсөн, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тогтоол байх тул энэ тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхийн баталсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийг өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажиллуулахаар тохиролцсон байх тул хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг хариуцагчид даалгасан нь зөв байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

        ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                          М.НАРАНЦЭЦЭГ