Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0495

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.Э*******

Нэхэмжлэгч: “У*******” ХК

Хариуцагч: Сангийн сайд

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г*******

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаар “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0369 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Пүрэвцэрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.Э*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0117/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “У*******” ХК-иас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаар “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0369 дүгээр шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1, 56.6, 56.8, 56.6 дэх хэсэг болон заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “У*******” ХК-ийн гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаар Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.Э******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Гомдлын үндэслэл: Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1-т дүгнэсэнчлэн энэ хэргийн эрх зүйн харилцааны төрөл нь тендерийн маргаанд хамаарах нь үнэн боловч нэхэмжлэлийн үндэслэлээр тодорхойлсон маргааны зүйл, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан санал нь үйл баримттай холбоотой гэхээс илүүтэйгээр хууль хэрэглээ, захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх зарчимтай хамааралтай байсан боловч анхан шатны шүүх энэ талаар нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, маргааны гол зүйлд хамааралтай асуудалд дүгнэлт хийгээгүйд бидний үйлчлүүлэгч гомдолтой байна.

3.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.12-т “...тус компанийн захиалгаар тендерийн материалыг бэлтгэж, явуулсан Д.Б******* нэмж оруулсан учраас компани биш, Д.Б******* буруутай гэх агуулгаар маргаж байгаа...” хэмээн нэхэмжлэлээр тодорхойлсон маргааны зүйл, үйл баримтын талаар ташаа дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлд тендерийн баримт бичиг бүрдүүлж ажилласан Д.Б*******ийг дээрх байдлаар буруутгасан утга санаа огтоос байхгүй билээ. Харин улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөлийн дагуу бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу бодит нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг цуглуулах ажиллагаа буюу гэрч асуух, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийгээгүй удирдамжинд заасан хугацаанд хийгээгүйн улмаас гаргасан акт нь үндэслэл бүхий байж чадаагүй нөхцөлд хамраалтай байсан. Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөвөөр тодорхойлж чадаагүйн улмаас хууль хэрэглэсэн, бусад үйл баримтыг дүгнэсэн үндэслэлүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болох нь удаах үндэслэлүүдээс тодорхой харагдах юм.

3.3.Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т тодорхойлсон “бодит нөхцөл байдал” гэдгийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.14, 3.15-т “...улсын байцаагчийн тогтоох ёстой бодит байдал гэдэг нь тендерт ирүүлсэн баримт бичгийг хэн үйлдсэн, бэлтгэсэн гэдэг биш, баримт хуурамчаар үйлдэгдсэн үү, эсхүл үнэн зөв үү гэдэг юм, ... улсын байцаагч нь... тендерт ирүүлсэн баримт бичиг, хуурамч, эсхүл засвар оруулсан гэдгийг тогтоосон нь бодит байдлыг тогтоож байгаа...” гэснээс харагдах бөгөөд ийнхүү хуулийг явцууруулан тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4-т зохицуулснаас үзэхэд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай бодит нөхцөл байдлыг тогтоох гэдэгт тухайн актыг гаргахад зайлшгүй шаардлагатай, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдалд хамааралтай нотлох баримтыг тал бүрээс цуглуулж, үнэлэхийг хэлнэ гэж ойлгож байна.

Энэ тохиолдолд улсын байцаагчаас баримт бичиг хуурамч байсан эсэхийг үнэлж шийдвэр гаргахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх талаар журмыг баримталж, хэн, хэзээ, яагаад тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдсэнтэй хамааралтай бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан боловч энэ талаар ажиллагааг огт хийгээгүй болно. Тухайлбал, анхан шатны шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хариуцагч улсын байцаагч Д.Г*******ас тухайн хуурамчаар үйлдсэн гэгдэж буй баримтыг хуурамч эсэхийг үнэлэхдээ “... цахимаар ирүүлсэн баримтад зөрүү байсан тул хуурамч гэж дүгнэсэн...” талаар тодорхой хариулсан болохыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэсний дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол буюу иргэн Д.Б*******ийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйл баримтыг улсын байцаагч тогтоогоогүй.

3.4.Анхан шатны шүүх улсын байцаагчийн дээрх актыг зөвтгөсөн үндэслэлээ “... Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-т зааснаар хуурамч дүгнэлт гаргах эсэх талаар шууд эрх олгогдсон...” гэх агуулгаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэрэв анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх тохиолдолд энэ төрлийн аливаа маргаанд улсын байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлээр зохицуулсан шийдвэр гаргах ажиллагаанд нотлох баримт цуглуулах, үнэлэх журмыг хэрэглэхгүйгээр өөрийн харсан үзэмжээр баримтыг хуурамч эсэхийг үнэлж болно гэх буруу жишгийг бий болгохоор байна. Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагаанд шинжээч оролцуулдаг нь практикт тогтсон, зайлшгүй хийгддэг ажиллагаа гэж ойлгож байна.

3.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.10-т “... Улсын байцаагч нь шинжээч томилж, гэрч асууснаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан үндэслэл тогтоогдсонгүй...” гэжээ. Анхан шатны шүүх улсын байцаагчийн дүгнэлтийг зөвтгөсөн өөр үндэслэлээ Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/196 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Б*******ийг “хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тухайн баримт бичиг нь хуурамч гэдэг нь давхар тогтоогдсон тул тухайн цаг хугацаанд бодит байдлыг тогтоохтой хамааралтай дээрх ажиллагааг хийгээд адилхан хуурамч гэдэг үр дүн гарна гэх ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Өмнөх хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчийн гомдож буй үндэслэл нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа процессын журам зөрчсөн, холбогдох ажиллагааг дутуу хийсний улмаас бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэх үндэслэлээр 71 дүгээр дүгнэлт хүчингүй болох ёстой гэж маргаж байхад энэхүү хууль зүйн үндэслэлийн талаар огтоос дүгнэлт хийгээгүй.

3.6.Энэхүү нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь энэ төрлийн бусад маргаанаас зарчмын хувьд ялгаатай гэж өмгөөлөгч нараас үзэж буй бөгөөд шүүхийн практик судалж үзэхэд тухайн тендерт оролцогч хуулийн этгээд нь өөрийн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хуурамч баримт бичиг үйлддэг байна.

Энэ тохиолдолд хөндлөнгийн этгээд өөрийн явцуу ашиг сонирхлын төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдэж, тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч компани хохирогчоор тогтоогдсонтой холбоотой үйл баримтыг анхан шатны шүүхээр зөвөөр үнэлж, дүгнээгүй бөгөөд үүнийг тогтоох ёстой бодит байдал бус гэж үзсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан боловч улсын байцаагчаас акт гаргахдаа энд хэлэлцэгдэж буй бодит байдлыг тогтоосон бол гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тодорхойлсончлон зорилгодоо нийцсэн, гаргасан зөрчлийн хэмжээнд тохирсон, үндэслэл бүхий байж чадах байсан билээ.

Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

1.“Э*******” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮ/202401011285 дугаартай “Засвар, механикын заводын Механик цехийн өргөтгөлийн ажил гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч “У*******” ХК-ийн хувьд тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.2.3-т заасан “ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага”-ыг нотлох баримтад “Э*******” ХХК-тай байгуулсан 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн ЭВ/0502 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний дагуу нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 160 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн БА-186/2022 дугаар дүгнэлтийг өөрчилж, ерөнхий гүйцэтгэгч “В*******” ХХК-ийн ард “У*******” ХК-ийг нэмсэн болох нь Нийслэлийн хяналт, шалгалтын газрын 2024 оны 01/528, 01/938 дугаар албан бичиг, уг дүгнэлтийн эх хувиас авсан хуулбараар тус тус тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж, мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.3-т “Оролцогч өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцна”, Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 4.5-д “Аж ахуй эрхлэгч …өөрийн тендерт холбоотой мэдээлэл, ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасан ч энэ тохиолдолд давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэгчийн шууд санаатай үйлдэл байгаагүй, өөрөөр хэлбэл өөрийн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хуурамч баримт бичиг үйлдээгүй болох нь Дүүргийн эрүү, иргэнийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсоныг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх нь зүйтэй.

Гэтэл шийдвэрт “...хуурамч бичиг баримтыг компани бус иргэн Д.Б******* үйлдсэн…” гэх нэхэмжлэгчийн тайлбар, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр зөвхөн дээрх хуулийн 26.3-т заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчийг тендерийн бичиг баримтын үнэн зөвийг хариуцах ёстой гэж дүгнэсэн нь хангалтгүй юм.

Тухайлбал уг тогтоолоор шүүгдэгч Д.Б*******ийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг Центер нэртэй зочид буудлын кофе шопд дээр дурдсан дүгнэлтийн 2.4 дэх заалтад барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн нэрийг нэмж “У*******” ХК-ийг оруулж, хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэж дүгнэн, шүүгдэгч Д.Б*******ийг 2.0 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

2.Хэдийгээр улсын байцаагчаас хяналт шалгалтын явцад дээрх бичиг баримтад өөрчлөлт оруулсан буруутай этгээдийг олох, санаа сэдлийг тодруулах ажиллагаа явуулах үүрэг хүлээгээгүй ч, нэхэмжлэгчээс тус тендерт оролцохын тулд иргэн Д.Б*******той Тендерийн материал бэлтгэх хамтран ажиллах гэрээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан, мөн тэрбээр бичиг баримтад өөрчлөлт оруулсан болох нь ийнхүү тогтоогдсон, хяналт шалгалтын явцад ч энэ талаар хариу тайлбар гаргасан байгаагаас үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргахаас илүүтэй 56.6.2-т зааснаар илэрсэн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх” эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.2-т заасныг баримтлан “У*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.Э******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                           ШҮҮГЧ                                                  А.САРАНГЭРЭЛ

 

                           ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН