Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0078

 

 

 

 

 

 

 

 

2022 02 09 128/ШШ2022/0078

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Б ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV*******, XV-********* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот шийдвэр болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б  ХХК анх ашигт малтмал хайгуулын ХV-******** ХV-************тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авахыг даалгах шаардлага гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ашигт малтмалын хайгуулын XV-1-****** тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот шийдвэр болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах гэж өөрчилж тодруулжээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Б ХХК нь 2009 оноос Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутагт байрлах Их толгодын ар нэртэй газарт ХV-1**** дугаартай, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Энгэр-Ухаа нэртэй газарт ХV-**** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газраас олгосноос хойш өнөөдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд хуульд заасан хайгуулын зардлын хэмжээг хангах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх, хайгуулын ажлын болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг гаргаж хүргүүлэх зэрэг Ашигт малтмалын тухай хууль болон бусад эрх зүйн актуудад тусгасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргүүдийг биелүүлж, нутгийн захиргааны өөрөө удирдах байгууллагууд болон төрийн захиргааны байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллаж ирсэн.

Бидний зүгээс тасралтгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн бөгөөд 2020 оныг дуустал Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд нь төлсөөр ирсэн ба тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлыг зарцуулан ажилласан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Б ХХК-ийн зүгээс холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ажил хариуцсан мэргэжилтэнд өргөдлийг хүлээлгэн өгөх гэсэн боловч тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлүүдийг хүлээн аваагүй. Иймд тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 04/2021 тоот албан бичгээр хүсэлт болон өргөдөл хүлээлгэн өгөхөөр очиход түүнийг хүлээж аваагүй, харин 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот албан бичгээр танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу мэдэгдэл ирүүлсэн.

Энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 06/2021 тоот албан бичгээр гомдол гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга XV-*****, XV-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй байх 12 жилийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 19-ны өдөр дуусгавар болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар дахин сунгах хууль зүйн хувьд боломжгүй" гэсэн хариуг шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд Монгол шуудан ХК-ийн салбараас 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гардуулж өгсөн.

Манай компани тусгай зөвшөөрөл сунгуулахтай холбоотой зохих материалыг Ашигт малтмал, газрын тосны газраас батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн бөгөөд үйлчилгээний хөлс болох нэг, нэг сая төгрөг нийт 2 /хоёр/ сая төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн сан дахь 1009********* тоот дансанд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус тус тушаасан. Мөн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан гаргаж хянуулж байсан тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, судалгааны хэлтсээс гаргуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байсан, Ашигт малтмал, газрын тосны газрын дээрх мэдэгдлүүдийг эс зөвшөөрч байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө хянуулах үндэслэлтэй, өргөдлийг хүлээн авснаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг тооцон хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. гэжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан үндэслэлдээ: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсээс манай компанид мэдэгдэхдээ ХV-1***** тоот тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан огт хариу өгөөгүй бөгөөд дээрх албан бичгээр татгалзсан шийдвэр болон XV-1**** дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх 12 жилийн хугацаанд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй, иймд танай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн үндэслэлгүй хариуг манай компанид өгсөн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр өгсөн хариу болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичгээр өгсөн хариу нь өөр хоорондоо утга агуулгын илэрхий зөрүүтэй ба ийнхүү шийдвэрлэж хариу өгсөн асуудлууд нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 464 дүгээр шийдвэрээр тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 782 дугаартай шийдвэрийг биелүүлж, манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-14*** ХV-1**** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоож, урьдчилан төлсөн төлбөрийг 7 дахь жилийн төлбөрт тооцож хүлээн авч, бүртгэсэн атлаа "... тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаанд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй гэж хариу өгсөн нь ойлгомжгүй байна. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай 2 лицензийн хугацааг сунгуулах гэхээр 12 жил нь болчихсон байна гээд хүлээж аваагүй. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 12 жилийн хугацаа нь дууссан гэсэн албан бичиг бидэнд ирсэн. Гэтэл 12 жилийн хугацаа нь дууссан гэж хэлээгүй гэж мэргэжилтэн Н.г тайлбарласан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан бичиг нь 12 жилийн хугацаа дууссан гэж хэлээд өргөдлийг хүлээж аваагүйг баталж байна. Тухайн дарга нь мэргэжилтнүүдээсээ асууж албан бичгийг хүргүүлдэг зарчмын дагуу 12 жил дууссан гэж манайд албан бичиг өгсөн. Гэтэл одоо Н.г манайх ийм албан тоот өгөөгүй гээд өөр зүйл яриад байдаг.

Бид тухайн зөвшөөрлүүдийг эзэмшээд олон жил болж байна. Манай компани нь 10 орчим жил лицензийн төлбөр, сунгалтын төлбөр, хайгуулын ажилд 300 гаран сая төгрөг зарцуулсан. Миний 10 жил оруулсан хөрөнгийг хариуцлагагүй 1 хүн самраад хаячихлаа. Ийм их хэмжээний мөнгийг хэн нэгэн бусниулсанд үнэхээр их гомдолтой байна. Мэддэг мэргэжилтнүүд нь 12 жил болсон гэхээр дарга нь албан бичиг төлөвлөж явуулчихаад, одоо би тэгээгүй гэж мэргэжилтэн Н хэлдэг.

Би одоо 64 настай. Хөлийн ясны хугарал эдгэрэхгүй удсан. Дараа нь нүдний торлогийн хагалгаа 2021 оны 3, 4 дүгээр сард хийлгэсэн. Мөн 2021 оны 05 дугаар сарын дундуур дахин хагалгаа хийлгэсэн. 2021 оны 05 дугаар сард дахин хагалгаа хийгдсэн талаар эмнэлэг тодорхойлолтдоо бичээгүй байна. Миний нүд одоог хүртэл сайн эдгээгүй байгаа. Гэрээр эмчлүүлж байсан. Би 30 жилийн турш сахарын өвчнөөр өвдөж байгаа хүн. Корона өвчний нөхцөл байдлаас шалтгаалаад надтай цуг эмнэлэгт сахарын өвчнөө эмчлүүлж байсан бараг бүх хүн ковид аваад, хүндэрч нас барсан. Би Ковид-19 өвчин тусаагүй, сахарын өвчний эмчилгээг байнга гэрээрээ хийлгэж байсан. Ковид-19 өвчний нөхцөл байдлын үеэр сахарын өвчнийг эмчилдэг эмнэлэг хүн хүлээж авахаа больж, ковид-19 өвчин туссан хүмүүсийг хүлээж авч байсан учраас сахарын өвчин туссан хүмүүс гэрээрээ эмчилгээ хийлгэж байсан. Эмийн сангаас тариа, эмээ авч, өглөө оройдоо байнга эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд гэрээс орж, гарч болохгүй байсан. Гэрээс гарвал халдвар авах эрсдэлтэй, халдвар авч өвчилбөл хүндрээд амь насаа алдах эрсдэлтэй байсан. гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Б ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-****, ХV-****тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт гаргасан хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй тул өргөдлөө шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 дугаар албан бичгээр хүлээн авахаас татгалзсаныг хууль бус гэж үзэж байгаа. Учир нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хайгуулын ХV-1***, ХV****тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. 12 жилийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалт хариуцсан мэргэжилтэн Н. өргөдлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Н мэргэжилтэн 12 жилийн хугацаа дууссан учраас өргөдлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан... гэж тайлбарласан тул шүүхээс үүний дагуу гэрчээр Н.асуусан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 дугаар албан бичгийн агуулга нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө холбогдох баримт бичгийг бүрдүүлэн сунгуулах хүсэлтээ гаргана гэснийг зөрчиж байх тул хүлээн авахаас татгалзаж байна гэдэг. Гэвч энэ нь ХV-1****тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтэд өгсөн хариу. Үүнийг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах хуулийн хугацаа дууссан учраас дахин сунгах боломжгүй гэсэн зөрүүтэй татгалзсан шийдвэрийг гаргасан. Нөгөөтээгүүр ХV-1*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй талаар гомдолдоо дурдсан, энэ талаарх хариуг мөн өгсөн. Миний үйлчлүүлэгчийн тухайд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлөө гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан албан бичигт тодорхой байгаа юм. Уг өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бүх л баримтуудыг хавсаргаж өгсөн. Үүнтэй хариуцагч талаас маргадаггүй, зөвхөн 1 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэдэг үйл баримтын талаар дурддаг. Нэхэмжлэгчийн хавсаргаж өгсөн баримтын тухайд тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, жилийн төлбөр төлсөн баримт, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримт, хайгуулын үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудад тодорхой байна.

2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний үйлчлүүлэгч тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл гаргахаасаа өмнө хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон эмнэлгийн баримтаар тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд 2020 оны 08 дугаар сард миний үйлчлүүлэгчийг гэмт хэргийн хохирогч болж, олон тооны гэмтэл учирсан, баруун дээд зовхи болон баруун нүдний ухархай дахь доод ханын хугарал, мөн олон тооны гэмтлийг дурдсан байдаг. Энэ нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байна. Хавтаст хэрэгт Сондра эмнэлэгт эмчлүүлсэн талаарх тодорхойлолт авагдсан. Энэ тодорхойлолт нь шинжээчийн дүгнэлтийн дагуу баруун нүдэнд торлогийн мэс засал хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2021 оны 04 дүгээр сард хагалгаа хийлгэсэн, тухайн хугацаанд бүрэн гүйцэт эдгэх боломжгүй учраас миний үйлчлүүлэгч гэртээ хэвтэн эмчлүүлж байсан. Ковид-19 өвчний нөхцөл байдал, нас болон толгойд нь яр шарх үүссэн, өвчтөний биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан гэрээр эмчлүүлэх шаардлагатай байсан. Энэ нь шүүхэд гарган өгсөн гэрэл зурагт байгаа. Ийм хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан.

Нөгөөтэйгүүр тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөртөө багтааж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасныг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Хүндэтгэн үзэх шалтгааны талаар Татварын ерөнхий хуульд дэлгэрэнгүй тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн цаг мөчид өвчтэй байсан нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хадгалах хуулийн зохицуулалт бий. Үүнд ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн тухайд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг цаг тухай бүрд нь төлсөн байсан. Тусгай зөвшөөрлүүдийн төлбөр төлсөн тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн ялгаагүй хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн мэргэжилтний тодорхойлолтоор энэ нь нотлогдоно.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг татгалзсан шийдвэрийг хууль бус болох үндэслэлийн тухайд хавтаст хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 464 тоот шийдвэр авагдсан. Тухайн шийдвэрээр хайгуулын ХV-1****, ХV-1***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцоод, мөн 7 дахь жилийн төлбөрийг тооцон бүртгэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 1 дүгээр хавсралтаар 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 9 дэх жилийн төлбөрийг тооцож, тэмдэглэгээ хийгдсэн нь авагдсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 12 жилийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь энэ үйл баримтуудаар няцаагдаж байна. Хавтаст хэрэгт мөн хайгуулын ажилд зарцуулсан жил бүрийн төлбөр төлөлтийн талаар, үйл ажиллагаа явуулсан талаар, менежментийн төлөвлөгөөг батлуулсан талаарх баримтууд авагдсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс энэ олон жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийг хадгалах, тусгай зөвшөөрлийг эзэмшиж хайгуулын үйл ажиллагаа явуулсан талаар дурдлаа. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлөө өгөөгүй гэдэг үндэслэлээр 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8/2822 тоот албан бичиг гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй албан бичгүүдэд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй гэх үг, үсэг байхгүй байна. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийг заасан байдаг. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд Б ХХК-ийн тухайд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаантайгаар тус бүр хоёр тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өргөдлийг албан бичгээр гаргасан нь хуулийн хугацаанд хамаарч байгаа юм. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөдлөө гаргасан гэж тайлбарладаг боловч тухайн үед Баасан гарагийн ажлын цаг дуусахаас өмнө гаргасан. Дараагийн Даваа гарагт буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тухайн өргөдлийг бүртгэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т хугацаа дуусах сүүлийн өдөр нь ажлын бус өдөр байвал түүнийг дараагийн ажлын өдөр шилжүүлэн тооцно гэдэг нөхцөл байдлаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлөө гаргасан байна. Нөгөөтэйгүүр гэрч Н өгсөн мэдүүлгээс харахад 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК-иас хугацаа сунгуулах тухай өргөдлөө гаргаж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль тогтоомжийг судлан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасны дагуу мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд хугацаа сунгахаас татгалзах хуулийн зохицуулалт байна. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн албан бичигт Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 1 сарын өмнө хүсэлт гаргах ёстой байсан гэсэн үндэслэлийг заасан байдаг, харин 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн албан бичигт Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан шаардлагыг буюу 3 жилийн хугацаанд 3 удаа сунгуулах хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэх агуулгаар гаргасан. Энэ нь хуульд заасан татгалзах үндэслэл биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагаанд хэрэглэгдэх тусгай зарчмуудыг хуульчлан заасан байдаг. Үүнд хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмууд байдаг. Миний үйлчлүүлэгчийн тухайд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, холбогдох баримт бичгийг цаг тухай бүрд нь бүрдүүлж байсан. Гэхдээ хамгийн сүүлийн нөхцөл байдалд хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал болон миний үйлчлүүлэгчид тулгарсан өвчнөө эмчлүүлэх, үйлчлүүлэгчийн насны байдлыг харгалзан хүндэтгэн үзэх шалтгаан байсныг шүүхээс анхаараасай гэж хүсэж байна. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах талаар хуульд заасан үүргээ ухамсарлаж, холбогдох баримт бичгээ бүрдүүлж өгснийг анхаарч үзнэ үү. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул, уурхайн кадастрын хэлтэс хариу тайлбартаа: Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумдын нутагт байрлах Их толгодын ар нэртэй талбай, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах Энгэр ухаа нэртэй талбайд тус тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Б ХХК-ийн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181, 234 дугаар шийдвэрээр ХV-0***, ХV-0*** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 145, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 454 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-014786, ХV-014788 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс тооцож, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар 3 удаа тус тус сунгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болгохоор зохицуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан. Тодруулбал нэхэмжлэгч Б ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0**** тоот, ХV-0**** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, түүний хавсралт бүрдэл баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүй байна.

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн санд дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

8. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар хариу тайлбартаа: Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 454 дүгээр шийдвэрээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 782 дугаар шийдвэрийг биелүүлэх тухай Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тооцохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрхийг хангаагүй байх тул ашигт малтмалын хайгуулын ХV-014786, ХV-014788 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хүчинтэй байхаар тооцож бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болгохоор зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: гэж заасан.

Тодруулбал нэхэмжлэгч Б ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0****, ХV-0****** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, түүний хавсралт бүрдэл баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүй байна. Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн санд дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож бүртгэж, нэхэмжлэгч Б ХХК-д хүргүүлсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм. гэжээ.

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Б ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-1****, ХV-*** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д Хугацаа зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болгохоор, 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримтыг хавсаргахаар заасан.

Тодруулбал нэхэмжлэгч Б ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах тухай өргөдөл, түүний хавсралт болон бүрдэл баримт бичгүүдийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүй. Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн санд дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэж, нэхэмжлэгч Б ХХК-д хүргүүлсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичгүүд нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм. Яагаад хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт вэ гэвэл тухайн нэхэмжлэгч компани нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах ёстой байхад 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь хуулиа биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тус компаниас хуулийн хугацаандаа өргөдлөө гаргаагүй учраас тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн тухайн өргөдлийг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс намайг 12 жилийн хугацаа дууссан тухай хариу тайлбартаа бичсэн гэж тайлбарлаж байна. Үүнд тодруулга хийхэд би хариу тайлбартаа 12 жилийн хугацаа дууссан гэж огт бичээгүй, мөн шүүх хуралдааны явцад ч огтхон ч хэлээгүй. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах хүсэлтэй байна.

Мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тусгасан цахимаар ирүүлсэн хайгуулын ажлын тайлан нь баталгаажаагүй, хянагдаагүй засвартай гээд буцаагдсан байсан. Хэдийгээр хугацаанд хугацаа сунгуулах тухай өргөдлөө өгсөн ч гэсэн Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн шүүлтээр ороод бүрдэл материал дутуу үндэслэлээр хасагдах боломжтой буюу хасагдахаар байсан. Тэгэхээр тухайн тодорхойлолтоор тайлан баталгаажаагүй учраас бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр буцаагдаад явах байсан.

Тус компанийн 03/2021 тоот албан бичиг хэрэгт авагдсан байгаа боловч манай албан бичгийн өргөдөл, бүртгэлийн дэвтэрт бүртгэл үүсгээгүй байсан. Ирсэн бичгийн бүртгэлд байхгүй байсан учраас энэ бичгийг байхгүй гэж албан тоотдоо дурдсан.

2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийг Кадастрын хэлтсийн даргаас хариу өгсөн, 2021 оны 07 дугаар сарын 09-ний албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас хариу өгсөн. Тэгэхээр тухайн хоёр албан бичгийг хоёр өөр мэргэжилтэн боловсруулаад хариу өгсөн. Миний бодлоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргын хариуг боловсруулсан мэргэжилтэн нь 12 жилийн хугацааг нягтлалгүйгээр хариу өгсөн байх гэж бодож байна. Түүнээс Кадастрын хэлтсийн даргын өгсөн хариунд тухайн 12 жилийн хугацаа дууссан талаар огт дурдаагүй байсан, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан хүчин төгөлдөр байх хуулийн хугацаа дууссан учраас хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байсан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн хугацаанд мэс засалд орсон гэх боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт байхгүй байна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол компанийн хэн нэгэн ажилтнаа төлөөлүүлж, итгэмжлэл олгож, сунгуулах боломжтой байсан.

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичгүүд нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Үйл баримтын хувьд.

Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумдын нутагт байрлах Их толгодын ар нэртэй 1738.6 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-014786 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 181 дүгээр шийдвэрээр, мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах Энгэр ухаа нэртэй 4001 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV********** дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 234 дүгээр шийдвэрээр тус тус олгож, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 3 дугаар сарын 05-ны өдөр бичсэнээр энэ өдрөөр тусгай зөвшөөрлүүдийн анх олгогдсон хугацаа огноологджээ.

Улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, 2015 онд хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйтэй маргаж, Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 782 дугаар шийдвэрээр тус 2 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоон ХV-0*********, ХV-0******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-0*******, ХV-0*********** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс тооцож 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 3 жилээр сунгасан ч дараа нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 454 дүгээр шийдвэрээр ийнхүү хугацааг 2015 оноос тооцож сунгасан 2017 оны 181 дүгээр шийдвэрээ хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилээр 3 удаа сунгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож, дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж хайгуулын ХV-0****** ХV-0***** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хүчинтэй байхаар тооцож бүртгэн, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төлсөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг 7 дахь жилийн төлбөрт тооцсон, өөрөөр хэлбэл Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 454 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийн 2 дахь удаагийн сунгалтыг хийснээр хугацааг тооцжээ. Энэ шийдвэрүүдийг үндэслэн тусгай зөвшөөрлүүдийн хавсралтад 7, 8, 9 дэх жилийн төлбөр төлөгдсөн, хугацааг 2020 оны 6 дугаар сарын 19-нөөс 2021 оны 6 дугаар сарын 19-нийг хүртэл гэж тэмдэглэгээ хийгдсэн байна.

Хоёр. Маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдал.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн маягтын дагуу өргөдлүүдийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах ажил хариуцсан мэргэжилтэнд өгсөн боловч өргөдлүүдийг хүлээн аваагүй буцаасан, өргөдлөө шийдвэрлүүлэхээр Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст хүсэлт, Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан ч үндэслэлгүй хариу өгсөн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзаагүй хэмээн маргасан бөгөөд анх ашигт малтмал хайгуулын ХV-***, ХV-14*****8 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах-аар шаардлагаа тодорхойлж байсан бол хүсэлт, гомдолд хариу өгсөн Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн болон Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрүүдийг өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан хууль бус үйлдэл хэмээн, Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн болон Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгож, өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах-аар шаадлагаа өөрчилжээ.

Гурав. Нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлүүд.

1. Б ХХК 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ХV-014786, ХV-014788 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан болох нь сунгуулах үйлчилгээний төлбөрийг мөн өдөр Хас банкинд тусгай зөвшөөрөл тус бүрээр төлсөн төлбөрийн баримтуудаар[1], ХV-014786 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хийгдэх эрэл хайгуулын ажлын хүрээнд гүйцэтгэгдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийг Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар, ХV-01****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хийгдэх эрэл хайгуулын ажлын хүрээнд гүйцэтгэгдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар тус тус батлуулсан байгаагаар, ХV-*****, ХV-0****** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 19-нийг хүртэл сунгуулах өргөдлийг К-11 маягтаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тодорхойлолтыг К-04 маягтаар тус тус гаргасан байгаагаар, түүнчлэн гэрчээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн Н 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2 хүн Б ХХК-ийн ХV-***** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар ирсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөө байгаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан бусад материалууд байсан гэж мэдүүлснээр тус тус тогтоогдож байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуулын хэлтсээс ирүүлсэн ХV-*******, ХV-*********8 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын талаарх тодорхойлолтоос үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2 тусгай зөвшөөрлийн хувьд хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө 2020 онд хянуулсан, 2021 онд ирүүлсэн, хянагдаж байгаа, хайгуулын ажлын жилийн тайлан 2020 онд ирүүлсэн, геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээ 2019 оных баталгаажуулсан, 2020 оных хянагдаж байгаа хэмээн тодорхойлсоноор Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан 2020 оныхыг ирүүлсэн, уг тайланд тусгагдах геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээ 2020 оных баталгаажаагүй ч хянагдаж байгаа гэж үзэхээр байна. Тайланг хэрхэн үнэлэх, зардлын доод хэмжээг баталгаажуулах эсэх нь хариуцагч байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй, харин хугацааг сунгахаас татгалзах үндэслэлд хамаарах тул өргөдөл хүлээн авахаас татгалзсан энэ үе шатанд хамаарах захиргааны үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг дүгнэхэд үнэлэгдэхгүй.

2. Энэхүү гэрчийн ХV-014786 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл, материал ирүүлээгүй хэмээх мэдүүлэг нь Б ХХК 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ХV-014786 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө шийдвэрлүүлэхээр 03/2021 тоот албан бичгээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүсэлт гаргаснаар болон мөн өдрөөр үйлчилгээний хураамжийг уг тусгай зөвшөөрлийн дугаараар төлснөөр, тухайн тусгай зөвшөөрлийн талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутгийн эрх бүхий байгууллагаар батлуулсан байснаар, 2020 оны хайгуулын ажлын тайланг ирүүлсэн байснаар няцаагдаж байна.

Нарийвчлан тайлбарлавал тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацааны хувьд адил тооцогдох 2 тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах баримт бичгийн бүрдлийг нэгэн зэрэг хангуулсан, мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст биечлэн очиж тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэнд өргөдлөө өгөхөөр хандсан байх тул ХV-****дугаар тусгай зөвшөөрлийн тухайд хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломж бүрдээгүй байсан гэж дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө мөн өдөр гаргаагүй байна гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй, гэрчийн энэ талаарх мэдүүлэг өөр нотлох баримтаар батлагдахгүй байна.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн үндэслэл зааж 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр К-11 маягтаар гаргасан ХV-0***** ХV-**** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг, хавсаргасан баримтуудын хамт хүлээж авахаас татгалзаж буцаасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т ... төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж гэж заасанд нийцээгүй, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүйгээр буцаах шийдвэр гаргах эрх мэргэжилтэнд хуулиар олгогдоогүй, хугацаа сунгахаас татгалзах шийдвэрийг төрийн захиргааны байгууллага гаргахаар хуульчилжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл нь бүхэлдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахаас эхлээд хэдийд гаргах, ямар баримт бичиг хавсаргах, өргөдлийг хүлээн аваад хэдий хугацаанд шийдвэрлэх, сунгах эсэхийг шийдвэрлэхэд ямар нөхцлийг хангуулах, сунгасан шийдвэр гаргасан тохиолдолд хэрхэх, сунгахаас татгалзах үндэслэл, татгалзсан тохиолдолд хэрхэхийг зохицуулсан байх тул 22.1 дэх хэсгийн ... хугацаа дуусахаас 1 сарын өмнө ... сунгуулах өргөдлийг гаргаж ... гэх зохицуулалтыг энэ хугацаа хэтрүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй байх эрхийг мэргэжилтэнд олгосон гэж шууд тайлбарлан хэрэглэх боломжгүй.

Тиймээс тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцсан мэргэжилтэн хүлээн аваагүй буцаасан нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна. Гэхдээ нэхэмжлэгч нь анх хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон ч өргөдлөө шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт болон гомдолд хариу өгсөн шийдвэрүүдийг хугацаа сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр байна гэсэн агуулгаар уг шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгохоор шаардлагаа өөрчилсөн болохыг, нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэх учиртайг дурьдах нь зүйтэй.

4. Б ХХК 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ХV-****6 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө шийдвэрлүүлэхээр 03/2021, ХV***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө шийдвэрлүүлэхээр 04/2021 тоот албан бичгээр хүсэлтээ гаргасан гэх бөгөөд 6 дугаар сарын 18-ны өдрөөр огноологдсон уг албан бичгүүдийг хариуцагч байгууллага хүлээж авсан болох нь хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг ирүүлэхдээ тухайн 03/2021, 04/2021 тоот албан бичгүүдийг ирүүлснээр тогтоогдож байна.

Б ХХК-ийн ХV-014*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр буюу Баасан гаригаар огноологдсон 04/2021 тоот албан бичиг нь Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргийн бүртгэлийн программд 6 дугаар сарын 21-ний өдөр буюу Даваа гаригт бүртгэгдсэн, харин ХV-014*** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан мөн өдрийн 03/2021 тоот албан бичиг нь тус газрын бичиг хэргийн бүртгэлийн программд бүртгэгдээгүй хэдий ч уг албан бичгийг хариуцагч байгууллагаас шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байх тул хүсэлтээ ийнхүү гаргасан байна гэж шүүх үзсэн болно.

5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 6 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 тоот албан бичгээр хүндэтгэн үзэх шалтгаанаа зааж хайгуулын XV-14786 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хүлээн авсан ч бүртгэлд бүртгээгүй, улмаар хариу өгөөгүй буюу хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн энэ эс үйлдэхүйг хууль бус гэж шүүх үзлээ.

6. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот албан бичгээр тус компанийн 6 дугаар сарын 18-ны өдрийн 04/2021 тоот албан бичгээр гаргасан хүсэлтэд XV-14788 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан хугацаандаа гаргаагүйн улмаас 6 дугаар сарын 19-ний өдрөөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгчээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч 6 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021, 04/2021 тоот албан бичгээр гаргасан хүсэлтдээ ковид 19 цар тахлын тархалтыг хязгаарлахаар улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийслэл, орон нутаг хооронд хөдөлгөөнийг хориглож, хязгаарласны улмаас орон нутгийн захиргааны байгууллагаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах ажил удааширч, өргөдлөө 5 дугаар сарын 19-ний дотор гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байснаа тайлбарласан байхад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө гаргасан хүсэлтэд, тодруулбал 6 дугаар сарын 18-ны өдрийн 04/2021 тоотоор гаргасан хүсэлтэд хариу өгөхдөө үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэхийг авч үзээгүй, энэ талаараа хариунд огт дурдаагүй, үндэслэл болгоогүй байгаа нь буруу болжээ.

Маргаанд хамаарах энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийслэл, орон нутаг хооронд хөдөлгөөнийг хориглож, хязгаарлалтын дэглэм тогтоосон, тухайлбал 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 4 дүгээр сарын 30-ныг дуустал сунгаж, 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 4 дүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 08-ныг хүртэл шилжүүлж, 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дэглэмийг 05 дугаар сарын 08-ныг хүртэл сунгаж, 5 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор 5 дугаар сарын 08-наас 6 дугаар сарын 02-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 5 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дэглэмийг 6 дугаар сарын 30-ныг дуустал сунгасан байдаг.

Тиймээс төрийн захиргааны байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ямар нөхцөл шаардлагаар ажиллаж байсан, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаа хэтрүүлсэн гэх энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон эсэхийг өргөдлөө шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ харгалзаагүй нь буруу болсон, хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, өргөдөл хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчжээ хэмээн шүүх дүгнэж, хайгуулын XV-14788 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

7. Б ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 05/2021 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад өргөдлийг хүлээж аваагүй, өргөдлөө шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй асуудлаар гомдол гаргаж, гомдолдоо улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийслэл, орон нутаг хооронд хөдөлгөөнийг хориглож, хязгаарласнаас орон нутгийн захиргааны байгууллагаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах ажил удааширсан, мөн компанийг төлөөлөх этгээд нь биедээ гэмтэл авч олон сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн, 3 удаагийн хагалгаа хийлгэсэн зэрэг хугацаа хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан байснаа дурдаж, 2021 оны 3, 4 сард баруун, зүүн нүдэндээ болор, торлогийн мэс засал хийлгэсэн талаарх баримтаа хавсаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1/3011 тоот албан бичгээр хариу өгөхдөө өргөдөл гаргах хугацаа хэтрүүлсэн шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх эсэхэд мөн л огт дүгнэлт хийгээгүй, харин XV-147**, XV-147** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй байх 12 жилийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 19-ны өдөр дуусгавар болсон, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар дахин сунгах хууль зүйн хувьд боломжгүй" гэсэн хариуг өгчээ.

Ашигт малтмал, газрын тосны газар гомдлыг хянасан ч хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхэд дүгнэлт хийгээгүйн дээр 12 жилийн хугацаа дууссан хэмээн тусгай зөвшөөрлийн хугацааг тооцсон нь ч үндэслэлгүй, буруу болжээ.

Учир нь Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 454 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-014***, ХV-014*** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2 дахь удаагийн сунгалтыг хийснээр буюу хугацааг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хүчинтэй байхаар, тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг 7 дахь жилээс тус тус тооцсон тул тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс дахин нэг удаа гурван жилээр сунгах хуулиар олгогдсон боломж байна.

Хэдийгээр Ашигт малтмал, газрын тосны газар нь урьдчилан шийдвэрлэх журмаар гомдлыг хянаж хариу өгсөн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх өөр үр дагавар буюу хугацааг өөрөөр тооцож өргөдлийг хүлээн авахаас татгалзсан үр дагавар үүсгэсэн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1/3011 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг шүүх шийдвэрлэсэн болно.

8. Хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгчийн төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхэд дараах 2 дүгнэлтийг хийлээ.

а/ Тусгай зөвшөөрлийн талбай нь Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумдын нутагт байрлах бөгөөд дээр дүгнэсэнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийслэл, орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хориглож, хязгаарлалтын дэглэм тогтоосноос тухайн сумдад зорчиж, сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2021 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах ажил удааширсан нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно.

б/ Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн төлөөлөгч П нь 2020 оны 8 дугаар сард бусдын гэмт үйлдлээс хүндэвтэр гэмтэл авсан нь шүүх шинжилгээний шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 9666 дугаар дүгнэлтээр тогтоогдох бөгөөд энэ гэмтлээс үүдэлтэй эмчилгээ хийлгэсэн, мэс засалд удаа дараа орсон, тухайлбал Сондра нүдний эмнэлэгт 2021 оны 3 дугаар сарын 16, 4 дүгээр сарын 02-ны өдөр баруун, зүүн нүдэнд торлог, болорын хагалгаанд орсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 64 настай. Хөлийн ясны хугарал эдгэрэхгүй удсан. Нүдний болор, торлогийн хагалгаа 2021 оны 3, 4, 5 дугаар сард хийлгэсэн. Гэрээр эмчлүүлж байсан. 30 жилийн турш сахарын өвчнөөр өвдөж байгаа, цуг эмнэлэгт сахарын өвчнөө эмчлүүлж байсан бараг бүх хүн ковид-19 өвчнөөр хүндэрч нас барсан. Ковид-19 өвчний нөхцөл байдлын үеэр сахарын өвчтэй хүнийг эмнэлэг хүлээж авахаа больж, ковид-19 өвчин туссан хүмүүсийг хүлээж авч байсан. Эмийн сангаас эм, тариагаа авч, сахарын өвчний эмчилгээг байнга гэрээрээ хийлгэж байсан. Гэрээс гарвал халдвар авах эрсдэлтэй, халдвар авч өвчилбөл хүндрээд амь насаа алдах эрсдэлтэй байсан. гэх тайлбарыг үгүйсгэхээргүйн дээр хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааг хэтрүүлж тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасан ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхад энэ үндэслэлийг харгалзаагүй захиргааны байгууллагын буруутай ажиллагаа тогтоогдож байх тул Б ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-147***, XV-147*** тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.

9. Захиргааны байгууллагын өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь, өргөдлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүд нь бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна.

Иймд Б ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV**** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг, өргөдлийг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг, XV**** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот албан бичгийг, XV-1****, XV-147*** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 64 дүгээр зүйлийн 64.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-14786 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг, өргөдлийг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг, XV-14788 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот албан бичгийг, XV-147***, XV-147*** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 


[1] Хэргийн 20 дугаар хуудас