Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Г.Баясгалан

Хохирогч М.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Шүүгдэгч К.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 67 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2307000000122 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******ад ******* ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт *******,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ы ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч К.******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн,ийн тоот хашаанд хохирогч М.*******тэй “маргаанд хөндлөнгөөс оролцож шаардлага тавилаа” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүр рүү нь гараараа цохих, мөргөх, газарт унагаж өшиглөх зэргээр тус тус халдан зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн талын хацар ясны дотор ялтсын хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамарт зулгаралт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч М.*******н мэдүүлэг /хх-5/, гэрчийн мэдүүлэг /хх-8/, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг /хх-16/, шинжээчийн дүгнэлт /хх-17-18/, шинжээчийн мэдүүлэг /хх-20/, эрүүл мэндийн даатгалын сангаас ирүүлсэн баримт /хх-51-52/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч М.*******н мэдүүлэг /хх-6/, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг /хх-16/, үзлэгийн баримт /хх-14-16/, шинжээчийн дүгнэлт /хх-17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан хуудас /хх-32/, нас тоолсон тэмдэглэл /хх-45/, даатгалын сангаас олгосон санхүүжилтийн хуудас /хх-48-49/, Реха мед эмнэлгийн дүгнэлт /хх-63/, шинээр гаргаж өгсөн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч К.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тэр өдөр найзууд болон ах нартайгаа гэртээ сууж байсан. Дүү хоёр хоног гэртээ ирж хоноогүй болохоор нь дүүтэйгээ маргаад байж байтал хохирогчийн эхнэр орж ирээд хэрүүл, маргаан үүсгэсэн...”  гэв.

    

Хохирогч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэрэг 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болсон.  Манай гэр шүүгдэгчийн  гэрээс 100 метр зайд биш. Нэг гудамд байдаг урд, хойд хөрш. Үсрээд л 10 метрийн зайтай. Яг манай урд талын айл. Би хашаанаасаа шүүгдэгчийн гэр лүү 10 алхаад орно. Тэр өдөр энэ хүүхэд гэртээ архидан согтуурсан. Нэлээн дуу чимээтэй байсан. Хоорондоо зодолдсон. Би тэрийг нь харж зогсож байгаад гэрт нь ороогүй. Тэгсэн манай эхнэр гарч ирээд энэ урд айлд юу болоод байгаа юм гээд орж шаардлага тавьсан байна лээ. Архи битгий уугаад бай. Хоорондоо битгий зодолдоод бай гэж шаардлага тавьчхаад манай эхнэр гэр лүүгээ орсон. Би хашааныхаа үүдэнд том хаалгаа цэвэрлээд зогсож байсан. Тэгсэн шүүгдэгч дээшээ 50 метр өгсөж явсан. Буцаж ирээд эгч яасан юм гээд манай эхнэрийг надаас асуусан. Эгч нь гэртээ байгаа яасан юм гэхэд та нар яахаараа гэгээн цагаан өдөр  хүнд шаардлага тавьдаг юм гэсэн. Би яагаад шаардлага тавьж болдоггүй юм бэ? та нар архи ууж хоорондоо зодолдоод байгаа биз дээ гэсэн чинь шууд намайг цохисон. Эхэлж цохиход нь нүүр халуун дүүгээд би газар суусан. Тэгснээ дахин савхин бээлий өмсөөд хоёулаа гарч ирсэн. Намайг унагааж өшиглөж зодсон. Тухайн өдөр нь цагдаа дуудаад эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн. *******т рентгенд орсон. Хамрын яс хугарсан. Эмч маань намайг хот руу явж үзүүл гэсэн. Хот руу явж үзүүлэхийн тулд би К.*******ийн ээжээс 200,000 төгрөг  нэхэмжилсэн. Хот явж компьютерт харуулах хэрэгтэй байна гэхэд 200,000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь Улсын төв Нэгдүгээр эмнэлгийн чих, хамар, хоолойд үзүүлсэн. Үзүүлсэн баримт нь хэрэгт байгаа. Тэр баримтын дагуу 3,000,000 төгрөг нэхэмжилсэн. Учир нь хамар бол эмзэг эрхтэн. Ер нь хагалгаанд орох шаардлагатай юм байна гэдгийг эмчээс авсан...” гэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд К.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч К.******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн,ийн тоот хашаанд М.*******тэй “маргаанд хөндлөнгөөс оролцож шаардлага тавилаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүр рүү нь гараараа цохих, мөргөх, газарт унагаж өшиглөх зэргээр тус тус халдан зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн талын хацар ясны дотор ялтсын хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамарт зулгаралт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогчоор М.*******н өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим ******* яахаараа та нар өдрийн цагаар надад шаардлага тавьдаг юм гээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж, 2-3 удаа мөргө, 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

/хх-5-6/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.ийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 билүү 18 цагийн үед манай урд талын гудамжны айлд хүмүүс хоорондоо хэрэлдэж муудалцаад шуугиан үүсгээд байхаар нь би тэр айлын хашаа руу орж “больцгоо ингэж байгаад нэг нэгнээ янз бүр болговол яах юм бэ” гэж шаардлага тавихад миний үгийг сонсоод хоорондоо маргалдахаа больсон. Тэгтэл ******* над руу “хөөе авгай минь чи өдрийн цагаар надад шаардлага тавьдаг хэн бэ” гээд надтай хэрүүл хийсэн...гэрээс гараад харахад ******* манай нөхрийг цохиж зодсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

/хх-8/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр К.ын өгсөн: “...******* архи уучихсан бололтой согтчихсон байдалтай над руу “чи чинь хоёр хоног хааччихаад ирж байгаа юм бэ, гэрт ирж хонодоггүй юм уу” гээд загнаад уурлаад согтчихсон байсан болохоор нэлээн чанга орилж хашхираад байсан. Тэгээд би загнуулж байгаад уурлаад гарах гэтэл хойд талын айлын эмэгтэй орж ирээд *******ийг хэл амаар доромжлон “танайх яах гээд байдаг юм бэ, дандаа ингэж хэрүүл маргаан шуугиантай байх юм. Ээжид чинь хэлнэ шүү” гэж хэлсэн чинь ******* уурлаад тэр эгчтэй “манайхаас гар бид нарын асуудал өөрт чинь ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би тэр маргааныг нь тоохгүй гэрээсээ гараад явсан ...” гэх мэдүүлэг,

/хх-10/

 

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 121 дугаар: “М.*******н биед хамар ясны хугарал, зүүн талын хацар ясны дотор ялтсын хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамарт зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

/хх-17-18/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-32/

 

  1. Шүүгдэгч К.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-37-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч К.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч М.*******н эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.******* нь хохирогч М.*******н нүүр рүү нь гараараа цохих, мөргөх, газарт унагаж өшиглөсөн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 121 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим өнөөдрийн шүүгдэгч К.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөрш айлын эмэгтэй буюу хохирогч М.*******н эхнэр Ж.ийн түүнд тавьсан шаардлагыг үл хүндэтгэсэн. Хэрүүл, маргаан анх шүүгдэгч К.*******ийн гэрээс эхэлсэн. Улмаар Налайх дүүргийн 4 хороо, 12 гудамж 7 тоот буюу хохирогч М.*******н хашаанд хэрүүл, маргаан ширүүсэж, хохирогч, шүүгдэгч нарын хооронд дараах маргаан үүсдэг. Тухайлбал М.*******г маргаанд хөндлөнгөөс оролцож шаардлага тавилаа гэсэн шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж биед  нь халдсан. Халдахдаа түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөргөдөг. Газарт унагаж бие рүү нь өшиглөх зэргээр биед нь халддаг. Энэхүү санаатай үйлдлийн улмаас хохирогч М.*******н биед хөнгөн хохирол учирсан нь тус тус тогтоогдож байна. Үйл баримт нь хавтаст хэргээс шинжлэн судлагдсан хохирогч М.*******н мэдүүлэг, гэрч Ж.ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч К.ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгчийн зүгээс 200,000 төгрөгийг хохирогчид төлсөн байдаг. Энэ мөнгийг хохирогч эмчилгээний зардалд хэрэглэх эсхүл хувийн бусад нөхцөлд ашиглах эсэх нь хохирогчийн сонголтын асуудал. Энэ мөнгөн дүнгээс 191,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлнэ гэсэн ойлголт эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжид ч байх боломжгүй.  Шийтгэх тогтоолд шүүгдэгч хохирогчид 200,000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй. Харин иргэний нэхэмжлэгчийн 191,000 төгрөгийг шүүгдэгч К.*******аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Нэгдүгээрт энэ хоёр харилцан зодолдсон байна гэдэг нь К. болон хохирогч М.*******гийн мэдүүлгүүдээс харагдаж байна. Хоёрдугаарт хохирогч, шүүгдэгч хэн, хэн дээр нь шинжээчийн дүгнэлт гарсан. М.*******д хамарны гэмтэл гарсан. К.т нүдний гэмтэл гарсан. Одоо харвал нүд нь солир харж байгаа. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан учраас тодосгогч бодис хэрэглэж нарийн шинжилгээнд хамрагдаж чадаагүй. Өөрөөр хэлбэл прокурорын үйлдэж оруулж ирсэн яллах дүгнэлтэд хохирогчийн буруутай үйлдэл байгаа. Айл гэрийн хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцож зодооныг хохирогчийн тал эхлүүлсэн гэж бодож байгаа. 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бол эр цэргийн баяр. Тухайн үед эрэгтэй хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэр үед эрэгтэй дүү нь гэртээ ирж хоноогүй байсан тул ах хүний хувьд хэдэн үг хэлсэн. Тийм байхад дахин дахин орж ирж хэрүүл хийсэн байсан. Хохирогчийн зүгээс мэдүүлэхдээ би түрүүлж нүүрэн хэсэгт нь цохисон юм аа гэж мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс энэ хоёр хоёулаа буруутай. Мөн хохирогчийн эхнэрийн үйлдэл өөрөө зөрчлийн шинжтэй үйлдэл. Айл гэрийн асуудалд  хөндлөнгөөс оролцох эрх ямар ч хууль, эрх зүйн актад байхгүй. Тухайн хүний гэрт нь орж хэрүүл маргаан үүсгээгүй. Өөрийнхөө гэрт дүүгээ загнаж байхад орж ирж асуудал үүсгэсэн. Нийгмийн даатгалын сангийн 191,000 төгрөгийг К.*******ийн цалингаас гаргуулж өгье. Өнөөдөр хавтаст хэрэгт эмчилгээ, хохиролтой холбоотой баримт байхгүй байгаа хэдий ч дараа нь хохиролтой холбоотой баримтаа цуглуулаад хэн, хэн нь иргэний журмаар шүүхэд хандах эрхтэй. Ийм учраас К.ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар харилцан зодооноор яллагдагчаар татахад гомдох зүйл байхгүй. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Тиймээс шүүгдэгч К.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч К.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч К.******* нь хохирогч М.*******н биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй хэдий ч шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрт 200,000 төгрөгийн өгсөн болохыг дурдаж, харин иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардал 191,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хохирол төлөхөөр завсарлага авч 191,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн хохирогч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмчийн дүгнэлт байгаа. *******т үзүүлсэн рентген, эхоны сиди, эмчид үзүүлсэн баримт бүгд хэрэгт байгаа. Эмч надад хэлэхдээ хагалгааны зардал чинь доод тал нь  3,000,000 төгрөг болох юм байна шүү гэж хэлсэн учир энэ мөнгийг нэхэмжилсэн...” гэх тайлбарыг гаргасан ба хохирогч нь хохирол төлбөр 3,000,000 төгрөг нэхэмжилсэнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахаас өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага насны хязгаарыг гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж зааж өгсөн. Хэрэгт авагдсан мөрдөгчийн тэмдэглэлийн хүрээнд К.******* нь  гэмт хэрэг үйлдэх үедээ *******, 1 сар, 1 хоногтой байсан нь тус тус нотлогдон тогтоогдож байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар тохиолдлын шинжтэй  анх удаа гэмт хэрэг үйлдсэн.  Хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар нотлогдон тогтоогдсон. Мөн хохирогчид хохирлыг нөхөн төлсөн. Хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй боловч К.*******ийн зүгээс 200,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн. Энэ нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дурдах нь зүйтэй. Эсрэгээрээ эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Одоо *******тай. Цаашид сурч боловсорч ажил хөдөлмөр  эрхлэх ирээдүй бүхий насны хүн. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж болоод бусдад учруулсан хор уршиг, хохирлын хэм хэмжээг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч К.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Хохирол хор уршиг болон иргэний нэхэмжлэлийн тухайд гэм буруугийн шүүх хуралдаанаар эцэслэн тогтоогдсон тул нэмж хэлэх тайлбар байхгүй. 191,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардал тогтоогдож ирээгүй болохыг тус тус дурдаж байна..” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 191,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг баримтаар нотлох юм бол төлж барагдуулна. Шүүгдэгч К.*******ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл мөн харагддаг. К.******* нь одоо *******тай. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэхдээ торгуулийн мөнгөн дүнг багасгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч К.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч К.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч К.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.*******ийг 700 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ