Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч Т.*******э,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 65 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ий *******д холбогдох эрүүгийн 2307000000129 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ******* ХХК-д үйлдвэрийн оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн *******,*******,******* тоотод оршин суух хаягтай,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлээгүй тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан,

Тангуд овогт *******ий ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн *******,*******,******* тоотод өөрийн найз хохирогч Т.*******этэй “согтсон үедээ агсам тавьлаа” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний нүүр рүү гараараа цохин халдаж эрүүл мэндэд нь нэг шүдний ганхалт, нэг шүдний хугарал, уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогчийн мэдүүлэг /хх5-6/, гэрч Б.тэйгийн мэдүүлэг /хх-10/, гэрч Б.Мөнх-Нэмэхийн мэдүүлэг /хх-12/, шинжээчийн дүгнэлт /хх17-18/, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-55-58/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Гэрч Б.тэйгийн мэдүүлэг /хх-10/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх-12/, Б.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-13,29/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-43-49/, эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан төлбөр /хх-54-55/, /хх-58/, шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Т.*******э над руу залгаж багын найз манай ангийн Н.тэй, Б. хоёртой уулзаагүй удсан уулзъя гээд залгасан. Хаана байгааг нь асуухад Тайжид шинээр баригдаж байгаа барилга дээр хүрээд ир гэсэн. Т.*******ий гэрт очиж уухаар болсон. Миний гэдэс базлаад байхаар нь өөрийнхөө хашаанд очсон. Тэгээд нөгөө хоёрыг дуудаад гэртээ оруулсан. Н.тэй араас хоёр пиво барьж орж ирсэн. Нэмж хоёр пиво авсан. Т.*******ий үг яриа олшроод агсам тавих байдалтай гэрт шүлсээ хаяад байхаар нь би гэрээсээ гаргасан. Гарч байхдаа манай гал тогооны шилэн стенкийг өшиглөсөн. Гадаа гараад намайг багалзуурдаад нэг цохисон. Би өөр рүүгээ татаж байгаад түлхээд нэг цохисон. Өөрөө тонгойж орж ирээд нүүрэн тус газраа цохиулсан. Маргалдаад байж байхад Н.тэй, Б. хоёр салгасан...”  гэв.

    

Хохирогч Т.*******э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....03 дугаар сарын 18-ны өдөр Б. гэдэг найзтайгаа хоёр шил пиво уусан. Өмнөх өдөр нь Б.*******тай ажил дээр таараад маргааш цэргийн баяраар уулзах уу гэж асуусан. Б.******* уулзъя гэж хэлээд тохироод салсан. Маргааш нь Б.*******, Б. бид гурав уулзаад дэлгүүрээс нэг пиво авсан. Б.******* гэр лүүгээ ороод юм янзлаад ирье та хоёр гадаа байж бай гэсэн. Бид хоёр төмөр зам дээр авсан пивоо уугаад сууж байхад Б.******* дуудаад гэрт нь орсон. Араас Н.тэй хоёр пиво авчирсан. Б. тасраад унтаад өгсөн. Би бас нэлээн муудсан байсан болохоор сүүлд юу болсныг сайн санахгүй байгаа. Би багадаа жирх гэсэн хочиндоо маш дургүй байсан. Тэр хочоор минь Б.*******, Н.тэй хоёр дуудаад байсан. Тэрнээс хойш болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд аймар өвдөөд сэрсэн. Уруул хэсэгт долоон оёдол тавиулж нэг шүдээ авхуулсан...” гэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн *******,*******гийн******* тоотод Т.*******этэй “согтсон үедээ агсам тавьлаа” гэх шалтгаанаар түүний нүүр рүү гараараа цохиж биед нь нэг шүдний ганхалт, нэг шүдний хугарал, уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.*******ий өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *******, бид 3 пиво уугаад байж байтал гаднаас Билгүүтэй гэх залуу ирсэн. Тэгтэл гэгээ тасрах үед буюу 18-19 цагийн орчимд байх нэг мэдэхэд дээд үүдэн хоёр шүд, доод нэг шүд хугарчихсан ******* намайг цохиж байхаар нь яагаад намайг цохиж байгаа юм гэхэд чи өөрөө агсам тавиад байсан биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-5-6/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.тэйгийн өгсөн: “...бид нар ууж байх үед *******э юм ярьж байхдаа дуугаа өндөрсгөөд байхаар нь ******* уурласан байдалтай “чи одоо дуугаа аяд, хэдүүлээ өөр юм яръя” гэж хэлээд ярилцаж ахиад муудалцаад гарсан. Гадаа орилолдоод байхаар нь гараад очиход *******ий амнаас цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

/хх-10/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...тэй бид хоёр юм яриад сууж байхад орилолдох чимээ гарахаар нь гараад очтол *******ий амнаас цус гоожсон байдалтай заамдалцаад зогсож байхаар нь бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг,

/хх-12/

 

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаар: “Т.*******ий биед нэг шүдний ганхалт, нэг шүдний хугарал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт 10 хувь нөлөөлнө...” гэх дүгнэлт,

/хх-17-18/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-31/

 

  1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол

/хх-33-37/

 

  1. Хохирогчоор гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд

/хх-52, 84-88/

 

  1. Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-43-49/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Т.*******ий эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******ий нүүр рүү гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 119 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Б.*******, хохирогч Т.*******э болон тэдний найзууд болох Б., Н.тэй нар Б.*******ын гэрт баяр тэмдэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Архи согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэсэн хохирогч Т.*******ий зүгээс зүй бус үйлдлүүдийг тухайн цаг хугацаанд гаргасан. Гэрт нь шүлсээ хаяж агсам тавьж чанга орилоод байхаар нь Б.******* болиулах гэж шаардлага тавьсан талаар гэрч нар мэдүүлдэг. Улмаар хэрүүл маргаан нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг бий болгосон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Б.******* өөрийнх нь шаардлагыг биелүүлэхгүй байсан хохирогч Т.*******ий биед хаалдсан. Халдахдаа нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу нэг шүдний ганхалт, нэг шүдний сулрал, уруулд нь шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирол хор уршигтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учирсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг дурдъя. Шүүгдэгч Б.*******ын буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед тодорхой хэмжээний хохирол учирсан. Тухайн хохирлыг эмчлүүлэх үүднээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хохирогч Т.*******э эмчлүүлж 187,000 төгрөгийн зардал гарсан. Уг төлбөрийг шүүгдэгч Б.*******аас гаргуулах нь зүйтэй. Хохирогч Т.*******ий шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудын хүрээнд нийт 156,000 төгрөгийн хохирол эргэлзээгүйгээр тогтоогдож байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Үлдсэн бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь он, сар, үнийн дүн зөрүүтэй. Тамга тэмдэг баталгаажуулсан зүйл байхгүй. Иймд цаашид гарах эмчилгээ болон холбогдох баримтуудаа цуглуулан иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн гэм буруу дээрээ маргадаггүй. Маргахгүй байгаа шалтгаан нь өөрийнхөө хийсэн үйлдлийг чин шударгаар хүлээж, гэмшиж, найздаа учруулсан хохирлоо барагдуулах гэж өнөөдөр хичээж байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн дүгнэлтээс нэг зүйл тодорхой харагдаж байна. Тохиолдлын шинжтэй үйлдэл анх удаа болж, хохирогчийн зүй бус үйлдэл байсан байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр хохирогч Т.*******э зүй бус үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогддог. Энэ үйлдэл нь гэмт хэрэг болох шалтгаан нөхцөлийг бий болгосон. Хохирогчийн шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа мэдүүлэгт бага насны хочоор дуудаад байхаар нь уурласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 504, 501,505,497 дугаар зүйлд гэм хорын асуудал яригддаг. Нотлох баримт шинжлэн судлахад 187,000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан талаар иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл тогтоогдож байна уу гэдэг дээр эргэлзээ үүсэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг тооцогдохгүй байх боломжтой. Хохирол хор уршгийн хувьд 136,000 төгрөгийн хохирол хор уршиг гарсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс тооцсон. Үлдсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хохиролтой холбоотой баримтаа дахин бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Тиймээс шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******ий биед халдаж хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь хохирол төлбөр 1,021,100 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардал 187,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хохирол төлөхөөр завсарлага авч 1,212,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Т.*******э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...шүдээ л эмчлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх тайлбарыг гаргасан ба хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хоёр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой буюу Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн төрд учирсан хохирол буюу 187,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэдгийг гэм буруугийн дүгнэлт дээрээ дурдсан. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн шинж бусдад учруулсан хохирол хор уршиг, түүнд хандсан хандлага, шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Ялын санкцийн тухайд эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагын зорилго бүрэн хангагдсан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн бага нэгжээр буюу 450 нэгжээр торгох бүрэн боломжтой. Иймд 450 нэгжээр торгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд саяхан шинэ хүүгээ өлгийдөн авсан. 4 хүүхэдтэй. Ганцаараа ажил хийж ар гэрээ авч явдаг тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбаруудыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тангуд овогт *******ий *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ