Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 85 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307000000165 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн орчимд Налайх дүүргийн *******,******* тоотод байрлах гэртээ эхнэр Г.*******г “олон хоногоор архи уусан, айлд хоносон” гэх шалтгаанаар хэвтэж байхад нь үснээс нь чирч гэрээс гарган улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү нь олон удаа өшиглөж биед нь олон тооны шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...04 дүгээр сарын 23-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Манай эхнэр 2 хоног айлд хоноод, гэртээ байхгүй байж байгаад урд өдөр нь гэртэй ирсэн. Миний бие өвдөөд 2,3 хоног орноосоо босож чадахгүй байсан. Эхнэрийг хагас сайн өдөр ирэхэд нь арай дээр болчихсон байсан. Маргааш өглөө нь жоохон бухимдаад таньдаг эгч г архинд явуулсан. Ирэхээр нь архиа уучхаад. 1 2 цагийн үед том хүүдээ гутал авч өгөх гээд гэрээс гарсан. Буян Налайх захын тэнд явж байсан чинь Нарантуул зах дээр хамт зогсдог ахтайгаа таараад 1 шил архи авч өгөөд  явах гэж байсан чинь уулзаагүй удсан гээд байхаар нэг 1 шил архиа хувааж уусан. Ахиж нэмж архи авсан байх би тэгээд нэлээн муудаад, ухаан орон гаран болоод байсан. Тэгээд хүүтэйгээ дэлгүүр орж гурил авчаад такси барих гээд явж байсан чинь манай төрсөн ах таксинд явдаг юм. Тэр ах таараад гэр рүү дөхүүлж өгсөн юм байна лээ. Би тэрийг мэдээгүй манай хүү хэлсэн. Тэгээд гэртээ ороод орон дээр хэвтсэнээ санаад байгаа. Эхнэртэй хальт муудсан ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-05/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-07, хохирогч Г.*******гийн мэдүүлэг /хх-10- 12/, насанд хүрээгүй гэрч Г.*******ийн мэдүүлэг  /хх-14/, гэрч гийн мэдүүлэг /хх-16/, Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хуудас /хх-18/, Шинжээчийн 183 дугаартай дүгнэлт /хх-19/ Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан Г.*******гийн эмчилгээний зардлын задаргаа /хх-65/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчХэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд явцад шинжлэн судалсан хохирогч Г.*******гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч н.*******ийн мэдүүлэг, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тухайн хэрэг болоход дэргэд нь байсан гэрч, гийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглээд хохирогч Г.*******г гэртээ хоноогүй гэдэг шалтгаанаар хэвтэж байхад нь үснээс нь чирч гэрээс гаргаж улмаар хашаан дотор болон хашааны гадна түүнийг зодож түүний биед хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Г.******* нь гомдол санал  нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч  шүүгдэгч Ч.*******ийн буруутай үйлдлээс болж биед учирсан гэмтлээ эмчлүүлэхээр  эрүүл мэндийн байгууллагад хандаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан төлбөр нь 1,402,000 төгрөг болсон энэ зардал нь төлөгдөөгүй. Иймд дээрх зардлыг шүүгдэгч Ч.*******оос гаргаж эрүүл мэндийн даатгалын холбогдох дансанд шилжүүлэх нь зүйтэй байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ч.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн *******,******* тоотод байрлах гэртээ эхнэр Г.*******г “олон хоногоор архи уусан, айлд хоносон” гэх шалтгаанаар хэвтэж байхад нь үснээс нь чирч гэрээс гарган улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөж биед нь доод уруул, баруун, зүүн чихэнд шарх, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, хүзүү, хэвлий, умдагт цус хуралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.*******гийн өгсөн: “... эгч архинаас надад нууцаар өгч байсан. Тэгээд би нэг мэдсэн согтоод тасарчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар шөнө гэртээ болон хашаан дотроо нөхөр Ч.*******т зодуулаад байснаа хальт санаж байна. Тэгээд Ч.******* миний толгой, нүүр рүү гутлаараа өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,

/хх-10/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Г.*******ий өгсөн: “...аав ээж рүү уурлаад “чи гэртээ ирэхгүй 2-3 хоног алга боллоо, тэр чигээрээ эргэж ирэхгүй байх чинь яасан юм бэ” гээд агсан тавиад ээжийг гэрээс чирч гаргаад хашааныхаа гадна толгой, цээж, нүүр рүү нь өшиглөж зодож байгаад тэнд нь ээжийг орхиод гэр рүүгээ орчихсон...” гэх мэдүүлэг,

/хх-14/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.гийн өгсөн: “...******* гаднаас орж ирээд эхнэрийгээ айлд хоноод ирсэн гэж уурлан хэвтэж байхад нь чи манайд байхгүй, тэр айл руугаа яв гэж хэлээд нүүр хэсэг рүү цохиж, үснээс нь чирэн гадагш гаргаж, хашааны гадаа толгой, нүүр хэсэг рүү нь өшиглөж цохиж зодсон...” гэх мэдүүлэг,

/хх-16/

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр Ж.Ганжаргалын өгсөн: “...Г.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,402,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ч.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх-68/

 

5. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183 дугаар: “...Г.*******гийн биед уруул, баруун, зүүн чихэнд шарх, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, хүзүү, хэвлий, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-19-20/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-34/

7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээний маягт

/хх-56-63/

 

8. Шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-41-54/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г.*******гийн үснээс нь чирч гэрээс гарган улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөж биед нь доод уруул, баруун, зүүн чихэнд шарх, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, хүзүү, хэвлий, умдагт цус хуралт гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 183 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ч.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Ч.*******ийн хувьд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд түүний гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх,  хөнгөрүүлэх нөхцөл  байдлыг  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн  зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна..” гэх дүгнэлтийг гаргав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******гийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “...гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн болохыг дурдаж, харин иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардал 1,402,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хохирол төлөхөөр завсарлага авч 1,402,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрийг төлсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт  эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ