| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Н.Т Хариуцагч: Л.Н 13.484.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д, хариуцагч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Н нь 2018 оноос Н.Таас зээлээр болон бэлнээр бараа авч зарж борлуулан мөнгийг нь өгч ирсэн. 2018 оны 05 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 01-ний хооронд 4 шуудай борц буюу нийт 110 кг борцыг 1 кг-ийг 32.000 төгрөгөөр тооцон, нийт 3.520.000 төгрөгний борцыг зээлээр авч борлуулаад мөнгийг нь өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 111 кг борцыг 1 кг-ийг нь 32.000 төгрөг буюу 3.552.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 231 кг борцыг 32.000 төгрөг буюу 7.392.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 116 кг борцыг 1 кг-ийг нь 34.000 төгрөг буюу 3.944.000 төгрөг нийт 14.884.000 төгрөгний борцыг зээлээр авч 1.400.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш дансаар 1.000.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлдээ 13.484.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч сүүлд төлсөн 1.000.000 төгрөгийг хасаагүй байсан. Иймд хариуцагч Л.Нээс 12.484.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Л.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өргөдөлдөө бичсэн борцыг нь авсан. Гэхдээ 12.484.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь би Н.Таас борцийг авч С.Мөнхцацрал гэх хүмүүст дамжуулж өгсөн. Энэ хүмүүст албан ёсоор нотариатаар орж өгснийг Н.Т мэднэ. Борц авсан залуучууд алга болоод олдохгүй байгаа тул мөнгийг нь өгч чадаагүй. 12.484.000 төгрөгийг төлөх нь үнэн боловч борц авсан хүмүүс нь төлөх ёстой. Миний хувьд зөвхөн цааш нь дамжуулж өгсөн гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Л.Нээс 13.484.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 12.484.000 төгрөг шаардсан байна. Хариуцагч Л.Н нь 2018 оны 06 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нэхэмжлэгч Н.Таас 14.884.000 төгрөгний үнэ бүхий борцийг хүлээн авсан болох нь шүүх хуралдаанд талуудын тайлбарласан тайлбараар тогтоогдож байна. Л.Н шүүх хуралдаанд төлбөрийг төлөхгүй, миний хувьд зөвхөн цааш нь дамжуулж өгсөн гэж тайлбарлан маргасан боловч талуудын хооронд өмнө нь борц нийлүүлж төлбөрийг төлж байсан, 14.884.000 төгрөгийн борцийг хүлээн авснаа хариуцагч зөвшөөрч, үнийн дүнд маргаагүй тул төлбөрийг төлөх үндэслэлтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд 14.884.000 төгрөгийн борцийг хүлээлгэн өгсөн тул худалдан авагч Л.Н үнийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 1.000.000 төгрөгийг дансаар авсан гэж тайлбарлан үнийн дүнг багасгаж 12.484.000 төгрөгийг нэхэмжилсэнг хангаж, хариуцагч Л.Нээс 12.484.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Л.Нээс 12.484.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Нээс 214.694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА |