| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч О.*******,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүль би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 86 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307001200172 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 06 цагийн орчимд Налайх дүүргийн 4 хороо Алтайн 10 дугаар гудамжны 13б тоотод байрлах гэртээ эхнэр О.*******г “бэлгийн харьцаанд орсонгүй” гэх шалтгаанаар түүний толгой руу цохих үед хохирогч О.******* зүүн гараараа хамгаалахад дахин зүүн гар, шуу орчим руу нь цохиж биед нь зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр манай эхнэрийн найзууд ирээд ганц, хоёр шил пиво уусан. Орой унтах гэхэд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд би эхнэртэй гар хүрсэн” гэв.
Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Солонгосоос ирсэн найз хүүхэн маань манайхаар зочилж ирсэн. Бид хэд юм яриад сууж байхад Э.******* унтаж байсан. Унтаж босоод бид нартай хамт юм ярьсан. Удалгүй найзууд маань ч явсан. Хоёр хүүхэд сэрсэн байсан тул би жоохон дургүйцсэн. Тэгээд тэрнээс болж маргасан. Намайг самарт явсан хойгуур өөр хүнтэй болчихсон юм уу гэж муудалцсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1680 дугаартай яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-25/, 100 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26-27/ болон шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Э.*******ын 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шийтгүүлсэн Төв аймгийн сум дундын шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан хохирлын асуудал яригдана. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч О.******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын тухайд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд дараах 3 төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Торгуулийн ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Шүүгдэгч Э.*******ын хувьд 2003 онд анх удаа гэмт хэрэг үйлдэж байсан. Үүнээс хойш 20 жил гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хууль ёсны шаардлагыг үл хүндэтгэж уг гэмт хэргийг үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг гүйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй байна гэж үзэж байна. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.*******т торгуулийн ял оногдуулах боломжтой гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Учир нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Барилгын ажил ажил эрхэлдэг гэсэн. Энэ нь тодорхой орлоготой гэдгийг тодорхойлж байна. Иймд түүнд торгуулийн ял оногдуулахдаа хэмжээний хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн тул 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох дүгнэлтийг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 06 цагийн орчимд Налайх дүүргийн 4 хороо Алтайн 10 дугаар гудамжны 13б тоотод байрлах гэртээ эхнэр О.*******г “бэлгийн харьцаанд орсонгүй” гэх шалтгаанаар түүний толгой руу цохих үед хохирогч О.******* зүүн гараараа хамгаалахад дахин зүүн гар, шуу орчим руу нь цохиж биед нь зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.*******гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би хоёр охинтойгоо орон дээр хэвтэж байхад манай нөхөр намайг оролдоод байхаар нь хүүхдүүд унтаагүй байна гэсэн чинь чи шоронгийн вазелинтай боовоор ханадаг юм уу, чиний өмнөх нөхөр чинь шоронд явсан биз дээ гэж хэлээд намайг үсдэж аваад модон орны толгой руу мөргүүлж, хоолой боож, зүүн гараараа толгой хэсэгт 10 удаа цохихоор нь болиоч гэхэд чам шиг янхнаар хүүхдүүдээ өсгүүлэхгүй гэхээр нь тэгвэл хоёр охиноо аваад зайл гэсэн чинь хүүхдүүдээ аваад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг,
/хх-13/
2. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар: “...О.*******гийн биед зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-26-27/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-41/
7. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-42/,
7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээний маягт
/хх-52-57/
8. Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-60-64/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч О.*******гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч О.*******гийн үснээс нь зулгааж, цохиж биед нь зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 100 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.*******гийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ