Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Ж.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 96 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307000360181 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр *******,******* төрсөн, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, ээж, дүү нарын хамт *******,*******,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн ,ын хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Мийт Налайх” ХХК-ийн махны үйлдвэрийн ажилчдын байранд хохирогч Ж.*******гийн хамт архи, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж байх үедээ шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Ж.******* руу хутга барьж дайран улмаар тухайн хутгаар түүний биеийн зүүн сарвууны 1 дүгээр хурууг зүсэж биед хуруу, сарвуун шарх, эрхий хурууны нугалах шөрмөсний бүрэн тасрал гэмтэл бүхий түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Бид хэд хамтдаа нэг өдөр уусан. Бид нарыг амар гээд манай хариуцаж байгаа дарга 50,000 төгрөг өгсөн. Хохирогч хот руугаа явчихсан байсан. Над руу утасдаад ахаа би яваад очих уу гэхээр нь хүрээд ир гэсэн. Нээх их юм уухгүй юм чинь ганц, хоёр шил юм хувааж уугаад унтацгаая гээд унтсан. Өглөө шартаад байсан болохоор би тогоочоос 20,000 төгрөг зээлж нэг шил юм авч уусан. Тэрийг уугаад миний ухаан мэдрэл тасарчихсан байсан...” гэв.

 

Хохирогч Ж.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тэр өдөр ажил зогсчихсон байсан. Би хариуцаж байсан даргатайгаа хамт хот явж байсан. Б.******* ах над руу залгаад хүрээд ир гэсэн. Тухайн өдөр манай эхнэрийн төрсөн өдөр байсан. Эхнэр ажлын хүмүүстэйгээ гарна гэхээр нь би гэртээ ганцаараа байж байснаас гээд ажил дээрээ ирсэн. Ирээд дэлгүүр орж ганц шил юм авсан. Уугаад өглөө сэрээд банштай цай идэнгээ 0,75 архи хувааж уусан. Тэгсэн Б.******* ах гартаа хутгатай скоч ороогоод байсан. Яах гэж байгаа талаар нь асуухад шаана гэсэн. Хэнийг шаах гэж байгаа юм бэ гэхэд хэнийг ч хамаагүй гэсэн. Б.******* ахын ухаанаа алдсан байсан, унтаж байхад цус болчихсон байсан гэдэг нь худлаа. Тэр үед гар зүсээд шууд эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр ярилцсан. Би цагдаа сэргийлэх гэж явахгүй зүгээр шөрмөсөө залгуулмаар байна гэхэд тэгье ахын дүү гээд зугтаагаад алга болсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Ж.Раднаагарчаагийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-8/, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-15-17/, 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19-20/,

Шүүгдэгчийн зүгээс: Хохирогч Ж.Раднаагарчаагийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-8/, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-15-17/, 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19-20/   зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд М.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ,ын хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Мийт Налайх” ХХК-ийн ажилчдын байранд шалтаг, шалтгаангүйгээр Ж.******* руу хутга барьж дайран биед нь зүүн сарвууны 1 дүгээр хурууг зүсэж биед хуруу, сарвуун шарх, эрхий хурууны нугалах шөрмөсний бүрэн тасрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.*******гийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бор иштэй хоолны хутга аваад миний гарыг зүсчихсэн. Тухайн үед хамт архи ууж байсан танихгүй залуу бид хоёр *******ыг дарж унагаагаад хутгыг нь булаах гэтэл хутгаараа миний зүүн гарын эрхий хурууны шөрмөс хэсгийг зүсчихсэн тэгээд би шууд эмнэлэг рүү явж гартаа боолт хийлгэсэн...” гэх мэдүүлэг,

/хх-11-12/

 

  1. Шүүхийн шинжилгээний шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаар: “Ж.*******гийн биед хуруу, сарвуунд шарх, эрхий хурууны нугалах шөрмөсний бүрэн тасрал гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

/хх-19-20/

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлын баримт,

/хх-30/,

 

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ЦХШЗ/12 дугаар Яллагдагчаар цагдан хорих тухай захирамж,

/хх-33-34/

 

  1. М.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-45/

 

  1. Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 34/54 дугаар албан бичиг, иргэний нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримт

/хх-61-62, 70/

 

  1. Шүүгдэгч М.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-48-58/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.******* нь хохирогч Ж.*******гийн хутга барьж дайран зүүн сарвууны 1 дүгээр хурууг зүссэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчийн биед хуруу, сарвуун шарх, эрхий хурууны нугалах шөрмөсний бүрэн тасрал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 39 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт:

Улсын яллагч...Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэргийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглаж хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан хохирол төлбөрийн асуудал яригдана. Хохирол төлбөрийн тухайд прокурорын хяналын шатанд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 370,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхийн шатанд хохирогч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч 150,000 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд 50,000 төгрөг нийт 200,000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг тус тус дурдаж, цаашид хохирогч Ж.******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой асуудлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн гурван төрлийн ялын төрөлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хөнгөрүүлэх, хүндрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулна гэж хуульчилсан байдаг. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар 1450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,450,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учирсан хохирол төлбөрийг барагдуулсан гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ялыг сонгосон. Хэмжээний хувьд гэмт хэрэгт холбогдсоноос хойш гэмт хэрэгт холбогдсон гэдгээ мэдсээр байж оргон зайлсан. Мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн. Хохирол төлөгдсөн боловч хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тухайд хохирогчийн ямар нэгэн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй. Харин хохирол төлбөр төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,450,000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж байна. Шүүгдэгч Б.******* нь 30 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 1 хоногийг 15,000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр хувь тэнцүүлж, 450,000 төгрөгийн торгуулийн ялыг 1,450,000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж нийт 1,000,000 төгрөг төлөхөөр дурдсан нь зүйтэй байх. Эрүүгийн хариуцлагын зорилго маань өөрөө гэмт хэрэг үйлсэн хүнийг нийгэмшүүлэх нөгөө талаараа цээрлүүлэх зорилготой. Уг зорилгод нийцүүлэн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж байна. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалтай холбоотой 119,112 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж холбогдох дансанд төлүүлэхийг тус тус дурдуулах саналтай байна...”  гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******гийн хуруу нь тус газар зүсэж шөрмөс тасралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдсэн гэмт хэрэгтээ маргаагүй. Хэрэг гарсан цагаас эхлэн гэм буруугаа хүлээж ирсэн. Иймд улсын яллагчийн ялласан зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад олдохгүй байсан тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж оргон зайлсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн. 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон. Прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох ялын санкциас торгуулийн ялыг оногдуулж байгаатай өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. Торгох ялын хэмжээний тухайд багасгаж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө хорих ялын санкци байхгүй гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Шүүгдэг Б.*******ын хувьд 30 хоногийн хугацаанд цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой. Б.*******ын 30 хоногийн хугацаанд цагдан хоригдсон нь өөрөө цээрлэлд хамаарч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Торгох ялын хэмжээний тухайд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Тухайн зүйл ангийн торгох ялын доод хэмжээ 450 нэгж байдаг тул дахин нэмэгдүүлж 800,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг торгох ялын хэмжээнээс хасаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна..” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

Тиймээс шүүгдэгч М.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******гийн бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой төлбөрийг баримтаар нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч нь хохирогчид 150,000 төгрөгийг төлсөн,

мөн иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардал 370,000 төгрөгийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал 119,112 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 370,000 төгрөгийг төлсөн, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал 119,112 төгрөгийг төлөөгүй тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв. 

Харин хохирогч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээний зардал 2,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн ба энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,450,000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Торгох ялын хэмжээний тухайд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хоригдохоос өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан...хохирогчид хохирол төлбөрт мөнгө өгөх гэсэн боловч ажил олдоогүй, гэмт хэрэгт холбогдож байснаа мэдэж байсан боловч мөнгө олох гээд самарт явчихсан байсан...” гэх тайлбараас үзэхэд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэх заалтад нийцэхгүй байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг  340 /гурван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 340 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 30 хоногийг хасаж нийт 100 /нэг зуу/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус тогтоосугай.

 

  1. Шүүгдэгчээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 191,112 төгрөгийг гаргуулж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ