Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2021/0942/З |
Дугаар | 128/ШШ2022/0087 |
Огноо | 2022-02-14 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0087
2022 02 14 128/ШШ2022/0087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БХХК /РД:2***********/,
Хариуцагч: Э******* ХК,
Хариуцагч: Э******* ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: Т ХХК /РД:***********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Э******* ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Технологи сервис энд солюшн ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Технологи сервис энд солюшн ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Б ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, Ж. хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, Ц.С*******, Л.Ж*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь анх Э******* ХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа Э******* ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Т ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгуулах, Б ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Э******* ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ТХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Те ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Б ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэж тодруулж, өөрчилсөн.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани Э******* ХК-иас зарласан ЭТТ/202108495 тоот Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оролцсон.
Тус тендер шалгаруулалтад манай компани нь хамгийн сайн тендерт оролцогчоор үнэлэгдэж, захиалагч байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай 12/2141 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Гэтэл захиалагчийн БХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг эс зөвшөөрч Технологи сервис энд солюшн ХХК-иас гомдол гаргасан ба 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Сангийн яамнаас гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай шийдвэр, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх тухай шийдвэрийг тус тус гаргасан.
Улмаар захиалагч байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/2399 тоот тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг ирүүлсэн болно. Тус мэдэгдэлд зааснаар Б ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байх боловч мөн хуулийн 28.7.4-т заасан хамгийн бага үнэтэй тендер биш гэж үзэж манай ирүүлсэн тендерээс татгалзсан байна.
Бид уг шийдвэрийг эс зөвшөөрч тус тендерт шалгарсан Технологи сервис энд солюшн ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан зарим шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хэд хэдэн үндэслэл бүхий гомдлыг гаргасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу бид гомдлоо захиалагчийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоног дотор буюу ажлын 3 хоногт Сангийн яаманд хүргүүлж, үүний дагуу Сангийн яамнаас гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 6-1/6422 тоот шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан.
Гэтэл уг гомдлын хариу болгож Сангийн яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариу хүргүүлэх тухай 6-1/6593 тоот албан бичгийг хүргүүлсэн байх ба тус албан бичигт дурдсанаар захиалагч Э******* ХК нь Т ХХК-тай гэрээг байгуулсан тухай албан бичгийг ирүүлсэн ... иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж заасны дагуу дээрх гомдлыг хянан үзэх боломжгүй болохыг илэрхийлсэн байна.
Бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хуулиар олгогдсон хугацаанд багтаж гомдол гаргасан байх бөгөөд тус хуулийн хугацаанд захиалагч нь гэрээ байгуулахгүй байх үүргийг хүлээдэг. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасны дагуу захиалагч Э******* ХК нь шалгарсан байгууллагад гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажлын 6 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гэрээг байгуулах үүрэгтэй байсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар гэрээг байгуулсан явдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2, 55.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн явдал болсон.
Мөн түүнчлэн, захиалагчийн гэрээ байгуулсан гэх Т ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 болон тендерийн баримт бичгийн ТОӨЗ, Техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг илтэд хангаагүй оролцогч байхад хууль зөрчиж уг компанитай гэрээ байгуулсан явдал нь захиалагчийг ашиг сонирхлын зөрчилтэй байсан байж болзошгүй гэх нөхцөл байдлыг үүсгээд байна. Тухайлбал, Технологи сервис энд солюшн ХХК-ийн санал болгосон бараа, бүтээгдэхүүн нь ТОӨЗ-ны техникийн шаардлага дахь хэд хэдэн үзүүлэлтийг хангахгүй, захиалагчийн шаардлагад нийцэхгүй байгааг бид 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн гомдлоор нотолж, тайлбарласан байдаг.
Тухайлбал, 1/ тендерийн баримт бичгийн хавсралт 1 камерын хяналтын системийн техникийн тодорхойлолтын хүснэгтийн 3 дахь чиглэлийн хяналтын камерын техникийн шаардлага-д 16 багц өргөн өнцгөөр харах хяналтын камер нь panaroma байх шаардлагыг тусгасан боловч Т ХХК fish eye буюу камерын харах өнцөг зориулалт нь өөр төрлийн камер санал болгосон байдаг. Panaromic камер нь хэвтээ чиглэлд 180 градуст хяналт хийх зориулалттай байдаг. Мөн захиалагчаас шаардаж буй уг камерын функц нь Tampering, Heatmap гэх шаардлагыг хангасан байхыбг тусгасан байхад шалгарсан компани нь Tampering, Heatmap функц байхгүй буюу хяналтын камерын дүрсэнд хөдөлгөөний урсгал, идэвхжил их байгааг тодорхойлох функцгүй камерыг санал болгосон байна.
2/ тендерийн баримт бичгийн хавсралт 1 камерын хяналтын системийн техникийн тодорхойлолтын хүснэгтийн 4 дэх хөдөлгөөнт хяналтын камерын (шил арчигчтай) техникийн шаардлага-д хөдөлгөөнт камер нь шийдлийн хувьд
- Max 4K resolution гэх шаардлагад нийцсэн байхаар тусгасан боловч шалгарсан компани нь Max resolution 1920х1080 буюу 2 MP гэх нягтаршил 4 дахин бага хяналтын камер санал болгосон байна.
- Функцийн хувьд Object auto tracking (Person/Vehicle) гэх биетийг ухаалгаар дагаж, хүн болон тээврийн хэрэгслийг ялган таньдаг байх шаардлагыг тусгасан боловч уг шаардлагыг хангаагүй буюу хүн болон тээврийн хэрэгслийг ялган таних функцгүй камерыг санал болгосон байна.
- Мөн хөдөлгөөнт камер нь DIS (built-in gyro senseor) гэх дүрс тогтворжуулах функцтэй байхыг тусгасан боловч шалгарсан байгууллагын санал болгосон бүтээгдэхүүнд дүрс тогтворжуулах DIS (built-in gyro senseor) функц байхгүй байна.
3/ тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 5.7 мэдээллийн аюулгүй байдлыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн UL сертификат бүхий гуравдагч хөрш орны бараа бүтээгдэхүүн хяналтын камер байна шаардлага тавьсан, гэтэл шалгарсан Технологи сервис энд солюшн ХХК нь UL олон улсад хаүлээн зөвшөөрөгдсөн Cyber Security сертификатыг тендерийн материалдаа ирүүлээгүй байгаа нь нийлүүлэх гэж буй бараа бүтээгдэхүүн нь мэдээллийн аюулгүй байдлыг хангаж буй эсэхийг нотлохгүй байх ба техникийн шаардлагад нийцэхгүй байна.
Тендерийн Үнэлгээний хороо нь тухайн тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх үндсэн зарчимд тулгуурлан эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар, аргачлалын дагуу зохион байгуулж үнэлгэ хийх, тендерийг хянан үзх үндсэн үүрэгтэй, гэтэл тендерийн Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг нэгбүрчлэн шалгаж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж, тендерт оролцогчийг өрсөлдөх тэгш боломжоор хангалгүй тендер шалгаруулалтаас үндэслэлгүйгээр татгалзсанд гомдолтой байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь техникийн шаардлага болоод ТОӨЗ-нд заасан шалгуур үзүүлэлтийг бүхэлд нь хангаж байх бөгөөд уг тендер шалгаруулалтад шаардлага хангасан оролцогч өөр байхгүй болно. Тендер шалгаруулалтад шаардлага хангасан цор ганц оролцогч байгаа тохиолдолд захиалагч нь хамгийн бага харьцуулах үнийн арга-ыг ашиглахгүйгээр шууд гэрээ байгуулах үүрэгтэй байтал ийнхүү өөр шаардлага хангаагүй этгээдтэй хуульд заасан хугацааг үл тоон, хуулиар хүлээлгэсэн үүргээ зөрчиж гэрээ байгуулсан явдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана гэж заасныг, мөн нэхэмжлэгчийн захиалагчтай гэрээ байгуулах эрхийг, улмаар гэрээт ажлыг гүйцэтгэж, ашиг олох боломжийг (төсөвт өртгийн үнийн дүн 299,777,000 төгрөг) үгүй хийж, нэхэмжлэгчийн ажилтай орлоготой байх эрх, ашгийг зөрчиж байна. гэжээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Э******* ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан өөрчилж, тодруулахдаа: Тус хууль бус үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслээд Т ХХК-тай гэрээг байгуулсан байх бөгөөд хууль бус захиргааны актыг үндэслэж байгуулсан гэрээ нь хууль бус болох үр дагавар үүсэж байх тул 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Э******* ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Т ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Технологи сервис энд солюшн ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Б ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах болгож өөрчлөн тодруулж байна.
Мөн нэхэмжлэлд тодорхойлсны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. гэж заасны дагуу захиалагч Э******* ХК нь шалгарсан байгууллагад гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажлын 6 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш гэрээг байгуулах үүрэгтэй байсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг байгуулсан явдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2, 55.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ХК-иас зарласан Цагаан хадны нүүрс ачилт, буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт Б ХХК оролцож, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус компанид гэрээ байгуулах эрх олгосон. Гэрээ байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлээд, холбогдох бичиг баримтыг бүрдүүлтэл 10 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яамнаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлсэн, Т ХХК-иас гомдол гаргасан. Сангийн яамнаас 11 дүгээр сарын 09-ний өдөр Захиалагчийн шийдвэр хуульд нийцэхгүй байгаа тул хуульд нийцүүлж дахин үнэл гэсэн шийдвэр гаргасан. 11 дүгээр сарын 12-ны өдөр Б ХХК-иас гэрээ байгуулахаас татгалзсан буюу шалгараагүй тухай мэдэгдэл ирсэн. 11 дүгээр сарын 17-ны өдөр Сангийн яаманд Захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж гомдол гаргасан. Тэгээд 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 дүгээр сарын 17-оос гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлэх Сангийн яамны шийдвэр гарсан. 11 дүгээр сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Технологи сервис энд солюшн ХХК болон захиалагч Э******* ХК нар нь хэдийн гэрээ байгуулсан байх тул гэрээ байгуулснаас хойших үйл ажиллагааг шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн хариуг ирүүлсэн. Үүний дагуу бид 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан гэрээ байгуулах шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулсан шийдвэр үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, мөн Б ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд үндэслээд Т ХХК-ийг шаардлага хангасан тендерт оролцогч тул тендерт шалгаруулан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны Т ХХК-д хүргүүлсэн байна.
Тухайн Үнэлгээний хорооны дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын 6 шинжийг бүхэлд нь хангаж байгаа учраас шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Эрх зүйн үндэслэлийн хувьд Т ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны тендерийн үнэлгээний дүгнэлт нь захиргааны актын шинжийг хангаж байгаа учраас формаль эрх зүй болоод материаллаг эрх зүйн шаардлагыг хангасан байх ёстой гэж үзэж байна. Тодруулбал Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэх гол хууль нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд үндэслэсэн байх ёстой. Тус хуулийн зүйл заалтад бүрэн нийцсэн байж Үнэлгээний хорооны шийдвэр материаллаг эрх зүйн шаардлага хангасан, хүчин төгөлдөр шийдвэр байх ёстой гэж үзэж байна. Тухайн Үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална гэж заасан. Гэтэл Т ХХК нь техникийн чадавх буюу техникийн харьцуулсан хүснэгтэд ирүүлсэн нийлүүлэх гэж буй хяналтын камерын техникийн шаардлага нь захиалагчийн тендерийн баримт бичигт тусгагдсан тендерийн баримт бичигтэй нийцэхгүй байгаа гэж үзсэн. Энэ үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.2 дугаар зүйлд Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана. гэж заасан. Мөн тус хуулийн 16.1.6-д нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг-ийг тендерт оролцогчид ирүүлнэ гэж заасан. Үүнд нийцүүлээд тендерийн баримт бичгийг үнэлдэг. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан техникийн тодорхойлолт нь тендерийг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлт болдог. Гэтэл Т ХХК нь тендерийн техникийн тодорхойлолт гэсэн шаардлагыг хангаагүй байгаа юм. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Тухайн ерөнхий шаардлагыг хангаагүй байгаа тохиолдолд Т ХХК болон Б ХХК зэрэг 3 компани тухайн тендерт оролцсон. Тухайн 3 компаниас РХХК нь техникийн шаардлагыг хангаагүй гэж захиалагчаас шийдвэр гаргасан. Мөн Т ХХК нь техникийн шаардлага хангаагүй байгаа юм. Энэ тохиолдолд цор ганц техникийн шаардлага хангасан оролцогч байгаа нь Б ХХК юм гэж үзэж байна. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3-д заасныг үндэслэн Б ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй юм гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цор ганц шаардлага хангасан оролцогч байгаа тохиолдолд харьцуулах үнийн аргыг ашиглах шаардлага байгаагүй гэж үзэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд тус хуулийн ерөнхий зарчмыг тусгаж өгсөн байдаг. Энэ нь үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх гэсэн үндсэн зарчмуудыг тусгасан. Энэ зарчимд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагааг захиалагч байгууллагаас гаргасан гэж үзэж байна. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гол зорилго нь төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах, үүнд хариуцлагатай хандахад чиглэсэн гэж үзэж байна. Уг зарчимд нийцүүлээгүйгээс техникийн шаардлага бусад шалгуур үзүүлэлт, ерөнхий нөхцөлүүдийг нарийвчилж, тендерийн баримт бичгийг боловсруулж хянах үүрэгтэй. Энэ нь хариуцлагатай байх зарчмын хүрээнд байх ёстой гэж үзэж байна. Гэтэл захиалагч нь гуравдагч этгээдээс ирүүлсэн материалыг тендерийн баримт бичигтэй харьцуулж үзээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаас тодорхой харагдаж байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үр ашигтай, хариуцлагатай байх зармыг зөрчсөн байна. Тийм учраас захиалагчийн буюу Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6, 14, 16, 27 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Мөн захиргааны актын үндсэн шаардлага буюу эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх гэсэн шаардлагыг зөрчсөн шийдвэр үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулах эрхийг Технологи сервис энд солюшн ХХК-д олгосон. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасны дагуу ажлын 6 ба түүнээс дээш хоногийн дараа гэрээ байгуулах үүрэгтэй байсан. Энэ үүргийг хэн ялгаагүй хариуцлагатай, үр ашигтай байх зарчмын хүрээнд өрсөлдөөн дундаас хамгийн сайн тендерт оролцогчийг сонгон шалгаруулах үүднээс гомдол гаргах эрхийг бусад оролцогч нарт нээж өгсөн. Тийм учраас 6 хоног гэж зааж өгсөн. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Б ХХК-иас гомдол гаргатал ажлын 6 хоног гэсэн хуульд заасан шаардлагыг баримтлалгүйгээр гэрээг байгуулсан үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тэгэхээр Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт түүнээс улбаалаад гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Б ХХК-ийг тендер шалгаруулахаас татгалзсан тухай мэдэгдэл, Т ХХК-тай гэрээ байгуулсан нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байна. Үүнээс дүгнэхэд Үнэлгээний хорооны дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл заалт болон тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа бөгөөд түүнээс үндэслэн гарах бусад бичиг баримтыг хууль бус гэж үзэж байна. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргахдаа 3 зүйлийг үндэслэсэн. Эхний үндэслэл нь чиглэлийн камер буюу панорома камерыг захиалагч талаас шаардсан. Тухайн панорома камер нь өргөн өнцгөөр хардаг буюу 180 градус, түүнээс дээш өнцгөөр хардаг камер юм.
Мөн техникийн шаардлага дотроос хамгийн гол хангаагүй техникийн шаардлага нь heatmap гэсэн функц юм. Тус функц нь тухайн хяналтын камерын харагдаж байгаа хяналтын бүсэд аливаа машин, хүний бөөгнөрөл, их хэмжээний обьектууд бөөгнөрөл үүсгэвэл, газрын зурагт буюу хяналтын программд үүнийг улааруулж хэт их бөөгнөрөл, түгжрэл байна гэдгийг харуулдаг маш хэрэгтэй функц юм. Үүнийг шалгарсан компанийн санал болгосон хяналтын камерт тухайн функц байгаагүй.
Дараагийнх нь хөдөлгөөнт хяналтын камерын шаардлага байгаа. Энэ шаардлагын хувьд хамгийн ихдээ 4К resolution буюу 8 megapixel-ээс дээш үзүүлэлттэй камерыг шаардсан боловч Технологи сервис энд солюшн ХХК-иас санал болгосон камер нь full HD буюу 1920*1080 гэсэн 4 дахин бага үзүүлэлттэй буюу 2 megapixel үзүүлэлттэй камерыг санал болгосон байна.
Дараагийн шаардлага хангаагүй функц нь Object auto tracking person and vehicle гэж байдаг. Шалгарсан компанийн санал болгосон камерт Auto track object moving гэдэг функц байгаа боловч үүн дотор хүн болон тээврийн хэрэгслийг таньдаг функц байгаагүй.
Мөн дүрс тогтворжуулдаг функц юм. Энэ функц нь тухайн уурхай орчмын бүсэд газар хөдлөх, тухайн камерын байрлаж байгаа шон, байшинг аливаа зүйл мөргөөд доргиход тухайн камер нь харж байгаа дүрсээ тогтворжуулан, хөдөлгөөнгүй байдаг функц юм. Гэтэл захиалагчийн шаардсан энэ функц нь шалгарсан компанийн техникийн тодорхойлолтод байхгүй байсан.
Дараагийн үндэслэл нь захиалагч нь мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн UL сертификат бүхий гуравдагч хөрш орны бараа бүтээгдэхүүн гэж заасан. Тэгэхээр Технологи сервис энд солюшн ХХК-ийн санал болгож байгаа Тайвань Улсын Vivotek брэндийн хяналтын камер нь бүхэлдээ энэ шаардлагыг хангаагүй. Мөн үүнийг хангасан буюу олон улсын cyber security буюу халдлагаас хамгаалсан сертификатыг аваагүй. Үүнийг цөөн тооны олон улсын брэндүүд хангасан байдаг. Мөн захиалагчийн зүгээс гуравдагч орны бүтээгдэхүүн гэсэн шаардлага тавьсан. Тайвань Улс нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буюу Хятадын Тайвань гэдэг. Гуравдагч хөршийн бүтээгдэхүүнд Тайвань Улсын бүтээгдэхүүнийг хангадаггүй гэж үздэг. Тэр утгаараа Тайвань гэдэг нь гуравдагч орон гэсэн шаардлагыг хангахгүй байна. Дээрх үндсэн шаардлагаар тендерийн баримт бичгийн техникийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. гэв.
7. Хариуцагч Э******* ХК нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Э******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/259 тоот тушаалаар Цагаан хадны нүүрс ачилт, буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202108495 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулсан ба тус Үнэлгээний хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу Э******* ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2141 дугаартай албан бичгээр Б ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн.
Гэтэл Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/6039 тоот албан бичгээр Т ХХК-иас гомдол гаргасан тул 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, мөн яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/6244 тоот гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2140 болон 01/2141 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн. Тус шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжөөр Технологи сервис энд солюшн ХХК нь харьцуулах хамгийн бага үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж ирүүлсэн. Нэхэмжлэгч Б ХХК-д Э******* ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/2399 тоот Тендерээс татгалзах тухай албан бичгээр хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг хангахгүй байгаа тул шалгараагүй болохыг мэдэгдсэн.
Э******* ХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бөгөөд Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүхэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэсэнд хамаарна.
Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь заалт, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 1.3 хэсэгт заасны дагуу Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/6244 тоот гомдол хянасан тухай захиргааны актыг Э******* ХК нь заавал биелүүлэх үүрэгтэй тул хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан болно. гэжээ.
8. Хариуцагч Э******* ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо хариу тайлбартаа: ... Сангийн яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/6244 дугаартай Гомдол хянасан тухай албан бичиг ирүүлсэн. Тус шийдвэрээр захиалагчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2140, 01/2141 тоот шийдвэрүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдсэн.
Мөн гомдол гаргагч Т ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21/585 тоот албан бичгээр нийлүүлж буй бараанд 1 жилийн чанарын баталгаа олгож байгаа бөгөөд чанарын шаардлага хангаагүй бараа нийлүүлсэн тохиолдолд өөрийг сольж, засварлаж өгөхийг мэдэгдсэн байхад захиалагч тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 (ё)-д заасан үйлдвэрийн гэмтэлтэй, шаардлага хангахгүй барааг өөрийн хөрөнгөөр сольж өгөх тухай албан бичиг ирүүлэхээр заасан шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж....гэсэн байсан.
Монгол Улсын Сангийн яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6- 1/6244 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийн дагуу Э******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/259 тоот тушаалаар Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202108495 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороо 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин хуралдан дүгнэлт, зөвлөмж гаргасан. Э******* ХК-иас зарласан ЭТТ/202108495 дугаартай хяналтын камер нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерт оролцогч Технологи сервис энд солюшн ХХК, Б ХХК-иудын тендерийн баримт бичгийг дахин үнэлэхэд Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэгчийг сонгох тендерт оролцсон Технологи сервис энд солюшн ХХК, Б ХХК-иуд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримтад заасан бусад нөхцлийг хангасан байсан.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхэд 28.7.4-т зааснаар харьцуулах хамгийн бага үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тул Т ХХК-д мөн хуулийн 29.1-г үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгон хүргүүлсэн. гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ХХК болон Т ХХК-ийн материалууд нь манай техникийн тодорхойлолтыг хангаж байсан учраас Тендерийн үнэлгээний хорооноос тендерийн шаардлага хангаж байна гэж үнэлсэн. Ингэж үнэлсний дагуу Т ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11/2140 01/2141 дугаарын мэдэгдлүүдийг хүчингүй болгоод, тендерийн дахин үнэл гэсэн шаардлага тавьсан. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, Сангийн яамны шийдвэрийн дагуу хамгийн бага үнэлсэн Технологи сервис солюшн ХХК-тай гэрээ байгуулсан. Үүнд ямар нэгэн ашиг, сонирхлын зөрчил байхгүй. Техникийн тодорхойлолтын дагуу бид нар цахимаар хянаж үзээд, дээрх шийдвэрийг гаргасан. гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж******* шүх хуралдаанд тайларлахдаа: Гаалийн байгууллагад ашиглагддаг Genetec систем байдаг юм байна. Үүнд тэнцдэг хэдхэн брэндүүд байдаг юм байна. Б ХХК болон Т ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүнүүд нь тухай системд хоёулаа тэнцдэг. Гуравдагч этгээдийн санал болгосон камер нь Fish eye гэж байсан, үүнийг панорома гэж ойлгосон. Техникийн тодорхойлолтуудыг хангасан эсэхийг нэг бүрчлэн үзүүлэлтүүдийг нь үг, үсэг бүрийг тулгаж үзээгүй. Миний бодлоор Genetec системд холбогдож байна, мөн ерөнхий үзүүлэлтүүдийг хангасан байсан учраас нийцэж байна гэж үзсэн. Техникийн тодорхойлолтод дээд тал нь 4К гэж заасан байсан. Тийм болохоор хангасан гэж үзсэн. гэв.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгийн хүрээнд тус асуудлыг ярих ёстой буюу Үнэлгээний хорооноос тус албан бичгийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зөвлөмж нь Сангийн яамны албан бичгийн дагуу гарсан. Сангийн яамнаас Т ХХК-иас гаргасан гомдлын хүрээнд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч талаас өмнө нь тухайн 4 асуудалтай холбоотой гомдол гаргаагүй. Т ХХК нь тендерт оролцогчийн шаардлагын 12.1ё-д заасантай холбоотой албан бичиг ирээгүй байна гэдэг үндэслэлээр татгалзсан. Сангийн яамнаас тухайн албан бичиг нь 15.9г-д заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг нь Т ХХК-ийг шалгаруулаагүй, Бодь электроникс ХХК-ийг шалгаруулсан 2021 оны 10 дугаар сарын дүгнэлтийн асуудал юм. 10 дугаар сарын 20-ны өдөр аль хэдийн үнэлэгдээд, Үнэлгээний хорооноос зөвлөмжөө гаргаад дуусчихсан. Гэтэл тухайн 10 дугаар сарын 20-ны үнэлгээний асуудлыг өнөөдөр яагаад нэхэмжлэлд тусгаж өгч байгаа вэ гэдэг асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа юм.
Хоёрдугаарт тендерийн хүчинтэй байх хугацаанд Үнэлгээний хорооноос 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тендерийг нээсэн, ингээд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу 30 хоногийн дараа тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах ёстой. Сангийн яам албан бичгээрээ 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 14 хоногоор тус тендерийг зогсоосон буюу түдгэлзүүлсэн. Энэ бүгдээс харахад тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан гэдгийг нэмж хэлмээр байна. Сангийн яамнаас гомдол гарсан эсэхээс шалтгаалаад тендерийн хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлдэг, энэ тохиолдолд тендерийн хүчинтэй байх хугацаа зогсож байгаа учраас хүчинтэй байх өдрөөс дууссан хугацаа, мөн түдгэлзүүлсэн хугацааг нэмж тооцдог. Нэхэмжлэгч талаас гаргасан тухайн 4 үндэслэлийн нэхэмжлэлийн шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Э******* ХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд юм. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үнэлгээний хороо шийдвэр гаргадаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу нийтийн эрх зүйн асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхтэй байгууллагад хамаардаг, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь заалт, Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогч нараас ирүүлсэн гомдлыг хянах журам гэж байдаг. Тус журмын 1.3-т заасны дагуу гаргасан Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг нь Сангийн яамнаас гаргасан захиргааны акт юм. Хууль, журмын дагуу энэ захиргааны актыг Э******* ХК заавал биелүүлэх үүргээ биелүүлсэн. Ингэж биелүүлэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо хуралдаад Сангийн яамны албан бичгийн хүрээнд, Сангийн яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд Тендерийн үнэлгээний хороо хуралдаад дүгнэлт, зөвлөмж гаргасан. Тухайн дүгнэлт, зөвлөмж нь Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичигт дурдсан асуудлын хүрээнд шийдвэрлэх ёстой болохоос биш бусад зүйлийг дахин дүгнэх асуудал биш юм гэж тайлбарламаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
12. Гуравдагч этгээд Т ХХК хариу тайлбартаа: Манай компани нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Э******* ХК-иас зарласан Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202108495 дугаар тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд уг тендерт шалгаран 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захиалагчтай ЭТТ-2021/756 тоот гэрээ байгуулан ажиллаж байна. Тус тендерт оролцогч ******* ХХК-иас гаргасан нэхэмжпэлийн дагуу тендерт шалгаруулалтад оролцсоноос гэрээ байгуулах хүртэлх шаардлагатай баримт бичгүүд гарсан.
Э******* ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2140 тоот дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдэл ирсэн ба уг мэдэгдэлд ТОӨЗ (12.ё) болон ТОӨЗ 15.9 (б) (1)-д заасан заалтуудыг хангаагүй тул 27.4-ийг үндэслэн татгалзсан болохыг мэдэгдье гэсэн утга бүхий мэдэгдэл ирсэн. Дээрх гарсан мэдэгдэл нь үндэслэлгүй ба Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт санал нийлээгүй тухай Сангийн яаманд 2021 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 21/647 дугаартай албан бичгийг шаардлагатай нотлох баримтын дагуу хавсарган гомдол гаргасан. Манай гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6- 1/6039 тоот Э******* ХК-д гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл очсон ба уг гомдлыг хянан шийдвэрлэх шаардлагатай баримт бичиг ирүүлэхийг шаардсан байна. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Э******* ХК-иас манай компанид 12/2400 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл ирсэн ба уг мэдэгдэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-т зааснаар харьцуулах хамгийн бага үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тул мөн хуулийн 29.1-г үндэслэн гэрээ байгуулах эрх олгох болсныг мэдэгдсэн. Гэрээ байгуулах эрх олгогдсоны дагуу гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгаа ирүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захиалагчийн №ЭТТ-2021/756 тоот гэрээ байгуулан ажиллаж байсан ба тендерт оролцогч ******* ХХК-иас гомдол гарсан, ажил гүйцэтгэлийг түр зогсоох тухай аман мэдэгдэл Э******* ХК-ийн Худалдан авах ажиллагааны албанаас ирсэн нь бидний гэрээний хэрэгжилтийн явцад тодорхойгүй байдал үүсэж байсан тул уг гомдлын хянан шийдвэрлэх явцын талаар тодруулга авах 21/749 тоот хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э******* ХК-д хүргүүлсэн.
Манай компанийн тендерийн баримт бичиг болон ТОӨЗ-ны техникийн шаардлагыг илтэд хангаагүй байхад тус компанийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Бид тендер шалгаруулалтад оролцохдоо захиалагчийн гаргасан тендерийн шаардлагыг бүрэн хангаж оролцсон ч 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2140 тоот дугаартай тендерээс татгалзсан тухай ирсэн уг мэдэгдэлд ТОӨЗ (12.ё) болон ТОӨЗ 15.9 (б) (1)-д заасан заалтуудыг хангаагүй тул 27.4-г үндэслэн татгалзсан болохыг мэдэгдье гэсэн нь үндэслэлгүй байсан учир манай компани Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/6039 тоот Э******* ХК-д гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэн гомдлыг хянан шийдвэрлэх шаардлагатай баримт бичгийг ирүүлэхийг шаардан дахин хянах үүргийг уг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд өгсөнөөр дээрх гаргасан ТОӨЗ (12.ё) болон ТОӨЗ 15.9 (б) (1)-д заасан заалтуудыг хангаагүй нь, үндэслэлгүй болох нь тогтоогдож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-т зааснаар харьцуулах хамгийн бага үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тул мөн хуулийн 29.1-г үндэслэн гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн хүрээнд хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна.
Захиалагчийн Говь повер гаалийн хяналтын бүсийн камерын хяналтын системийн техникийн тодорхойлолтын үндсэн шаардлага Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш 230 км зайд Цагаан хаданд байрлалтай Говь повер гаалийн хяналтын бүсийн гадна болон дотор орчныг хянах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 22 цэгт (хөдөлгөөнт-2 ширхэг, чиглэлийн-20 ширхэг) теле хяналтын камер суурилуулан цахилгаан, шилэн кабелын дэд бүтцийг шинээр зохион байгуулж нэг цэгт төвлөрүүлэн бүрэн ажиллагаанд оруулах ажлын теле хяналтын төв нь гаалийн хяналтын Genetec системтэй холбогдож ажиллах шаардлагатай бөгөөд манай компани нь тендерт санал болгосон голлох бүтээгдэхүүн болох Genetec хяналтын систем болон Vivotek хяналтын камерын албан ёсны борлуулах эрхтэй компани юм.
Мөн теле хяналтын камерын систем нь хяналтын цэг, цахилгаан, шилэн кабелын дэд бүтэц, хяналтын төв гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй ба захиалагчийн гаргасан техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасан шийдэл болон шаардлагатай тендерийн баримт бичгийн бүрдэлийг бүрэн хавсарган оролцож улмаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан байхад нэхэмжлэгчийн гаргасан тендерийн баримт бичиг болон ТОӨЗ-ны техникийн шаардлагыг илтэд хангаагүй, тус компанийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна.
Манай компанийн зүгээс шаардлагатай нотлох бүхий л баримт бичгүүдийг хүргүүлсэн ба тендерт оролцогч Б ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт илтгэлтэй байна. гэжээ.
13. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн техникийн тодорхойлолтод шаардлага хангахгүй байгаа гэдэгт би санал нийлэхгүй байна. Тендерийн техникийн тодорхойлолтод панорома камер шаардсан. Манай компаниас Fish eye камер санал болгосон. Тухайн камер нь 360 градус болон 180 градус, 240 градусаар ч харах боломжтой. Тэгэхээр энэ техникийн шаардлагыг давуулан биелүүлсэн гэсэн үг юм. Илүү функцтэй гэсэн үг юм.
Хамгийн гол нь Гаалийн ерөнхий газар нь Канад Улсын Genetеc системийг ашигладаг. Гаалийн ерөнхий газрын системтэй холбогдож ажилладаг бүх байгууллагууд зөвхөн тухайн Genetеc системийн сертификатыг авч байж, Гаалийн ерөнхий газартай холбогдож ажилладаг юм. Манай компанид тухайн системийн сертификат, гэрээ нь бүгд байгаа юм. Нэхэмжлэгч талаас нэмэлт функц гэж тайлбарлаад байна. Тухайн Genetic систем нь өөрөө нэгдсэн цогц системийг үүсгэчихсэн, систем нь өөрөө хамгаалалтаа хийдэг юм, тухайн систем нь өөрөө дэлхийн шилдэг систем юм. Тус системийг төрийн байгууллагуудад бүгдэд нь ашиглаж байгаа. Гуравдагч орны камер гэдэгт Тайвань Улсын Vivotek брэндийн камерыг 100 хувь хүлээн зөвшөөрдөг. Тухайн камерыг хамгийн сүүлд манай компаниас шинэ нисэх онгоцны буудалд суурилуулсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын камеруудыг Genetеc систем нь дэмжиж ажилладаггүй юм. Харин Vivotek брэндийн камерыг Genetеc систем нь дэмжиж ажилладаг.
Heat map функцийн тухайд. Тухайн камерт Heat map функц байхад Genetеc системд ашиглаж болдоггүй, тэгэхээр тухайн функц байх ямар ч шаардлагагүй байхгүй. Нэхэмжлэгч тал техникийн тодорхойлолт болон юу хийх гэж байгаа талаараа ойлгоогүй байна. Би Монгол Улсын мэргэшсэн инженер, тухайн чиглэлээр томоохон ажлуудыг хийж байсан. Тэгэхээр техникийн шаардлага хангахгүй гэдэгт санал нийлэхгүй байна. Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоор манай компаниас техникийн шаардлагыг 100 хувь хангаж өгсөн.
Тендерийн баримт бичиг техникийн тодорхойлолтоор ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Хамгийн гол нь Genetеc систем нь өөрөө бүх зүйлийг хийдэг систем юм. Нэгэнт Гаалийн ерөнхий газартай холбоотой ажил хийж байгаа бол Genetеc системд заавал холбогдож ажиллах ёстой.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үйл баримтын тухайд. Төрийн өмчийн оролцоотой Э******* ХК Цагаан хадны нүүрс ачилт, буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202108495 тоот тендер зарлаж, Үнэлгээний хороо 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээ хийж, дүгнэлт гаргаснаар захиалагч 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2141 тоот мэдэгдлээр Б ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон ч, Т ХХК-ийн гомдлоор Сангийн яам хянаад 11 дүгээр сарын 09-нд Т ХХК-ийн тендерээс татгалзсан хоёр үндэслэлийн тухайд дүгнэлт хийж, ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон болон Т ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр /мэдэгдэл/-ийг тус тус хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэнээр, Үнэлгээний хороо 11 дүгээр сарын 10-нд дахин үнэлгээ хийж, Б ХХК болон Т ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үнэлээд, хамгийн бага харьцуулах үнийн шалгуураар Т ХХК-ийн тендерийг шалгаруулж, захиалагч 11 дүгээр сарын 17-нд гэрээ байгуулах эрх олгож, 11 дүгээр сарын 18-нд гэрээ байгуулжээ.
2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд. Нэхэмжлэгч Б ХХК техникийн тодорхойлолтод заасан тодорхой үзүүлэлтүүдийг хангаагүй тендерийг шалгаруулсан, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн өөр оролцогч байгаагүй тул шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн Б ХХК-тай гэрээ байгуулах ёстой, гэрээ байгуулах хуулиар тогтоосон хугацааг зөрчсөн, энэ хугацааг зөрчсөнөөс Сангийн яамаар гомдлоо шийдвэрлүүлэх боломжийг хязгаарласан, хэмээн маргаж, Үнэлгээний хороонд холбогдуулан Т ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах-аар, захиалагч Э******* ХК-д холбогдуулан Т ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, гэрээ байгуулсан үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Б ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан бичгийн болон цахим тендерийн баримт бичгүүд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Үнэлгээний хороонд холбогдох Т ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд.
Захиалагч Э******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/269 дүгээр тушаалаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хороо 2021 оны 10 дугаар сарын 19, 11 дүгээр сарын 10-ны өдөр 2 удаа үнэлгээ хийсэн.
Үнэлгээний хорооны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тендерийн материалуудыг хэлэлцэж, үнэлгээ өгсөн, шалгаруулалт явуулсан тэмдэглэл бүхий дүгнэлт, зөвлөмжөөс үзвэл 3 оролцогчийн ирүүлсэн тендерийн материалыг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа тус бүрээр хүснэгтээр хянан үзсэн байх бөгөөд хүснэгтийн 14-т ТОӨЗ 12ё-д заасан нийлүүлэхээр санал болгож буй хяналтын камер, бусад тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлтийг захиалагчийн ирүүлсэн техникийн тодорхойлолттой харьцуулж хүснэгтээр ирүүлэх гэсэн хэсэгт Т ХХК болон Б ХХК-ийн тендерийн материал тийм гэж тусгасан, хэлэлцсэн нь хэсэгт Т ХХК-ийн тендерийг үйлдвэрийн гэмтэлтэй барааг сольж өгөх албан бичиг ирүүлээгүй, хилээс гадна үйлдвэрлэх барааг нийлүүлэх үнэ нь СИП үнэ байна гэсэн шаардлагыг тус тус хангаагүй гэж, Р ХХК-ийн нийлүүлэх камер техникийн тодорхойлолтын гаалийн Genetec системийг дэмждэг байх шаардлагыг хангаагүй гэж үнэлснээс өөрөөр тендерт оролцогчдын санал болгож буй камер, бусад тоног төхөөрөмж тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн эсэхийг үзүүлэлт тус бүрээр нэг бүрчлэн шалгаж тусгаагүй байна.
Үнэлгээний хорооны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжид уг хурлаар Сангийн яамны шийдвэрийн дагуу нээлттэй тендерийг дахин үнэлсэн гэх авч, тэмдэглэлд тусгагдсанаар Технологи сервис энд солюшн ХХК-ийн тендерийн өмнө татгалзсан 2 үндэслэлийг л зөвхөн хэлэлцэж, улмаар Рояалгрупп ХХК-ийн тендер техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй гэж үнэлэн татгалзахаар, Технологи сервис энд солюшн ХХК болон Б ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн гэж үнэлэн харьцуулах хамгийн бага үнийн санал өгсөн үндэслэлээр Т ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.
Үнэлгээний явцад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд тус компанийн Худалдан авалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Н******* болон Үнэлгээний хорооны гишүүн бөгөөд Мэдээлэл технологи, инновацын хэлтсийн мэргэжилтэн Л.Ж******* нар хоорондоо е-майлээр үнэлгээтэй холбоотой мэдээлэл солилцож, санал дүгнэлт гаргасан байх ба үүнд гаалийн хяналтын бүсийн камерын хяналтын систем нь Genetec системийг шаардаж байгаа, үүнд нийцсэн эсэхэд л санал, дүгнэлт гаргасан байна.
Тодруулбал шалгарсан Т ХХК-ийн тендерийн материалд санал болгосон бараа, бүтээгдэхүүн нэхэмжлэгчийн маргаж буй техникийн тодорхойлолтоор заасан шаардлагын үзүүлэлтүүдийг хангасан эсэхийг тухайлан дүгнээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон Үнэлгээний хороонд ажилласан мэдээллийн технологийн мэргэжилтэн ийнхүү техникийн тодорхойлолтын үзүүлэлт тус бүрээр шалгаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн, захиалагчийн тогтоосон техникийн шаардлагын үзүүлэлтийг техникийн тодорхойлолтод заасанчлан шалгарсан оролцогчийн санал болгосон бараа, бүтээгдэхүүн хангаж байгаа талаар шүүх хуралдаанд тухайлан тайлбарлаж мэтгэлцсэнгүй.
Хариуцагч нь шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн Т ХХК болон Б ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүн нь гаалийн хяналтын программ болох Genetec системд холбогддог байх шаардлагыг хангасан, энэ шаардлагыг хангаж буй байдлаар нь үнэлсэн гэж тайлбарлах ч гаалийн хяналтын программ болох Genetec системд холбогддог байхыг техникийн тодорхойлолтын бичлэгийн төхөөрөмжид тавигдах шаардлагад л тусгасан, энэ үзүүлэлт чиглэлийн хяналтын камер, хөдөлгөөнт хяналтын камер, хяналтын дэлгэц, шон, шонгийн тоноглол, тоног төхөөрөмж багцуудын тавигдах шаардлагад хамааралгүй, өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтын зөвхөн нэг үзүүлэлтийг хангаж буй эсэхээр үнэлсэн нь учир дутагдалтай болжээ.
Шүүх хуралдаанд Т ХХК-ийн тендерийн материалыг судлахад,
а/ санал болгосон бараа бүтээгдэхүүн нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэл доорх байдлаар тогтоогдож байна. Тухайлбал,
1/ тендерийн баримт бичгийн 1 дүгээр хавсралтаар тогтоосон камерын хяналтын системийн техникийн тодорхойлолтын хүснэгтийн 3 дахь чиглэлийн хяналтын камерын техникийн шаардлага-д камерын функц нь Tampering, Heatmap гэх хөдөлгөөний урсгал, идэвхжил их байгааг тодорхойлох функцтэй байх шаардлага тавигдсан ч камерын үзүүлэлт нь энэ шаардлагыг хангаагүй буюу Tampering, Heatmap функцгүй байна.
2/ тендерийн баримт бичгийн 1 дүгээр хавсралтаар тогтоосон камерын хяналтын системийн техникийн тодорхойлолтын хүснэгтийн 4 дэх хөдөлгөөнт хяналтын камерын (шил арчигчтай) техникийн шаардлага-д хөдөлгөөнт камер нь шийдлийн хувьд Max 4K resolution гэх шаардлага тавигдсан ч санал болгосон камер нь Max resolution 1920х1080 буюу 2 MP нягтаршилтай байгаа нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс 4 дахин бага нягтаршилтай, өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтод заасан шаардлагад хүрэхгүй үзүүлэлттэй байна.
3/ Мөн энэ үзүүлэлтэд Object auto tracking (Person/Vehicle) гэх биетийг ухаалгаар дагаж, хүн болон тээврийн хэрэгслийг ялган таньдаг байх шаардлага тавигдсан ч санал болгосон камер нь хүн болон тээврийн хэрэгслийг ялган таних функцгүй буюу техникийн тодорхойлолтын энэ шаардлагыг хангаагүй байна.
4/ Мөн энэ үзүүлэлтэд хөдөлгөөнт камер нь DIS (built-in gyro senseor) гэх дүрс тогтворжуулах функцтэй байхыг тусгасан боловч санал болгосон камер нь дүрс тогтворжуулах DIS (built-in gyro senseor) функцгүй буюу техникийн тодорхойлолтын энэ шаардлагыг хангаагүй байна.
5/ тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 5.7-д мэдээллийн аюулгүй байдлыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн UL сертификат бүхий гуравдагч хөрш орны бараа бүтээгдэхүүн хяналтын камер байна шаардлага тавьсан, Технологи сервис энд солюшн ХХК-ийн тендерийн материалд санал болгосон камер нь UL Cyber Security сертификаттай гэх материал ирүүлээгүй, гуравдагч этгээд Технологи сервис энд солюшн ХХК нь санал болгосон Vivotek үйлдвэрийн бүтээгдэхүүн мэдээллийн аюулгүй байдлыг хангах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай гэх ч энэ талаарх баримтаа, эсхүл мэдээлэл авах эх сурвалжийг зааж тайлбарыг тендерийн материалд ирүүлээгүй байх тул мэдээллийн аюулгүй байдлыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн UL сертификат бүхий байх гэсэн техникийн шаардлагыг хангаагүй хэмээн нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Захиалагч дээрх шаардлагуудыг тогтоохдоо дүйцэхүйц байж болохоор заагаагүй тул Технологи сервис энд солюшн ХХК-ийн санал болгосон бараа бүтээгдэхүүн техникийн тодорхойлолтын эдгээр шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
б. Харин Т ХХК-ийн санал болгосон бараа бүтээгдэхүүн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчийн маргаж буй доорх 2 үндэслэл тогтоогдсонгүй. Тухайлбал,
1/ тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 5.7-д гуравдагч хөрш орны бараа бүтээгдэхүүн (хяналтын камер) байна гэсэн шаардлагыг хангаагүй хэмээн маргаж буйг шүүх үндэслэлтэй гэж үзээгүй. Учир нь техникийн тодорхойлолтод гуравдагч хөрш орны бараа бүтээгдэхүүн байх гэж хөрш буюу шууд хиллэсэн 2 улсаас өөр улсын бараа бүтээгдэхүүн байхыг заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй гэсэнд нийцэхгүй байх тул хуулиар ийнхүү тавьсан хязгаарлалтыг зөрчсөн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй болно.
2/ түүнчлэн тендерийн баримт бичгийн 1 дүгээр хавсралтаар тогтоосон камерын хяналтын системийн техникийн тодорхойлолтын хүснэгтийн 3 дахь чиглэлийн хяналтын камерын техникийн шаардлага-д өргөн өнцгөөр харах хяналтын камер нь хэвтээ чиглэлд 180 градуст хяналт хийх зориулалттай panaroma байх шаардлагыг тусгасан байх бөгөөд Технологи сервис энд солюшн ХХК-ийн санал болгосон fish eye буюу 360 градусаар хянах камер нь энэ шаардлагыг давж хангасан байх тул нэхэмжлэгчийн энэ үзүүлэлтийн талаарх тайлбар үндэслэлгүй, энэ үзүүлэлтийн хувьд техникийн тодорхойлолтоор тавьсан шаардлагыг хангасан гэж үзнэ.
Тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг, техникийн тодорхойлолт гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгох бөгөөд техникийн тодорхойлолтыг бэлтгэхэд тавигдах шаардлагыг буюу техникийн тодорхойлолтод ямар шалгуур үзүүлэлтийг тусгах, ямар шаардлага нөхцөл зааж болохгүйг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлээр хуульчилсан, тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгээр тендерт оролцогчдод олгосон.
Т ХХК нь захиалагч техникийн шаардлагаа БНСУ-ын Hanwha Techwin үйлдвэрийн камерын үзүүлэлтээр гаргасан болохоор манай нийлүүлж буй Тайвань улсын Vivotek үйлдвэрийн камерын зарим үзүүлэлт зөрүүтэй, хангахгүй байх явдал байна гэж тайлбарлаж байгааг шүүхийн шатанд одоо хүлээн авах боломжгүй юм.
Учир нь захиалагч 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 361-02-01-28.1.1.1 тоот захиалгын хуудсаар гаалийн хяналтын бүсийн гадна болон дотор орчныг хянах, аюулгүй байдлыг хангах зориулалттай 22 цэгт /хөдөлгөөнт 2, чиглэлийн 20 ширхэг/ телехяналтын камер суурилуулан цахилгаан, шилэн кабелын дэд бүтцийг шинээр зохион байгуулж нэг цэгт төвлөрүүлэн бүрэн ажиллагаанд оруулах тендерийн техникийн тодорхойлолтын шаардлагыг тавьсан, энэ үзүүлэлт, шаардлагаар Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулж, батлан тендерт оролцогчдод хүргүүлснийг Т ХХК тендерийн энэ баримт бичгээр, техникийн тодорхойлолтоор заасан шаардлагыг хангах бараа бүтээгдэхүүн санал болгохоо хүлээн зөвшөөрч тендерт оролцсон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Т ХХК-ийн тендерээс татгалзсан 2 үндэслэлийг Сангийн яам хянаад үндэслэлгүй гэж үзээд дахин үнэл гэсний дагуу Үнэлгээний хороо 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ уг 2 үндэслэлийг л дүгнэсэн, Т ХХК-ийн тендерийг бүхэлд нь дүгнээгүй тул нэхэмжлэгч нь 11 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээнд дүгнэгдээгүй үндэслэлээр маргах боломжгүй, Үнэлгээний хорооны 10 дугаар сарын 19-ний үнэлгээтэй өмнө нь маргаагүй гэх тайлбар үндэслэлгүй.
Учир нь Үнэлгээний хорооны 10 дугаар сарын 19-ний үнэлгээгээр Т ХХК-ийн тендерээс тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 2 шаардлагыг хангаагүй гэж татгалзаад, Б ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тул тендер шалгаруулалтын талаар гомдол гаргах шаардлага Б ХХК-д үүсээгүй, мэдээж шаардлага хангаагүй гэж татгалзагдсан тендерийн материал нь бусад шаардлагыг хангасан эсэх талаар гомдол гаргах шаардлага үүсэхгүй.
Нөгөөтэйгүүр Үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг хангасан эсэхийг, техникийн тодорхойлолтоор тогтоосон шаардлагыг хангасан эсэхийг, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг буюу бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан эсэхийг бүхэлд нь хянахаар мөн зүйлийн 27.3-т, захиалагч бүх нөхцлийг нэгэн зэрэг хангаагүй тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзахаар 27.4-т хуульчилсан, энэ заалт Үнэлгээний хорооны дахин үнэлэх ажиллагаанд мөн адил үйлчилнэ.
Тиймээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны арга, технологи захиалагчаас тодорхойлсон техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг үзүүлэлт бүрээр хянаагүйгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй Т ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр /дүгнэлт, зөвлөмж/ хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
4. Захиалагч Э******* ХК-д холбогдох Т ХХК-тай гэрээ байгуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Б ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд.
Нэхэмжлэлийн энэ шаардлага нь захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаанд, тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан шалгарсан тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 29.2-т заасан гэрээ байгуулах үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоох агуулгаар гарсан. Гэрээ байгуулахыг даалгах шаардлагын урьдач нөхцөл нь тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр /мэдэгдэл/-ийг хууль бус болохыг тогтоолгох байхаар хэдий ч нэхэмжлэгч өөрийнх нь тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус гэж хамгийн бага харьцуулагдсан үнэ-ийн дүнтэй нь, энэ үндэслэлтэй нь маргаагүй, харин шаардлагад нийцээгүй тендерийг шалгаруулснаас тендерийн үнээр харьцуулах үнэлгээ хийгдсэн, шаардлагад нийцсэн өөр тендер байхгүй тул тендерийн үнээр харьцуулах үнэлгээ хийгдэхгүй, шаардлагад нийцсэн тендерт гэрээ байгуулах эрх үүснэ гэсэн агуулгаар маргасныг тэмдэглээд дараах үндэслэлээр дүгнэж шийдвэрлэлээ.
1/ Үнэлгээний хороо дахин үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийж, дүгнэлт, зөвлөмж өгснөөр Т ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр болон мөн өдрийн өөрийнх нь тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Б ХХК-ийн гаргасан гомдлоор Сангийн яам 11 дүгээр сарын 17-ны өдрөөр гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түдгэлзүүлсэн байхад 11 дүгээр сарын 18-нд гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасныг зөрчиж, улмаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг ажлын 5 өдрийн дотор гаргах тендерт оролцогчийн гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаж, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж зааснаар Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүйд, буцаахад хүргэсэн үр дагавар үүсгэжээ.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажлын 6 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулах байтал мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 4 хоногийн дараа 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан нь энэ заалтыг зөрчиж, тендерт оролцогчийн мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан үйл ажиллагаа болжээ.
2/ Үнэлгээний хороо 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээ хийж тендерийн бусад оролцогчдын тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзаж, Б ХХК ийн ирүүлсэн тендерийг 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох дүгнэлт, зөвлөмж гаргаснаар захиалагч 10 дугаар сарын 20-ны өдөр Б ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан байдаг.
Нэхэмжлэгч Б ХХК-ийн тендерийн материал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолтоор тогтоосон шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан гэж үнэлэгдсэн, шүүх хуралдаанд мөн тус оролцогчийн тендерийн материалыг Технологи сервис энд солюшн ХХК-ийн тендерийн материалтай болон тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын хэсгийг харьцуулан судалсан бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нь тус оролцогчийн тендерийн материалыг захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолтоор тогтоосон шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй гэж тухайлан маргаагүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангаагүй Т ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр /дүгнэлт, зөвлөмж/ хуульд нийцээгүй гэж шүүх үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн тул 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангаж, 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн Б ХХК-ийн тендерийг шалгаруулж, 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч гаргахаар байна.
Тухайн тендерийн үнэ нь 297,777,000 төгрөг бөгөөд шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлсэн Б ХХК-ийн тендерийн үнэ 297,643,100 төгрөг байгаа нь дээрх дүнд багтсан, шаардлагад нийцсэн өөр тендер байхгүй тул 28 дугаар зүйлд заасан тендерийн үнээр харьцуулах үнэлгээ хийгдэхгүй.
Үнэлгээний хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээгээр Т ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл няцаагдсан ч ийнхүү техникийн тодорхойлолтод заасан дээр дүгнэгдсэн шаардлагуудыг хангахгүй болох нь, захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдсон, шаардлагад нийцсэн өөр тендер байхгүй тул 10 дугаар сарын 19, 11 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээгээр нэгэнт шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн Б ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж шийдвэрлэх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд, мөн 29 дүгээр зүйлийн 29.1-д захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ гэж заасанд нийцнэ гэж шүүх үзлээ.
Б ХХК тендер шалгаруулалтын талаар Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/6422 тоот албан бичгээр 11 дүгээр сарын 17-ны өдрөөс захиалагчийн шийдвэр, үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн нь цахим тендерийн тодруулга хэсэгт тавигдсан, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 516 дугаар захирамжаар Т ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/2400 тоот мэдэгдэл, 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ЭТТ-2021/756 тоот гэрээний биелэлтийг хэргийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр хууль бус болохыг тогтоосон шийдвэр, үйл ажиллагаа хэрэгжээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э******* ХК-ийн Цагаан хадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Т ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрдэнэс ТаХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, гэрээ байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Б ХХК-тай гэрээ байгуулахыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА