Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 45

 

 2023          06         23                                      2023/ШЦТ/45               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга М.Энхцэцэг

Улсын яллагч  Д.Зуунай

Шүүгдэгч Д.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Долгорын Батчулуунд холбогдох эрүүгийн 232.0000.0000.39 тоот хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 08 сарын 13-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, Дорноговь аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар, Дорноговь аймгийн эрүүгийн шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2, 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар нийт 6 жилийн хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн Боржигон овгийн Долгорын Батчулуун /РД: ЕЮ62081312/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Э.Гансүхтэй маргалдаж түүнийг цүүц багажаар нэг удаа хатгаж зүүн гарын бугалга хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Батчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Э.Гансүхтэй маргалдаж түүнийг цүүц багажаар нэг удаа хатгаж зүүн гарын бугалга хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /х.х-ийн 01/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 04-05/, хохирогч Э.Гансүхийн мэдүүлэг /х.х-ийн 07-10/, гэрч Б.Бат-Сэргэлэнгийн мэдүүлэг /х.х-ийн 13-15/, Шинжээчийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 04/066 дугаартай дүгнэлт /х.х-ийн 22-23/, шүүгдэгч Д.Батчулууны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /х.х-ийн 33-36/, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тооцоо /х.х-ийн 40/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаанд гарахыг хязгаарласан, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батчулуун Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаанд  гарахыг хязгаарласан, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 343,500 төгрөгийг 2023 оны 06 сарын 20-ны өдөр төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /х.х-ийн 105/-ээр тогтоогдож байна. Хохирогч Э.Гансүх нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 23 см урттай цүүцийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Долгорын Батчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Долгорын Батчулууныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батчулуун нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 23 см урттай цүүцийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батчулуун урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б