Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/03214

 

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/03214

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хэсэг, Баатархайрхан гудамж, 0 тоот хаягт оршин суух Б овогт А-гийн Б /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт Х-ийн Х /РД: 00000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Нэхэмжлэгч А.Б миний бие нь Х.Х-ын хүсэлтээр 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Х.Х нь өнөө маргаашгүй өгнө гэж худал хэлээд өгөхгүй байна. Иймд үндсэн зээл 9,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэхдээ би алдангийн хэмжээг Иргэний хуульд заасан хэмжээнд нийцүүлэн багасгаж 4,500,000 төгрөг болгон багасгаж, 1,500,000 төгрөгийн алдангиас татгалзаж байх тул хариуцагчаас үндсэн зээл 9,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Х-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Х.Х миний бие А.Баас 2017 оны 12 дугаар сард 2,000,000 төгрөг, дараа нь 3,000,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 1,700,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээг 9,000,000 төгрөгөөр хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Х.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... Нэхэмжлэгч А.Б миний бие нь Х.Х-ын хүсэлтээр 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Х.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй ба татгалзлын үндэслэлээ ... би А.Баас 6,900,000 төгрөг авсан, гэхдээ зээлийн гэрээг 9,000,000 төгрөгөөр байгуулсан гэжээ.

 

Хариуцагч Х.Хд шүүх хуралдааны товыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэж, хариуцагч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Х.Х нар 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 9,000,000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл хугацаагаар, хүүгүйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Х.Х нь 9,000,000 төгрөгийг аваагүй, бодитоор 6,900,000 төгрөг авсан гэж маргаж байх боловч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-д зээлийн мөнгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр бэлнээр олгосон гэжээ, мөн зээлийн гэрээний арын хуудсанд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг хүлээн авлаа, Х.Х гэж бичсэн байх бөгөөд үүнийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул 9,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байна.

 

Зохигчид зээлийн гэрээг хүүгүйгээр байгуулсан, нэхэмжлэгч хүү нэхэмжлээгүй. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч А.Б нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын 10-нээс 2019 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 4,500,000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

 

Иймд хариуцагч Х.Хаас үндсэн зээл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Бт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х.Х-аас үндсэн зээл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР