| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
/РД: *****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багт байх өөрийн гэртээ эхнэр **** зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 41-50 дугаар хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 132-135 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь согтуугаар 2023 оны *** дүгээр сард Өвөрхангай аймгийн **** сумын 4 дүгээр багт байх өөрийн гэртээ **** зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай нөхөр **** 2023 оны 01 дүгээр сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байхад унтаж байхад минь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирж хэвтсэн. 2 настай хүү **** уйлаад байсан учраас би хүүхдээ аргадаад цаашаа хараад хэвтэж байхад ард хэвтээд гудамжид хүнтэй тааралдаад маргалдсан талаар яриад байх шиг байсан. Тэгсэн гэнэт чи намайг тоохгүй байна гэж хэлээд хүзүүний ар тал шилэн хүзүү хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад хүчтэй цохисон би айгаад хүүхдээ аваад босох гэсэн чинь зүүн гарын тохой хэсгээс хүчтэй базсан учраас би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-50 дугаар хуудас/,
гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би нөхөр **** танина. Энэ 2 дундаасаа 5 хүүхэдтэй сүүлийн үед **** архи уугаад байгаа, архи уугаагүй үедээ бол гайгүй байдаг юм шиг санагддаг. Архи уухаараа гэр бүлдээ агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ зодож цохидог асуудал байдаг гэсэн. **** хүүхдүүдээ бодоод ажлын хамт олноосоо ичээд хэлдэггүй байсан байх сая 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нөхөртөө зодуулаад гар, хөл нь хөхөрсөн, толгой өвдөөд байна гэхээр нь **** эрхлэгч бид 2 шахаж шаардаад чи одоо дандаа зодуулж нүдүүлдэг энэ асуудлаа нууж болохгүй цагдаад өргөдөл гаргаж өгч шалгуул гээд хэлж ойлгуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай “...1. Үзүүлэгч *** биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 132-135 дугаар хуудас/
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох **** зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт ***** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** нь гэм буруугийн дүгнэлтдээ хэргийн зүйчлэлийн хувьд маргахгүй гэв.
Иймд шүүгдэгч ***** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирлын хувьд:
Хохирогч Х.Нарантуяа нь хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх ба шүүхээс хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт **** 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт ***** 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА