| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/03264/И |
| Дугаар | 183/ШШ2019/02699 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2019/02699
| 2019 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2019/02699 | Улаанбаатар хот
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 4.060.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ............... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С-а миний бие Б.Б-тай 2008 онд танилцаж, гэр бүлээ батлуулсан. Бид 2008 онд БНСУ-д сурах зорилгоор хамтдаа яваад 2009 онд охин Б.Ц, 2014 онд хүү Б.Б нар төрсөн. Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хамаг хувцасаа аваад гарч явснаас хойш өнөөдрийг хүртэл ирээгүй. Түүнээс хойш хүүхдийн асран хамгаалах, тэжээн тэтгэх байдлаар надад тусламж үзүүлээгүй. Иймд Б.Б-аас гэрлэлт цуцлуулах, охин Б.Ц, Б.Б нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Охин Б.Ц нь 2018 оноос О дунд сургуульд суралцаж байгаа ба жилийн 3.000.000 төгрөгийн сургалтын төлбөртэй, 2018 онд 3.000.000 төгрөг, 2019 онд өнөөдрийн байдлаар боломж байхгүй байсан тул 1.000.000 төгрөг төлсөн. Хүү Б.Б нь М цэцэрлэгт явдаг ба 2018 онд сарын 200.000 төгрөгийн төлбөр төлбөр бөгөөд 2019 оноос 230.000 төгрөгийн төлбөртэй болсон. Иймд хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь буюу 4.060.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б нь одоогоор БНСУ-д ажиллаж амьдардаг. Б.Б-аас надад ирүулсэн тайлбарт “Н.С-атай 2005 оноос үерхэж эхэлсэн ба 2006 оноос хамтран амьдарч байгаад бид 2008 онд БНСУ-руу явсан. Н.-а сургуульдаа явж, би хар ажил хийж байрны түрээс, хоол, сургалтын төлбөр гэх мэт амьжиргааны зардлаа олдог байсан. Хамтран амьдрах хугацаанд Н.С-а бид хоёрын хоорондын дотно харилцаа зан байдлын нийлэмжгүй байдлаас болж хөндийрч эхэлсэн. Сэтгэл нэгэнт хөрч, хамтран амьдрах тэвчээр хүрэлгүй 2014 оны 12 дугаар сард би өөрийн гэсэн эд зүйлээ аваад явсан. Оройтсон ч гэсэн би өнөөдөр уучлалт гуйж байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 4.060.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.С-ын нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдо, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 4.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б овогтой, Н-ийн С-а, Б овогтой, Б-ийн Б нар 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн 36 дугаарт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн ........ дугаар гэрчилгээгээр нотлогджээ.
Гэрлэгчдийн “...бид 2014 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна, хойшид хамт амьдрах боломжгүй...” гэсэн тайлбар, мөн талуудын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н.С-а, Б.Б- нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 280 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.
2. Гэрлэгчдийн дундаас 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр охин Б-ын Ц, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Б-ын Б нар төрсөн болох нь Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хүүхдүүд эрүүл бойжиж байгаа болох нь Б дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, УББДС-ийн Сургалтын менежерийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор нотлогджээ.
Зохигчид охин Б.Ц, хүү Б.Б нарыг эх Н.С-ын асрамжид үлдээх талаар тохиролцсон байдал, мөн охин Б.Ц-ийн “...ээжтэйгээ амьдарна” гэсэн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Ц, хүү Б.Б нарыг эх Н.С-ын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Б-аас хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн “...хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 4.060.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас нэмэлт зардалд 4.060.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-ад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогтой, Н-ийн С, Б овогтой, Б-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Ц, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Н.С-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Б.Ц, хүү Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Б-аас тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас хүүхдийн сургалтын төлбөр буюу нэмэлт зардалд 4.060.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Сарандангинаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 142.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 79.910 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 221.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД