| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/01954/И |
| Дугаар | 183/ШШ2019/02651 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2019/02651
| 2019 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2019/02651 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42.707.526 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ............ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь “М” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд түрээсийн гэрээнд заасан нөхцөлүүдийг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байдаг. Түрээсийн зүйл нь салоны үйл ажиллагаа явуулах зориулалтайгаар засвар хийгдсэн, шинэ тавилга, тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний хамт түрээслэгч тал түрээслэхээр тохиролцсон. Тус гэрээ нь богино хугацаатай гэрээ биш урт хугацааны гэрээ байсан бөгөөд гэрээний 10.5-д заасны дагуу 90 хоногийн өмнө гэрээг цуцлах тухай мэдэгдэх байсан. Гэтэл Түрээслэгч тал 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтаар гэрээг цуцлах тухай бидэнд амаар мэдэгдсэн бөгөөд дээрх заалтыг сайн мэдэж байсан. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөх тухай албан тоотыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бидэнд ирүүлсэн байдаг. Бид гэрээнд заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээлцэх тухай хариу мэдэгдсэн. “М” ХХК нь 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 21.935.484 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний 4.2-т “...түрээсийн төлбөрт НӨАТ ороогүй дүн болно” гэж заасан тул 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны 12 сар 13 хоногийн түрээсийн төлбөрийн НӨАТ-ын төлбөрт 12.033.333 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангид 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 8.738.709 төгрөг, нийт 42.707.526 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан хэдий боловч 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр актаар хүлээн авсан байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг түрээсийн гэрээг 2019 оны 6 дугаар сард эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч тал 2019 оны 6 дугаар сараас хойших түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч тал 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн зүйлийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний төлбөрийг 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд өгөлгүй түрээсийн зүйлийг ашиглаж, үйл ажиллагаа явуулсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал талбай ашигласны хөлсөө 2019 оны 6 сард төлөөгүй нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч тал 10.000.000 төгрөгийн барьцаа авсан байгаа үүгээр төлбөрөө хийх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч тал талбай ашигласны төлбөр төлөх хугацааг ямар нэг байдлаар хожимдуулаагүй, тиймээс алданги төлөхгүй. Анх гэрээ байгуулахад “Н” ХХК нь манайх НӨАТ төлдөггүй, иймд НӨАТ түрээсийн төлбөрт тооцож авахгүй гэсэн. Талууд ямар ч эд хөрөнгө хүлээлцээгүй. Өөрөөр хэлбэл тавилга, тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх үүрэг хариуцагчид байхгүй. Зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүн орхисон байсны мөнгийг дансаар шилжүүлэн өгөөд дуусгасан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн үндэслэлгүйгээр 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 7.238.709 төгрөгийн алданги нэмж нэхэмжилсэн ба эрхгүй этгээд болох өмгөөлөгч нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлд түрээсийн гэрээтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Дээр дурдсан хуулиас харахад үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэж заажээ. Талуудын хооронд байгуулсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул маргаж буй гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл, мөн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.6-д зааснаар түрээстэй холбоотой харилцаа нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөлд хамаардаг. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр маргаж буй түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь харагдана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цаг хугацаанд түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан гэсэн үг. Үүний үр дагавар нь нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35.468.817 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, алдангид 7.238.709 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын хэргийг хэрэгсэхгүй болгож, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“М” ХХК, “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч “Н” ХХК нь ............ тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч “М” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сард 10.000.000 төгрөгийг тухайн сарын 01-ний өдрийн дотор төлнө гэж тохиролцсон талаар зохигчид маргаагүй ба уг түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
1. Уг гэрээний дагуу түрээслүүлэгч “Н” ХХК нь ............ тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгч “М” ХХК-д шилжүүлэн өгсөн, түрээслэгч нь 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн талаар зохигч маргаагүй бөгөөд түрээслэгч “М” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр “...гэрээ цуцлах талаарх мэдэгдэл”-ийг хүргүүлсэн, түрээслүүлэгч “Н” ХХК-иас “...гэрээ цуцлах саналыг хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан” болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.4-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч “Н” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч “М” ХХК-иас шаардах эрхтэй тул зохигчийн “...Н ХХК-иас 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй, түрээсийн төлбөрийг тухайн сарын 01-ний өдрийн дотор төлнө гэж тохиролцсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон 10.000.000 төгрөгийг Н ХХК-д шилжүүлсэн” гэсэн тайлбар, мөн гэрээний 4.1, 4.3, 9.6-д заасныг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 10.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 29 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10.000.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 1.450.000 төгрөг, нийт 11.450.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй бөгөөд хариуцагчийн “...баталгаа болох 10.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцож өгнө үү” гэсэн тайлбар, гэрээний 6.4-т зааснаар 11.450.000 төгрөгөөс Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.2, 233 дугаар зүйлийн 233.1-д заасныг баримтлан урьдчилгаанд өгсөн дэнчин 10.000.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 1.450.000 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т “...түрээсийн төлбөрт НӨАТ ороогүй...” гэж заасан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 43 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК нь “...НӨАТ-ын төлбөрт 12.033.333 төгрөг”-ийг хариуцагч “М” ХХК-иас шаардах эрхгүй болно.
Мөн гэрээний 3.2-т “...тавилга, бусад зориулалтын дагуу ашиглахад шаардагдах зүйлс дагалдаж байгаа бол дагалдах зүйлсийг хавсралтаар хавсаргана” гэж заасан хэдий боловч хавтаст хэрэгт энэ талаарх баримт /хавсралт/ авагдаагүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...түрээсийн зүйлийг актаар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэсэн тайлбар гаргасныг үндэслэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ......... шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан “...алдангид 7.238.709 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэхээр байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
2. Хариуцагч “М” ХХК-ийн “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь зохигчид 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г байгуулсан талаар маргаагүй, мөн уг түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, мөн хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 233 дугаар зүйлийн 233.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах болон 34.018.817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Халиунаагийн “...алдангид 7.238.709 төгрөг гаргуулах” тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-ийн “...түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 233 дугаар зүйлийн 233.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах болон 34.018.817 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч .........-ийн “...алдангид 7.238.709 төгрөг гаргуулах” тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-ийн “...түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 405.495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 130.770 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 177.728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД