Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00212

 

                          “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны  эрх хүлээн

                            авагчийн нэхэмжлэлтэй иргэний

                                  хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02600 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1698 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны  эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,641,839.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагч ,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантогтох, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,641,839.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02600 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4,379,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдсэн 17,261,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1698 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан 21,641,839 төгрөг гаргуулах тухай “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.  

4. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2022.01.10-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  001/ШХТ2022/00135 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагч ,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.24-ний өдрийн 1698 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд: Давж заалдах шатны шүүхээс “...анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн шаардлагад нийцээгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэдгээ нотлох зорилгоор хуульд заасан шаардлагад нийцсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн нэхэмжлэл, хавтаст хэрэг дэх нотлох баримттай хариуцагч танилцсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, зөвхөн шүүх хуралдааны явцад “...би өвчтэй хүн, учир зарим зүйлийг мартсан, санахгүй байна” гэдэг тайлбарыг л өгсөн. Иймээс анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолсон бөгөөд хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж” шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг бүрэн судлалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой.

5.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд: Давж заалдах шатны шүүхээс “...гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд банкны эрх хүлээн авагчаас энэ хугацааг хэтрүүлсэн тул гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэж үзжээ. Талуудын хооронд байгуулагдсан 2005.01.21-ний өдрийн зээлийн эрхийн гэрээний 2.1-д “...гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талуудын аль нэг нь гэрээг цуцлах талаар бичгээр санал гаргаагүй бол гэрээг 1 жилийн хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцно”, 2.2-т “зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад зээлийн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл талуудаас тухайн гэрээг цуцлахтай холбоотой шаардлагыг гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн банкны эрх хүлээн авагчаас зээлдэгч нарын оршин суугаа хаягаар очиж зээлийн өр төлбөрийн эргэн төлөх тухай шаардлагыг тавьдаг. Үүний дагуу хариуцагчийн гэрт очиход биеийн байдал нь муу байсан тул уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зуруулж чадаагүй. Дараа  нь утсаар холбогдож өр төлбөрийг төлөх тухай шаардлагыг тавьж байсан. Шаардлага тавих тухай бүр ”...бие муу байна, зарим зүйлсийг мартсан байна” гэх тайлбарыг өгсөөр ирсэн тул шүүхэд хандсан.

5.3. “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь хэвийн үйл ажиллагаатай байх үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15,9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монголбанкнаас Хадгаламжийн даатгалын корпорацаар дамжуулан ,,,,,,,,,,,,,,,,,,, банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг нөхөхөд зориулж 119,9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр төрд хохирол, зардал учирсан. Банкны эрх хүлээн авагчаас “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр төрд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүний дээр нэмж “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530,6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь төрд учирсан хохирлын дүнд нэмэгдэх юм. Нөгөө талаар “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас зээл авч, зээлийг эргэн төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа этгээд нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө болон төрөөс гарсан  зардлаар хөлжих, “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах ажиллагааг дуусгасны дараа зээлийг эргэн төлөхгүй үлдэх нь шударга бус явдал  юм. Түүнчлэн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, утсаар ярьж, биечлэн уулзаж, зээлийн өр төлбөрийг төлөх боломжит хугацааг тогтоон өгч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэсэн тайлбар гаргасан.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,641,839.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 4,379,900 төгрөгийг гаргуулж, үлдэх 17,261,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж байна, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Монгол шуудан банктай 2005.01.21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү, нийт 7,569.56 ам.доллар буюу 2021.6.07-ны өдрийн Монголбанкны зарласан ханшаар 21,641,839.78 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “...Банкнаас зээл авсан гарын үсэг байгаа боловч энэ тухай огт санахгүй байна. Надад 10 жилийн өмнө ийм мэдээлэл өгөөгүй, жилийн өмнө над руу залгахаар нь “миний бие муу байна” гэж хэлсэн. Би ямар карт хэрэглэж байсан, энэ зээлийг хэзээ авснаа мэдэхгүй байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... “Монгол шуудан банк” ХХК болон хариуцагчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон, төлбөр төлөхгүй байх үндэслэлээ хуульд заасны дагуу баримтаар нотлоогүй тул зээлээ төлөх үүрэгтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “зээлийн хүүг нэхэмжлэхгүй” гэж шаардлагаа тодруулсан, нэмэгдүүлсэн хүүг тооцох боломжгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах нь зүйтэй, хариуцагч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан болон талууд зээлийн төлбөрийг нэхэмжилж байсан талаар маргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй...” гэж дүгнэсэн.

11. Харин давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2005.02.21-2008.02.21-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардаагүй бөгөөд 2021.06.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан эсэх, хариуцагчаас уг зээлийн гэрээний үүргийг хожим гүйцэтгэж байсан, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй...” гэжээ.

12. Дээрхээс үзвэл, хоёр шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар өөр өөрөөр дүгнэснээс хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.

13. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзлээ.

14. Хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, болон “Монгол шуудан банк” ХХК-ийн хооронд 2005.01.21-нд “зээлийн эрхийн гэрээ” байгуулагдсан, 2010 онд тус банкны  шаардах эрхийг “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн, 2013.07.22-нд эрх бүхий этгээдийн шийдвэрээр “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийг татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон, нэхэмжлэгч банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2021.06.08-нд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

15. Банкны  тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3., 69 дүгээр зүйлийн 69.1.2., 69.1.3.-т зааснаар Банкны эрх хүлээн авагч нь (татан буугдсан) банкийг төлөөлөх, банкны  хөрөнгийг захиран зарцуулах, активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах зэрэг бүрэн эрхтэй. Иймд дээрх тохиолдолд нэхэмжлэгчийн шаардах эрх нь түүнийг томилсон үеэс буюу 2013.07.22-ны өдрөөс эхэлнэ. Харин энэ хүртэл хариуцагчийн байгуулсан зээлийн гэрээ нь тухайн гэрээний 2.1-д “...гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талуудын аль нэг нь гэрээг цуцлах талаар бичгээр санал гаргаагүй бол гэрээг 1 жилийн хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу үргэлжилсэн гэж үзнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг “гэрээ байгуулагдсан 2005.02.21-ний өдрөөс 2008.02.21-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж дүгнэсэн нь банкны эрх хүлээн авагчид хамааралгүй эрх зүйн дүгнэлт болсон, гэвч энэ нь магадлалын шийдэлд нөлөөлөхөөргүй байна.

16. Учир нь, банкны эрх хүлээн авагч нь томилогдсон үеэсээ эхлэн дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4.-т “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно.” Иймд, банкны эрх хүлээн авагч буюу нэхэмжлэгч нь 2013.07.22-2016.07.22-ыг хүртэл 3 жилийн хугацаанд шаардах эрхтэй байтал 2021.06.17-нд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг хугацаа тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс “... хариуцагчтай 2012 онд утсаар ярьсан, оршин суугаа хаягаар очиж шаардлагыг тавьдаг, гэрт  нь очиход биеийн байдал нь муу байсан тул уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зуруулж чадаагүй...” гэж тайлбарлан гомдол гаргаж байгаа ч (Тодорхойлох хэсгийн 5.2-5.3-т) үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

17. Хариуцагчийн байгуулсан зээлийн гэрээний  2.2-т заасан “зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад зээлийн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ” гэх зохицуулалт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдах тул “... давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж буруу дүгнэсэн, гэрээний 2.1, 2.2 дахь зохицуулалтыг анхаараагүй, талуудаас тухайн гэрээг цуцлахтай холбоотой шаардлагыг гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.2-т заасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

18. Мөн “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, зөвхөн шүүх хуралдааны явцад “би өвчтэй хүн, учир зарим зүйлийг мартсан, санахгүй байна” гэдэг тайлбарыг л өгсөн... Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг бүрэн судлалгүйгээр шийдвэрлэсэн...” гэх (Тодорхойлох хэсгийн 5.1) гомдлын тухайд, хариуцагч анхнаасаа “...10 жилийн өмнө надад мэдэгдээгүй, өнгөрсөн жил л надтай ярьсан...” гэсэн (хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн агуулга бүхий) тайлбар өгсөн, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр маргасан, мөн энэ үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу тухайн шүүх хэргийг хянан хэлэлцэж дүгнэлт өгсөн байх тул “хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэсэн, хэрэгт авагдсан баримтыг бүрэн судлаагүй” гэх үндэслэлгүй. Ийнхүү хэргийн оролцогчид шаардах эрхийн талаар маргасан байхад анхан шатны шүүх  “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1. болон зээлийн гэрээний холбогдох заалт, талууд зээлийн төлбөрийг нэхэмжилж байсан талаар маргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй...” гэж дүгнэсэн нь буруу байна.

19. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1698 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.            

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД                         

                       ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА 

                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                                                     

                                                                                                  Д.ЦОЛМОН