Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 10

 

         Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх

Улсын яллагч Э.Нэргүй

Шүүгдэгч О.Жданов, түүний өмгөөлөгч Б.Батчимэг

Хохирогч Д.Мянгаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Оросоогийн Ждановт холбогдох 201608000193 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд  1968 оны 10 дугаар сарын 11-нд төрсөн, 49 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 127-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 01 дүгээр сарын 28-нд Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 07 дугаар сарын 09-нд тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Оросоогийн Жданов /РД:ЕЙ68101113/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллагдагчаар татсан тогтоолд/

 

Шүүгдэгч О.Жданов нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны орой Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 127-09 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Мянгаатай маргалдаж улмаар түүний толгойд заазуураар цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          

Шүүгдэгч О.Жданов нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны орой Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 127-09 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Мянгаатай маргалдаж улмаар түүний толгойд заазуураар цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд: 

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ждановын  мэдүүлсэн: 2016 оны12 дугаар сарын 08-ны орой Дашзэвгэ ах бид 2 явж байгаад Өгөөжийн хажууд Д.Мянгаа ах Жаргалсайхан хоёртой таарсан. Тэгээд 3000 төгрөг байна уу? дөрвүүлээ ганц шил архи хувааж ууя гээд Дэлгэрэх дэлгүүрээс архи аваад манай гэрт очиж уусан. Тэгээд 1 шил архийг ууж дуусаад Д.Мянгаа ах Дашзэвгэ ахыг сайн юм үздэг гэсэн мөнгө олдох нуу үзээтэх гэсэн. Тэгтэл Дашзэвгэ ах мөнгө олдох юм байна гэсэн. Д.Мянгаа ах Хонхор ороод ирье гээд Жаргалсайхан тэр 2 гарсан. Тэгээд Жаргалсайхан таксинд суулгаад ирлээ Д.Мянгаа ах одоо удахгүй ирнэ гэж хэлсэн. Бид 3 манайд байж байгаад савхин куртикийг нь зарж ганц шил архи авья гээд гарсан. Тэгээд Өгөөжийн хажууд байж байтал Дашзэвгэ ахын утас дуугараад Ждановын эхнэр Д.Мянгаа ах 1 шил архитай хүрээд ирлээ, хүрээд ир гээд бид гурвыг дуудсан. Тэгээд бид 3 явж очтол тэр 2 архи уусан юм шиг байсан. Тэгтэл би уурлаж та 2 булагнаад уусан байна гэж хэлсэн. Тэгтэл Дашзэвгэ ах уугаагүй ээ би эхнэрт чинь жоохон цэвэр юм авчирч өгсөн гэсэн. Тэгээд 1 шил архи ууж байгаад Дашзэвгэ ах, Жаргалсайхан 2 гараад явсан. Тэгээд Д.Мянгаа ахыг унтуулах гэтэл миний эмзэг эрхтнээс бариад, базаад чи намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм уу? гээд уурласан. Би тэр өдөр Д.Мянгаа ах эхнэр 2-ыг хардахын хувьд хардсан. Тэгээд миний эмзэг эрхтнээс бариад тавихгүй, би бас хардаад өдөр нь чанаж идсэн гэдсэн дээр байсан  заазуур байхаар нь бариад цохисон. Тэгээд Д.Мянгаа ахын толгойноос цус гараад тогтохгүй байсан болохоор эхнэртээ түргэн дууд гэж хэлсэн. Д.Мянгаа ахыг түргэн ирж аваад намайг цагдаа ирж бариад авсан гэсэн мэдүүлэг.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мянгаагийн мэдүүлсэн : Би тухайн өдөр явж байтал Дашзэвгэ О.Жданов хоёртой таарсан. Тэгээд мөнгө байна уу бид хоёр юм авах гэсэн мөнгө дутаад байна гэсэн. Тэгээд би 3000 төгрөг байна гээд Жаргалсайхан 1000 төгрөг гаргаад Дашзэвгэ, О.Жданов хоёртой Дэлгэрэх дэлгүүр орж 1 шил архи авсан. Тэгээд би нэг газар уучихаад таръя гэтэл О.Жданов манайд ороод ууя гэсэн. Тэгэхээр нь авгай хүүхэд чинь загнавал яахын гэтэл манай эхнэр загнахгүй гэсэн. Тэгээд О.Жданов ортол эхнэр нь согтуу бололтой сууж байсан. Тэгээд 1 шил архи уугаад дуусаад таръя гэтэл ахиад нэг шил архи ууя та мөнгө олооч гэсэн. Эд нар бас сахлын машин зарна гээд бариад явж байсан. Тэгээд би гараад явж байтал араас Жаргалсайхан дуудаад нэг савхин куртик өгөөд үүнийг та хадланд явдаг хүн 1 шил архиний мөнгөөр авчих гэж байсан. Тэгээд би барьж үзээд орхих гэсэн чинь эд нар зарчихна та дотуураа өмсөөд яв гэсэн. Тэгээд надад 1 шил архины мөнгө байсан. Би нэг шил архи аваад буцаад Ждановынд ороход тэр 3 гараад явсан эхнэр нь ганцаараа байсан. Эхнэр нь О.Ждановруу залгатал одоо очлоо гэж байсан. О.Жданов орж ирээд та 2, хоёулахнаа  гэрт архи уулаа гээд уурласан. Эд нар өдөр нь гэдэс чанаж идсэн байсан. Дахин гэдсээ халааж идээд архи ууцгаасан. Тэгээд би О.Ждановт ах нь согтоод байна гудамжинд унаад өгч магадгүй танайд унтаад явъя гэсэн. Тэгтэл О.Жданов тэг тэг гэсэн. Тэгээд жижиг өрөөндөө ор засаж өгөөд би унтаж байтал толгойруу нэг зүйлээр цохисон. Тэгээд сэрээд толгойноос цус гараад байхаар нь Ждановт ахдаа түргэн дуудаад өг гэхэд цус нь тэгэж байгаад тогтоно, эхнэрийгээ түргэн битгий дуудаарай цагдаа ирээд намайг бариад явчихна шүү гэсэн. О.Жданов  эмнэлэг асуувал пар мөргөсөн гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би пар мөргөвөл урд талаараа мөргөдөгүй хойшоо дагзаараа мөргөдөг гэж хэлтэл О.Жданов гэрээсээ гараад явсан. Миний цус тогтохгүй байсан. Нэг мэдсэн чинь толгой эргээд эмнэлэгт сэрсэн гэсэн мэдүүлэг.

3. Гэрч И.Жаргалсайхан хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өгөөж захын хажууд явж байсан чинь Мянгаа гэдэг танидаг хүн таараад бид 2 зогсож байтал Жданов нэрийг нь мэдэхгүй нэг хүнтэй бид 2 дээр ирээд ганц шил архи хувааж ууя та 2-т мөнгө байна уу гэж асуухад Мянгаа ах байна гээд бид 4 нийлээд Дэлгэрэх дэлгүүрээс “Монгол стандарт” нэртэй 0.75 литрийн архи аваад Ждановын гэрт очоод эхнэртэй нь нийлээд 5-уулаа уусан. Тэгээд архиа ууж дуусаад Мянгаа мөнгө олж ирэхээр явсан. Би Мянгаад дотуураа өмсөж явсан савхин куртикээ 5000 төгрөгөөр зарахаар тохироод явсан. Бид нарыг Өгөөж захын хажууд байхад Ждановын эхнэр Энхтуяа утсаар Мянгааг архи авчирсан гэж дуудсан. Бид гурвыг буцаад ортол 1 шил архи авчирсан байснаас би 2 татаад гэртээ харихаар явсан. Ждановын гэрт Мянгаа, Жданов, Энхтуяа, мэргэлдэг залуу 4 үлдсэн. Өөр болсон асуудлыг мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 дугаар хуудас /

4. Гэрч Н.Энхтуяа хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Жданов, Дэшзэвгэ, Мянгаа, Жаргалсайхан гэдэг 3 хүнтэй орж ирээд тал шил архи гаргаж ирээд ууцгаасан. Архи дуусаад Мянгаа ах мөнгө олж ирье гэж хэлээд гараад явсан удалгүй араас нь нөгөө 3 архи олж ирье гээд гарсан. Тэрнээс хойш цаг орчмын дараа Мянгаа ах нэг шил архи барьчихсан мөн архины шилний ёроолоор нь “Хар чингис” нэртэй архи гаргаж ирээд цэвэр архи байна чи эндээс уучих гээд надад өгсөн. Би тэр архинаас нь 2 татчихаад нөгөө гурвыг утсаар дуудсан. Тэгээд Жданов орж ирээд та 2 архи уусан юмуу гэж уурлахад Мянгаа ах тэр бүтэн шил архи байна гээд хэлсэн чинь ууралхаа больсон. Тэгээд тэр архийг ууж байгаад Жаргалсайхан, Дашзэвгэ нар явсан. Мянгаа ах согтсон байсан болохоор Жданов Мянгаа ахыг шкапны урдуур хэвтүүлээд дээрээс нь хөнжил нөмөргөх гэж байсан. Удалгүй Мянгаа ах миний толгойноос цус гараад байна гэж орилоод бид нар цусыг нь тогтоох гэсэн боловч тогтоогүй. Би юу болсоныг хараагүй паар мөргөчихсөн юмуу гэсэн чиньЖданов үгүй би заазуураар цохичихлоо гээд гараад явсан. Удалгүй орж ирээд бид 2 цусыг нь тогтоох гэсэн боловч тогтоогүй. Тэгээд эмнэлэг дуудаад дараа нь цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 дугаар хуудас /

5. Гэрч М.Болорчулуун хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би ажил дээрээ шөнийн ээлжинд гарч байтал цагдаагаас миний утасруу залгаад аав Мянгаа чинь эмнэлэг дээр ухаангүй хүргэгдсэн байна гэхэд би эмнэлэг дээр очсон. Намайг очиход аав ухаангүй, их хэмжээний цус алдсан одоо найдваргүй болсон уулзуулах хүнээ уулзуулаарай гэж хэлсэн. Тэр шөнөдөө би аавыгаа сахиж хоносон. Нилээн цус алдаад доод гуталруугаа орсон байсан. Миний бодлоор суугаагаараа цус алдсан байх гэж бодож байна. Эмнэлгийн эмч нар ирж үзлэг хийгээд эмчилгээ хийгээд үүрээр бие нь арай гайгүй сайжраад ухаан орсон. Маргааш өглөө нь хэвтүүлэх ор байхгүй байна гэхээр нь бид нар гадуур эмчилгээ хийлгээд гэрт нь гаргасан. Мэс заслын эмч Ариунбуян эмчилгээ бичиж өгөөд тэрний дагуу эмийн сангаас шаардлагатай эм тариаг авсан. Эм тариа, эмнэлэгт үзүүлэхэд зарцуулсан мөнгө, шатахуун авсан зэрэг нийт 196.000 төгрөгний баримтууд байна. Мөн тухайн үед өмсөж явсан хувцас нь битүү цус болсон байгаад тэрийг нь мэс заслын эмч хайчилж авч хаясан. Ганц гутал нь үлдсэн. Малгайг нь тэр айлын гаднаас маргааш нь олж авсан. Би хувцсанд нь буюу 2 дотуур цамц, ноосон цамц, дотуур өмд, өмд, гадна куртик зэрэгт 150.000 төгрөг, нийтдээ 400.000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 дугаар хуудас /

6. Гэрч Д.Ганболд хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Манай ах Жданов нь 1968 онд Говьсүмбэр аймагт төрсөн Говьсүмбэр аймгийн хүн байгаа юм. Эцэг, эх нь буюу манай өвөө 1996 онд, эмээ 2013 онд нас барсан. Манай ах өвөө, эмээ 2-той амьдарч байгаа сүүлд 2003-2004 оны үед Энхтуяа гэдэг хүнтэй гэр бүл болоод амьдарч байгаа. Ах эгч 2-н дундаас хүүхэд гараагүй. Энхтуяа эгчийн хүү нь хамт амьдарч байгаа сүүлдээ тусдаа гарсан. Манай ах Жданов төлөв даруу зантай, хүнтэй эвсэг , хүний үгнээс гараад байдаг хүн биш, сүүлийн үед их архи уух  болсон. Архинаас болж гэмт хэрэгт холбогдсон байна ... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 дүгээр хуудас /

-Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот дүгнэлтэнд:

1. Д.Мянгаагийн  биед толгойн оройд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл  нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 2016 оны 12 дугаар сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч ахлах дэслэгч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

- Говсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 008/001 дугаартай дүгнэлтэнд:

      1. Заазуурны гадаргуугаас хүний гарын мөр дүрс илэрсэн /4 ширхэг/

      2. Илэрсэн гарын мөр-дүрсүүдийн ¹04 дугаартай мөрний папилляр

шугамуудын хувийн онцлог шинж тэмдгүүд нь бага, шинжилгээний чанар хангахгүй байна. ¹01, ¹02, ¹03 гэсэн дугаартай мөрнүүдийн папилляр шугам болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тодорхой гарсан байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

  1. Папилон санд бүртгэлтэй Оросоо овогтой Ждановын гарын мөртэй тохирох

“MN003210004465” кодтой дугаар мөрний баруун гарын эрхий хурууны мөрөөр дарагдсан байна. Дүгнэлт гаргасан криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

      - Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08, 15, 18, 38-40 дүгээр хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-56 дугаар хуудас/

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 63 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын ¹213 дугаартай дүгнэлт, /хх-ийн 42 дугаар хуудас/

- Говьсүмбэр аймгийн Прокурорын Газрын 2016 оны 08 сарын 10-ны өдрийн 5/83 тоот хэрэгсэхгүй болгох тогтоол, /хх-ийн 76-77 дугаар хуудас/ зэрэг болно.

             Иймд шүүгдэгч О.Ждановыг хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Мянгаагийн толгойн тус газар заазуурдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

         Шүүгдэгч О.Жданов нь эхнэр Н.Энхтуяатай хоёулхнаа амьдардаг баривчлахаас өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэсэн боловч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмийн халамжийн сангаас олгодог хөдөлмөрийн чадваргүй хүний тэтгэмжээр амьдардаг байх тул торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзлээ.

 

        Мөн шүүгдэгч О.Ждановын хамтран амьдрагч Н.Энхтуяагийн хөгжлийн бэрхшээлтэй талаарх нотлох баримт шүүхэд ирээгүй тул Н.Энхтуяад асран хамгаалагч тогтоох боломжгүй байна.

             

 Хохирогч Д.Мянгаа нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд 400000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар гаргаж өгсөн эм тарианы мөнгө болох 196600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Мянгаад олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Жданов нь 2001 оны 01 дүгээр сарын 28-нд Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 07 дугаар сарын 09-нд тэнсэн суллагдаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтайд тооцох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.Ждановт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг  ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.  

 

    Шүүгдэгч О.Жданов нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон алаг иштэй 24 см урттай заазуурыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Ждановын өмчлөлийн SHARP нэртэй 17 инчийн зурагт, SHARP нэртэй угаалгын машин,  нэр хаяг нь тодорхойгүй 3 хаалгатай саарал өнгийн хөргөгчийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284,  286,  294, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Боржигон овогт Оросоогийн Ждановыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Оросоогийн Ждановыг  1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч О.Ждановт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч О.Жданов нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон алаг иштэй 24 см урттай заазуурыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч О.Ждановын өмчлөлийн SHARP нэртэй 17 инчийн зурагт, SHARP

нэртэй угаалгын машин,  нэр хаяг нь тодорхойгүй 3 хаалгатай саарал өнгийн хөргөгчийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ждановоос хохирол төлбөрт 196600 төгрөг гаргуулж  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Лүнгийн 05 тоотод оршин суух хохирогч Д.Мянгаад олгосугай.

 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ждановт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ждановт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАНДАХ