Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0094

 

 

  

     2022           02           16                                        128/ШШ2022/0094

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Д.Э,

Нэхэмжлэгч: Д.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э,

Хариуцагч: УБЕГ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А,

Гуравдагч этгээд: Э.Ц нарыг оролцуулан С ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Д.Э, Д.Б нар нь С ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан.

          2. С ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 16000000 /арван зургаан сая/ төгрөгөөр нэмэгдүүлснийг бүртгүүлсэн.

          3. Нэхэмжлэгч нараас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр УБЕГт гомдол гаргаж, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 8/3438 тоот албан бичгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар хариу өгч, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          4. Нэхэмжлэгч С ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Д.Э, Д.Б, Э.Ц нар анх 2009 онд С ХХК-ийг цахилгаан шат, импортлох, цахилгаан шат угсралтын үйл ажиллагаа явуулах зорилготойгоор байгуулсан.

          Д.Э, Д.Б нар 2010 оны 4 дүгээр сард Э.Цтэй ярилцаж Э.Ц нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх, компанийг ашигтай ажиллуулах, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлсний хөлсөнд компанийн 50 хувийн хувьцааг эзэмшихээр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу 2010 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр Д.Э, Д.Б нар компанийн 50 хувийн хувьцааг Э.Цд шилжүүлж, гүйцэтгэх захирлаар томилсон.

          Хөрөнгө оруулалт олдоогүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул үүсгэн байгуулагчид тэр ондоо хуралдаж, 2010 оны сүүлээр компанийг татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгах буюу улсын бүртгэлээс хасуулах үйл ажиллагааг Э.Ц хариуцаж гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн үед Д.Э болон Д.Б нар нь Э.Цд компанийг татан буулгахад шаардлагатай бүхий л баримт бичгийг хүлээлгэн өгч компанийг татан буулгах ажиллагааг 2010 онд хийгдсэн гэх ойлголттой явсаар өнөөдрийг хүрсэн.

          Гэтэл Д.Э, Д.Б нар 2020 оны 02 сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/5385 тоот албан бичиг, мөн дүүргийн 123 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг хүлээн авснаар С ХХК нь татан буугдаагүй болохыг мэдсэн. Мөн компани нь гуравдагч этгээдэд нийт 64, 406,161.00 ( жаран дөрвөн сая дөрвөн зуун зургаа зуун жаран нэг) төгрөгийн өр төлөх үүрэгтэй болсныг мэдсэн.

          Мэдэгдлийг хүлээн авсны дараа нөхцөл байдлыг судлаад үзтэл Э.Ц нь анх 2010 онд бид хоёртой тохиролцсоноос эсрэг үйл ажиллагаа явуулсан буюу компанийг татан буулгахын оронд бидний зөвшөөрлийг авалгүйгээр, өөрөө дур мэдэн дүрмийн санг нэмэгдүүлсэн утга бүхий дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хийж, улсын бүртгэл бүртгэсэн байна.

          УБЕГ нь С ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхдээ нэмэлт өөрчлөлтийн бусад баримт бичгүүд болох хурлын тогтоол, шийдвэргүйгээр бүртгэсэн байна. Ингэснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтан нь хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.3-т заасан бүртгэлийг хийхдээ “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэсэн заалтыг зөрчиж нотлох баримтыг хянаагүй, бүртгэж 11.5.2 дахь заалтыг зөрчиж бүртгэсэн байна.

          С ХХК-ийн дүрмийн санд өөрчлөлт оруулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд байгаа, энэ эрхийг Э.Цд олгоогүй, компанийн гүйцэтгэх захирал нь зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэн явуулах эрх бүхий бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулах эрхгүй, бүх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй эсвэл тусгайлан олгосон эрхийн дагуу улсын бүртгэлд өргөдөл гаргах эрх бүхий байгааг харгалзаагүй мөн тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1999 оны Компанийн тухай хуулийн 16, 17, 18 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн байна.

          Д.Э, Д.Б нар нь тус компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулах эрхийг гүйцэтгэх захирал болох Э.Цд олгоогүй байсан бөгөөд тийм баримт байхгүй болно.” гэжээ.

          5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “С ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрчлөлт оруулж, дүрмийн санг нэмэгдүүлсэн тухай дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн үйл ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь Д.Э, Д.Б, Э.Ц нар анх 2009 онд С ХХК-ыг цахилгаан шат импортлох, цахилгаан шат угсралтын үйл ажиллагаа явуулах зорилготойгоор байгуулсан. 2010 оны 4 дүгээр сард Д.Б, Д.Э нар Э.Цтэй ярилцаж, Э.Ц нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх, компанийг ашигтай ажиллуулах, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлсний хөлсөнд компанийн 50 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Д.Э, Д.Б нар компанийн 50 хувийн хувьцааг Э.Цд шилжүүлж, гүйцэтгэх захирлаар томилсон. Ингээд хөрөнгө оруулалт олдоогүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул хуралдаж 2010 оны сүүлээр компанийг татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгах буюу улсын бүртгэлээс хасуулах үйл ажиллагааг Э.Ц хариуцаж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ үед Э.Цд компанийг татан буулгахад шаардлагатай бүхий л баримт бичгийг хүлээлгэн өгч, компанийг татан буулгах ажиллагааг 2010 онд хийгдсэн гэх ойлголттой явсан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ахлах дэслэгч Өлзийсайханы 45385 тоот албан бичиг, мөн дүүргийн 123 дугаар тойргийн гүйцэтгэгч н.Уранцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг хүлээн авснаар С ХХК нь татан буугдаагүй болохыг мэдсэн. Мөн түүнчлэн тус албан тоотын дагуу компани нь гуравдагч этгээдэд нийт 64.406.164 төгрөгийн өр төлөх үүрэгтэй болохыг мэдсэн. Мэдэгдлийг хүлээн авсны дараа нөхцөл байдлыг судлаад үзтэл Э.Ц анх 2012 онд бид хоёртой тохиролцсоноос эсрэг үйл ажиллагаа явуулсан буюу компанийг татан буулгахын оронд бид нарын зөвшөөрлийг авалгүйгээр дүрмийн санг нэмэгдүүлсэн, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн байсан. Энэхүү өөрчлөлтийг улсын бүртгэл бүртгэсэн байна. УБЕГ нь С ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхдээ нэмэлт өөрчлөлтийн бусад баримт бичгүүд болох хурлын тогтоол, шийдвэргүйгээр бүртгэсэн байна. Ингэснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтан хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр байсан 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.3-т заасан бүртгэлийг хийхдээ 5.3-аас 5.5-д заасан бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэсэн заалтыг зөрчиж, нотлох баримтыг хянаагүй бүртгэж, 11.5.2 дахь заалтыг зөрчсөн байсан. С ХХК-ийн дүрмийн санд өөрчлөлт оруулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд байгаа. Энэхүү эрхийг Э.Цд олгоогүй байтал компанийн гүйцэтгэх захирлын хүсэлтийг үндэслэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн нь 1999 оны Компанийн тухай хуулийн 16, 17, 18 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Э.Цгийн өргөдлийн дагуу компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

          6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан тайлбартаа:

          С ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хуралдаж, хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000.00 /Нэг сая төгрөг/ байсныг 15.000.000.00 /Арван таван сая төгрөг/-өөр нэмэгдүүлж 16.000.000.00 /Арван зургаан сая төгрөг/-өөр улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хувь нийлүүлэгчдийн /хувьцаа эзэмшигчдийн/ хурлын тогтоол гаргасан байна. Уг хуралд компанийн хувьцаа эзэмшигчид 100% оролцсон байх бөгөөд 50% хувьцаа эзэмшигч Э.Ц, 25% хувьцаа эзэмшигч Д.Э, 25% хувьцаа эзэмшигч Д.Б нар нь хурлын тогтоол, дүрэмд бүгд баталгаат гарын үсгээ зурсан нь тус компанийн хувийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

          Тухайн үед тус компанийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүлээлгэн өгсөн баримт бичиг нь хуулийн дагуу, бүрдэл шаардлагыг хангасан, хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг болон компанийн тамгаар баталгаажсан байна.гэв.

          7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн үеийн хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэхэд хувийн хэрэгт авагдсан материалыг үзэхэд түрүүний хэлсэн нэлээд хэдэн материал дутуу гэж хэлж байна. УБ05 маягт, албан хүсэлт, тэмдэгтийн хураамж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэлийн хамт байсан. Нэмэлт өөрчлөлт орсон дүрэм, данс эзэмшдэг мэдэгдэх хуудас, хөрөнгө нэмж байгаа хөрөнгийн нотлох баримт, татварын тодорхойлолт байсан. Эдгээр бичиг баримтууд бүгд бүрдсэн тохиолдолд тухайн хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэх бүртгэлийг хуульд заасны дагуу хийх ёстой. Тэгэхээр манай байгууллагаас ямар нэгэн баримт дутуу асуудал байхгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол дээр гурван хувьцаа эзэмшигч гурвуулаа гарын үсэг зурсан. Энэ бүртгэлийг хийлгэхээс хэдэн сарын өмнө нэг хувьцаа эзэмшигч нэмэгдэж бүртгэгдсэн. Тэр нотариатын гэрээн дээр байгаа гарын үсэгтэй хөрөнгө нэмэх бүртгэл хийлгэх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол дээрх гарын үсгийн хэв маяг ямар ч зөрөөгүй таарч байсан. Тэгэхээр улсын бүртгэлийн зүгээс бүрдэл, шаардлагыг хангасан, ямар ч эргэлзээгүйгээр бүртгэх бүртгэл байсан. Э.Ц 2010 оны 4 дүгээр сар орчмын үед шинээр хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Түүн дээр байгаа Э.Ц, Д.Э, Д.Б нарын нотариатаар баталгаажуулсан нотариатын гэрээн дээрх гарын үсэгтэй 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол дээрх гарын үсгийн хэв маягууд энгийн хүний нүдээр харахад ямар ч зөрөөгүй, эргэлзээгүйгээр таарч байгаа юм. Улсын бүртгэлийн зүгээс дутуу бичиг баримт авсан тохиолдол яг энэ бүртгэл дээр нэг ширхэг ч байхгүй, бүгд бүрдэл, шаардлага хангасан материал байгаа юм.” гэв.

          8. Гуравдагч этгээд Э.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

          ““...Д.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй УБЕГт холбогдох захиргааны хэрэгт тус шүүхээс ямар ч шийдвэр гарсан татгалзах зүйлгүй. Компанийн дүрмийн санг анхныхаар өөрчлөхөд миний эрх ашиг хөндөгдөхгүй болно.” гэв.

          9. Гуравдагч этгээд Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Бид нар үйл ажиллагаа явуулах гээд тусгай зөвшөөрөл хөөцөлдөөд түүн дээр компанийн дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн. Д.Э, Д.Б, Э.Ц гурвуулаа гарын үсэг зурах хэрэгтэй гээд ажил хийх хугацаа гэрээтэй холбоотойгоор яаравчлуулж байсан, Д.Э нь гадагшаа явсан байсан. Улсын бүртгэлийн гадна талд байдаг материал бүрдүүлж өгдөг хүмүүс байдаг, тийм хүмүүсээр үүнийг яаж яаравчлуулах вэ гэхэд Д.Э, Д.Б хоёрын гарын үсгийг энүүгээр зохицуулаад хийгээд өгье гээд хийлгэсэн. Тэгээд материалаа өгөөд түүнийг гаргуулсан. Ерөнхийдөө бол нэг хууль бус юм хийсэн. Тэр хүмүүс нь яаж хийснийг сайн мэдэхгүй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр С ХХК-ийн /РД: 5295793/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулсан нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.Э, Д.Б нар нь С ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлсэн тухай өөрчлөлтийг бүртгэснийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

          3. Нэхэмжлэгч нараас “С ХХК-ийн дүрмийн санд өөрчлөлт оруулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд байгаа, энэ эрхийг Э.Цд олгоогүй, компанийн гүйцэтгэх захирал нь зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэн явуулах эрх бүхий бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулах эрхгүй, бүх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй эсвэл тусгайлан олгосон эрхийн дагуу улсын бүртгэлд өргөдөл гаргах эрх бүхий байгааг харгалзаагүй мөн тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1999 оны Компанийн тухай хуулийн 16, 17, 18 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн гэж,

          4. Хариуцагчаас” С ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хуралдаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргасан байна. Уг хуралд компанийн хувьцаа эзэмшигчид 100% оролцож, хурлын тогтоол, дүрэмд бүгд баталгаат гарын үсгээ зурж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүлээлгэн өгсөн баримт бичиг нь хуулийн дагуу, бүрдэл шаардлагыг хангасан, хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг болон компанийн тамгаар баталгаажсан байсан” гэж маргадаг.

5.Гуравдагч этгээд Э.Цгээс “...Д.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй УБЕГт холбогдох захиргааны хэрэгт тус шүүхээс ямар ч шийдвэр гарсан татгалзах зүйлгүй. Компанийн дүрмийн санг анхныхаар өөрчлөхөд миний эрх ашиг хөндөгдөхгүй болно.” гэж тайлбарладаг.

6.Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 6316 дугаар захирамжаар С ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол дээрх гарын үсэг Д.Э, Д.Б нарын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2998 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн архивт хадгалагдаж буй С ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол дээрх гарын үсэг Д.Э, Д.Б нарын гарын үсэг шинжилгээнд ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн уулзалтын протоколд зурсан гарын үсэгтэй тохирохгүй байна...” гэж дүгнэжээ.

7.Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 5.4.3-т “хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн; бүртгэлийг хийхдээ уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах;”, 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;” гэж заасны дагуу хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Уг бүртгэлийг хийхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт нь  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

22.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

22.1.2.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

22.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

22.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.” гэсэн шаардлагад нийцсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” үндэслэл байгаагүй тул хуульд заасан чиг үүргийн дагуу бүртгэжээ.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан байна.

   9.Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь С ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлсэн тухай өөрчлөлтийг бүртгэхдээ дээр дурдсан хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн тул маргаж буй дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх баримт бичигт тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Э, Д.Б нарын гарын үсэг үнэн зөв зурагдсан эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон тул С ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлсэн тухай өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл хийгдсэн  нөхцөл байдлыг тодруулж, зөвтгөх боломжийг хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж буй бүртгэлийн асуудлыг бүртгэлийн байгууллага шийдвэрлэх боломжтой талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

10.Иймд маргаан бүхий бүртгэл хийгдсэн нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл С ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 5.4.3, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 17.3-т Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 22 дугаар зүйлийн 22.1 заасныг баримтлан маргаан бүхий бүртгэл хийгдсэн нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл С ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шийдвэрлээгүй тохиолдолд С ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН