Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 116

 

Б.Ба-, Б.Өн- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар магадлалтай 201201060459 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12-т заасан “Бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт, 

2. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Өн- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.12-т заасан “Танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр, бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ба-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 болгож, шүүгдэгч Б.Өн-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Б.Ба-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Өн-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.Ба-д 14 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.1, 9 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өн-т 13 жил хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Б.Өн-ээс 16.846.141 төгрөг гаргуулж хохирогч Б.Эн-д олгох, шүүгдэгч Б.Ба- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Б.Ба-ын цагдан хоригдсон 1165  хоног”, “Б.Өн-ийн цагдан хоригдсон 1683 хоног” гэж, 7 дахь заалтыг “...Б.Өн-ээс нийт 13.934.256 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шүүгдэгч Б.Ба-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрч Н.Эн-ийн мэдүүлгээс үзэхэд Б.Ба- нь талийгаач Б.Га-г нас барсан гэж бодон аманд нь архи цутгасан үйлдэл нь санаатайгаар хүсч аминд нь хүрье гэсэн сэдэл, санаа зорилго харагддаггүй бөгөөд нас барсан гэж бодон хайхрамжгүй хандан хийсэн үйлдлийн улмаас болгоомжгүй бусдын амь насанд хүрсэн болох нь хэргийн үйл баримтаас харагдаж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1252 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Ба- нь хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Прокуророос Б.Өн-, Б.Ба- нарыг бүлэглэн танхайрсан гэх үйлдлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолд заасан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барин Б.Ба-ыг ганцаараа зодож хүндэвтэр гэмтэл учруулсан, улмаар онц харгис хэрцгий аргаар алсан мэтээр дүгнэсэн нь хууль бус эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Ба-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Тухайн хэрэг нь 2012 оны 05 дугаар сарын 29-нөөс 05 дугаар сарын 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд талийгаач нь 05 дугаар сарын 30-ны өдрөө нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн нас барсан шалтгаан нь уушиг руу орсон салаалсан гуурс руу метилийн спирт орж бөглөрснөөс үүдэж нас барсан болох нь тогтоогдсон. Тухайн хэрэгт анх 2013 оны 01 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Хохирогчийн 6 хавирга хугарсан бөгөөд ам руу нь архи цутгаж алсан болох нь тогтоогдсон учраас шүүх онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хөнөөсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Ба-, Б.Өн- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ба- нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас Б.Га-гийн аманд архи цутгаж тарчилган зовоож, онц харгис хэрцгийгээр санаатай алсан, шүүгдэгч Б.Өн- нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Ба-ийг “архи нэхэж дарамталлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан цээжин тус газар нь хутгалж алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх дээрх хэргүүдийг зөв зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.Ба-д 14 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.1, 9 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өн-т 13 жил хорих ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг болон хувийн байдалд тохирсон байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ба-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд Б.Ба-, Б.Өн- нарын цагдан хоригдсон хоногийг зөвтгөж, шүүгдэгч Б.Өн-ээс 13.934.256 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн тогтоосон хэргийн үйл баримтын талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянан хэлэлцэж, харьцуулан дүгнэж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч Б.Ба- нь хохирогч Б.Га-г зодож биед нь олон тооны шарх гэмтэл учруулж, улмаар дээрх гэмтлийн улмаас өвдөж, зовиурлаж байхад нь хохирогчийн аманд архи цутган, түүнийг механик бүтэлт, амьсгалын дутагдалд оруулж онц харгис хэрцгийгээр алсан, харин шүүгдэгч Б.Өн- нь энэ хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй гэж хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                  ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН