Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 270

 

Д.Чимэддагвын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.Чимэддагва, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0265 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Чимэддагвын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Чимэддагвын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 17 тоотод байрлах, 4 өрөө орон сууц, 44-ийн А,Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоолыг Д.Чимэддагвын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0265 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь" гэснийг "нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг" гэж өөрчилж, "44 А, Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоолыг" гэсэн хэсгийг хасч, "2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн упсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 19 дүгээр зүйлийн 19.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх тэнгэр хотхоны 44а байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Чимэддагвын улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах" шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай." гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай." гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж гуравдагч этгээд "Капитрон банк" ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Чимэддагва, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Иргэн Д.Чимэддагва нь 2009 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах" № 150 дугаартай, 154,080 ам.долларын гэрээг "Мфикс капитал" ХХК-тай байгуулж, төлбөрийн 30%-ийг тэр өдрөө төлөөд байр, гараашаа эзэмшиж эхэлсэн. Улмаар гэрээгээр тохирсон хугацаандаа үлдэгдэл төлбөрөө 100% төлж, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ХУД-ийн 11-р хороо 44А байрны 17 тоот 4 өрөө 128,4 квм байр,  175 дугаартай 18 квм авто зогсоолыг өмчлөх эрхтэй болсон.

2. Гэтэл Д.Чимэддагвыг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэн, гараашаа эзэмшин, байрандаа амьдарч байх хугацаанд "Мфикс капитал" ХХК нь өөрийн нэр дээр 2010 оны 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд 90%-ийн гүйцэтгэлтэй хэмээн Д.Чимэддагвын амьдарч байгаа 44А байрны 17 тоот 4 өрөө байр, 175 тоот гараашийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206013624, Ү-2206014142  дугаартай  гэрчилгээнүүдийг хууль зөрчин гаргуулан авч, хууль зөрчин 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон” банкинд № Т07/141 гэрээгээр барьцаалсан байна.

3. Д.Чимэддагва нь орон сууц болон гарааш өмчлөх хууль ёсны эрхээ хамгаалан шүүхэд хандсанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн № 102/ШШ2016/00776 дугаартай шийдвэрээр "өмчлөх эрхээ" тогтоолгосон.

4. Ингээд хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гаргаад 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдөр "татгалзсан" хариу авсан.

5. Ийнхүү иргэн Д.Чимэддагва шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №84 дугаартай шийдвэрээр “ХУД-ийн 11-р хороо 44А байрны 17 тоотод байрлах 4 өрөө орон сууц, 175 тоот гараашийг Д.Чимэддагвын  нэр дээр улсын  бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан”.

6. Гэтэл “Капитрон” банкны гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр № 221/МА2017/0265 дугаартай магадлалаар "44А байрны дор орших 175 тоот гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Чимэддагвын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах" шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Улаанбаатар хотод худалдан авагчгүй маш олон хоосон орон сууц байна. Орон сууц борлогдохгүйн улмаас барьсан компаниуд нь орон сууц барих зориулалтаар авсан зээлээ төлж чадахгүй болсон. Зээл хугацаандаа төлөгдөхгүйн улмаас банкууд найдваргүй авлага ихтэй болж, эх үүсвэргүйн улмаас санхүүгийн хямралд ороод байна. Иргэд орлогогүй тул өндөр үнэтэй, том талбайтай орон сууц бүү хэл, бага талбайтай орон сууцны урьдчилгаа өгч чадахгүй, ипотекийн зээл ч авч чадахгүй байна.

Гэтэл гадаадын "Жайка" төсөлд ажиллаж, гаднаас доллараар авсан цалингаа Монголын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулж, өөрөөр хэлбэл, дотоодын компани болох "Мфикс капитал" ХХК-ийн барьсан орон сууцыг иргэн Д.Чимэддагва 100% төлбөрөө төлөн 154,080 ам.доллараар худалдан авч, түүнээс авсан мөнгөөр "Мфикс капитал" ХХК нь "Капитал" болон "Улаанбаатар хотын банк"-наас авсан зээлээ төлсөн байхад яагаад иргэн Д.Чимэддагвын буруу болж өмчлөх эрх, төлсөн мөнгөөрөө хохирч байдаг юм бэ?, иймд та бүхэн бидний гомдлын хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Чимэддагваас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны 17 тоотод байрлах, 4 өрөө орон сууц болон 44а байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг гаргасан байна.

Д.Чимэддагва нь 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай орон сууц болон автомашины зогсоолыг худалдан авахаар “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ”-г байгуулжээ.

Гэвч нэхэмжлэгчийн байгуулсан гэрээнээс өмнө “Мфикс капитал” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд улмаар барьцаа хөрөнгөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд талд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок, 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтэц, 205 автомашины гараж болон бусад хөрөнгө багатжээ.

Дараа нь гэрээний талууд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дээрх 2007 оны  Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулахдаа барьцаа хөрөнгөд 44А, Б, В, Г байрны автомашины зогсоолыг барьцаалсан байх бөгөөд түүнд нэхэмжлэгчийн “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоол орсон байна.

Харин нэхэмжлэгчээс өмчлөгчөөр бүртгэхийг шаардаж буй “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны 17 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан Зээлийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгөд барьцаалжээ.

Дээрхээс дүгнэвэл, автомашины зогсоолын хувьд “Мфикс капитал” ХХК нь дуусаагүй барилгын өмчлөгч байх үедээ буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө Капитрон банкны барьцаанд тавьсан бол, харин орон сууцны хувьд тэрээр нэхэмжлэгчид худалдсаныхаа дараа “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн барьцаанд тавьжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглох, эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байхаар заасан.

Иймээс автомашины зогсоолын хувьд хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “өмчлөх эрх нь үндсэн эрх, барьцааны эрх дагалдах эрх байдаг, шүүхийн шийдвэрээр өмчлөгч болсон” гэх гомдол үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заалтад 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрчлөлт орж, барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрлөөр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй гэсэн хязгаарлалтыг өөрчилж, зөвшөөрөл авахгүйгээр шилжүүлж болохоор зохицуулалт хийгдсэн” гэх гомдлын тухайд:

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авахаар зохицуулсан ба уг заалт нь энэхүү маргаанд шууд хэрэглэгдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, “Мфикс капитал” ХХК-ийн барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй үйлдэл захиргааны хэргийн шүүхэд шууд хамааралгүй, иргэний хэргийн шүүх шийдвэрлэх үйл баримт байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй, энэ хүрээнд улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үйлдэл хууль ёсны эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.

Маргааны үйл баримтыг зохицуулсан, улсын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг зохицуулсан нарийвчилсан хууль нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль байх бөгөөд эдгээр хуульд “барьцаалагчийн зөвшөөрөл” авахаар тусгайлан заасан, уг хуулийг хэрэглэж, бүртгэл хийхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0265 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ