Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0728

 

“Хурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Болор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Хурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоол илт хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ““Хурай” ХХК нь “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан юм.

Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтууд, талуудын тайлбар зэргийг хуульд заасны дагуу эргэлзээгүй, ач холбогдолтой байх талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай "Санал уламжлах тухай" тогтоол илт хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын "Хурай" ХХК-ийн байгаль орчныг хамгаалах 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Манай компани нь Орхонтуул сумын нутаг дэвсгэрт 16 жилийн туршид үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг хугацаанд орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллаж, хэн алийгаа хүндэтгэж, бидний зүгээс 100 гаруй сая төгрөгийн хандивыг орон нутгийн хөгжил, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олгосон байдаг.

Бид олон жилийн хайгуулын ажлын үр дүнд алтны үндсэн ордын боломжит нөөцийг 900 гаруй кг-аар тогтоож, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлж, баталгаажуулсан цаг үеэс эхлэн орон нутгийн удирдлагууд элдэв дарамт шахалт үзүүлж, бидний ашиглалтын лиценз бүхий талбайд хувиараа алт олборлогчид болох /нинжа/ нарыг оруулна хэмээн нөхөрлөл гэгчийг өөрсдийн ойрын хүрээллийн хүмүүсийн хэмжээнд байгуулж, элдэв зөрчил, дутагдал гэх үндэслэл муутай баримт нотолгоогүй үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авч эхэлсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ" гэж заасан байх тул бид үүргээ биелүүлж, 2014 оны 10 дугаар сард сумын Засаг даргыг Улаанбаатар хотод ирэхэд нь төлөвлөгөөгөө батлуулахаар өгсөн боловч хариу өгөхгүй сар шахуу хугацаа өнгөрсөн.

Төлөвлөгөө батлагдахгүй удаад байхаар нь бид албан бичиг явуулмагц Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаа хэтрүүлсэн. Мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлаагүй юм.

Сумын Засаг дарга захиргааны байгууллагын албан тушаалтан болохынхоо хувьд аж ахуй нэгжийн өгсөн хүсэлтэд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ" гэж заасны дагуу 10 хоногийн хугацаанд хариу хүргүүлээгүй, хууль зөрчсөн үйлдлээс нь болж дээрх нөхцөл байдал үүсээд байна.

Түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас бид олон жил хайгуул хийсэн дээрх талбайнуудыг алдаж, ихээхэн хэмжээний санхүү, хөрөнгө мөнгөний хохирол амсах нөхцөл байдалд орлоо.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөлийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн Засаг даргын явуулсан албан тоот болон түүний тайлбар дээр үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосныг хангаж, даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одбаатар нь “Хурай” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолыг илт хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж дүгнээд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0430 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараахь үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй” гээд 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэж тус тус заажээ.

Гэтэл уг захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар хэргийг дахин хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, даргалагч шүүгчээр Ерөнхий шүүгч Л.Одбаатар, шүүгч Ц.Байгальмаа, шүүгч Ж.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй  2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд шийдвэр гаргажээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн Ерөнхий шүүгч Л.Одбаатар уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн явдал бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан үндэслэл болж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгч хэргийг хэлэлцэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР