| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/01243/И |
| Дугаар | 183/ШШ2019/02700 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2019/02700
| 2019 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2019/02700 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц-д холбогдох,
Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О- нь Г-оос 183.000.000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох нь нотариатчийн эрхлэх үйлдлийн нэг төрөл бөгөөд өвлөх эрхийн баталгаажуулах үндэс болдог. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 зүйлд заасан баримтуудыг бүрдүүлэх ёстой гэтэл дээрх баримтыг бүрдүүлэлгүй гэрчилгээ олгосон. Мөн хууль буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргана гэсэн харъяаллыг зөрчжээ. Иймд С.О-д олгосон 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ... тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь Г-оос 183 сая төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барагч С-ийн хууль ёсны өв залгамжлагч төрсөн охин С.О-д өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үйл ажиллагаандаа удирдлага болгон Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан ердийн журмаар өв хүлээн авах нийтлэг журмыг баримтлан нас барагч С-ын өвөөр үлдээсэн эд хөрөнгө болон эрхүүдийг түүний хууль ёсны өвлөгч төрсөн охин С.О-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхийг өв залгамжлалаар шилжүүлэх өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Нас барагч С 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барж, Иргэний хуулийн 518 зүйлд зааснаар өв нээгдсэн болно. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 0000112181 тоот нас барсан гэрчилгээгээр Иргэний хуулийн 519 зүйлд зааснаар Х дүүрэг нас барагч иргэн С-ын өв нээгдсэн газраар тогтоогдсон. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар нас барагч С-ын өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгө, эрхүүд түүний хуулиар тогтоож өгсөн хууль ёсны өвлөгчид өвлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Нас барагч иргэн С-ын хууль ёсны өв залгамжлагч төрсөн охин С.О Иргэний хуулийн 528 зүйлд заасан хуулийн хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барагчийн өвийг хүлээн авах тухай хүсэлтээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан үндэслэл, журам, хэлбэрийн зохицуулалтыг ханган гаргаж, уг хүсэлтээ Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг. С-ыг нас барсаны дараа 19 дэх хоног дээр нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барагчийн хууль ёсны өвлөгч төрсөн охин С.О, зээлдэгч Г нар өөрсдийн өмгөөлөгч ....... нарыг биечлэн байлцуулж, нэхэмжлэлд хавсрагсан зээлийн 3 гэрээний үүргийн биелэлтийг нэг бүрчлэн дүгнэх явцад зээлдэгчээс 3 зээлийн гэрээгээр нас барагчаас зээлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлж барагдуулах үүргээ хүлээн зөвшөөрч гэрчүүдийн дэргэд нас барагчийн төрсөн охин хууль ёсны өв залгамжлагч С.О-тай тооцоо нийлсэн акт үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд нотариатч Ц миний хуульд заасан үндэслэлийн дагуу ердийн журмаар нас барагчийн хууль ёсны өвлөгчид олгосон өвлөх эрхийн ... тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нас барагч С-ын хууль ёсны өвлөгч биш иргэн Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн ээж П.Н болон төрсөн аав С нарын дундаас төрсөн. Миний аав 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан. Аав маань сэрүүн тунгалаг байхдаа 2012 онд Г-т их хэмжээний мөнгийг зээлдүүлсэн байсан ба ааваасаа хойш миний ээж бид хоёр Г-оос жил гаруйн хугацаанд ааваас минь авсан мөнгөө эргүүлж өгөхийг шаардсан ч өгөхгүй нь тодорхой болмогц би аавынхаа төрсөн охины хувиар өөрт олгогдсон эрх, үүргийнхээ дагуу холбогдох хууль, журмын дагуу Г-оос авах авлагын өв залгамжлалаа тогтоолгож мөнгөө шүүхээр нэхэмжилсэн. Улмаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ......... дугаар шийдвэрээр Г-оос 271 сая төгрөгийг гаргуулж С.О надад олгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа ба төлбөр төлөгч Г нь ямар ч төлбөр төлөөгүй, төлбөрийг төлөхгүй арга саам хийж, удаа дараа шүүхэд хэрэг үүсгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зориудаар явуулахгүй гацааж саад учруулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний талийгаач нөхрийн өвийн асуудлаар аливаа нэгэн газарт нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах эрхгүй этгээд удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Г-ийн нэхэмжлэлтэй, Ц-д холбогдох, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ... тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь Г-оос 183.000.000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д зааснаар Х дүүргийн тойргийн нотариатч Ц нь “Х дүүргийн харьяат С нь 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлийг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн охин болох Х дүүргийн харьяат С.О-д өвлүүлэгчийн өмчлөлд байсан Г-тай 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхэд нэхэмжлэгчээр оролцох өвлөх эрхийн гэрчилгээ олгов. Өвлөгч С.О” гэсэн, өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад “...2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх эрх, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 142.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх эрх, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх эрх. Нас барагчийн эхнэр П.Н өвөөс татгалзаж, нас барагчийн төрсөн охин С.О-д өвийг шилжүүлэхийг зөвшөөрөв” гэсэн Өвлөх эрхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар гэрчилгээг олгожээ.
Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 519 дүгээр зүйлийн 519.1-д заасан журмын дагуу Өвлөх эрхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар гэрчилгээг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул “2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох” тухай Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Мөн нэхэмжлэгчийн “...2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ... тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь Г-оос 183.000.000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Учир нь Өвлөх эрхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар гэрчилгээгээр “Х дүүргийн харьяат С нь 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлийг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн охин болох Х дүүргийн харьяат С.О-д өвлүүлэгчийн өмчлөлд байсан Г-тай 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхэд нэхэмжлэгчээр оролцох өвлэх эрхийн гэрчилгээ олгов. Өвлөгч С.О” гэсэн байх бөгөөд уг өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад “...2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх эрх, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 142.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх эрх, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх эрх. Нас барагчийн эхнэр П.Н өвөөс татгалзаж, нас барагчийн төрсөн охин С.О-д өвийг шилжүүлэхийг зөвшөөрөв” гэсэн байх тул “...2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ... тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь Г-оос 183.000.000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоох” боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр Ц-д холбогдох, “өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь Г-оос 183.000.000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоолгох” тухай Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Г-ийн нэхэмжлэлтэй, Ц-д холбогдох, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь Г-оос 183.000.000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД