| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/139 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/139
2022/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цын Бд холбогдох эрүүгийн 2312000000042 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн нягтлан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цын Б/РД:АМ............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 25-09 тоотоос хохирогч Г.Бийн Самсунг А-13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000042 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Г.Бийн өгсөн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас аймгийн төв рүү орж ирээд Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 25-09 тоотод байх П.Х гэдэг айлд очсон. Тэгээд тэднийд байхдаа өдөр 16 цагийн үед би өөрийнхөө гар утсыг цэнэглэж үлдээгээд гадаа бие засаж байгаад ороод ирсэн чинь миний гар утас, цэнэглэгчтэйгээ хамт алга болсон байсан. Би тухайн үед гайхаад байсан айлынхаа эгч П.Хаас асуусан чинь Ц.Б гэдэг хүн гаднаас согтуу орж ирээд гарсан аягүй бол тэр аваад явсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед хөдөө ажилтай байсан болохоор яараад явчихсан. Тэгсэн чинь дараа нь хэд хоногийн дараа Ц.Б гэдэг хүний ээж нь Х эгчид миний гар утсыг цэнэглэгчтэй нь хамт оруулж ирж өгсөн байсан. Өгөхдөө танайд ирсэн охины гар утсыг Ц.Б авчихсан явж байна энийг өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгсэн чинь удалгүй Ц.Б буцаж Х эгч дээр орж ирээд миний гар утас, цэнэглэгч хоёрыг дахин нууцаар аваад яваад өгсөн байсан. Одоо тэгээд Ц.Бтэй өөртэй нь 99790515 дугаарын утсаар холбогдохоор ‘Би гар утсыг чинь согтуу явж байгаад тухайн үед Х эгчийн гэрээс нууцаар авчихсан юм, ломбардад тавьчихсан байгаа, тэгж байгаад аваад өгье” гэж хэлээд одоог болтол авч өгөхгүй зугтаагаад байгаа. Би гадуураа ягаан өнгийн гэртэй, саарал өнгийн, самсунг А-13 маркийн гар утсаа хулгайд алсдан. Би хулгайд алдсан гар утсаа 2022 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос 1.100.000 төгрөгийн лизингийн зээлээр худалдаж авч байсан шинж гар утас байгаа юм. Би тэр хүнийг огт танихгүй. Гар утас алддаг айлын эзэн Х гэдэг эгч сайн таньдаг юм байна лээ. Би хулгайд алдсан гар утсаа одоогийн зах зээлийнх нь үнээр үнэлнэ. Х гэдэг эгч 5 настай хүүхдийн хамт байсан өөр хүн байгаагүй. Би тэр хүнийг огт танихгүй. Тийм асуудал байхгүй. Намайг гар утсаа Х эгчийн гэрт цэнэглэж үлдээгээд бие засчхаад буцаад ороод ирэх хооронд Х эгчийг гэртээ унтаж байхад нь тэр Ц.Б гэдэг хүн миний гар утсыг нууцаар цэнэглэгчтэй нь хамт хулгайлаад аваад явсан байсан. Би гомдолтой байна, өөрийн хулгайд алдсан гар утсаа олж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч Ж.Сын өгсөн:
“...Манай эхнэр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд байх хөдөө гэрээсээ аймгийн төв орохоор явсан юм. Тэгээд тэр орой 22 цагийн үед манай эхнэр гэртээ буцаж ирсэн. Ирэхдээ өөрийнхөө гар утсыг хулгайд алдчихсан ирсэн. Тухайн үед би юу олсон талаар асуухад Х гэдэг айлд байх үед нь гар утсыг нь гаднаас орж ирсэн Ц.Б гэдэг хүн хулгайлаад аваад явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь би тэр Б гэдэг хүний утасны дугаарыг нь олоод 99790515 дугаарын утас руу нь залгасан чинь огт утсаа авахгүй байсан. Тэгээд нэг сүүлд холбоо бариад ярьсан чинь “манай эхнэрийн утсыг авсан нь үнэн, би танай эхнэрийн гар утсыг ломбардад тавьчихсан байгаа, удахгүй аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд одоог болтол тэр хүн олдоогүй байгаа. Би гадуураа ягаан өнгийн гэртэй, саарал өнгийн, самсунг А-13 маркийн гар утсаа хулгайд алсдан...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/
*Гэрч П.Хын өгсөн:
“...Манай дүүгийн эхнэр Г.Б 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас манай гэрт ирсэн юм. Тэгээд тэр өдөр Г.Б манай гэрт утсаа цэнэглэж үлдээчхээд түр гадагшаа гарсан хойгуур нь манай хажуу хашааны Сэрсмаа гэдэг эгчийн хүү Ц.Б гэдэг залуу орж ирсэн. Тэгээд Ц.Б орж ирээд Г.Бийн цэнэглэж үлдээсэн гар утсанд өөрийнхөө сэмийг хийж үзээд байж байсан. Тэгээд би тухайн үед нэг их бодолгүй байж байсан чинь Ц.Б удалгүй гараад явсан Тэгэхээр нь би Ц.Бг бие засах гэж байгаа юм байх гэж бодсон чинь буцаж орж ирээгүй. Тэгээр нь би Ц.Бгийн ээжийнх нь гэр лүү ороод Ц.Б манай гэрт цэнэглэж байсан хүний гар утсыг аваад явсан байна гээд хэлсэн чинь ээж нь түрүүхэн Ц.Б гаднаас орж ирээд гар утасны цэнэглэгч, виза карт хоёр үлдээгээд гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Бгийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би тухайн үед Г.Бийг ирэхээр нь чиний утсыг Ц.Б аваад явсан юм шиг байна дугаар нь холбогдохгүй байна гэж хэлээд гар утасны цэнэглэгч, виза картыг нь өөрт нь өгсөн. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын дундуур Ц.Бг ээжийнхээ гэрт Г.Бийн гар утсыг аваад өөрөө ирчихсэн байна гэхээр нь би ороод Ц.Бгээс гар утсыг нь авсан. Тухайн үед Ц.Бгээс Г.Бийн гар утсыг нь яах гэж авсан талаар асуухад мөнгөний хэрэг гараад ломбардад барьцаанд тавьчихсан байж байгаад саяхан авлаа гэж хэлсэн. Манай гэрт Г.Бийн цэнэглээд үлдээсэн цайвар ягаан өнгийн гэртэй, самсунг маркийн, том дэлгэцтэй утас аваад гарсан. Манай бэр Г.Бийн эзэмшлийн гар утас байсан. Надаас зөвшөөрөл аваагүй Ц.Б манай гэрт орж ирээд Г.Бийн гар утсыг үзээд байж байсан, тэгсэн чинь нэг мэдсэн чинь гар утсыг нь аваад гараад явчихсан байсан. Би гар утсыг нь авч явсныг нь Ц.Бг явсны дараа сүүлд нь мэдсэн. Тэгсэн ч тэр гар утас миний гар утас биш байсан. Би Ц.Бтэй ямар нэгэн харилцаа байхгүй. Ээжийг нь л таньдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч Т.Хгийн өгсөн:
“...Манай нөхөр 2022 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жилийн өмнөхөн гэртээ байхдаа надад “Би согтуу байхдаа Х эгчийн гэрт байсан хүний гар утсыг аваад ломбардад барьцаанд тавьчихсан байна" гэж хэлсэн. Тухайн үед би ямар учиртай гар утас талаар нь асуухад Х эгчийн гэрт байсан хүний гар утас байгаа юм гэж хэлсэн. Сүүлд нь манай нөхөр Ц.Б 2023 оны 01 дүгээр сарын 17, 18-ны үед Улаанбаатар хотоос ирээд би ломбардад тавьсан гар утсыг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хороололд байрлах Баялаг нэртэй ломбардаас 150.000 төгрөгөөр барьцаанаас нь гаргаж авсан. Тэгээд маргааш нь манай нөхөр Ц.Б өөрөө ээжийн гэрт байх үед нь Х гэдэг эгч орж ирээд нөгөө гар утсыг нь аваад явсан гэсэн. Би өөр зүйл мэдэхгүй. Намайг ломбардаас нөхөр Ц.Бгийн барьцаанд тавьсан гар утсыг авахад уг гар утас нь гадуураа цайвар ягаан өнгийн гэртэй, хар хөх өнгийн, самсунг маркийн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Тухайн үед согтуу явж байгаад Х эгчийн гэрээс хүний утас зөвшөөрөлгүй аваад ломбардад тавьж мөнгө болгох зорилгоор уг гар утсыг авсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/
*Яллагдагч Ц.Бгийн өгсөн:
“...Би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай:
“...Самсунг галакси А-13 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2022 оны 2 сарын байдлаар 500.000/таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 13 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 25-09 тоотоос Г.Бийн эзэмшлийн Самсунг А-13 маркийн гар утас хулгайд алдагдаж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Бийн”...16 цагийн үед би өөрийнхөө гар утсыг цэнэглэж үлдээгээд гадаа бие засаж байгаад ороод ирсэн чинь миний гар утас, цэнэглэгчтэйгээ хамт алга болсон байсан. Би тухайн үед гайхаад байсан айлынхаа эгч П.Хаас асуусан чинь Ц.Б гэдэг хүн гаднаас согтуу орж ирээд гарсан аягүй бол тэр аваад явсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед хөдөө ажилтай байсан болохоор яараад явчихсан. Тэгсэн чинь дараа нь хэд хоногийн дараа Ц.Б гэдэг хүний ээж нь Х эгчид миний гар утсыг цэнэглэгчтэй нь хамт оруулж ирж өгсөн байсан. Өгөхдөө танайд ирсэн охины гар утсыг Ц.Б авчихсан явж байна энийг өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгсэн чинь удалгүй Ц.Б буцаж Х эгч дээр орж ирээд миний гар утас, цэнэглэгч хоёрыг дахин нууцаар аваад яваад өгсөн байсан. Одоо тэгээд Ц.Бтэй өөртэй нь 99790515 дугаарын утсаар холбогдохоор ‘Би гар утсыг чинь согтуу явж байгаад тухайн үед Х эгчийн гэрээс нууцаар авчихсан юм, ломбардад тавьчихсан байгаа, тэгж байгаад аваад өгье” гэж хэлээд одоог болтол авч өгөхгүй зугтаагаад байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Сын”...Тухайн үед би юу олсон талаар асуухад Х гэдэг айлд байх үед нь гар утсыг нь гаднаас орж ирсэн Ц.Б гэдэг хүн хулгайлаад аваад явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь би тэр Б гэдэг хүний утасны дугаарыг нь олоод 99790515 дугаарын утас руу нь залгасан чинь огт утсаа авахгүй байсан. Тэгээд нэг сүүлд холбоо бариад ярьсан чинь “манай эхнэрийн утсыг авсан нь үнэн, би танай эхнэрийн гар утсыг ломбардад тавьчихсан байгаа, удахгүй аваад өгье” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Хын”...Ц.Б орж ирээд Г.Бийн цэнэглэж үлдээсэн гар утсанд өөрийнхөө сэмийг хийж үзээд байж байсан. Тэгээд би тухайн үед нэг их бодолгүй байж байсан чинь Ц.Б удалгүй гараад явсан Тэгэхээр нь би Ц.Бг бие засах гэж байгаа юм байх гэж бодсон чинь буцаж орж ирээгүй. Тэгээр нь би Ц.Бгийн ээжийнх нь гэр лүү ороод Ц.Б манай гэрт цэнэглэж байсан хүний гар утсыг аваад явсан байна гээд хэлсэн чинь ээж нь түрүүхэн Ц.Б гаднаас орж ирээд гар утасны цэнэглэгч, виза карт хоёр үлдээгээд гараад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Хгийн”...Манай нөхөр 2022 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жилийн өмнөхөн гэртээ байхдаа надад “Би согтуу байхдаа Х эгчийн гэрт байсан хүний гар утсыг аваад ломбардад барьцаанд тавьчихсан байна" гэж хэлсэн. Тухайн үед би ямар учиртай гар утас талаар нь асуухад Х эгчийн гэрт байсан хүний гар утас байгаа юм гэж хэлсэн. Сүүлд нь манай нөхөр Ц.Б 2023 оны 01 дүгээр сарын 17, 18-ны үед Улаанбаатар хотоос ирээд би ломбардад тавьсан гар утсыг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хороололд байрлах Баялаг нэртэй ломбардаас 150.000 төгрөгөөр барьцаанаас нь гаргаж авсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Бгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна, шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж байсан, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бт 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба гар утсыг шүүгдэгч буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Ц.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Бд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсэн эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР