| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/03751/И |
| Дугаар | 102/ШШ2019/03305 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2019/03305
| 2019 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2019/03305 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух А овогт Ш-ын Ц /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, АОС 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Х онход овогт Б-ийн Г /РД: 00000000/-д холбогдох
Сургалтын төлбөр, дүрэмт хувцас, хоолны мөнгө 5,893,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.И, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ц миний бие Б.Г-тай 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин Г.У төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Б.Г нь өөрийн охин Г.У-ыг харж хамгаалах, асран тэтгэх үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00199 дүгээр шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, сургалт дугуйлангийн төлбөрийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Охин Г.У-ыг өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2019-2020 оны сургалтын төлбөрт 5,000,000 төгрөг, сургуулийн дүрэмт хувцасны мөнгө 150,700 төгрөг, хоолны төлбөр 742,500 төгрөг, нийт 5,893,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 онд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж барагдуулж байгаа. Хүүхдийн сургалтын төлбөрийг эцэг, эх адил тэнцүү хувааж төлөх ёстой. Миний хувьд тал хувийг нь буюу 2,946,600 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас сургалтын төлбөр, дүрэмт хувцас, хоолны мөнгө 5,893,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 50 хувийг хүлээн зөвшөөрч, үлдэх 50 хувийг нь төлөхөөс татгалзсан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00199 дүгээр шийдвэрээр охин Г.У-ыг насанд хүртэл эх Ш.Ц-ийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоож, эцэг Б.Г-аас тэтгэлэг гаргуулж, хүүхдийн сургалтын төлбөрт 4,500,000 төгрөг нэхэмжилсний 50 хувь болох 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, охин Г.Удвалын эцгийн нэрийг солиулах тухай Ш.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Хариуцагч нь хүүхдийг суурь боловсрол эзэмшүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага 5,893,200 төгрөгийн 50 хувь болох 2,946,600 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Охин Г.У нь 2019-2020 оны хичээлийн жилд Гурван тамир бүрэн дунд сургуулийн 3 дугаар ангид суралцаж байгаа ба сургалтын төлбөр, дүрэмт хувцас, хоолны мөнгө нийт 5,893,200 төгрөг нэхэмжилсэн баримтыг шүүхэд нэхэмжлэгч гаргаж өгсөн, нэхэмжлэгч нь уг төлбөрөөс сургалтын төлбөрт 2,500,000 төгрөг, хоолны төлбөрт 400,000 төгрөг, дүрэмт хувцасны мөнгө 150,700 төгрөг, дасгалын дэвтэрийн үнэ 75,000 төгрөг, нийт 3,125,700 төгрөгийг төлсөн гэх ба үүнийг хариуцагч зөвшөөрсөн, маргахгүй гэх тайлбарыг өгсөн.
Нэхэмжлэгч дээрх төлбөрүүдийг асрамжиндаа байгаа хүүхдээ ерөнхий боловсрол олгоход зориулж төлсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эцэг, эх хүүхдэдээ ерөнхий боловсрол олгох үүргийг адил тэнцүү хэмжээгээр хариуцах тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийн сургалтын 5,000,000 төгрөг, сургуулийн дүрэмт хувцасны мөнгө 150,700 төгрөг, хоолны төлбөр 742,500 төгрөг, нийт 5,893,200 төгрөгийн 50 хувийг хүүхдийн эцэгт хариуцуулуулахаар хүүхдээ асрамжилж буй эх болох нэхэмжлэгч Ш.Ц шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлээс Г.У-ын 2019-2020 оны сургалтын төлбөр, дүрэмт хувцас, хоолны мөнгө 5,893,200 төгрөг нэхэмжилсний 50 хувь болох 2,946,600 төгрөгийг шаардсан хэсгийг хангаж, үлдэх хэсгийг буюу 2,946,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Г-аас 2,946,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2,946,600 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,000 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас 62,906 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгосугай.
3.Зохигч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР