| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0111/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/141 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Н
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн, В.Удвал
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гын Бад холбогдох эрүүгийн 2312000140075 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир .................. тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Гын Б/РД:УИ..................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Таван Тээг гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сузуки Свифт маркийн 77-84 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, замын хажуу руу унаж уг автомашинд зорчигч явсан Н.Жгийн амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Нийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Манай хүү оюутан байсан. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сургууль нь амраад гэртээ ирсэн. Гэртээ ирээд нэг хоноод маргааш орой найзууд нь дуудаад гараад явсан. 12 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед над руу эмнэлгээс танай хүү осолд орлоо гэж ярьсан. Тэгээд ухаангүй нэлээн байж байж аймгийн төвд сэхээн амьдруулахад хэвтээд эмч нар нь тархины хүнд гэмтэлтэй байна. Эмчилгээгүй гэж надад хатуухан хэлсэн. 42 хоног хүү ухаангүй байж байж байгаад 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Манай хүүхэд эм тариа эмчилгээ зөндөө хийлгэсэн. Г.Б нь манай хүүхдийг аваарт орсон байхад нь цуг байж эм тариа эмнэлэгт хэвтэхэд нь эм тариа авахад нь туслалцаа үзүүлсэн. Г.Бад би гомдохгүй байгаа. Гэхдээ миний хүү нэлээн хүнд гэмтсэн. Хотод 5 хоног хэвтсэн. Гэртээ ирээд ухаангүй байсан ямар ч ухаан орохгүй нүд нь бүлтгэнээд ам нь ангалзаад үнэхээр хэцүү байсан. Би өрөө хүүгээ харж хандаж хажуугаас нь холдоогүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312000140075 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нийн өгсөн:
“...Миний хүү Н.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутагт зам тээврийн ослын улмаас биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн, эмчилгээ хийлгэж байгаад гэмтлээ даагаагүй улмаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Талийгаач хүү Н.Ж нь осолд орсон өдрөөс хойш 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Архангай аймгийн эрчимт эмчилгээний тасагт тасралтгүй эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгийн зүгээс эмчилгээ маш сайн хийсэн боловч гэмтэл нь хүнд байсан учраас гэмтлээ даагаагүй, сүүлдээ эмнэлгээс найдваргүй гээд сүүлийн хэд хоног гэртээ гараад гэрээрээ асаргаа, сувилгаа хийж байгаад нас барсан юм. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг гэртээ байхад нь найз дуудаад айлд очоод ирье гээд гэрээсээ 20 цагийн үед гарсан юм. Тэгсэн удалгүй 2-3 цагийн дараа осолд орсон талаар эмнэлгээс залгасан. Тэгээд осол болсон газар нь очиход уг газар нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн асфальтан замын хажуу руу эсрэг урсгал сөрөөд орчихсон, сууж явсан машин нь нэлээн эвдрэл гэмтэлтэй байсан. Замын хажуу руу машин нь унасан байсан. Талийгаач хүү маань ухаангүй шахуу байж байгаад л нас барсан. Нэг хэсэг нүдээ нээсэн хэрнээ орчноо мэдрэхгүй байсан. Тухайн осол болох үед найзуудтай хамт 4-лээ явж байсан бөгөөд жолоог нь Г.Б бариад, талийгаач хүү жолоочийн ард сууж явсан гэж Г.Б өөрөө хэлж байсан. Хамт зорчиж явсан залуусын биеийн байдал гайгүй, хамгийн хүнд нь манай хүүхэд байсан юм. Тухайн осолд орсон машин нь Г.Бын машин байсан. Марк, дугаарыг нь мэдэхгүй байна. Б.Б нь өөрийнхөө боломж бололцоогоор миний хүүгийн эмчилгээний зардалд их тус дэм болсон хэдий ч хүү минь гэмтлээ даалгүй нас барсан. Талийгаач хүү Н.Ж нь 2001 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын төвд төрсөн, бага насаа гэртээ өнгөрүүлсэн, 2018 онд 12 дугаар анги төгсөөд, Улаанбаатар хотод ШУТИС-д механик инженер мэргэжлээр суралцаж байсан төгсөх курсийн оюутан байсан юм. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, спортлог, авьяаслаг, сургуульдаа нэр, төртэй, сурлага сайтай хүүхэд байсан юм. 10 жилд олон тэмцээн уралдаан орж, их медаль авч байсан юм. Эхнэр, хүүхэдгүй байсан юм. Надад одоогоор гаргаж өгөх баримт материал байхгүй байна. Дараа гаргаж өгье. Би сайхан үрээ ослын улмаас алдсандаа гомдолтой байна, миний хүү 2023 оны хавар сургуулиа төгсөх байсан. Нэр төртэй, спортлог хүү байсан. Үнэхээр их харамсаж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 123-125 дугаар тал/
*Гэрч Г.Оийн өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг Баян-Улаан гэх газарт Г.Т буюу Төгсөө ахтай хамт байхад Төгсөө ахын найз Г.Б Төгсөө ах руу утсаар яриад байсан, энэ үед орой болсон байсан учир би хонио хашиж байсан. Тэгсэн Төгсөө ах сумын төвөөс манай хоёр найз ирэх гэж байна гэж хэлсэн. Төгсөө ах болон манай аав, ээжүүд Улаанбаатар хот руу явсан байсан учир бид хоёр манайд хамт хоол унд идэж, хамт хонож байсан. Тэгээд Төгсөө ах гэрээсээ бүхэл адууны мах оруулж ирж манай гэрт гал дээр хийгээд буцалгаад байж байхад Төгсөө ахын найз болох Г.Б, Н.Ж гэх хоёр ах цагаан өнгийн жижиг суудлын машинтай хоёулаа ирсэн. Манайд ирэхдээ Б ах жолоо барьчихсан бүрэнхий болж байхад ирсэн. Машины марк, дугаарыг нь мэдэхгүй байна. жижиг, пөмбөгөр цагаан машин байсан. Манайд ирэхдээ Г.Б ах архи уучихсан согтуудуу байсан, Н.Ж ах лаазтай пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд чанасан махаа гаргаж, идэцгээсэн. Тэгсэн Г.Б ах Хараа нэртэй архи гаргаж ирээд Г.Б, Н.Ж, Төгсөө ах 3 хувааж ууж дуусгасан. Надад хоёр гурав хийж өгөхөөр нь би уусан. Тэгсэн Г.Б ах галын түлээгүй болчихлоо бургас хийх хэрэгтэй байна цахилгаан хөрөө чинь байгаа юу гэж асуухаар нь хөрөө ч байгаа, бензин байхгүй гэсэн чинь сумын төв ороод бензин авахаар болоод Г.Б ах унаж ирсэн машинаа жолоодоод, хажууд нь Төгсөө ах суугаад, арын суудалд Н.Ж ах бид 2 суугаад сумын төв рүү хөдөлсөн. Тэгээд шороон замаас асфальтан зам руу нийлээд явж байхад Г.Б ах хойшоогоо хараад Н.Ж ахтай юм яриад яваад байсан гэнэт машинаа дараад харсан эсрэг урсгал сөрөөд, машины далбилзуулаад яваад байснаа замын хажуу руу машин унаж, хөрвөөж шидэгдсэн. Нэг мэдэхэд би машин дотор, Төгсөө ахтай хамт байсан, Г.Б, Н.Ж ах хоёр машины гадаа унасан байсан, тэгээд машинаас гараад очсон чинь юм ярихгүй, ухаангүй байсан. Тэгээд замын хойно байх айл руу алхан очиж, эмнэлэг дуудсан. Одоо Г.Б, Н.Ж ах хоёрын бие нь маш хүнд, эмнэлэгт байна. Тухайн машиныг Г.Б ах жолоодож байсан бөгөөд жаахан хурдтай явж байсан. Нарийн хэлж мэдэхгүй байна. Жолоо барьж байхдаа хойшоогоо хараад Н.Ж ахтай юм яриад явж байсан. Н.Б ах, Н.Ж ах хоёр манайд ирэхдээ согтуу ирсэн. Манайд ирээд нэг хараа нэртэй архи уусан. Өөр архи уугаагүй. Хөдөө гэрээ Төгсөө ах бид хоёр эрүүл байсан. Г.Б ах, Н.Ж ах нар нь манайд ирэхдээ инээд хөөртэй ирсэн. Манайд ямар нэгэн хэрүүл, маргаан, зодоон болоогүй. Гурван ах архиа хувааж уухдаа инээлдэж, хөөрөлдөөд байсан. Би нар хамгаалах бүс хэрэглээгүй, зүүгээгүй. Г.Б ах хойшоогоо хараад Н.Ж ахтай юм ярьж байгаад анхаарлаа сарниулаад тэрнээс болоод осол гарсан гэж бодож байна. Миний бие одоогоор толгой жаахан өвдөөд байна. биеийн байдал гайгүй байна. Г.Б, Н.Ж, Г.Т нар нь хоорондоо найзууд байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Г.Тын өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Баян-Улаан гэх газарт хөдөө байхад Г.Б миний фейсбүүк чатаар холбогдоод мэнд амараа мэдсэн. Тэгсэн манайх галгүй болчихлоо, цахилгаан хөрөө чинь байна уу, хэдэн бургас тайрч машины хойно хийх хэрэгтэй байна гэж чатласан. Тухайн үедээ би малдаа яваад орой ирсэн чинь миний дугаар руу залгасан байсан. Орой 19 цагийн үед Архангай аймгийн төвөөс гарлаа гэж утсаар залгасан. Тэгээд намайг адууны мах чанаад байж байгаараа гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвөөс өөрийнхөө машинаар ганцаараа гараад замаараа Ихтамир сумын төв ороод найз Н.Жг аваад хоёулаа ирсэн. Сумаас гарахдаа танайх яг хаана нь билээ гээд Г.Б, Н.Ж хоёр зам заалгаад ирсэн. Ойролцоогоор 20 цаг өнгөрч ирсэн. Г.Б, Н.Ж 2 юм уучихсан ирсэн. Н.Ж нэг жижиг лаазтай пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд чанаж байсан махаа гаргаад идэцгээсэн. Тэгсэн Г.Б Хараа нэртэй 0.5 шилтэй архи гаргаж ирээд Г.Б, Н.Ж бид гурав хувааж ууж дууссан. Тэгсэн Г.Оэ гар утсаа тоглоож сууж байсан. Тэгсэн Г.Б цахилгаан хөрөө чинь байна уу одоо мод хөрөөдье гээд байхаар би харанхуй шөнө болсон байхад яах юм маргааш өглөө бол гэхэд модоо авчаад шөнөдөө буцахгүй бол болохгүй, маргааш өглөө эрт цэцэрлэгийн хүүхэд хүргэж өгнө гээд байхаар нь за за гялс хийчихье гээд хөрөөгөө гаргаж ирсэн чинь бензингүй байхаар нь сумын төв орж бензин авахаар болоод Г.Б жолоо барьж би хажууд суугаад, арын суудалд Н.Ж, Г.Оэ 2 суугаад хөдөлсөн. Тэгээд шороон замаас асфальтан зам руу ороод хоорондоо юм яриад, Г.Б бид хоёр хойшоогоо толгой эргүүлж хараад явж байсан чинь эсрэг урсгал сөрөөд замын хөвөөгөөр явж байгаад пис пас гэж дугарсан. Тэгээд гэнэт сэрэхэд Г.Оэ машины гадаа зогсож байсан, би машины цонхоор гарахад Г.Б, Н.Ж 2 машины гадаа газарт хоорондоо зайтай хэвтэж байсан. Г.Б ёолоод, Н.Ж хурдан хурдан амьсгалаад байсан, 2-лаа ухаангүй талдаа байсан. Тэгээд Г.Оэ бид 2 ойролцоох айл руу алхаж очиж тусламж гуйж, эмнэлгийн машин ирээд хамт явсан. Уг осол маш хурдан богино хугацаанд болж өнгөрсөн. Тухайн машиныг Б ах жолоодож байсан бөгөөд нэлээн хурдтай явж байсан. Г.Б бид жолоо барьж байхдаа хойшоогоо хараад Н.Жтай хамт юм яриад явж байсан. Нэлээн хурдтай явж байсан. Г.Б, Н.Ж хоёр уулзалдаад манайд ирэх замдаа пиво уусан байх. Нарийн зүйлийг асуугаагүй. Г.Бын өөрийнх нь машин байх, миний мэдэхийн хэдэн жил унасан санагдаж байна. Г.Б, Н.Ж нар нь манайд ирэхдээ инээд хөөртэй ирсэн. Хоорондоо маргалдсан, муудалцсан асуудал огт гараагүй. Би нар хамгаалах бүс хэрэглээгүй, зүүгээгүй байсан. Анхаарал болгоомжгүйгээс, хэт их яриандаа болж хурд хэтрүүлснээс болж осол гарсан гэж бодож байна. Манай хотонд тухайн үед бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Аав, ээжүүд Улаанбаатар хот руу явсан байсан. Миний толгой болон хөл, бөгс өвдөөд байна. Г.Б, Н.Ж 2 сумын төвд уулзалдаад манайд ирэх хүртэлх зайд архи, пиво уусан байх. Манайх сумын төвөөс 6 км зайтай юм. Г.Б, Н.Ж бид нар найзууд...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 24-26 дугаар тал/
*Гэрч Н.Эы өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнө цагийг нь анзаараагүй, нөхрийн хамаатны хүн манай нөхөр Г.Быг Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутагт зам тээврийн осолд ороод сумын эмнэлэгт ирчихсэн байна, хамт явсан зорчигчийн биеийн байдал маш муу байна гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн төвөөс нөхрийнхөө хамаатны хүний хамт Архангай аймгийн Ихтамир сумын эмнэлэгт ирэхэд манай нөхөр ухаан орчихсон, хамт явсан Н.Ж гэх хүн ухаангүй эмнэлгийн орон дээр эмчилгээ хийлгээд байж байсан. Тэгээд тухайн шөнөө аймгийн төвд ирцгээсэн. Тэгээд дараа нь нөхөр Г.Баас жолоо хэн барьж явсан, яагаад осол гарсан талаар асуухад манай нөхөр жолоо барьж яваад, гэнэт үрүүл булааж, замын хажуу руу унасан, нэг мэдсэн чинь эмнэлгийн орон дээр сэрсэн гэж хэлсэн. Би осол болсон газар очиж үзээгүй учир, хэрхэн осол гарсныг сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Г.Б нь тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 18 цагийн ажлаас намайг авч гэртээ хүргэж өгөөд 18 цаг 30 минутаас 19 цагийн хооронд найз Г.Тынд очиж галын түлээ авчирна гээд ганцаараа цагаан өнгийн Сүзүки Свифт маркийн 77-84 УБЛ улсын дугаартай машинаараа ганцаараа гарсан. Тухайн орой сумын төв ороод утсаар холбогдоогүй байж байгаад орой нь осолд орсон талаар сонссон. Уг нь тухайн шөнөө буцаж ирнэ гээд гэрээсээ гарсан. Манай нөхөр Г.Бын осол болох үед жолоодож явсан Сүзүки Свифт маркийн 77-84 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч гэр бүлийн дундын өмч хөрөнгө байгаа юм. Ихэвчлэн манай нөхөр унадаг. Надад машины эвдрэл, гэмтэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Эвдрэл, гэмтлээ бид өөрсдөө хариуцна. Бидний машинд ямар нэгэн өр төлбөр, зээл байхгүй. Хүний бие гайгүй бол бусад нь яахав л гэж бодож байна. Осол болох үед манай нөхрийн найзууд нь болох Г.Т, түүний найз Н.Ж, Г.Оэ болон манай нөхөр гээд дөрвүүлээ хамт явж байсан гэж нөхөр надад хэлсэн. Г.Т болон Г.Оэ, манай нөхөр 3-ын биеийн байдал гайгүй, Н.Ж гэх залуугийн биеийн байдал хүнд, аймгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 32-34 дүгээр тал/
*Гэрч А.Мын өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 25-ны орой цагийн сайн хараагүй 22 цаг өнгөрч байхад би Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Тээг гэх газарт найзындаа байхад гаднаас Г.Т, Г.Оэ гэх залуус явган ирээд би нарын сууж явсан машин танай урд талын замын хажуу руу уначихлаа, манай 2 найз ослын газарт байгаа, яаралтай эмнэлэгт хүргээд өгөөч гэхээр би машинаа асааж тухайн осол болсон газарт очиход манай гэрийн урд талд замын арын хажуу цасан хунгар руу цагаан өнгийн тээврийн хэрэгсэл уначихсан, Г.Б, Н.Ж гэх нутгийн 2 залуу машины хажууд ойролцоо байсан. Тэгээд би хөдөлгөж болохгүй байх гэж бодоод сумын эмнэлэг рүү явж, цагдаагийн байгууллага руу мэдэгдсэн. Сумын төвөөс ойрхон байсан учир буцаад эргэж ирээд тухайн 2 залууг машиндаа суулгаад сумын эмнэлэг рүү явж, эмч нарт хүлээлгэж өгсөн. Намайг машинд суулгасан байхад эмнэлгийн машин ирэхээр нь нэгэнт машиндаа суулгасан байсан учир шууд явсан. Би уг ослыг хэрхэн яаж гарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн машиныг жолоодож явсан жолооч эсрэг урсгал сөрч ороод замынхаа хойд хэсэгт унасан байсан. Би тухайн залууст тусалж, эмнэлэг хүргэж өгч, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Машинд нэлээн эвдрэл, гэмтэл учирсан байна лээ, бүтэн эд анги ховор байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 37-38 дугаар тал/
*Яллагдагч Г.Бын өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Архангай аймгийн төвд гэртээ байсан. Тэгээд манай гэрийн түлээ дундарч багассан байсан учир 10 жилийн найз болох Г.Т буюу Төгсөө руу “танай хөрөө ажиллаж байгаа юу би хэдэн бургас хөрөөдөөд машиныхаа хойно хиймээр байна” гэж чат бичихэд Төгсөө манай хөрөө хэвийн ажиллаж байгаа, намайг хүрээд ир гэж хариу чат илгээсэн. Тэгээд тухайн өдөр эхнэр хүүхдээ ажил, цэцэрлэгээс аваад орой 18 цагийн үед цагаан өнгийн Сузуки Свифт маркийн 77-84 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож яваад Архангай аймгийн Ихтамир суманд ирэхэд Төгсөө миний гар утас руу залгаад хаана явна, Н.Ж суманд ирчихсэн байгаа, би гэсэн гээд дугаарыг нь над руу явуулсан. Тэгээд би Н.Жгийн гар утас руу залгаад колонк дээр ирж, миний машинд суугаад хамт Төгсөөгийн гэр рүү явсан. Миний машинд нэг шил архи, болон пиво байсан бөгөөд сум орохоос өмнө дэлгүүрээс нэг лааз пиво авсан байсныг Н.Ж замдаа уусан. Би тухайн үед жолоо барьж байсан учир архи, пиво уугаагүй. Архи нь миний машинд байсан юм. Тэгээд машинд байсан архиа Г.Т, талийгаач Н.Ж, Г.Оэ бид 4 хувааж ууж дуусгасан бөгөөд Н.Төгсөө хөрөөгөө гаргаж ирээд асаах гэсэн чинь бензингүй байсан. Би тухайн үед Г.Төгсөөгийнд хонохоор очсон. Тэгсэн цахилгаан хөрөө нь бензингүй байсан болохоор Н.Жг хүргэж өгөөд ирэхдээ бензин аваад ирье гэж бид нар ярилцаад би тээврийн хэрэгслээ жолоодоод, Н.Төгсөө миний хажууд суугаад, арын суудалд талийгаач Н.Ж, Г.Оэ хоёр суугаад хөдөлсөн. Замдаа бид дөрөв юм яриад инээлдээд явж байсан чинь гэнэт миний жолооны үрүүл савлаад эсрэг урсгал сөрөөд замын хажуу руу унасан. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Нэг мэдэхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Н.Ж мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарч гэртээ нас барсан юм. Сузуки Свифт маркийн 77-84 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд талийгаач Н.Ж, Г.Оэ, Г.Т бид дөрөв явж байсан. Өөр хүн байгаагүй. Би зарим зүйлийг санахгүй байгаа. Ямар ч байсан баруун талын үрүүл булааж эсрэг урсгал руу сөрч ороод замын хажуу унаснаа санаад байгаа юм. Миний машин хэд хэд хөрвөөсөн. Одоо машин бол унах ямар ч боломжгүй болсон. Би тухайн үед 80 гаран километр хурдтай явж байсан. Тодорхой хэлж мэдэхгүй байна. Би Н.Жд ослоос болоод эмнэлэгт хэвтээд нас барах хүртэлх хугацаанд бүх зардлыг даасан. Эмнэлэгт хэвтэж байхад хоол унд, эм тариаг бүгдийг гаргаж өгсөн. Мөн би өөрөө эмнэлэгт сахисан. Мөн Г.Т бид хоёр санаачлаад сумандаа хандивын аян өрнүүлж, тэмцээн зохион байгуулж олсон орлогыг Н.Жгийн ээжид хүлээлгэн өгсөн. Би ойролцоогоор 10 орчим сая төгрөг өгсөн. Мөн хандиваар ойролцоогоор 10 орчим сая төгрөг цугларч ээжид нь өгсөн. Би тухайн үед өөрт байсан бүх мөнгөө шавхаж, мөн ах дүү нараасаа зээлж, гэр бүлийнхээ зарим зүйлийг зарж борлуулж байж мөнгө өгсөн. Би талийгаачийн аав, ээж, ар гэрээс нь миний санамсар болгоомжгүйгээс болоод таны хүүхдийн амь нас хохирсон талаар өөрийн биеэр биечлэн уучлалт гуйсан. Би маш их харамсаж байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би талийгаачийг өөрийн гэртээ авчирч асарч сувилахаар бүх ажлыг бэлтгээд ар гэрт нь ярилцаад шийдээд байж байтал талийгаачийн бие муудаж гэмтлээ даахгүй нас барсан. Мөн буяны ажлыг нь зохион байгуулсан. Тэгээд Н.Жгийн ар гэртээ ойр байж, тусалж дэмжихээр өөрийн гэрээ сумын төв рүү нүүлгэсэн. Одоо орж гарч буяны үйл хийж, маань хөгжөөж байгаа. Цаашид хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 11-13 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 лны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай:
“...Г.Тын биед зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 42-43 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай:
“...Г.Оийн биед баруун чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт, чихний дэлбээний дээд ирмэгт зулгаралт, баруун хөлийн шагайн гадна хажууд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний дотор хажууд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Баруун чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт, баруун хөлийн шагайн гадна хажууд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Чихний дэлбээний зулгаралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 51-52 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай:
“...Н.Жгийн гэх цусанд 0.8 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 62-63 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай:
“...Г.Бын гэх цусанд 1.0 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 70-71 дүгээр тал/
*Шинжээч Б.Чулуунбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай:
“... Сузуки Свифт маркийн 77-84 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гын Б /УИ97071152/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 27-ний өдрийн шинжээч эмч цагдаагийн хошууч Б.Отгонжаргалын 06 тоот дүгнэлтээр У.Бын цусанд 1,0 промилли спиртын зүйл илэрсэн хөнгөн зэргийн согтолттой нь мөн дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтууд зөрчигдсөн байх үндэслэлтэй. Ослын газрын схем зурагт тээврийн хэрэгслийн дугуйн тоормозны мөр илрээгүй байгаа нь Сузуки Свифт маркийн 77-84 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гын Б /УИ97071152/ нь зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй. Зам нь асфальт, тахир, хальтиргаатай, гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин чөлөөтэй байгаа нь тухайн зам тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйлгүй илрээгүй. Гын Б /УИ97071152/ нь В ангиллын 1302823 тоот дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 105-106 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 15 дугаартай:
“...Амь хохирогч Н.Жгийн биед Тархины аалзавч хальсан доорх цус харвалт, тархины эдийн голомтлог няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, ахар сүүлэнд холголт цооролт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Ахар сүүлний холголт цооролт нь удаан хугацаанд хэвтэрт байснаас хэсгийн цусан хангамжийн дутагдал, дарагдал, тэжээл дутлаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.3.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Н.Ж нь гавал тархины битүү гэмтэл, тархины комын байдал, тархи үхэжсэний улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Тархины эдийн үхжил, комын байдалтай тул удаан хугацаанд амьд явах боломжгүй. Нас бараад 18- с дээш цаг болсон байна. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Н.Жгийн цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 243-246 дугаар тал/
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 2-16 дугаар тал/
* Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 236-239 дүгээр тал/,
* Тээврийн хэрэгслийн лавлагаа/1-р хх-ийн 30 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Г.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Таван Тээг гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сузуки Свифт маркийн 77-84 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчиж, улмаар замын хажуу руу унаж уг автомашинд зорчигч явсан Н.Жгийн амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нийн”...Миний хүү Н.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутагт зам тээврийн ослын улмаас биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн, эмчилгээ хийлгэж байгаад гэмтлээ даагаагүй улмаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Талийгаач хүү Н.Ж нь осолд орсон өдрөөс хойш 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Архангай аймгийн эрчимт эмчилгээний тасагт тасралтгүй эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгийн зүгээс эмчилгээ маш сайн хийсэн боловч гэмтэл нь хүнд байсан учраас гэмтлээ даагаагүй, сүүлдээ эмнэлгээс найдваргүй гээд сүүлийн хэд хоног гэртээ гараад гэрээрээ асаргаа, сувилгаа хийж байгаад нас барсан юм. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг гэртээ байхад нь найз дуудаад айлд очоод ирье гээд гэрээсээ 20 цагийн үед гарсан юм. Тэгсэн удалгүй 2-3 цагийн дараа осолд орсон талаар эмнэлгээс залгасан. Тэгээд осол болсон газар нь очиход уг газар нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн асфальтан замын хажуу руу эсрэг урсгал сөрөөд орчихсон, сууж явсан машин нь нэлээн эвдрэл гэмтэлтэй байсан. Замын хажуу руу машин нь унасан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Оийн ”...шороон замаас асфальтан зам руу нийлээд явж байхад Г.Б ах хойшоогоо хараад Н.Ж ахтай юм яриад яваад байсан гэнэт машинаа дараад харсан эсрэг урсгал сөрөөд, машины далбилзуулаад яваад байснаа замын хажуу руу машин унаж, хөрвөөж шидэгдсэн. Нэг мэдэхэд би машин дотор, Төгсөө ахтай хамт байсан, Г.Б, Н.Ж ах хоёр машины гадаа унасан байсан, тэгээд машинаас гараад очсон чинь юм ярихгүй, ухаангүй байсан. Тэгээд замын хойно байх айл руу алхан очиж, эмнэлэг дуудсан. Одоо Г.Б, Н.Ж ах хоёрын бие нь маш хүнд, эмнэлэгт байна. Тухайн машиныг Г.Б ах жолоодож байсан бөгөөд жаахан хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Тын”...сумын төв орж бензин авахаар болоод Г.Б жолоо барьж би хажууд суугаад, арын суудалд Н.Ж, Г.Оэ 2 суугаад хөдөлсөн. Тэгээд шороон замаас асфальтан зам руу ороод хоорондоо юм яриад, Г.Б бид хоёр хойшоогоо толгой эргүүлж хараад явж байсан чинь эсрэг урсгал сөрөөд замын хөвөөгөөр явж байгаад пис пас гэж дугарсан. Тэгээд гэнэт сэрэхэд Г.Оэ машины гадаа зогсож байсан, би машины цонхоор гарахад Г.Б, Н.Ж 2 машины гадаа газарт хоорондоо зайтай хэвтэж байсан. Г.Б ёолоод, Н.Ж хурдан хурдан амьсгалаад байсан, 2-лаа ухаангүй талдаа байсан. Тэгээд Г.Оэ бид 2 ойролцоох айл руу алхаж очиж тусламж гуйж, эмнэлгийн машин ирээд хамт явсан. Уг осол маш хурдан богино хугацаанд болж өнгөрсөн. Тухайн машиныг Б ах жолоодож байсан бөгөөд нэлээн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг, талийгаач Н.Жгийн цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины комын байдал, тархи үхэжсэний улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай “...Г.Бын гэх цусанд 1.0 промиль спиртийн зүйл илрэв...” гэх дүгнэлт/хх-ийн 70-71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Бын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.Бын гэх цусанд 1.0 промиль спиртийн зүйл илэрсэн болохыг тогтоосон тул түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бын согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Г.Быг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь хохирол төлбөрт нийт 30.000.000 төгрөгийг шүүгдэгчээс бэлнээр болон дансаар хүлээж авсан, цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэж мэдүүлсэн, үүнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Харин энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Гын Быг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР