| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/03776/И |
| Дугаар | 102/ШШ2019/03345 |
| Огноо | 2019-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2019/03345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд оршин суух Харчин овогт Ч.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суух Жаргал овогт С Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 328 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дунгаржид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бнь манай гэрийн хажууд дэлгүүр ажиллуулж байхдаа бараа татах мөнгө хэрэгтэй байна гээд надаас 2017 оны 12-р сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг зээлсэн. Мөнгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 4-р сарын 03-ны өдөр ээж маань өвчтэй, мөнгө зээлээч гэхээр нь 3 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Нотариат дээр 2 зээлээ нэгтгээд зээлийн гэрээ байгуулж, данс руу нь шилжүүлсэн. Сар бүрийн 3, 28-нд үндсэн зээлийн хүү 180 000 төгрөгийг тус тусад нь төлөхөөр тохиролцсон. Мөнгийг дэлгүүрт нь ороод бэлнээр авдаг, нэг удаа дансаар шилжүүлсэн. Сүүлд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү 180 000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү 180 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй, дэлгүүрээ хаасан, утас нь холбогдохгүй болсон, цагдаагаар эрэн сурвалжлуулсан. Тухайн үед гэрийн хаяг дээр нөхөр нь бүртгэлтэй, өөрөө бүртгэлгүй, хашаанд өөр хүн амьдарч байсан. Бг 13 сарын хүү 2 340 000 төгрөг төлсөн. Цагдаад шалгагдаж байхад 400 ам.долларыг тэр үеийн ханшаар 1 090 000 төгрөг, нэг удаа 160 000 төгрөг, 2 удаа 100 000 төгрөг, автомашины осолд орсон байхад 100 000 төгрөгийг дансаар нийт 1 520 000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг үндсэн зээлээс хасч одоо 4 580 000 төгрөг, 10 сарын хүү 2 748 000 төгрөг нийт 7 328 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 7 328 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь төлбөрийн чадваргүй болсон, олсон мөнгөө энэ хүнд өгдөг байсан. Энэ хүн надад сайхан сэтгэлээр тусалсан. Дэлгүүр ажиллуулж байсан боловч ашиг, орлого муу байсан. Хамт ажилладаг хүнийг санхүүжилт хийнэ гэдэгт итгэсэн, гэнэт дэлгүүрээ хураасан байсан. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 6 000 000 төгрөгнөөс миний тооцсоноор 4 240 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 760 000 төгрөгийг төлж чадна. Хүүг төлөх боломжгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь С.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 328 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 120 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ч.О нь С.Б-тэй 2018 оны 4-р сарын 3-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 3 000 000 төгрөгийг 2017 оны 12-р сарын 28-наас 2018 оны 08-р сарын 28-ныг өдөр хүртэл, 3 000 000 төгрөгийг 2018 оны 4-р сарын 3-наас 2018 оны 8-р сарын 3-ныг хүртэл тус тус сарын 6 хувийн хүүтэй зээлүүлэхээр /хх 6/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 6 000 000 зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарсан, нэхэмжлэлийн шаардлагаас 1 760 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн, харин зээлийн хүү төлөхгүй гэж маргажээ.
Зээлдэгч нь 2017 оны 12-р сарын 28-ны өдөр зээлсэн 3 000 000 төгрөгийг 8 сарын хүү 1 440 000 төгрөг нийт 4 440 000 төгрөг, 2018 оны 4-р сарын 3-ны өдөр зээлсэн 3 000 000 төгрөгийг 4 сарын хүү 540 000 төгрөг нийт 3 540 000 төгрөг буюу 7 980 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс 3 860 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй, харин хариуцагч нийт 4 240 000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр сунгаж хүү тохироогүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сарын хугацааны хүү шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. Иймд 7 328 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 860 000 төгрөгийг хасч 4 120 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан С. Б-гээс 4 120 000 /дөрвөн сая нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Ч.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 208 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс 80 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-т олгосугай.
3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА