Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 122

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд        

                     Улсын яллагч                                          Д.Нямдэлэг

               Шүүгдэгч                                                   С.Эрдэнэбаяр

              Түүний өмгөөлөгч                                    А.Отгонбаяр

                 Шинжээч                                                       Д.Мөнхбат  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар  оролцов.

                Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиснөөс Б.Өнөрцэцэгийн амь насыг хохироож, Ж.Болортуяагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Зэхц овгийн Сумъяабазарын Эрдэнэбаярт холбогдох 201618000225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

   Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 3, ээж охины хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 9-р гудамж 46 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх, Зэхц овогт Сумъяабазарын Эрдэнэбаярт /РДШБ78040460/,

 

Холбогдсон хэргийн талаар

   Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь 2016 оны 08 дугаар  сарын 12-ны өдөр 00 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэр Арангатын даваа гэх газрын орчим 18-14 УНЗ улсын дугаартай Тоёота Приус10 маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, Б.Өнөрцэцэгийн  амь насыг нь хохироон, Ж.Болортуяагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

 1.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.. 2016 оны 8-р сарын 11- ний өдөр 14 цагийн үед ажил дээрээ ирэхэд Болортуяа, талийгаач 2 байсан.

 

Тэгээд агаарт гарч танилцах үдэшлэг хийнэ гэж өмнө нь ярьж байсан. Тэгээд тэр 2 өнөөдөр салхинд гарахаар болсон шүү гэсэн. Тэгээд хаашаа явах гэж байгаа юм бэ? гэсэн чинь Сэлэнгэ рүү Болортуяагийн ангийн хүүхдийнд очъё гэсэн. Тэгээд 19 цаг өнгөрөөгөөд хотоос гарсан. Замдаа замын дэлгүүрээс хүнсээ аваад 20 цагийн үед 22-ын товчоогоор гарсан. Замдаа талийгаач, Болортуяа 2 пиво уусан. Тэгээд Дарханд 23 цагийн үед ирээд зам мэдэхгүй юм чинь гээд эндээ хоноё гэж хэлсэн чинь Болортуяа одоо ойрхон юм чинь Сэлэнгэ рүү явъя гээд байсан. Тэгээд Сэлэнгэ явж байх замд талийгаач бүсээ тайлаад арын суудал руу суугаад юм ярьж байгаад буцаад урд суудал дээр суухад нь би бүсээ зүүгээрэй гэж хэлсэн. Гэтэл талийгаач машины хөгжим болохгүй байна гээд хөгжим оролдоод байхаар нь хөгжим рүү харчихаад замаа харсан чинь замын хажуу руу машин далийгаад явж байхаар нь жолоо эргүүлсэн чинь талийгаач машины жолоо булаацалдаж эсрэг тийш нь дарсан. Гэтэл машин дайвалзаад ирэхээр нь би тормоз гишгэсэн. Тэгээд түс тас гээд явчихсан. Нэг сэргэсэн чинь машин дотор Болортуяа, талийгаач 2 байхгүй байсан. Тэгээд би буугаад харсан чинь талийгаач машины урд хэвтэж байсан. Болортуяа машины хажууд байсан. Тэгээд би зам руу гарч тусламж гуйх гэж машин зогсоосон чинь түргэн дуудаж өгөөд явсан. Тэгэхээр нь өөр машин зогсоож тусламж хүссэн. Хэргийн газар дээр байцаагч Саруул хэргийн газартай танилцсан. Анхны байцаалтаа 2016 оны 08 дугаар сарын 12-нд өгсөн..гэв..

2.Хохирогч С.Бямбасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Б.Өнөрцэцэг миний том охин байгаа юм. 2016 оны 08  дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад ажилдаа явлаа гээд гарсан. Манай хүргэн Мөнхөө надад 2016 оны 08 дугаар сарын 11-ний өглөө аав, Өнөрөө Сэлэнгэ явна гээд байна, та нэг хэлээч гэхээр нь би чиний зугаа цэнгэл одоо болоогүй юу, эсвэл Мөнхөөг дагуулаад яв гэхэд багтахгүй, тэглээ ч ажлынхантайгаа цуг явна гэсэн ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14 дүгээр  хуудас/

3.Хохирогч С.Бямбасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2016 оны 08  дугаар сарын 11-ний өдрийн 14-н цагийн орчим манай хүргэн Мөнхзул надад хэлэхдээ Өнөрөө хөдөө явна гээд байна гэхээр нь би асуутал талийгаач надад Сэлэнгэ аймаг явна гэж хэлээгүй, зүгээр хөдөө амралтанд явъя гэхээр нь би битгий яваа, яах юм бэ явах гээд байгаа бол нөхрөө аваад яв гэтэл үгүй ээ 5 хүн таарсан машинд багтахгүй, тэгээд ч Мөнхөө намайг хүн амьтантай яриулдаггүй гэсэн. Талийгаач надад 7-н сарын дундуур Сэлэнгэ яваад ирье, Хоргын тогоо шиг уул байдаг гэнэ гэхээр нь би аав нь мэдэхгүй юм байна, тэр Булган аймагт байдаг байх гэхэд үгүй ээ, Сэлэнгэ аймагт байдаг гэнээ гэхээр нь би тэгвэл баяр ёслол болж байгаа юм чинь миний охин яваад ир гэж хэлсэн. Тэрнээс хойш Сэлэнгэ явна гэж хэлээгүй. Уг нь миний охин хаашаа ч явах байсан надаа хэлдэг байсан. Харин тухайн орой надад хэлээгүйг нь би гайхаж байна...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 15 дугаар  хуудас/

4.Хохирогч Ж.Болортуяагийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан байгаа. Тухайн үедээ ухаан балартсан юу болоод байгааг ч ойлгоогүй. Сүүлд Улаанбаатар хотод ирээд болсон явдлыг санаад байхад ямар ч байсан талийгаач С.Эрдэнэбаяртай үрүүл булаацалдаж байсныг сайн санаж байна...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14 дүгээр  хуудас/

5.Иргэний нэхэмжлэгч Ж.Ганбатын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 18-14 УНЗ улсын дугаартай тоёото приус-10 маркын цайвар

 

ягаан өнгийн машиныг 2012 онд Монгол улсад орж ирж байх үед нь би  худалдаж авсан. Миний нэр дээр байдаг. 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би хөдөө явж байсан учраас Болортуяа надад хөдөө явлаа гэдгээ хэлээгүй. Бид 2 холбогдоогүй ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

6.Гэрч Ж.Болортуяагийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өглөө 10.00 цагт өөрийн ажил дээрээ очсон. 12. 00 цаг хүртэл ганцаараа байж байтал Б.Өнөрцэцэг ажил дээрээ ирээд хөлний вакус дуулаад үсээ янзалж байтал 14 цагийн  үед Эрдэнэбаяр эгчийг ирэхээр нь хамтдаа Сэлэнгэ оръё би найз залуу Мягаа дээрээ очих гэсэн юм гээд тэнд очоод амарч байгаад ирье гэхээр нь бид нар явах уу яах уу гэж эргэлзэж байгаад гарахаар болсон гэтэл Пүрэвмаагийн хүүхдийг харах хүн байхгүй явахгүй гээд, Одноог нөхөр нь явуулахгүй гэсэн. Тэгээд явах гэтэл бид нар мөнгө муу байна гээд талийгаач надад 150.000 төгрөг байна энэ дээр хэдэн төгрөг нэмээд явчихъя гэхээр нь Эрдэнэбаяр бид хоёр зөвшөөрөөд гарсан зардлаа дараа нь дундаасаа төлөхөөр болоод манай ах Ж.Ганбатын 18-14 УНЗ улсын дугаартай приус10 маркын машинтай 18-н цаг өнгөрөөгөөд 10-р хороололд байх ажлаас Сэлэнгэ аймаг руу явахаар болоод замаараа хуучин 22-н товчооны цаана байх Номин агуулахаас хиам, талх, 0.5 литрийн 10 ширхэг сэнгүүр пиво, 2.5 литрийн том пиво 3 ширхэгийг аваад шууд замдаа гарсан. Тэгээд Дархан аймаг руу ороод бид 3 хүнээс Сэлэнгэ явах зам асуугаад байж байтал Эрдэнбаяр Дархан хотод хоноод маргааш өглөө гаръя гэхэд Өнөрөө үгүй ээ хурдан Сэлэнгэ явъя хонож яах юм гэхээр нь надад ямар нэг шийдвэр байгаагүй за хоносон ч яахав гэхэд талийгаач явъя гээд цааш явсан. Тэгээд Дархан-Уул аймгаас гараад явж байгаад  талийгаач урд сандал дээр сууж байснаа бүсээ тайлаад сандалын хажуугаар хойд сандал руу орж ирээд та 2-т баярлалаа, цуг байгаадаа баяртай байна гээд л тэвэрч аваад үнсээд байсан. Ингээд буцаж урд талын суудал дээр очиж суусан. Бүсээ бүслээгүй. Ингээд би хойд суудал дээр согтуу, толгой өвдөөд байсан болохоор унтаад өгсөн. Нэг мэдэхэд би ямарч байсан Өнөрөө өнгөрчихлөө гэдгийг сонссон нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/

7.Гэрч Ж.Болортуяагийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би зарим санахгүй байсан зүйлээ саналаа. Би тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр толгойгоо зүүн гар тал руу харуулсан байдалтай унтаад явж байсан. Гэтэл гэнэт хүмүүс хүүе ээ гээд чанга яриад байхаар нь би босоод хартал талийгаач үрүүлний хажуугаас барьсан байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж хэлтэл юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд Эрдэнэбаяр Өнөрөө нас барчихлаа гээд уйлсан санагдаад байна, тэгээд эмнэлэг дээр ухаан орсон...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

8.Гэрч С.Мөнхзулын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 08 дугаар сарын 11-ний 12 цагийн үед эхнэр Өнөрцэцэг гэрээс ажил руугаа явсан. Ингээд 13 цагийн үед над руу залгаад би ажлынхантайгаа Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийд орж Болортуяагийн хамаатны айлд очиж мал гаргаж 1 хоногийн хугацаанд зугаалаад ирье гэхээр нь би цуг явъя гэтэл чи машинд багтахгүй, гоо сайханч, 1 үсчин, 1 маникюрчин яг 5-лаа болчихлоо, чи багтахгүй гэхээр нь хир удаан явах юм бэ гэтэл өнөөдөр 18.00 цагийн үед гараад 2016.08.12-ны өдрийн орой ирнэ гэхээр нь би хоол хийгээд ажил дээр нь очих үед хоолоо идчихээд бид 2 буцаад гэр рүү явсан. Тэгээд эхнэр Өнөрцэцэг бид 2 буцаж гэртээ очоод талийгаач цүнхэнд

 

хувцасаа хийгээд явлаа гээд гараад явсан. Ингээд би гэртээ байж байгаад 19.00 цагийн үед талийгаач руу яриад хаана явж байна гэж асуутал хотоос гараагүй байна, үсчин, маникюрчин хоёр ирээгүй байна гэхээр нь  би ийм орой дэмий юм биш үү гэхэд өөрөө зүгээрээ, одоо гарлаа гэж ярьсан. Тэгээд 21 цагийн үед залгах үед Урьхан дээр явж байна гэсэн. Тэгээд холбоо бариагүй байж байтал талийгаачийн 10-н жилийн найз Түмэнцэцэг над руу залгаад талийгаачийн дугаарыг аваад ярьсан чинь Дархан-Сэлэнгийн дунд явж байна гэж хэлсэн байна лээ. Би бол 21 цагаас хойш дахиж холбоо бариагүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

9.Гэрч Б.Однарангийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2016.08.11-ний өдөр гэртээ байж байтал 15.00 цагийн үед талийгаач над руу залгаад ирэх болж байна уу гэхээр нь би үдээс хойш очно гээд утсаа тасалсан. Гэтэл над руу талийгаач 17.00 цагийн үед бас залгаад Сэлэнгэ аймаг  руу явахаар боллоо, чи дулаан хувцасаа аваад гараад ир гэхээр нь би тийм хол явахгүй ээ, хоногоор бол бүр явахгүй, би нөхрөөсөө асууя гээд нөхрөөсөө асуутал манай нөхөр дургүйцсэн. Гэтэл талийгаач залгаад явъя гэхээр нь үгүй ээ, нөхөр дургүй байна гэхэд чи миний найз биз дээ, цуг явъя гэхэд нь үгүй гэж хэлтэл талийгаач утсаа тасалсан. Ингээд ахиж холбогдоогүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/

10.Гэрч М.Пүрэвмаагийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2016.08.11-ний өдөр өдөр амарч байтал талийгаач над руу залгаад байхаар нь би автал ажил дээр хурдан хүрээд ир, Сэлэнгэ явъя гэхээр нь 14 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь талийгаач Сэлэнгэ явъя, хүүхдийг чинь харах хүн байна уу гэхээр нь би хариад хүүхдээ үлдээчихээд ирье гэхэд за гэсэн. Би гэртээ очтол манай эгч байхгүй хүүхэд харах хүн байхгүй болохоор нь би явахгүй болчихлоо гэтэл талийгаач хүүхдээ аваад явчих гэхээр нь би яваагүй юм... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

11.Гэрч М.Мягмарнарангийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Өчигдөр буюу 2016.08.11-ний дөр 12 цагийн үед талийгаач над руу залгаад манай салон нээлтээ хийх гэж байгаа юм, тэгээд нээлтээ хийнгээ Сэлэнгэд очоод нэг хоног амарчихдаг юм уу гэхээр нь би бороотой байна, нартай өдөр ирэхгүй юм уу гэхэд намайг уурлаад байгаа юм уу гэхээр нь би үгүй ээ, тэг тэг гэж хэлсэн. Гэтэл орой 20-н цагийн орчим над руу залгаад Дархан-Уул аймаг дээр явж байна гэж ярьсан.Тэгээд 23 цагийн үед дахин залгаад Дархан-Уул аймаг дээр байна гэсэн. Ингээд ахиад 00 цаг 27 минутанд над руу залгаад Хамар даваа гэдэг газарт явж байна гэхээр нь би өөрийн найз Золбаяр, Санчир нартай гурвалжингийн постон дээр хүлээгээд ирэхгүй болохоор нь Сүхбаатар самбар дээр хүлээж байтал ирэхгүй холбоо барихгүй болохоор нь найз Золбаярын машинтай өөдөөс нь явж байтал Арангатын даваа-н доор машин унасан байхаар нь очиж хартал талийгаач машиныхаа баруун гар талд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би түргэний өөдөөс явж байтал түргэн зөрөөд очиж байсан. Ингээд би өөрөө шоконд ороод машин дотроо унтаж амарсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

12.Гэрч Т.Золбаярын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Манай найз Мягмарнямбуу над руу орой 23 цагийн үед залгаад хотоос найз ирж байна, цуг тосье гэхээр нь би  талбайн урд очиж уулзаад гурвалжингийн постон дээр очиж зогссон. Тэгээд тэнд хүлээгээд ирэхгүй болохоор нь Сүхбаатар самбар дээр хүлээгээд ирэхгүй болохоор нь одоо ирчихмээр юм гэж бодоод өөдөөс нь явж байтал

 

Арангатын даваа-ны доод талд замын цагдаа зам дээр зогсож байсан. Мягмарнямбуу, Санчир 2 очиж үзчихээд эмнэлэг дуудаад байж байтал Мягмарнямбуугийн хотоос ирж байсан найз хүүхэн нь зам тээврийн осолд орсон байсан...гэх мэдүлэг

/хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

13.Гэрч Д.Мөнхбатын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би 4-н замын постон дээр 24-н цагийн үүрэг гүйцэтгэж байтал цагдаагийн газрын 94447102 дугаараас над руу залгаад Арангатын даваа-ны зам ангийн байшингийн ойролцоо машин унасан байна очоод үзээдэх гэхээр нь 4-н замын постноос 23 цаг 20 минутын үед гараад 23 цаг 35 минутанд очих үед Арангатын даваа-ны эргэх хэсэгт замын баруун гар талд приус-10 маркын тээврийн хэрэгсэл замаас гарч осол гаргасан байсан ба 1 хүн нас барсан байдалтай дээшээ хараад газарт хэвтэж байсан, 1 эмэгтэй машины хажууд зогсож байсан. Тэгээд би цагдаагийн газар руу яриад болсон явдлыг хэлээд эмнэлгийн түргэн тусламж дуудуулсан. Ингээд удалгүй эмнэлэг болон цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн ирсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

14.Гэрч Л.Наранбаатарын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Би 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газрын ажлын хэсгийн замын байцаагчаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан ба шөнийн 00 цаг өнгөрч байх үедСэлэнгэ аймаг Шаамар сумын Арангатын даваа гэх газарт зам тээврийн осол гэрч нэг хүн нас барсан байдалтай байна гэсэн дуудлагыг жижүүрээс хүлээн авч мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Саруул, шинжээч цагдаагийн ахмад Г.Уярал нарын бүрэлдэхүүнтэй хэргийн газарт очиход уг 18-14 УНЗ улсын дугаартай приус-10 маркын автомашин ертөнцийн зүгээр замын зүүн гар талд асфальтан замаас холгүй баруун хойд зүг рүү харсан байдалтай 4 дугуйн дээрээ зогсож байсан. Уг тээврийн хэрэгсэлээс замын зорчих хэсэг дээр дугуйн ямар нэгэн зурагдаж, чирэгдсэн мөр үүсээгүй, зорчих хэсгийн зүүн талын шороон хөвөө хэсэг дээр замаас автомашин гарсан дугуйн ул мөр үүссэн байсныг шинжээч бэхжүүлэн аваад, үзлэгийн тэмдэглэлд тусгаж схем зураглал үйлдсэн. Тухайн осол болсон мэдээллийг аваад цаг алдалгүй хэргийн газарт очиж хамгаалалтанд авч ул мөрийг хамгаалж үзлэг шалгалтыг хийсэн, дугуйн мөр бол асфальтан зам дээр үүсээгүй, арилж бүдгэрэх зүйл болоогүй автомашин явахыг хориглож үзлэг шалгалт хийсэн. Үзлэгийг шөнийн цагаар автомашины хурц гэрэл тусгаж хийсэн, гэрэлд асфалтан зам дээр үүссэн ул мөр тод харагддаг гэтэл үзлэгийн явцад ямар нэгэн ул мөр  /харагдаагүй/ байгаагүй. Үзлэгийг асфальтан зам дээр хааш хаашаагаа 500 метр орчим газарт хийсэн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 163 дугаар хуудас/

 15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08-р сарын 26-ны өдрийн  № 7465 тоот актын дүгнэлт хэсэгт

      1.Шинжилгээнд ирүүлсэн С.Эрдэнэбаяр 38/эм гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэж байна.

     2. Шинжилгээнд ирүүлсэн С.Эрдэнэбаяр 38/эм гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн С.Эрдэнэбаяр 38/эм гэж хаягласан цусанд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тодорхойлох аргачлал болон техникийн боломжгүй байна...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

 

16.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08-р сарын 31-ний өдрийн  № 7466 тоот актын дүгнэлт хэсэгт

      1. С.Эрдэнэбаярын гэх цус О ab/I/ бүлгийн харьяалалтай байна.

17.Шинжээчийн 2016 оны 8-р сарын 18-ны өдрийн №86 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт 1.Хариулт Тоёота Приус  маркын 18-14 УНЗ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг С.Эрдэнэбаяр жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргаснаас Б.Өнөрцэцэг нас барсан нь нийтийн эзэмшлийн замд гарсан учир зам тээврийн осол мөн.

 2.Тоёота Приус  маркын 18-14 УНЗ улсын дугаартай  тээврийн хэрэгслийн жолооч С.Эрдэнэбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заасан заалтыг зөрчсөн.

3.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг Тоёота Приус маркын 18-14 УНЗ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч С.Эрдэнэбаяр нь зөрчсөн.

4. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гадны ямар нэг зүйл байхгүй гэж үзэв.

5.Тоёота Приус  маркын 18-14 УНЗ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч С.Эрдэнэбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав.

          

  18.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2016 оны 08-р сарын 29-ний өдрийн  № 105 тоот актын дүгнэлт хэсэгт    

      1.Талийгаачид гавал яс, баруун зүүн чамархай, дагз, суурь ясны ил бяцарсан хугарал, цууралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, няцрал, баруун зүүн яамархайн хуйхны язарсан шарх, эгэ, хавирганы хөндлөн хугарал, дух шанаа, чихэнд язарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо.

     2. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

     3. Тайлийгаач нь дунд зэргийн согтолттой байсан.

4.Талийгаачийн цус нь А /II/бүлгийн харьяалалтай байна.

5. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдал, цус алдалт, ШОК-н хүндрэлээр нас баржээ.

/хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

19.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл./хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/

 

20.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08-р сарын 16-ны өдрийн  №7138 тоот актын дүгнэлт хэсэгт

     1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Өнөрцэцэгийн гэх цусанд 2,4 промили спиртийн агууламж илэрч байна.

/хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/

21. Тээврийн хэрэгсэлд үзлэг, шинжилгээний хийсэн тухай 2016 оны 08-р сарын 30-ны өдрийн  №02/16 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас/

22.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08-р сарын 24-ний өдрийн  №11593 тоот актын дүгнэлт хэсэгт

1. Эрдэнэбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй.

/хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/

 

 

23.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08-р сарын 25-ны өдрийн  №11594 тоот актын дүгнэлт хэсэгт

1. Болортуяагийн биед баруун талын 2,3,4,7,8-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралт, зүүн зовхи, цээж, баруун өгзөгөнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн тохойд шарх, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/

24.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08-р сарын 24-ний өдрийн  №5105 тоот актын дүгнэлт хэсэгт

1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 83-86 дугаар хуудас/

25.Шинжээчийн  2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №100 тоот дүгнэлт. /хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/

26.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын 2016 оны 08-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...Би 2016 оны 08-р сарын 11-ний өдөр 14 цагийн үед10 дугаар хороололд байрлах Билэг салон буюу ажил дээрээ очих үед цуг ажилладаг Ж.Болортуяа, Б.Өнөрцэцэг нар байсан ба Б.Өнөрцэцэг хэдүүлээ салхинд гаръя, Сэлэнгэ яваад ирье гэхээр нь мөнгө төгрөг муутай байна гэхэд талийгаас надаа мөнгө байгаа, тэрэн дээр хэдэн төгрөг нэмээд явъя гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа чимээгүй болчихоор нь явахаа больсон юм байх гэж бодоод байж байтал орой ажил тарах дөхөөд 18-н цагийн үед яриад явахаар болсон. Ингээд би Болортуяагийн Приус-10 маркын машиныг жолоодож явахаар болсон учир нь Болортуяа, Өнөрцэцэг хоёр жолооны үнэмлэх байхгүй гэсэн. Ингээд 19.00 цагийн үед Улаанбаатар хотоос гараад хуучин 22-н товчооны цаана байрлах Номин агуулах дэлгүүрээс хиам, талх, ус, 10 лааз пиво, 3 том лаазтай пиво аваад замдаа гарсан. Ингээд 23 цагийн үед Дархан-уул аймаг ороод гүүрний хажууд байх зогсоол дээр зогсоод хүнээс Сэлэнгэ аймаг явах зам заалгаж аваад цааш хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад огцом доошоо уруудаад явж байтал машины МРЗ дээр явж байсан дуунууд мааслаад байхаар нь би янзлах гээд оролдтол машин замын хажуу талын шороон тал руу гарах гэж байгаа юм шиг харагдахаар нь зам руугаа орох гээд зүүн гар тал руу дартал машин жоохон дайвалзах үед талийгаач шууд өөр рүүгээ жолооны хүрд татахаар нь би машинаа тэгшлэх гээд буцаад өөр рүүгээ татсан тэр үед машин замын хажуу руу гараад өвс харагдсан. Би ээжээ гэж орилоод тэгээд л түс тас хийгээд тачигнаад явсан. Тэгээд би тухайн үедээ ухаан алдсан байсан бололтой нэг сэрсэн чинь хажууд хэнч байхгүй байхаар нь би ослын бүсээ тайлаад машинаас буутал Болортуяа машины ар талын хаалганы хажууд хэвтэж байхаар нь зүгээр үү гэхэд юм хэлээгүй, тэгээд би цаашаа талийгаачийг хайтал машины баруун гар талын дугуйны ойролцоо хэвтэж байсан, тэгээд би эмнэлэг цагдаа дуудах гэтэл утсанд ямарч сүлжээ байгаагүй. Тэгэхээр нь би зам руу гараад замд явж байсан машиныг зогсоогоод эмнэлэг, цагдаа дуудаад өг гэж гуйсан.  ...гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 102 дугаар хуудас/

 

27.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын 2016 оны 08-р сарын 30-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... ...гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/

28.Шүүгдэгч С.Эрдэнэбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

Талийгаачийн буяны ажлын зардал тооцоо /хавтаст хэргийн 133-152 дугаар хуудас/

 29.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 173 -175 дугаар хуудас/

30.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 176-178 дугаар хуудас/зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл оногдуулах

ял шийтгэлийн талаар дүгнэхэд

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эрдэнэбаярыг 18-14 УНЗ улсын дугаартай Тоёота Приус10 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2016 оны 08 дугаар  сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Арангатын даваа-г уруудаж яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, иргэн Б.Өнөрцэцэгийн амь насыг нь хохироон, Ж.Болортуяагийн биед хүнд гэмтэл учруулсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар  зүйлийн 215.3-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

                Эрдэнэбаярын дээрхи гэмт үйлдлийг, гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ. Учир нь Замын хөдөлгөөний тухай хууль, дүрэмд Жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцох талаархи зохицуулсныг жолооч Эрдэнэбаяр зөрчиж, замын хөдөлгөөний дүрмийн дээрхи шаардлагыг хангаагүй ба зорчин яваа Өнөрцэцэг, Болортуяа нарыг пиво, согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд нь хориг саад тавиагүй, тэдний аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс осолд өртсөн, нөгөөтэйгүүр ослын үед жолооч хурд хасах, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, энэ арга хэмжээг жолооч авсан бол осолд өртөхөөс хамгаалах боломжтой байсан, замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсээгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсныг тодорхойлсон байхаас гадна, тээврийн хэрэгслийн хурд хасахад ямар нэгэн саад бэрхшээл байхгүй, тормоз гишгиж, зогсоох арга хэмжээ авах боломж хангалттай, ослын газарт хурд хасч, зогсоох арга хэмжээ авсан ямар нэг ул мөр гараагүй, осол болсны дараа хэргийн газарт хамгаалалт тогтоосон тул ул мөр балраагүй, машины дугуйны мөрөнд ийм үйлдэл илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг  үндэслэлтэй, өөрөөр хэлбэл хэргийн бодит нөхцөл байдалтай дээрхи дүгнэлт нийцэж байна гэж Шүүх дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалж үзэхэд Хохирогч Б.Өнөрцэцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийгөө хянах чадвар сул дорой байсан нь Шинжилгээнд ирүүлсэн Б.Өнөрцэцэгийн гэх цусанд 2,4 хувийн спиртийн агууламж илрэв гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн, 2016 оны 08-р сарын 16-ны өдрийн  №7138 тоот дүгнэлт, Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн задлан хийсэн 2015 оны 12-р сарын 16-ны өдрийн  № 105 тоот дүгнэлт, мөн шинжээч эмч Т.Насанжаргалын...Талийгаачийн биеэс авсан цусанд 2.4 промиллийн спирт илэрсэн нь  согтолтын дунд зэрэгт хамаарна. Дунд зэрэг гэдэг маань хүн биеэ хянах чадваргүй, орчны баримжаа алдсан согтолтонд хамаарна гэж ойлгоно.

 Иймд талийгаачийн хувьд өөрийгөө хянах чадваргүй, орчны баримжаа алдсан дунд зэргийн согтолттой явж байсан гэж үзнэ  ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хохирогч Болортуяагийн хувьд мөн согтууруулах ундаа хэрэглэсэн осолд өртөж хүнд гэмтэл авсан байна.

 Согтууруулуах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоочийн анхаарал боломжийг алдагдуулж талийгаач эмэгтэй руль булаацалдсан, үүнээс улбаалан осол аваарьт өртсөн байж болзошгүй байгаа нь зорчигчийн буруу гэхээсээ жолоочийн буруу гэж үзвэл зохино. Жолооч энэ бүхнийг зөв удирдсан бол энэ байдал үүсэхгүй байх боломжтой.

Дээрхи байдлуудад үндэслэн шүүх С.Эрдэнэбаярыг 18-14 УНЗ улсын дугаартай Тоёота Приус10 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2016 оны 08 дугаар  сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Арангатын даваа-г уруудаж яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, иргэн Б.Өнөрцэцэгийн  амь насыг нь хохироон, Ж.Болортуяагийн биед хүнд гэмтэл учруулсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар  зүйлийн 215.3-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж үзлээ.

Иймээс шүүгдэгч Сумъяабазарын Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалтуудыг үндэслэн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл зохино.

Хохирогч Сэсэрмаагийн Бямбасүрэн нь шүүх хуралдаанд оролцоогүй ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зайлшгүй зардал зэргийг бүрэн хүлээж авсан, хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгааг харгалзан шүүгдэгчийн зүгээс хохиролыг бүрэн барагдуулсан гэж шүүх үзлээ.

Хохирогч Жаргалнасангийн Болортуяа нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй ба хохирол төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүний эрүүл мэндэд учирсан хохиролын зардал нөхөн төлөгдсөн гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Жаргалнасангийн Ганбат нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй боловч тээврийн хэрэгслийн эд анги, эвдрэл гэмтэлд учирсан зардалд үнэлгээний байгууллагаас тооцсон 1.662.000 төгрөгийг төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн ба уг зардлыг шүүгдэгч төлөөгүй байх тул гаргуулж олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч  С.Эрдэнэбаяр нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгө эрх хязгаарласан бусад арга хэмжээ аваагүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТА № 0492739 дугаартай тээврийн хэрэгслийн татвар төлөгчийн гэрчилгээ, № 00760639 дугаартай Жаргалнасангийн Ганбатын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, № 242782 дугаартай Сумъяабазарын Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар тус тус холбогдох байгууллага, эзэмшигчид нь шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч С.Эрдэнэбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял дээр үндсэн ялыг нэмж, оногдуулсан ялыг энэ удаа биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж Шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297,  298–р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Зэхц овогт Сумъяабазарын Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын ам нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сумъяабазарын Эрдэнэбаярын Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  С.Эрдэнэбаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 01 /нэг/ сарыг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч  С.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТА № 0492739 дугаартай Жаргалнасангийн Ганбатын тээврийн хэрэгслийн татвар төлөгчийн гэрчилгээ, № 00760639 дугаартай Жаргалнасангийн Ганбатын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, № 242782 дугаартай Сумъяабазарын Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар гэрчилгээг эзэмшигч Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 486 дугаар байрны 13 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Голчууд овгийн Жаргалнасангийн Ганбатад, жолоочийн үнэмлэхийг хурааж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 29.1, 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаяраас 1.662.000 /нэг сая зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 486 дугаар байрны 13 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Голчууд овгийн Жаргалнасангийн Ганбатад олгохоор тогтоосугай.

7.Шүүгдэгч Эрдэнэбаяр нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар   С.Эрдэнэбаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 01 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.  

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогчид, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                       Б.НАЦАГДОРЖ