Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0145

 

 

  

     2022           03           01                                        128/ШШ2022/0145

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Э,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г,

Хариуцагч: БЗДЗД,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Х,

Гуравдагч этгээд: Д.Н,

Гуравдагч этгээд: Д.Д,

Гуравдагч этгээд Д.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч: Д.Ц.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Д.Д, Д.Н нарт газар эзэмших эрхийг давхардуулан олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, О.Х, гуравдагч этгээд Д.Н, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ц.Э нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Д.Д, Д.Н нарт газар эзэмших эрхийг давхардуулан олгосныг хүчингүй болгуулах”-аар маргасан.

          2.Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13/448 тоот албан бичгээр хариу өгсөн. Тус шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн. /Ц.Х Ц.Эаас 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр авсан итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон/

          4. Нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Ц.Э миний бие өөрийн төрсөн эгч Ц.Хаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөм 12 гудамжны 4 тоот газрыг анх удаа бүртгэлд оруулж, 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 155 тоот захирамж гаргуулан авсан билээ.

          Миний аав 2003 онд нас барж, ээж маань тархиндаа харвалт өгч, хагалгаа
хийлгэн зайлшгүй асран хамгаалагч шаардлагатай болсон тул миний бие бага
насны 3 хүүхдийн хамтаар сургууль, цэцэрлэгт өгч, зөөхөд ойрхон тул ээжийнхээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар 40 мянгатын 12 байрны 8 тоотод байранд ээжтэйгээ хамт амьдрахаар болсон билээ. Энэ хугацаанд хашаа маань эзэнгүй л байсан бөгөөд хааяа гаднаас нь эргэж тойроод, хараад явдаг байсан.

          Баянзүрх дүүргийн Засаг даргын Газрын албанд 2019 оны 10 сард хашааны бичгээ шинээр авъя гээд хандахад манай газрыг иргэн Д.Д, Д.Н нарт давхардуулан олгосон байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          5. Нэхэмжлэгч Ц.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “2019 оны А/358 дугаар захирамж гарч байх үед Засаг даргын орлогч үүрэг гүйцэтгэгч байсан. Тухайн үед Газрын албанд хандахад ямар ч гэрчилгээ гарахгүй байгаа гээд хоёр жил гаруйн хугацаатай Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа явагдаагүй. Газрын гэрчилгээ гараагүй байхад энэ гэрчилгээ нь гарсныг би хууль бус гэж байна. Түүнээс гадна Ц.Э гэдэг хүнд энэ газраас өөр өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй гэсэн лавлагааг аваад ирсэн, өөрийн гэсэн орон сууц байхгүй, нэхэмжлэгч груптт байдаг, одоо өвчтэй байгаа. Гэрч н.Бямбасүрэнгийн мэдүүлгээр бид нар энэ газрыг ямар ч хүнд зараагүй, ямар ч хүнд өгөөгүй гэж өгсөн. Тэгэхэд зарагдаад, давхар давхар Ц.Эын барилгыг хүртэл зараад явж байна гэдэг нь Газрын албаны хийж байгаа үйл ажиллагаа. Газрын албаны хийж байгаа үйл ажиллагаа, бусармаг зүйл сошиалаар маш их тавигддаг.” гэв.

          6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгч Ц.Эын хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар гэзар ашиглах эрхтэй байсан, уг газар ашиглах эрхийг 2010 онд газрын кадастрын мэдээллийн санд иргэн Ц.Эын нэр дээр бүртгэж баталгаажуулсан. Энэ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна.

          Гэтэл Д.Д, Д.Н нарт маргаан бүхий 2019 оны А/358 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байдаг. Ингэхдээ Ц.Эын газрыг Д.Д, Д.Н нарт давхардуулан олгох замаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Д.Д, Д.Н нар нь бусдаас худалдан авсан газрынхаа тодорхой хэмжээний газрыг гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлээд, бусдаас шилжүүлэн авсан газраа өөрийн нэр дээр гаргуулсан гэж тайлбарладаг.

          Энэ талаар шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан баримтаар Д.Д, Д.Н нар газар эзэмших эрх авахаар Баянзүрх дүүргийн Газрын албанд хандахад Ц.Э гэдэг хүний нэр дээр энэ газар бүртгэлтэй байна, Ц.Этай ойлголцоод учраа олоод ир гээд Ц.Э газраа худалдчих гэж холбогдсон, ярьсан гэх мэтийн үйл баримтуудаас харахад тухайн үед Д.Д, Д.Н нар маргаан бүхий актыг гаргаж газрыг эзэмшүүлэх үед хариуцагчийн зүгээс Ц.Эын газар эзэмших, ашиглах эрх хүчин төгөлдөр хэвээр, уг газар ашиглах эрх газрын кадастрын мэдээллийн санд хууль ёсны дагуу бүртгэсэн байсан байна гэдгийг гуравдагч этгээд, хариуцагч мэдэж байсан.

          Зүй нь хариуцагч захиргааны байгууллага хууль ёсны хувьд ямар ажиллагаа явуулах ёстой вэ гэхээр Ц.Эын газар ашиглах эрхийг хүчин төгөлдөр байгаа, тэр нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгааг хариуцагч тухайн үед мэдэж байсан. Ингэж мэдэж байгаа нөхцөлд өмнөх газар ашиглах эрхийг хүчингүй болгох ч юм уу, ямар нэгэн акт гараагүй нөхцөлд шууд гуравдагч этгээдэд хандаж Ц.Этай уулзаад ир гэдэг юм уу, Ц.Эын газар эзэмших, ашиглах эрх бүртгэлтэй байна, Ц.Этай учраа ол гэсэн байдлаар хандсан бол хуульд нийцэхгүй. Зүй нь Газрын тухай хуульд зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалттай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байна гэдэг хуулийн зохицуулалтаар газар олгох боломжгүй байсан. Гуравдагч этгээд нь энэ газрыг шинээр эзэмшсэн биш, н.Д гээс худалдаж авсан газар гэж тайлбарладаг.

          Гэтэл гуравдагч этгээдийн газар ашиглах эрх нь бусдаас худалдаж авсан газраа хэсэгчилж хуваагаад иргэдийн нэр дээр шилжүүлж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх ажиллагаа нь 500 м.кв газрын хүрээнд явсан байдаг учраас энэ бол шинээр газар олгох гэдэг зохицуулалтад нийцэхгүй, бусдаас газар шилжүүлэн авах гэдэг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэдэг хуулийн зохицуулалтад хамааралгүй учраас энэ нь хууль бус болсон юм. Ийм учраас маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

          Газрын тухай 1994 оны болон 2002 оны хуульд газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлын зарчмыг баримтална гэдэг зохицуулалт байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, түүнд хамаатай үйл баримтын тухай ойлголтын хүрээнд хууль хэрэглээ ярих юм.

          Нийтийн эрх зүйн хүрээнд иргэн, хуулийн этгээдэд газрыг эзэмшүүлж, ашиглуулах, газар эзэмших, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих гэдэг нь дан ганц захиргааны байгууллагын үүргээр хэрэгждэг ажил. Үүн дээр ямар нэгэн байдлаар газар ашиглагч, эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа байвал тэр буруутай үйл ажиллагааг хуульд нийцүүлээд энэ нь буруу, зөв гэдгийг шийдэх захиргааны байгууллага байдаг.

          Газар ашиглах эрх дуусгавар болжээ гэж бодоход ямар нэгэн байдлаар газар ашиглах эрх хууль зүйн хувьд хугацаа нь дуусгавар болоод дуусгавар болсон бол дуусгавар болгосон тухай захиргааны акт гарахгүй ч гэсэн газар ашиглах эрх нь дууссан бол зөвхөн гэрчилгээ, захирамж хоёроор хязгаарлагдахгүйгээр кадастрын мэдээллийн санд бүртгэх, кадастрын мэдээллийн сангаас хасах гэдэг ийм үйл ажиллагаа цогцоор явж байж газар эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн хэрэгжилт хангагддаг.” гэв.

          7. Хариуцагч БЗДЗД шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

          “Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар иргэн Ц.Эд тус дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 17-4 тоот 923 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

          Иргэн Ц.Эын 2001 оноос хойш газрын төлбөр төлсөн тухай баримтыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөрийн системээс шүүж үзэхэд төлбөр төлж байсан талаарх баримт олдоогүй болно. Үүнээс үзэхэд Ц.Э нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж байгаагүй нь харагдаж байна.

          Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд иргэн Ц.Б нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ өгч, дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

          Ингээд Ц.Б нь иргэн Д.Д д тус дүүргийн 20 дугаар хороо,
Баяндөхөмийн 12-4 тоот газрыг 2004 онд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн. Дээрх бэлэглэлийн гэрээний дагуу Д.Д нь газар эзэмших хүсэлтээ өгч дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар захирамжаар иргэн Д. Д д тус дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 12-4 тоот газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

          Иргэн Д.Н нь 2005 онд иргэн Д.Дгээс тус дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 12-4 тоот газрыг худалдан авсан байна. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд иргэн Д.Н,
Д.Д нар нь газар эзэмших хүсэлтээ өгч, дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамжаар эдгээр иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

          Дээрх захирамжийг гаргахдаа Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр
зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дүгээр захирамж, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг тус тус үндэслэсэн байдаг.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн
52.2.4-т нэхэмжлэлд “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг тусгана, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарна гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.

          Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжид үндэслэж гарсан захиргааны акт бөгөөд хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох, үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

          8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагатай учраас хуульд юу гэж заасан бэ гэдгийг хэрэгжүүлэх ёстой. Газрын тухай хуульд газар эзэмших, ашиглах гэдгийг ялгаатай тодорхойлсон. Нэхэмжлэгч ашиглаж байсан гэж байна.

          Ашиглах хугацаа ямар байсан гэдгийг тухайн үеийн газрын байцаагч Н.Э гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Ц.Э гэдэг хүнийг газар эзэмших, ашиглахад нь тэгш байдлыг хангаагүй зүйл байхгүй. Тухайн үед тэгш байдлыг олгосон болоод эрхийг хангасан болоод газар ашигласан байгаа.

          Тэгш байдлыг хангахтай холбоотойгоор Газрын тухай хуульд газар төрийн хяналт, хамгаалалтад байна гэсэн зарчим баримтална. Төрийн хяналт хамгаалалт гэдэг бол иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, бүх шатны Засаг даргаар дамжиж Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хяналтыг хэрэгжүүлэхээр байгаа. 2000 оноос хойш 18 жилийн турш гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөр төлөхгүй ингээд 18 жилийн турш дараад байна гэж байхгүй.

          Үүнд хуульд заасан зарчмын хүрээнд хяналт, хамгаалалтаа хэрэгжүүлсэн. Тийм учраас 2019 онд тухайн газар дээр шинээр эзэмших асуудал шийдэгдсэн байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

          9. Гуравдагч этгээд Д.Д, Д.Н нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

          “Гуравдагч этгээд Д.Н миний бие 2005 онд иргэн Д.Дгээс Баянзүрх дүүргийн 20-р хороо, Баяндөхөм, 12-р гудамжны 4 тоотод байрлах Ү-2204012180 дугаарт бүртгэлтэй 111 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хашааны 1600 мкв газрын хамт гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан худалдан авсан болно.

          Тухайн үед газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг
шилжүүлж авч амжаагүй боловч өнгөрсөн хугацаанд уг газар байшинг бид
гэр бүлийн хэрэгцээндээ эзэмшиж, ашиглаж ирсэн. Газрын гэрчилгээг би
өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байсан боловч газрын албанаас
1600 мкв газрыг нэг хүнд дангаар нь эзэмшүүлэх боломжгүй гэр бүлийн
гишүүдийн нэр дээр хуваан эзэмшиж болно гэсэн.

          2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20-р хороо, Баяндөхөм,12-р гудамжны 4 тоотод байрлах Ү-2204012180 дугаарт бүртгэлтэй 111 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Дгээс төрсөн дүү Д.Н. ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан ба уг орон сууц байрладаг хашааны  1600 мкв газраас 700 м.кв газрыг дүүгийн нэр дээр шилжүүлж авсан. Ингээд үлдсэн 900 мкв газрын гэрчилгээг 2018 онд
өөрийн нэр дээр болон ээж Д.Д нарын нэр дээр гаргуулах хүсэлтийг
Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан.

          Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А\358 тоот захирамжаар шийдвэрлэж, ээж Д.Дгийн нэр дээр Баянзүрх дүүргийн 20-р хороо, Баяндөхөм,12-р гудамжны 46 хаягт 700 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204004259 дугаарт, Д.Н миний нэр дээр Баянзүрх дүүргийн 20-р хороо, Баяндөхөм,12-р гудамжны 4а хаягт 222 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204004601 дугаарт тус тус бүртгэж гэрчилгээ олгосон юм.

          Нэхэмжлэгч нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2003
оноос хойш уг хашааг эзэмшиж ашиглаж яваа мэтээр бодит байдалд
нийцээгүй, ор үндэсгүй худлаа зүйлийг бичсэнд ихэд гайхаж байна.

          Бид энэ газрыг 2005 оноос хойш ашиглаж эзэмшиж байгаа ба өнгөрсөн
хугацаанд биднээс өөр энэ хашааг эргэж тойрч явсан хүн байхгүй. Бидэнтэй
уг хашааны талаар уулзаж учирч явсан хүн байхгүй болно.

          Гуравдагч этгээд бид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм,12-р
гудамжны 4 тоотод байрлах Ү-2204012180 дугаарт бүртгэлтэй 111 мкв
талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон уг хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа
хашааны 1600 мкв газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа тул нэхэмжлэгч
нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          10. Гуравдагч этгээд Д.Д, Д.Н нарын өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Гэрчүүдийн мэдүүлэгт “өгөө, солилцоогоор бид нар буцааж авсан, Ц.Э гэдэг хүний газар биш” гэсэн байгаа. Тэгэхээр би нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

          Гуравдагч этгээд Д.Д, Д.Н нарын хувьд БЗДЗДас тухайн үед гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон асуудал нь хуульд нийцсэн, зөв зүйтэй шийдвэр гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ газрын түүхийг харах юм бол нэхэмжлэгчийн хувьд тухайн газартай хамааралтай байж болох энэ асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тухайн үеийн захирамжаар газрыг ашиглах зориулалтаар захирамж гарсан байдаг.

          Тухайн газрыг ер нь ашиглаж, эзэмшиж байгаагүй. Газар ашиглах эрх олгосон захирамжийн хүчинтэй хугацаа ямар байсан, газар ашиглах эрхээ зохих ёсоор хэрэгжүүлсэн юм уу гэдэг асуудал дээр ярих юм бол Ц.Эын хувьд Гачуурт тосгоны хувьд гэрчээр оролцсон тухайн үеийн газрын асуудал хариуцсан байцаагчийн зүгээс мөн газрыг хоёр жилийн хугацаатайгаар газар ашиглах зориулалтаар олгож байсан.

          Хугацаа дууссанаар сунгаагүй, дахин газар эзэмшээгүй учраас Ц.Эын газар эзэмших нь хугацаагаар дуусгавар болсон. Засаг даргын хувьд гаргасан захирамжийнхаа хувьд хүчингүй болгоогүй гэдэг асуудал дээр Баянзүрх дүүргийн Засаг даргыг буруутгаж болохгүй. Үүнээс хойш дараагийн захирамжууд гарсан. Иргэн н.Бямбадорж, дараа нь н.Дамдинсүрэн, н.Дамдинсүрэнгээс Д.Н, Д.Д нарт олгосон. Өөр захирамж гарснаар өмнөх захиргааны акт буюу захирамжийн үйлчлэл зогсох ёстой. Тэгэхээр бодит байдлаас харах юм бол 2001 оны холбоотой захирамж дээр газар эзэмшүүлэх эрхийг Ц.Э бодитой хэрэгжүүлээд явж байсан зүйл тогтоогдохгүй байгаа.

          Газартай холбоотой ямар нэгэн харьцаа үүсгээгүй байсан. Харин 2019 онд Д.Д, Д.Н хоёр газрыг өөрсдийн нэр дээр бүртгүүлж авахдаа 2005 онд хийгдсэн гэрээ, хэлцлийн дагуу 2005 оноос эзэмшээд, ашиглаад явж байсан хүмүүс. Кадастр дээр байсан мэдээллээр

           Ц.Эын нэр дээр тухайн газар давхцалтай байна гэдэг асуудлаар хандахад энэхүү газрыг бусдад олгосон байна гэдэг байдлаар мэдээлэл авч байгааг нэг талаасаа овжиноор ашиглаж, нөгөө талаасаа үүнээс ашиг олчихъё гэсэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгүүлээд явж байна гэж ойлгож байна. Хариуцагч нарын тайлбар өмнө нь яригдаж байсан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг эзэмшиж, ашиглах эрх байх ёсгүй, Засаг даргын захирамж тухайн үедээ гараагүй ч гэсэн өнөөдрийн газар эзэмшиж байгаа этгээдүүдийн хувьд газраа ашиглаад явах боломжтой.

          Гуравдагч этгээд Д.Д, Д.Н нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй. Д.Д, Д.Н нарын хувьд тухайн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ хийгдээд эрхийн гэрчилгээ олгогдсон. Тэгэхээр газар эзэмшигчийн хувьд өнөөдөр хүчин төгөлдөр хуулийн дагуу газар эзэмших эрх нь хууль ёсны байгаа учраас Ц.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

          Захиргааны ерөнхий хуулийн дагуу энэ газартай холбоотой асуудал дээр БЗДЗДас гаргаад байгаа захирамжийн хувьд Ц.Эын эрх, ашгийг хохироож, Ц.Эын газар эзэмших эрхийг хөндсөн зүйл яригдах ёсгүй юм. Ц.Эын газар дээр давхцуулаад олгочихсон зүйл байхгүй гэдгийг ойлгож шийдвэр гаргах нь зүйтэй байх гэж үзэж байна.

          Газар ашиглаж байгаа иргэн зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө. Төлсөн юм уу, төлөөгүй. Төлсөн баримт байхгүй. Газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудал дээр энэ хуулийн 27-д хэрвээ газар эзэмшсэн үү гэвэл Ц.Э газар эзэмшээгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд үүнд хамаарал байхгүй.

          Газар эзэмшигчийн эрх, үүргийн хувьд газар ашиглагчийн хувьд 33-т заасны дагуу энэ үүргээ биелүүлэх ёстой. Хуучин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигч, ашиглагч үүргээ газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж, газрыг зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх хуулийн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь хүчин төгөлдөр байсан гэж үзэх боломжгүй байгаа юм.” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1.Дараах үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн/1-р хавтасны 48 дахь тал/ Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ц.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Д.Д, Д.Н нарт газар эзэмших эрхийг давхардуулан олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Ц.Э өөрийн төрсөн эгч Ц.Хаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөмийн 12-4 тоот хашаа байшинг шилжүүлэн авах хүсэлтийг /1-р хавтасны 19 дэх тал/ 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаж, тус дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Ц.Эад Баяндөхөмийн 17-4 тоот хаягт газар ашиглах эрхийг олгосон. /1-р хавтасны 22 дахь тал/

4.Мөн хаягт орших газрыг ашиглах эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар /1-р хавтасны 149 дэх тал/ Ц.Бид олгож, 4837 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ/1-р хавтасны 38 дахь тал/, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20-605 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хавтасны 39 дэх тал/ олгожээ.

5.Ц.Б нь 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг газраа Д.Д д /1-р хавтасны 40 дэх тал/ шилжүүлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар захирамжаар Д.Д д дээрх хаягт газар эзэмших эрх олгосон./1-р хавтасны 44 дэх тал/

6. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамжаар Д.Дд 12-4б хаягт 700 м.кв, Д.Над 12-4а хаягт 223 м.кв газар эзэмшүүлсэн /1-р хавтасны 48 дахь тал/ бөгөөд ийнхүү эзэмшүүлсэн газар нь Ц.Эын дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Ц.Эад ашиглах эрх олгосон Баяндөхөмийн 17-4 тоот хаягт байрлах газартай давхцаж байна.

7.Тодруулбал, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1/2568 дугаар албан бичгээр “... нэгж талбарын 18659312822905 дугаар бүхий 922 м.кв талбайтай газар /1-р хавтасны 18, 164 дэх тал/ нь иргэн Ц.Эын нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн.

2020 оны 9 дүгээр сарын зурган мэдээлэлд дээрх нэгж талбар 2 хуваагдан нэгж талбарын 1332906098 дугаартайгаар Д.Нын нэр дээр, 1332906087 дугаартайгаар Д.Дгийн нэр дээр бүртгэгдсэн /1-р хавтасны 166 дахь тал/...” гэж,

Тус газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/26 дугаар албан бичгээр “...2006 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18659312808905 дугаар бүхий 1623 м.кв газар нь ХБ74082311 регистрийн дугаартай иргэний нэр дээр /Ц.Э/... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжийг үндэслэн  газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн.

2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд 18659312808905 дугаар бүхий 922 м.кв газар нь ХБ74082311 регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн “ /2-р хавтасны 186 дахь тал / гэсэн лавлагааг тус тус ирүүлжээ.

8.Уг 12-4 тоот хаягт байрлах хашаа нь Ц.Бийн хийлгэсэн 18659312808905 нэгж талбар бүхий газрын кадастрын зургаар нийт 1623 м.кв хэмжээтэй  бөгөөд үүнээс байшин байрлаж байгаа 700 м.кв газрыг Д.Наранбат 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилсөн байдаг. /1-р хавтасны 95 дахь тал/

9.Уг хашааг нийтэд нь Д.Наранбат, Д.Д, Д.Н нар Д.Дгээс худалдан авсан гэх боловч ... 922 м.кв газар нь кадастрын мэдээллийн санд Ц.Эын нэр дээр бүртгэлтэй гэх шалтгаанаар газар эзэмших эрхээ шийдвэрлүүлж чадаагүй байсан” гэж гуравдагч этгээд Д.Н тайлбарладаг.

10.Гэрч Ц.Б “... би уг хашааг 1991 онд өөрөө барьж, байшинг босгоод дутуу барьсан байшинтай нь Ц.Эын аавд 350.000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2001 онд өөрийнхөө хашаа байшинг буцаагаад н.Нямдоржоос худалдан авсан. Миний ойлгосноор н.Нямдорж С.Бямбасүрэнтэй наймаа хийсэн юм шиг байгаа юм. ... Үүний дараа 2005 онд Д.Д д хашаа байшинтай нь 6.000.000 төгрөгөөр зарсан.”, /1-р хавтасны 202, 203/

Гэрч С.Бямбасүрэн “Уг газрыг Ц.Эыг авгай аваад ирэхэд нь таллаж аваарай гэсэн. Ц.Хаас салахдаа үлдээгээд явсан. Хашаан доторх байшинг би барьж байсан. н.Нямдорж худалдаж аваагүй, өвөлд нь гэрээ бариад, ээжийгээ агаарт гаргая гээд зунд нь арын байшинд түр амьдарч байсан..” /1-р хавтасны 241-244/

Гэрч А.Батзориг “... Ц.Эын хашааны цаад талд байшинтай айл байгаа, наад талын хэсэгт айл бууж байгаагүй хоосон байдаг. Байшинд зун хүн харагддаг задгай хэсэгт бол байхгүй.  Надад Ц.Э хашаагаа харж байгаарай гэж захисан. Хашаа нурсан байна гэхэд янзалчих очиж амжихгүй байна гэсэн. Байшинтай хэсэг хоосон хэсэг нь нийтээрээ нэг хашаанд байдаг”

Гэрч Н.Э “... Ц.Эын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч байсан, төлбөр төлж байсныг санахгүй байна.” /2-р хавтасны 164 дэх тал/ гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.

11.Түүнчлэн Ц.Бийн Д.Д д шилжүүлсэн газрын хэмжээ нь газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээнд 700 м.кв /1-р хавтасны 40 дэх тал/, Д.Дгийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд 500 м.кв /1-р хавтасны 43 дахь тал/ хэмжээтэйгээр тусгагдсан байх тул Д.Дгээс хашааг нийтэд нь Д.Наранбат, Д.Д, Д.Н нар худалдан авсан гэх тайлбар зөрүүтэй байна.

12.Баянзүрх дүүргийн 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Ц.Эад олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй бөгөөд 1994 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно.”, мөн зүйлийн 3-т “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30,31,З2 дугаар зүйлийн 1,З,4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 10-т заасан журмыг баримтална.” гэж зааснаар газар ашиглах эрх олгох, уг эрхийг шилжүүлэх, газар ашиглуулах шийдвэр гаргах журам нь газар эзэмших эрхийн нэгэн адил зохицуулагдах, газар ашиглах гэрээний хугацааг газар эзэмших гэрээний нэгэн адил гэрээгээр зохицуулж байжээ.

13.Нэхэмжлэгч Ц.Э газар ашиглах эрхээ сунгуулах, эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаж байсныг нотлох баримт байхгүй, түүнчлэн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 18659312822905 дугаар бүхий газрын кадастрын зураг /1-р хавтасны 18/ бүртгэгдсэн боловч Ц.Эад газар эзэмших эрх олгосон захирамж гараагүй.

14. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамжаар Д.Дд эзэмшүүлсэн 700 м.кв, Д.Над эзэмшүүлсэн 223 м.кв газар нь Ц.Эад мөн дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар ашиглах эрх олгосон газартай бүхэлдээ давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ.

15. Иймээс хариуцагчаас гуравдагч этгээд Д.Д, Д.Н нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхэд нэхэмжлэгч Ц.Эын газар ашиглах эрх хүчинтэй байсан эсэх, мөн ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд эдгээр нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг дээрх нөхцөл байдлыг шалган тогтоож, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 1994 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 3-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН