Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д ургийн овогтой Дийн С-д холбогдох 2216002190063 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Д сумын Б багт оршин суух, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээр 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 20 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ДЕ***** регистрийн дугаартай, Д овгийн Дийн С,

Холбогдсон хэргийн талаар:

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Сыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баян-Өндөр багийн төвд Д.Сийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Д.Гтой маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь үүдэн дээд 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, хэлний зүүн талд өнгөц язрал, зүүн хөмсгөнд шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.С Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баян-Өндөр багийн төвд Д.Сийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Д.Гтой маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас Д.Гын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр үүдэн дээд 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, хэлний зүүн талд өнгөц язрал, зүүн хөмсгөнд шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.С гэм буруутай болох нь: Шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Г, гэрч Б.С, Х.Б, С.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,  Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 307 дугаартай “1.2. Иргэн Д.Гын биед үүдэн дээд 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, хэлний зүүн талд өнгөц язрал, зүүн хөмсгөнд шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүдээс 2 шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. 5. Дээрх гэмтлүүдээс үүдэн 2 шүдний булгаралт гэмтэл болон зүүн хөмсгөнд үүссэн шарх гэмтлүүд нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 103-104-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Шүүгдэгч Д.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь хохирогчид 400,000 төгрөг төлсөн, хохирогч Д.Г нь Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Д.Сад ямар нэг гомдол саналгүй...” /хх150/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

             2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Сын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогчид хохирол төлбөр 400,000 төгрөг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний цалин хөлс, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын 500,000 төгрөгөөр торгуулах дүгнэлт зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Д ургийн овогтой Дийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сад оногдуулсан 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Ялтан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Сад мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА