| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/70 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н ургийн овогтой Оын Б холбогдох 2316000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Булаг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй ДЖ******* регистрийн дугаартай, Н*** ургийн овогтой О-ын Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох
Шүүгдэгч О.Б нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт байрлах Нарлаг супер маркетын баруун талын засмал зам дээр хохирогч М.З-г зодож биед нь зүүн нүдний доод зовхи, баруун шанаа, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун гуя, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын дотор талд язрал, дээд үүдэн 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Хохирогч М.З-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...намайг 2 гараараа ээлжлээд нүд нүүр хэсэгт цохиж байгаад үсдэж чирээд гуя хөл дээр дэвсээд чирээд байсан... Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би захирлынхаа утас руу залгаад “...нөхөртөө зодуулчихлаа би одоо яах вэ...” гэсэн чинь захирал “...чи наанаа байж бай, би нийгмийн ажилтантайгаа ярилцъя...” гээд утсаа салгасан. Тэгээд захирал цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 51-52 дугаар тал/
2. Гэрч Л.Ц-А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Б миний утсанд залгаад М.Золзаяагийн нөхөр нь хардаад байна, Нарлаг супер маркетын дэргэд байна гэж хэлсэн. Тэгээд манай гэрт байсан хүмүүс тухайн газарт нь яваад очсон чинь зам дээр саарал өнгийн машин Б-ийн машины урд талд хөндөлдөөд зогсчихсон байсан. Бид нарыг яваад очтол Б нь “...та энэ хүн намайг хүргэхээр явуулсан гээд хэлээд өгөөч, нөхөр нь намайг хардаад байна...” гэхээр нь би Б-т болсон явдлын талаар тайлбарлаад хэлээд өгсөн чинь уур нь гараад тайвширч байгаа бололтой, надад манай эхнэр надад хэлэлгүй гарсан, утсаа авахгүй болохоор нь хардаад эхнэрээ 2 цохичихлоо гэсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 54 дүгээр тал/
3. Гэрч Ш.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 07-ны үед байх над руу утсаар залгаад Б нь урьд шөнө намайг зодлоо, ирээд аваач гээд байхаар нь нөхөр бид 2 Говь-Алтай аймагт ирсэн. Бид нарыг Говь-Алтай аймагт ирэхэд миний охин хамгаалах байранд ганцаараа байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 58 дугаар тал/
5. Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...эхнэр нь цаанаас ирээд нөхрөө цааш нь татсан... Эхнэрээ нэг цохиод авахыг нь харсан. Бусдыг хараагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/
6. Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 148 дугаартай “...М.З-ийн биед зүүн нүдний доод зовхи, баруун шанаа, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун гуя, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын дотор талд язрал, дээд үүдэн 2 шүдний гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх 2023.05.06-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт.
7. Хохирогч М.З-ийн прокурорт гаргасан “...миний бие өөрийн нөхөр болох О.Бт 2023 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэр бүлийн маргааны улмаас болж зодуулж биедээ хөнгөн хохирол авсан. Одоо нөхөртэйгөө хамт амьдарч байгаа бөгөөд нөхөртөө санал хүсэлт, гомдол байхгүй учраас манай нөхөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт. /хх-ийн 88 дугаар тал/
8. О.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.З-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч М.З нь Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Миний бие Б-с нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” /хх88/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.
Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт эд шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Бт сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА