| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 221/2025/0002/З |
| Дугаар | 221/ШШ2025/0022 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/ШШ2025/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Шүүгч Г.Мөнхтулга
Нэхэмжлэгч: О.Н, Т.Б
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулаагүйг болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч)-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино” гэснийг зөрчсөн буюу мөрдлөг болгон ажиллаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, Т.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, М.М, иргэдийн төлөөлөгч Ш.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг,
Хэргийн индекс: 221/2025/0002/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Н, Т.Б нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалт болох “Үүнтэй холбогдуулан албан тушаалын орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг ... Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б ... нарт даалгав” гэснийг ноцтой зөрчиж хууль бус томилгоог хийжээ.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төрийн албаны зөвлөлийн сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолын 1.3-т “... албан хаагчийн албан үүргийг хууль журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх”, 1.4-д “Сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу нээлттэй зарлаж, ... төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэн холбогдох журмын дагуу бүртгүүлэх, сонгон шалгаруулалтад тэгш эрхтэй оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авах” гэж тус тус заасныг зөрчжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох”, 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, мөн хуулийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно”, 43 дугаар зүйлийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”, 43.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтыг ноцтой зөрчиж Ч.М-г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилсон. Энэхүү илт хууль бус томилгоо нь нэхэмжлэгч Т.Б-ын эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан үйлдэл болсон юм.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Т.Б Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын орлон гүйцэтгэх болзол шаардлага 100 хувь хангаж байсан.
Т.Б би Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх 100 хувийн боломжтой байсан учраас Ерөнхий сайд Л.О-д Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулах хүсэлт, өргөдлөө гаргасан байдаг. Гэтэл хууль тогтоомжид заасан заалтыг зөрчиж, Ч.М-г шууд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилсноороо миний “хууль ёсны ашиг сонирхол”-ыг зөрчиж, хохироож байна.
Мөн Монгол Улс нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орны хувьд Чикагогийн конвенцын эрх зүйн актад заасныг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй. Тодруулбал, Иргэний нисэхийн тухай хуулийг заавал мөрдөж ажиллах ёстой. Энэ хуулийн 8.7-д заасны дагуу Улсын ерөнхий байцаагч нь шууд орлох Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ёстой байтал ялгаварлан гадуурхаж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дарга н.Б-ын идэвх санаачилгаар тус яамны Агаарын тээврийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Ч.М-г сэлгэн ажиллуулахаар томилсон нь Т.Б-ын эрх ашгийг зөрчсөн.
Зам,тээврийн хөгжлийн сайд С.Б нь Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйл Засгийн газрын агентлаг 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө” гэснийг зөрчиж 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “сэлгэн ажиллуулах тухай” Б/03 дугаар тушаалыг гарган Ч.М-г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилсон нь нэхэмжлэгчдийн “хууль ёсны ашиг сонирхол”-ыг зөрчиж, хохироосон болно.
Ингэснээрээ нэхэмжлэгч О.Н, Т.Б нарын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэг “Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхийг хаан боогдуулж” эрх ашгийг нь хохироосон.
Нэхэмжлэгч О.Н, Т.Б, горлигч Г.Т нар нь 2023 оны 1 дүгээр улиралд Төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн бөгөөд “Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн” байтал энэхүү боломжийг олгохгүйгээр бидний “хууль ёсны ашиг сонирхол”-ыг үгүй болгосон.
Нэхэмжлэгч О.Н нь Ерөнхий сайд Л.О-д Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулах хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийг зөрчиж, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Ч.М нь О.Н-ыг “Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтад орж нэр дэвших эрхтэй” гэсэн хариуг өгсөн байдаг. Гэсэн атал өөрөө болохоор албан тушаалын давуу байдлаа ашиглан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б-той хуйвалдан өөрийгөө Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т заасан өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхгүй хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон байдаг.
Засгийн газар нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах ажлыг хэрхэн гүйцэтгэсэн талаар Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу “ямар ч хяналтын үйл ажиллагааг огт хийгээгүй” бөгөөд энэ хууль зөрчсөн байдал нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа болно. Энэ тухайд нэхэмжлэгч Т.Б нь холбогдох байгууллагад өргөдөл, гомдлоо цаг тухайд нь гаргаж байснаа нотлох баримтаар тус шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч О.Н-ын хувьд өөрийн гишүүнчлэлтэй “Нисэхийн мэргэшсэн ажиллагсдын холбоо”-гоороо Ерөнхий сайд Л.О-д 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот “Гомдол, шаардлага” гаргаж байсан.
Эдгээр өргөдөл, гомдолдоо Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг цаг хугацаанд нь Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Засгийн газар иргэний нисэхийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсний 6.1.2-т “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Улсын ерөнхий байцаагчийг томилох” гэж заасныг удирдлага болгон шударга, зөв зохион байгуулахгүй талаар тодорхой дурдсан байдаг.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу шударга, зөв зохион байгуулж, энэхүү хуульд нийцсэн “Иргэний нисэхийн дээд түвшний ТОП менежер”-ийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилж өгөхийг нэхэмжлэгч О.Н нь хувиараа болон төрийн бус байгууллагын тэргүүний хувиар гаргаж ирсэн байгаа.
Ерөнхий сайд Л.О нь дээр гомдол, шаардлагуудад өнөөг хүртэл хууль тогтоомжид заасны дагуу огт хариу өгөөгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон болохыг дахин илэрхийлж байна” гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагад “Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулаагүйг болон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилохгүй байгаа эс үйлдэхүй Засгийн газрын тогтоол, шийдвэрийг өнөөг хүртэл гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийн 2 дахь хэсэгт “Үүнтэй холбогдуулан албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг ... Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б ... нарт даалгав” гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/03 дугаар тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга Ч.М-г сэлгэн ажиллуулсан байдаг. Тухайн үед Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад тавих шалгуурыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга Ч.М бүрэн хангасан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасан.
Нэхэмжлэлд “... Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох саналаа Засгийн газарт танилцуулснаар “Засгийн газрын тогтоол” гарч улмаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох байсан гэсэн нь Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийн үүнтэй холбогдуулан албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг ... Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б ... нарт даалгав” гэж заасантай нийцэхгүй байх тул үндэслэлгүй болох нь нотлогдож байна.
Засгийн газраас түр орлон гүйцэтгэгчийг томилохгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж, 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолд дурдагдсан нэр дэвшигчийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоолоор томилдог болно.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалт явуулахаар “2023 оны 03 дугаар сарын 9-10-ны өдрийн бүртгэж, шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр авах” зарыг сайтдаа байршуулсан байна. Уг зарын дагуу 5 иргэн бүртгүүлсэн боловч шаардлага хангасан хүн байхгүй үндэслэлээр цуцлагдсан байгаа нь “Засгийн газар анхаарал хандуулаагүй” гэснийг үгүйсгэж байна. Уг сонгон шалгаруулалтад гомдол гаргагч Т.Б бүртгүүлсэн байдаг. Харин Иргэний нисэхийн ерөнхий газарт сэлгэж ажилласан Ч.М нь бүртгүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй болов уу.
Зам, тээврийн хөгжлийн сайдаас “Төрийн албаны тасралтгүй байх зарчим”-ыг хангахын тулд шаардлага хангаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасантай нийцэж байх тул Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийг хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй гэдэг нь няцаагдаж байна.
Нэхэмжлэгч нь “... Засгийн газраас тогтоол, шийдвэр гаргуулахгүйгээр Ч.М-г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилсон. Энэхүү хууль бус үйлдэл нь нэхэмжлэгч Т.Б-ын эрх, эрх чөлөөг хаан богдуулсан үйлдэл болсон юм” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал тул Т.Б нь цаг хугацаанд Төрийн албаны шалгалт өгөөгүй байгаа нь түр орлон гүйцэтгэгчээр томилоход ажлын байранд тавигдах зарим шаардлагыг хангаагүй байсантай холбоотой болно. Үүнийг нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлд “... 2023 оны 1 дүгээр улиралд Төрийн албаны шалгалт өгч тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн” гэж тухайн үед төрийн албаны шалгалт өгөөгүй байгаа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албаны тушаалд өрсөлдөх боломжийг олгоогүй гэсэн нь Засгийн газраас бус өөрөөс нь хамааралтай болохыг харуулж байна.
Нэхэмжлэгч нь ... Нэхэмжлэгч О.Н нь Ерөнхий сайд Л.О-д Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтэд Ч.М-аар “Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтад орж нэр дэвших эрхтэй” гэсэн хариуг өгсөн байдаг. Ийнхүү Ерөнхий сайд Л.О нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчиж нэхэмжлэгч О.Н-ын “хууль ёсны ашиг сонирхол”-ыг хохироосон байдаг” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд өргөдөл гомдол гаргагчийн хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй бөгөөд Ерөнхий сайдад хүсэлт гаргаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар шууд томилох зохицуулалт байхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж нэр дэвшиж, шаардлага хангаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилогдох зохицуулалттай байх тул О.Н-ын эрх ашгийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Иргэний нисэхийн ерөнхий газарт сэлгэн ажилласан Ч.М-ийн сэлгэн ажиллах хугацаа дуусгавар болсон тул дээрх Засгийн газрын 2023 оны тэмдэглэлийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг эрх бүхий байгууллагаас зарлаж, томилох хүртэлх хугацаанд тус агентлагийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор түр орлон гүйцэтгэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Зам, тээврийн сайд томилсон.
Төрийн албаны тухай хуулийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий гарын даргын сонгон шалгаруулалт зарлах тухай хүсэлтийг Зам, тээврийн сайдаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/264 тоот албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХЭГ/315 дугаар албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх захиалга буюу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг Засгийн газрын 2020 оны 87 дугаар тогтоолоор баталсан болно.
Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлаuын үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг хангаагүй болох нь Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Агентлагийн даргыг улируулан томилж болно” гэж заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэжээ.
Нэхэмжлэгч нар нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд Ч.М-г сэлгэн ажиллуулсан шийдвэр нь нэхэмжлэгч Т.Б-ын эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болзол шаардлагыг хангаж байсан Т.Б-ын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь ойлгомжгүй, тодорхойгүй, хэрэв зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэх, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөх арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасан шийдвэрийг хэрэгжүүлснээр нэхэмжлэгч нарын эрх ашигт ямар хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуулийн 9.1-д “Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна” гэж заасан.
Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийг өөрчлөн байгуулах тухай” 189 дүгээр тогтоолоор Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу агентлагийн даргын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, Төрийн албаны зөвлөлөөс батлах зөвшөөрлийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан буюу Засгийн газрын хуралдааны шийдвэрээр батлах хулийн зохицуулалттай.
Төрийн албаны зөвлөлөөс агентлагийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталж зөвшөөрөл олгосны үндсэн дээр тухайн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах ажиллагаа хийгдэх юм.
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлээр Ч.М-г Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд Б.Д-д үүрэг болгож шийдвэрлэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно” гэж нийтлэг журмыг, мөн хуулийн 26 дугаар зүйлд төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг тогтоосон. Төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлдэг.
Зам, тээврийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/2453 дугаартай албан бичгээр албан тушаалын тодорхойлолтыг батлуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг бэлтгэн боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ХЭГ/1702 дугаартай албан бичгээр албан тушаалын тодорхойлолтыг зохих журмын дагуу хянаж, батлах зөвшөөрөл олгох хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт батлах нийтлэг журам”-ын 4-т заасныг баримтлан Төрийн албаны зөвлөл албан тушаалын тодорхойлолтыг хянаж, зөвшөөрөл олгосны дараа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий алан тушаалтан батлах арга хэмжээг авч ажиллах юм.
Иймд дээрх дурсан үндэслэл, хууль зүйн тайлбар зэргийг харгалзан үзэж, нэхэмжлэгч Т.Б, О.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд “... нэхэмжлэгч нарыг үндэслэлгүйгээр ажлаас нь халаад, сарын өмнө ажлаас нь чөлөөлсөн нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж харахаар байна. Засгийн газрыг буруутай гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Анх нэхэмжлэгч О.Н, Т.Б нараас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулаагүйг болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч)-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино” гэснийг зөрчсөн буюу мөрдлөг болгон ажиллаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүхээс тус шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1 дэх заалтаар “Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан уг хуулийн дагуу түр томилогдон ажиллаж байгаа ... Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга … нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтож, 2 дахь заалтаар “Үүнтэй холбогдуулан албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг ... Зам, тээврийн хөгжлийн сайд С.Б ... нарт даалгажээ.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Засгийн газар нь тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагтай байж болно”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ” гэж тус тус заасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн байгуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дугаар зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.Н, Т.Б нарын хувьд 2023 оны 1 дүгээр улиралд Төрийн албаны ерөнхий шалгалт өгч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгохгүй бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлан маргасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, маргаан бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх зарыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зарлаж бүртгэлд хамрагдахаар 6 иргэн материалаа ирүүлсэн бөгөөд материалыг тухайн шалгалтын комисс нягтлан үзээд албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан иргэн байгаагүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг цуцалсан байх бөгөөд үүнээс хойш уг сул орон тоог нөхөх шалгалтыг дахин зарлаагүй болох нь тогтоогдож байх ба ийнхүү төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг одоог хүртэл дахин зарлахгүй байгаа нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй нэхэмжлэгч нарыг тухайн орон тоонд зарлагдах сонгон шалгаруулалт оролцож, хуульд заасны журмын дагуу тэгш өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр уг албан тушаалын сул орон тоог нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгосон байхад дээр дурдсанаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүйгээс гадна сул орон тоог нөхөн хүртэл хугацаанд албан үүргийг Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар түр орлон гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд М.Б-д даалгасан байхад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох хүртэлх хугацаанд тус яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.М-г 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар сэлгэн ажиллуулахаар томилсныг нь Засгийн газрын хуралдааны шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр Төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно ...” гэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар хамтран баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 3.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн байгууллага, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр хугацаатай сэлгэн ажиллуулж болох бөгөөд ингэхдээ сэлгэн ажиллахыг Төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн талаарх баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байхыг шаарддаг бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцаа нь Төрийн албан тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлүүдээр зохицуулагддаг өөр өөр төрлийн харилцаанууд юм.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана”, 43.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 43.3.1-д “байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх”, 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж зохицуулсан байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх хуульд зааснаас үзвэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргах бөгөөд ингэхдээ дэд дарга, орлогчоор, дэд дарга, орлогчгүй эсхүл эзгүй тохиолдолд чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэхээр журамласан байхад томилох эрх бүхий албан тушаалтан биш Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.М-г сэлгэн ажиллуулахаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Т.Б-ын “Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Т.Б Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын орлон гүйцэтгэх болзол шаардлагыг 100 хувь хангаж байсан” гэх тайлбар үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэсэн асуудлыг ийнхүү хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлээгүй, тухайн сул орон тоонд одоог хүртэл сонгон шалгаруулалт түргэн шуурхай зохион байгуулаагүй байсаар байхад Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3-д заасан шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
Иргэдийн төлөөлөгчийн “... Засгийн газрыг буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, 31 дүгээр зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3.1, 43.3.2, 43.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Н, Т.Б нараас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулаагүй, мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, мөрдлөг болгон ажиллаагүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН