Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч Ц.У, Э.Э, А.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б ургийн овогтой Ц-ийн У, Б ургийн овогт А-ийн Б, Г ургийн овогт Э-ийн Э нарт холбогдох 2216002070084 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд ******** газарт машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Ж**** сумын *** багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЖ****** регистрийн дугаартай, Б овгийн Ц-ийн У.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ***** сумын төвд ********* газарт машинист ажилтай, ам бүл 2, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын **** багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДП******* регистрийн дугаартай, Б  овгийн А-ийн Б,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ***** сумын төвд ***** газарт машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн **** сумын **** багт оршин суух, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ДЖ******** регистрийн дугаартай, Г  овгийн Э-н Э.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.У, Э.Э, А.Бнар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ц.У, Э.Э, А.Б нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 09 цагийн орчим Говь-Алтай аймгийн **** сумын Тээл багийн нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай ***** нуруу гэх газрын шинэсэн ойгоос 5 ширхэг буюу 7,4 мшинэс модыг түлшний зориулалтаар бэлтгэж ойн санд 2,370,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Жаргалан сумын Цэцэрлэгийн нуруу гэх газарт талбай тусгаарлалтын ажлаар очиж хууль бусаар мод бэлтгэж байсан иргэдийг илрүүлэн тухайн үйлдлийг нь зогсоож сумын улсын байцаагч Пүрэвсүрэн, Сум дундын ойн ангийн дарга Эрдэнэбаяр нарт мэдэгдэж ажилласан. Бид нарыг очиход тухайн хүмүүс нь нойтон, ургаа, залуу модыг хөрөөдөж жижиглэсэн байсан. Тухайн модыг хараад мэдсэн. Ойролцоогоор 20 ширхэг тайрсан мод дээр тэмдэг хийсэн... Тухайн хүмүүсийн хөрөөдсөн мод нь 2 ширхэг нь диаметр багатай, ургаа, залуу мод байсан. Гурван ширхэг нь 35-45 см орчим диаметртэй моднууд байсан. Тэгэхдээ өргөн диаметртэй мод нь адилхан ургаа, нойтон мод байсан...” гэх мэдүүлэг./1 дүгээр хх-ийн 83-84-р хуудас/

 

            2. Гэрч С.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 09 сарын 29-ний өдрийн 09 цагийн үед ойн ангийн дөрвөн хүн, М.Г, М.С-О нарын хамт Т багийн Ц-ийн нуруу гэх газарт очиход хүмүүс босоо нойтон, мод хөрөөдөж бэлтгэсэн зөрчилтэй таарч газар дээр нь зөрчлийг таслан зогсоосон... Маргааш нь би очиж үзэхэд 5 ширхэг босоо нойтон мод унагаж, дундуур нь жижиглэн хөрөөдөж бэлтгэсэн байсан. Модны жижиглэнг тоолоход дунджаар 2 метр, орчим 21 ширхэг тайрсан модыг хурааж тавьсан байсан...” гэх мэдүүлэг./1 дүгээр хх-ийн 104-р хуудас/

 

            3. Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрөл дээр унанги мод, шиндүү модыг цэвэрлэнэ гэж заасан байсан. Бүлгүүд гарсан газар дээр нь очиж ямар төрлийн модыг хөрөөдөж бэлтгэх, галын аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгөөд мод бэлтгэх дээр хяналт тавьж ажиллах ёстой. Дээрх иргэд нь бид нарыг очихоос өмнө тухайн модыг бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 92-93-р хуудас/

 

            4. Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн "... Ойн цэвэрлэгээ хийхээр очсон хүмүүс нь ургаа, нойтон мод хөрөөдсөн байсан. Иргэд нь ойн цэвэрлэгээний ажил буюу ойд унасан байгаа унанги, гишүү, мөчир зэргийг цэвэрлэх байсан. Тэгтэл ургаа мод хөрөөдсөн байсан. 5 ширхэг залуу нойтон шинэс мод хөрөөдсөн, тайраад унагасан байсан. Тухайн бэлтгэсэн мод нь шинэс мод бөгөөд мод нь 2022 оны 09 сарын 29-ны өдрийн байдлаар 1 метр куб мод нь 320.339 төгрөг буюу нийт 7.4 метр куб мод болсон. Ингээд үнэлгээ нь 2,370,500 төгрөгийн үнэлгээ гарсан. 2020 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/176 дугаарын 1 дүгээр хавсралтыг үндэслэн 1 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 320.339 төгрөгөөр батлагдсан байдаг...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 103, 115, 117-118-р хуудас/

 

            5. Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн ажлаар явахад миний ажлын үүрэг чиглэл нь бол тухайн талбай дээр GPS-ээр 4 цэг авч тэмдэглэл үйлдэж талбайг зааглах байсан. Би тухайн хөрөөдөж унагаасан гэх моднуудыг тойруулж GPS-ээр цэг авсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 109-р хуудас/

          6. 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 97/86 дугаартай Говь-Алтай аймгийн Ж сумын засаг даргын “Ойн цэвэрлэгээний зориулалтаар Хасагт хайрхан уулаас түлээний мод бэлтгэх ажилд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай” захирамж. /1 дүгээр хх-ийн 32-р хуудас/

 

          7. 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 03 дугаартай Говь-Алтай аймгийн Ж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Ойгоос түлээний мод бэлтгүүлэх тухай” тогтоол. /1 дүгээр хх-ийн 33-р хуудас/

 

          8. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “...Ж сумын Тээл багийн Цэцэрлэгийн нуруу гэдэг газарт бэлтгэсэн 5 ширхэг мод нь ургаа модыг тайрч унагасан нойтон мод байлаа. Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/76 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн тооцож гаргав. Ж сумын Тээл багийн Цэцэрлэгийн нуруу гэдэг газар нь сум дундын ойн ангид хамаарахаас гадна Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд давхар харьяалагдан хамгаалагддаг...” гэх шинжээчийн дүгнэлт./хх-ийн 67-р хуудас/

 

            9. Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 921/4210 дугаартай “... цахилгаан хөрөөг 170,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт. /1 дүгээр хх-ийн 133-134 -р хуудас/

 

10. Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 921/4210 дугаартай “...цахилгаан хөрөөг 180,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 139-140-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцох гэнэ.”, Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж тайлбарласан тул Ц.У, А.Бямбажаргал, Э.Э нарыг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэв.

          Шүүгдэгч нарын тухайн мод бэлтгэсэн Ж сумын Тээл багийн Цэцэрлэгийн нуруу гэдэг газар нь Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд давхар харьяалагдан хамгаалагддаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Шүүгдэгч Ц.У, Э.Э, А.Бнар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас Байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон нөхөн төлбөрийг шилжүүлсэн 4,740,000 төгрөгний банкны баримт/2 дугаар хх42/ ирүүлсэн бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэл гараагүй болно .

 

             2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.У, А.Б, Э.Э нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

 

Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 ширхэг цахилгаан хөрөө, 4 куб модыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирол 4,740,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч  Б ургийн овогтой Ц-ийн У, Б ургийн овогт А-ийн Б, Г ургийн овогт Эийн Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.У, А.Б, Э.Э нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэсүгэй

 

4. Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч нарт сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж бий болгосон 4 метр куб модыг улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 ширхэг цахилгаан хөрөө, 4 куб модыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирол 4,740,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.         

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА