| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/04035/И |
| Дугаар | 102/ШШ2019/03443 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2019/03443
| 2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2019/03443 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэрийн бүс гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт Б-ын Э /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа хороолол, 0-0 тоот хаягт оршин суух М овогт С-ын Н /РД: 00000000/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Н-тай 2003 онд танилцсан. 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охин Н.А төрсөн. Охиноо төрснөөс хойш 4 сарын дараагаар бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас салсан. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд би С.Н-аар охиныхоо хэрэгцээнд зориулахаар тодорхой хэмжээний мөнгө авч байсан. Охин маань эмээ, өвөө дээрээ өссөн. Өвөө нь саяхан нас барсан. С.Н бид хоёр тусдаа амьдралтай болсон ба миний бие 4 дэх хүүхдээ саяхан төрүүлсэн нялх биетэй хүүхдээ хараад гэртээ ажилгүй байгаа. Тиймээс Н.А охиныхоо төрсөн эцэг болох С.Н-аар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч С.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Э бид хоёр 2003 онд танилцаж, охин маань 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Охиноо 4 сартай байхаас нь эхэлж тусдаа амьдарсан. Гэхдээ 2 нас хүртэл нь холбоотой байсан. Түүнээс хойш бид хоёр тусдаа амьдралтай болсон. Миний хувьд хоёр жилийн өмнөөс эхэлж тусдаа амьдралтай болсон. Миний бие Н.А-ы төрсөн эцэг мөн бөгөөд охиныхоо амьдралын хэрэгцээнд өөрийн боломжоороо мөнгө өгч ирсэн. Мөн охиныхоо нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээж сар бүр тогтмол 50,000 төгрөг шилжүүлдэг. Охин Н.А хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч С.Н-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч С.Н нар 2003 онд танилцан, хамтран амьдарч 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охин Н.А-г төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба хариуцагч С.Н охин Н.А-г өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч С.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч Б.Энь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул охин Н.А-г эх Б.Э-ийн асрамжинд үлдээж, эцэг С.Н-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охин Н.А /РД: УП05212521/-г эх Б.Э-ийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охин Н.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг С.Н-аас гаргуулан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР