| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/90 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307 00000 0145 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, “*******” *******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, , тоотод оршин суух бүртгэлтэй боловч , тоотод оршин суух хаягтай,
Урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг журамлан түүний 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/1081 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнссэн.
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шөнө 01
цаг 30 минутын орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.*******ын нүүрэн тус газарт 2-оос 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр үед бааранд нэг
найзтайгаа уулзсан. Нэг шил архи, пиво уусан надтай хамт явсан залуу таньдаг бололтой нэг ширээнд хамт суусан. Харилцаа тал дээр хэн хэнтэйгээ буруу ойлголцоод зодоон эхэлсэн. Би *******ын нүүрэнд цохисон нь үнэн. Хохирол төлбөрөө барагдуулна.” гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тав дахь өдөр ажлаа тараад найзтайгаа уулзсан. Найзтайгаа уулзаад байж байтал манай ажлын газрын хүн залгаад караокед байна хүрээд ир гэсэн. Ажлын газрынхаа хүмүүстэй уулзчихаад гарах гэтэл гэдэг найзтайгаа тааралдсан. Найзтайгаа уулзаад байж байтал н.Баярсайхан ах дуудсан. н.Баярсайхан ахтай хамт хоёр лааз пиво уусан. Манай найз Т.*******ын найз тэй уулзаад байж байсан. Би гадаа шатан дээр гэдэг найзтайгаа уулзаад зогсож байсан. Т.******* нэг найзтайгаа муур өшиглөх шиг болсон. Тэгэхээр нь чи ямар яргачин бэ гэсэн чинь намайг шууд цохиод авсан. Тухайн үед эмчилгээ хийлгэх гээд хүнээс мөнгө зээлсэн тэр мөнгөө гаргуулмаар байна. Шүүгдэгчээс 7 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 31-ний орой найз ах Баярсайхантай холбогдож караоке баарны гадна 23 цаг орчмын үед уулзаад явах үед танил гэх залуутай тааралдаад баар руу орж хэсэг сууж байгаад 02 цаг орчмын үед бид хоёр баарны гадна гараад зогсож байсан чинь үл таних залуу муур өшиглөхөөр нь би “Яаж байгаа юм бэ” гэж хэлээд муурыг авах гээд тонгойх үед тухайн үл таних залуу миний эрүү рүү өшиглөх шиг болохоор нь би өндийгөөд эрүүгээ барьсан чинь хөндүүрлээд цус гарахаар нь би “яая” гэж хэлэхэд миний зүүн талын хацар болон баруун талын чамархай руу цохисон. Над руу дахиж дайрах гэхэд хамт явж байсан танил холдуулсан. Тухайн үед би эмнэлэг рүү очиж үзүүлээд цааш нь гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Шүүгдэгч Т.*******ын мөрөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би найз гэх залуутай “” баар луу 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад орсон. Бид хоёр бааранд эрүүл ороод 1 шил 0.5 литрийн архи, 0.5 литрийн Сэнгүр пиво тус бүр 2 ширхгийг захиалж ууцгаасан. Тэгээд уугаад сууж байтал ******* гэх залуу найзтайгаа ирээд манай ширээн дээр суусан, ******* юм уу хамт явсан залуу гэх манай найзыг таньдаг бололтой юм яриад тэр хоёрт архи хийж өгөөд ууцгаасан. Тэгээд сууж байгаад д “хоёулаа явж байгаа юм чинь танихгүй хүмүүстэй байгаад яах вэ” гээд хэлчихсэн чинь ******* нь уурлаад “чи юм аа харамлаад арчаагүй пизда” гэх мэт хараалын үгээр намайг доромжлоод эхэлсэн тэгээд босоод явчихсан, төд удалгүй баар хаагаад бид нар гадаа гараад тамхи татаад би хажууд нь зогсож байтал ******* нь шатан дээр зогсчхоод бид хоёр луу заагаад доромжлоод байх шиг байсан. Би ч жаахан уусан дээрээ гараад салхинд цохиулаад согтчихсон байсан тул *******ыг бид хоёрыг доромжлоод байхаар нь уур хүрээд баруун гараараа *******ын шанаа руу нь цохисон. Яг хэд цохисноо санахгүй байна. Тухайн үед ойр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд салчхаад зүгээр байхгүй дахиад элдвээр хараагаад байсан учраас уурлаад дахиж очоод нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Ингээд тэнд байсан *******ын хамт явсан найз нь намайг бас унагаж өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ЭМЖЖ эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.433.950 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Түрүү 7 хоногийн 5 дахь өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай караоке, баар 01 цаг орчмын үед хаасан юм. Гэтэл манайхаас гарч явсан хүмүүс гадаа үүдэнд зодолдож байгаа юм шиг орилолдоод байхаар нь би гарч очсон чинь хар өнгийн цамцтай залуу доошоо хараад амаа барьчихсан зогсож байхад хажууд нь эрүүндээ сахалтай өндөр залуу нь “ална” гээд дайрч байсан. Хажуугаар ойролцоо байсан хүмүүс нь салгах үед тухайн хүмүүс рүү бас дайрч давшилж байсан. Хүмүүс салгасан ч дайрч очиж байгаад хэд хэдэн удаа нүүр лүү нь өшиглөх, цохих зэрэг үйлдэл хийж байсан. Тухайн залууг салгаж байсан цагаан өнгийн цамцтай өндөр Золоо гэх залуу салгах гэсэн чинь нүүр лүү нь цохиод авсан. Тухайн Золоо гэх залуу өөдөөс нь хариу цохилцож байгаад унагаагаад дээрээс нь хэд хэд цохисны дараа зодолдохоо больцгоосон юм. Тэгээд зодолдохоо больцгоонгуутаа шууд цаашаа тус тус даа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө би , “” бааранд ганцаараа орсон. Тэнд ороход манай 10 жилийн ******* нэг хүнтэй пиво уугаад сууж байгаа харагдахаар нь би *******тай юм яриад гарч хамт тамхи татах уу? гээд баарны гадагшаа гараад яг үүдэнд нь хамт тамхи татаад зогсож байгаад бас нэг танилтайгаа таараад юм яриад *******ыг сайн анзаараагүй зогсож байтал *******ыг ******* гэх залуу унагаачихсан дээрээс толгой руу хөлөөрөө өшиглөж байсан санагдаж байна, тэгэхээр нь би тэр залууг очиж *******аас салгасан, тэгээд зодож байсан залуу нь намайг нүүр лүү цохихоор нь би яг зөрүүлээд нүүр лүү нь цохиод таарсан, тэгээд л жаахан зууралдаж байгаад салсан. Ийм л асуудал бол юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай хүү Б.******* нь гэрээсээ оройн 20 цагийн үед найзуудтайгаа уулзлаа гэж хэлээд гараад явчихсан тухайн шөнийн 03 цагт намайг Налайх дүүргийн эмнэлэг дээр хүүхэд чинь хүнд зодуулчихсан эрүү нь цуурчихсан байна та хүрч ирж уулзаарай гэж хэлсэн тэгээд би эмнэлэг дээр яваад очтол ******* ярьж чадахгүй шууд гэмтэл авч явна гээд аваад явсан тэгэхээр нь би хүүгээ юу болсон талаараа асуухад сайн ярьж чадахгүй ямар ч байсан найзуудтайгаа муудалцаагүй баарны гадаа танихгүй хүнд зодуулчихлаа гэж надад хэлсэн одоо манай хүү Гэмтэл согог судлалын төв дээр байгаа ярьж чадахгүй 1 дэх өдөр хагалгаанд орно тийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байгаа
юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ******* нь Өмнөговь аймагт ажиллахаар явсан. Яг хаана байгааг нь нарийн сайн мэдэхгүй байна. Дүү дугаарын утсан дээрээ байгаа. Одоо ажиллаж байгаа газар нь сүлжээ барихгүй байгаа гэсэн. Бид хоёр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа явсан би хүргэж өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бэрийн дүү нь над руу яриад “******* ах хүн зодчихсон юм шиг байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч гийн гар утсанд хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан бичлэг бүхий СД 1 ширхгийг эд мөрийн баримт /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дугаартай:
1. ийн *******ын биед эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Хохирогч Б.*******ын биед үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас №2403, дүрс оношилгооны дүгнэлт, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар 12-ны өдрийн 34/43 тоот, Б.*******ын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан зардлын мэдээлэл /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
Баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэлээр хохирогчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой 21 хуудас зардлын баримтууд /хавтаст хэргийн 53-75 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын холбогдсон гэмт хэргийг гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгдэгч Т.******* нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шөнө 01 цаг 30 минутын орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа шатны дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******тай маргаан өдөж түүний нүүр лүү нь 2-оос 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Т.*******ын өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би найз гэх залуутай “” баар луу 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад орсон. Бид хоёр бааранд эрүүл ороод 1 шил 0.5 литрийн архи, 0.5 литрийн Сэнгүр пиво тус бүр 2 ширхгийг захиалж ууцгаасан. ...төд удалгүй баар хаагаад бид нар гадаа гараад тамхи татаад би хажууд нь зогсож байтал ******* нь шатан дээр зогсчхоод бид хоёр луу заагаад доромжлоод байх шиг байсан. Би ч жаахан уусан дээрээ гараад салхинд цохиулаад согтчихсон байсан тул *******ыг бид хоёрыг доромжлоод байхаар нь уур хүрээд баруун гараараа *******ын шанаа руу нь цохисон. Яг хэд цохисноо санахгүй байна. Тухайн үед ойр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд салчхаад зүгээр байхгүй дахиад элдвээр хараагаад байсан учраас уурлаад дахиж очоод нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж зодсон.” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.*******ын өгсөн : “....Би 2023 оны 03 дугаар сарын 31-ний орой найз ах Баярсайхантай холбогдож караоке баарны гадна 23 цаг орчмын үед уулзаад явах үед танил гэх залуутай тааралдаад баар руу орж хэсэг сууж байгаад 02 цаг орчмын үед бид хоёр баарны гадна гараад зогсож байсан чинь үл таних залуу муур өшиглөхөөр нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд муурыг авах гээд тонгойх үед тухайн үл таних залуу миний эрүү рүү өшиглөх шиг болохоор нь би өндийгөөд эрүүгээ барьсан чинь хөндүүрлээд цус гарахаар нь би “яая” гэж хэлэхэд миний зүүн талын хацар болон баруун талын чамархай руу цохисон.” гэх мэдүүлэг, гэрч Б.гийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай караоке баар 01 цаг орчмын үед хаасан юм. Гэтэл манайхаас гарч явсан хүмүүс гадаа үүдэнд зодолдож байгаа юм шиг орилолдоод байхаар нь би гарч очсон чинь хар өнгийн цамцтай залуу доошоо хараад амаа барьчихсан зогсож байхад хажууд нь эрүүндээ сахалтай өндөр залуу нь “ална” гээд дайрч байсан. Хажуугаар ойролцоо байсан хүмүүс нь салгах үед тухайн хүмүүс рүү бас дайрч давшилж байсан. Хүмүүс салгасан ч дайрч очиж байгаад хэд хэдэн удаа нүүр лүү нь өшиглөх, цохих зэрэг үйлдэл хийж байсан. Тухайн залууг салгаж байсан цагаан өнгийн цамцтай өндөр Золоо гэх залуу салгах гэсэн чинь нүүр лүү нь цохиод авсан. Тухайн Золоо гэх залуу өөдөөс нь хариу цохилцож байгаад унагаагаад дээрээс нь хэд хэд цохисны дараа зодолдохоо больцгоосон юм. Тэгээд зодолдохоо больцгоонгуутаа шууд цаашаа тус тус даа яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.ын өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө би , “” бааранд ганцаараа орсон. Тэнд ороход манай 10 жилийн ******* нэг хүнтэй пиво уугаад сууж байгаа харагдахаар нь би *******тай юм яриад гарч хамт тамхи татах уу? гээд баарны гадагшаа гараад яг үүдэнд нь хамт тамхи татаад зогсож байгаад бас нэг танилтайгаа таараад юм яриад *******ыг сайн анзаараагүй зогсож байтал *******ыг ******* гэх залуу унагаачихсан дээрээс толгой руу хөлөөрөө өшиглөж байсан санагдаж байна, тэгэхээр нь би тэр залууг очиж *******аас салгасан, тэгээд зодож байсан залуу нь намайг нүүр лүү цохихоор нь би яг зөрүүлээд нүүр лүү нь цохиод таарсан, тэгээд л жаахан зууралдаж байгаад салсан. Ийм л асуудал бол юм...” гэх мэдүүлэг, гэрч Г.гийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай хүү Б.******* нь гэрээсээ оройн 20 цагийн үед найзуудтайгаа уулзлаа гэж хэлээд гараад явчихсан тухайн шөнийн 03 цагт намайг Налайх дүүргийн эмнэлэг дээр хүүхэд чинь хүнд зодуулчихсан эрүү нь цуурчихсан байна та хүрч ирж уулзаарай гэж хэлсэн тэгээд би эмнэлэг дээр яваад очтол ******* ярьж чадахгүй шууд гэмтэл авч явна гээд аваад явсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дугаартай: ийн *******ын биед эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.” гэх шинжээч эмчийн дүгнэлт, хохирогч Б.*******ын биед үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас №2403, дүрс оношилгооны дүгнэлт, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.гийн гар утсанд хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан бичлэг бүхий СД 1 ширхгийг эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хохирогчийн биед халдахдаа танхайрах сэдлийн хүрээнд тодорхой шалтгаангүйгээр түүний нүүр лүү удаа дараа өшиглөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэрээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ шүүгдэгчийн танхайрах шинжтэй үйлдлийн үр дагавар хандлагатай хамааралтай гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.*******т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйлд зааснаар 800.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 2.000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 7.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгт авагдсан “Баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргасан тухай” тэмдэглэлээр хохирогчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой 21 хуудас зардлын баримтуудыг эмчилгээний зардал гэж үнэлэн нэхэмжлэлийн дүнгээс 2.516.025 төгрөгийн шаардлагыг хангаж мөрдөн шалгах ажиллагаанд нөхөн төлсөн 2.000.000 төгрөгийг төлсөнд тооцон үлдэгдэл 516.025 төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан үеийн цалингийн зөрүү гэх 3.000.000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтгүй байдлаас хамааран хэлэлцэхгүй болно. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас энэ гэмт хэрэгт хамааралгүй бусдаас зээлсэн, ямар хохирол нь тодорхойгүй 1.483.975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн хохирогчид зохих эмчилгээ хийлгэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.433.950 төгрөгийн зардал гарсныг шүүхэд иргэний нэхэмжлэгч тайлбарласныг хэрэгт авагдаж хуралдаанд хэлэлцүүлсэн Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 34/43 тоот, Б.*******ын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан зардлын мэдээлэл зэргийг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахаар тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 516.025 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т, 1.433.950 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд олгож, хохирогч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 1.483.975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч шүүгдэгчид холбогдуулан гаргасан олох байсан орлого гэх 3.000.000 төгрөгийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД