Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0529

 

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:  

Шүүх хуралдаан даргалагч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 406 дугаар 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2025/0313/3 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 406 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Ч.Б-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:  

Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэсэн агуулгаар маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд маргасан боловч шүүхээс нэхэмжлэгчийн үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй байхаас гадна газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж шүүх шууд дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

Нөгөөтээгүүр Ч.Б-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай” А/634 дугаар захирамж нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн "Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 2014 оны А/30 тоот тогтоол, "Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2015 оны А/35 дугаар тогтоолыг үндэслэсэн бөгөөд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь газар эзэмшигчийг шууд буруутгах үндэслэл бий болох эсэх, тухайн цаг хугацаанд газар эзэмшигчээс захиргааны үйл ажиллагаатай холбоотойгоор нээлттэй, ил тод мэдээллээр хангагдаж байсан эсэх, хэрэв зөрчил, алдаа дутагдал гаргасан тохиолдол байгаа тохиолдолд түүнийг залруулах боломж бололцоо бий эсэх, ямар шалтгааны улмаас анх газар олгохдоо газар байгуулалтын төлөвлөгөөг үндэслэсэн эсэх талаар өргөн хүрээнд дүгнэлт хийх ёстой байтал шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-д "... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/152 дугаар Ч.Б-д холбогдох хэсэг нь 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 2016 оны 2 сарын 04-ний өдөр батлагдаж 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасанд тус тус хамаарахгүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн иргэн Ч.Б-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно", 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасны дагуу маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тухай" А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан боловч анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн учир тус хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй мэтээр дүгнэж, маргаан бүхий актад илт хууль бус үндэслэл байгаа эсэхэд нарийвчилсан дүгнэлтийг хийгээгүй байна.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актын илт хууль бус үндэслэлийг цаг хугацаанаас үл хамааран хянах эрх хэмжээ нь анхан шатны шүүхэд байсаар байтал уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж гаргасан Монгол Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол болон энэ талаарх баримтыг иш татан нотлох баримтаар нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөөр байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.

 Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан зохицуулалтуудад заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдэд "тухайн жилийн газар байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй" гэх үндэслэл хамаарахгүй байгаа ба маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно:", 39.1.1-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй", 40 дүгээр зүйлийн 40.1-д "Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:", 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж тус тус заасан үндэслэснээс үзэхэд илт, илэрхий байдлаар Ч.Б миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0406 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.”гэжээ. 

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Ч.Б-аас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.  

2.2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт олгосон 17 иргэн, аж ахуйн нэгжийн 233469 м.кв газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жилийн хугацаагаар ашиглаагүй, нийтийн эзэмшлийн орц гарц хаасан, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцуулж эзэмшүүлсэн, газар эзэмших эрх дуусгавар болсон, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт эзэмшүүлсэн, өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхээ цуцлах хүсэлт гаргасан үндэслэлээр хавсралтад нэр дурдсан газар эзэмшигчдэд холбогдох заалт, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсний дотор Ч.Б-ын эзэмших эрхтэй байсан газар багтсан байна. 

2.3. Хэдийгээр нэхэмжлэгч Ч.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон гэх боловч тус гэрчилгээний үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/634 дүгээр захирамжийн Ч.Б-д холбогдох хэсэг нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшүүлсэн гэх үндэслэл болохгүй.    

2.4. Тодруулбал, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,  6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.4-д “...аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус хуульчилсан байна.    

2.5. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй буюу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчиж эзэмших эрх олгосныг залруулсан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/152 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцжээ.

 

Нөгөөтээгүүр, илт хууль бус захиргааны акт гэж эрх зүйн хувьд илэрхий засагдах боломжгүй, ноцтой алдаатай актыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий акт илт хууль бус гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

2.6. Харин газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ийнхүү сонсох ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхээргүй байсан байх тул үүнд хариуцагчийг буруутгахгүй.

2.7. Мөн маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Ч.Б-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй төдийгүй Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэл хамаарахгүй... тул акт илт хууль бус” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

 

 

                      ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН