Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 124/ШШ2022/0013

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ...-р хороо, ... тоотод байрлах “Х. Г” ХХК,

Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х. Г” ХХК-ийн захирал Ж.Р /цахимаар/, нэхэмжлэгч “Х. Г” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэрэнням /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х. Г” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.

2. “Х. Г” компаниас хүргүүлсэн шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга 2021 оны 4 сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад холбогдох дутуу баримтуудыг шаардсан ба 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлөвлөгөөг батлахыг хүссэн албан бичиг, баталгаа, лавлагааг хүргүүлснийг үндэслэн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 104 тоот албан бичгээр уг төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгсөн байна.

3. Нэхэмжлэгч нь  Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно“,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж  тус тус заасны дагуу 2021 оны 05 сарын 24-ний өдөр шууд шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан болно. Нэхэмжлэгч “Х. Г” ХХК-иас Цагаанхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүйн талаар аймгийн Засаг даргад гомдол гаргахад гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй гэж чиглэлийг хүргүүлсэн боловч сумын Засаг дарга Төөрүүл хэрэгжүүлээгүй” гэх тайлбар ирүүлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргаас холбогдох баримтуудыг шаардахад 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 1/1248 тоот албан бичгээр “Х. Г ХХК-иас урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргаагүй болно” гэсэн хариу ирүүлсэн.

 4. Нэхэмжлэгч “Х. Г” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.4 дэх хэсэгт заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж хүргүүлнэ гэж зааснаар аливаа нэгэн болзол шаардлагагүйгээр батлах шаардлагатай боловч өнөөдрийг хүртэл батлахгүй байгаа туйлын ойлгомжгүй байна. Төрийн албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйн улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд манай компанид учирсан хохирлыг төрийн албан тушаалтан хариуцах болно. Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бид хүн хүч, хөрөнгөө зарцуулан байж үйл ажиллагаа явуулсан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих ёстой. Иймээс байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхийг даалгаж өгнө үү”  гэжээ.

5. Нэхэмжлэгч “Х. Г” ХХК-ийн захирал Ж.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ковид цар тахалтай холбогдуулан улс даяар хөл хорио тавигдсан байсан тул хөдөө орон нутаг руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх машинд гуйж байгаад “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг явуулсан. Цар тахлын улмаас хөл хорио тавигдаагүй байсан бол би өөрөө очоод уулзах бүрэн боломжтой байсан. Би өмнө нь Увс аймгийн Цагаанхайрхан суманд үйл ажиллагаа явуулж сумын удирдлагатай хамтран ажиллаж байсан учир үл хүндэтгэх шаардлага байхгүй. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаар Б.Т томилогдсоноос хойш би уулзаж амжаагүй явна. Би сум орон нутгийн удирдлагатай уулзахаас зугтааж, хариуцагчийн хэлснээр хүнээр дарамтлуулах ямар нэгэн бодол байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдлын улмаас Увс аймгийн Цагаанхайрхан суманд очиж чадаагүй” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Г”  ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Дунх” гэх газарт ХV-018131 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 5 дугаар 11-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2 дугаар зүйлд заасны дагуу “Х.Г”  ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүргүүлсэн боловч Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т  батлаагүй учир эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын зүгээс төрийн байгууллагыг үл хүндэтгэсэн гэх шалтгааны талаар нэхэмжлэгч тайлбарлаж хэлсэн.

Тухайн үед ковид цар тахалтай холбогдуулан улс даяар хөл хорио тавигдсан байсан тул хөдөө орон нутаг руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх гэж байсан машинд компанийнхаа бичиг баримтыг гуйж тээвэрлүүлсэн байсан. Өөрөө очих боломжгүй байсан тул аймгийн захиргааны газар руу хүсэлт гаргаж, холбогдох ажилтнаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга руу “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн. Гэтэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын зүгээс “Х. Г” ХХК-ийн захирал өөрөө ирж уулзахгүйгээр төрийн байгууллагыг үл хүндэтгэсэн гэж үзэж хуульд заасан бусад шалтгаанаар “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй байсан. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга нь “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй үндэслэл нь илт хууль бус байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар даалгаж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Х. Г” ХХК нь “Дунх” нэртэй газаар хайгуулын зөвшөөрөлтэй гэх бөгөөд  2021 оны 4 сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Дамдинсүрэн, Хууль зүйн хэлтсийн дарга Загиржав нарын төрийн албан хаагч нар хөдөө Арбулаг нэртэй газар ирээд уулзъя гэж дуудсан. Очиход Увс аймгийн ИТХ-ын даргын нэрээр хаягласан дугтуйтай бичиг өгсөн. Задлаад үзэхэд “Х. Г” болон “Будар минералс” компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүд нь албан бичгийн стандарт хангаагүй, 10-аад хуудастай хоёр, хоёр хувь хэвлэсэн бичиг баримт өгсөн. Уг бичиг баримттай танилцахад төлөвлөгөөг батлуулахыг хүссэн албан хүсэлт, тусгай зөвшөөрлийн хуулбар, төрийн захиргааны байгууллага ба мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө, газрын төлбөрийн баримт зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг албажуулан ирүүлээгүй нь тухайн компанийн захирал хэн болох,  уг компанитай цаашид хамтран ажиллахад эргэлзээтэй байсан тул дээрх дутуу баримт бичгүүдийг бүрдүүлж өгөхийг Хууль зүйн хэлтсийн дарга Загиржавд утсаар холбогдож мэдэгдсэн. Гэтэл 2021 оны 5 сарын 17-ны өдөр ямар ч он,сар,өдөргүй хүсэлт, баталгаа гаргах тухай, ашигт малтмалын газрын тосны газрын лавлагаа зэрэг 3 баримт бичиг авч ирж өгсөн нь албан бичгийн стандарт хангаагүй,түүнчлэн шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй, дахин утсаар хэлэхэд аваад өгье гэж хэлсэн. 5 сарын 17-ны өдөр ирсэн албан бичгийн хариуг 5 сарын 18-нд хүргүүлсэн боловч манайд хариу ирүүлээгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 5 сарын 14-ны 8/2056 дугаартай албан тоотоор “Х. Г” ХХК-ийн эзэмшлийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Дунх нэртэй 12459.32 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-018131 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн заагтай 12.50 гектараар давхцалтай байна. Тухайн компанийн захирлаас авхуулаад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэн гэдэг нь тодорхойгүй, манайд ирүүлсэн албан бичиг нь тус компани хаяг, факс, утасны дугаар, захирлын гарын үсэгтэй байх атал төрийн өндөр дээд албан тушаалтны нэрээр ирсэн нь харамсалтай, ойлгомжгүй байна. Мөн төрийн албан хаагчийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад дээд албан тушаалтнуудаар удаа дараа утсаар яриулж, уулзуулж дарамт үзүүлсэн, баримт бичгүүд нь албан бичгийн шаардлага хангаагүй өөрсдөөс шалтгаалах материалаа бүрдүүлэхээс илүүтэйгээр шахалт, хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхээр харьцаж байгаа нь цаашид төлөвлөгөөг нь батлаад гэрээ байгуулаад хамтран ажиллах байгууллага мөн эсэхэд туйлын эргэлзээтэй тул уг төлөвлөгөөг батлаагүй болно.

Миний зүгээс баталгаатай эсэхийг нотолж, зарим зүйлсийг тодруулах шаардлагатай гэснээс огт гарын үсэг зурахгүй гэж компанийн үйл ажиллагаанд саад учруулаагүй болно” гэжээ.

8. Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Х. Г ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Д, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.З нар авч ирсэн.

“Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг уншиж танилцаж үзтэл “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Дунх нэртэй ХV-018131 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь засаг захиргааны хувьд Увс аймгийн Цагаандунх суманд орших бөгөөд Улаанбаатар хотоос 1300 км оршино” гэж бичигдсэн байсан. Увс аймгийн хэмжээнд Цагаандунх гэх сум байхгүй ба Цагаандух гэдэг нь манай сум биш учир “Х.Г”  ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй. Уг “Х.Г”  ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ямар суманд хийгдэх гэж байгаа нь тодорхой биш болсон. “Х. Г” ХХК-ийн захирал хэн гэдэг нь тодорхойгүй байсан ба надад “Х.Г”  ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө авч ирсэн дугтуй нь дээр Ц.Б гэсэн хүний гарын үсэг байсан учир Ц.Б “Х. Г” ХХК-ийн захирал юм уу гэдгийг ойлгохгүй байна. “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ямар нэгэн Ж.Р гэх хүний нэр байгаагүй. Мөн “Х. Г” ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нотлох баримт төлөвлөгөөтэй хавсарган ирүүлээгүй байсан.

Манай сумын Засаг даргын Тамгын газар “Х. Г” ХХК-ийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан ба тус компанийн зүгээс газрын төлбөр тооцоо хийгдээгүй байсан тул “Х.Г”  ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй болсон. “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд Увс аймгийн Цагаандунх суманд хайгуул хийх гэж дурдсан байх тул манай сум биш гэж үзсэн. “Х.Г”  ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар нь манай сумын усан сан бүхий газартай давхцалтай байсан. Ашигт малтмалын газраас лавлагаа авах албан тоот явуултал Ашигт малтмалын газрын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн лавлагаагаар “Х. Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нь тус сумын усан сан бүхий газартай давхцалтай байна гэсэн лавлагаа ирүүлсэн.

Мөн “Х. Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн 21 өрхийн өвөлжөө, хаваржааны 2800 га бэлчээрийн газрыг хамарсан байх ба байгалийн түүхт үзэсгэлэнт газруудыг хамарсан, тусгай хэрэгцээний газруудтай бүхэлдээ давхацсан, улсын тусгай хамгаалалттай хязгаарлалтын бүсэд хамаардаг гэх тодорхойлолтыг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна.

 “Х. Г” ХХК нь 2015 оноос хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахдаа 6 жилийн хугацаанд манай суманд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч Ж.Р-ын зүгээс өмнө нь манай сумын удирдлагатай гэрээ байгуулсан гэдэг тайлбар өгдөг боловч гэрээний биелэлт дүгнэгдээгүй ба “Х. Г” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа манай сумаас санал аваагүй, газрын төлбөр тооцоо төлөөгүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.3, 38.1.4-д заасан заалтуудыг “Х. Г” ХХК зөрчсөн гэж үзэж байна. “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахтай холбоотойгоор Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын нөлөө бүхий 2 ажилтан надтай утсаар ярьж “тамгаа аваад гараад ир” гэдэг байдлаар удаа дараа дарамталж, ирж уулзаад архиар шахсан асуудал гарсан. Төрийн албан хаагчид ажлын цагаар хувийн компанийн төлөө сум дамжин архидан согтуурч явдгийг ойлгохгүй байна. “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь манай сумын харьяалал биш байсан. Увс аймгийн Цагаандунх суманд хайгуул хийх талаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан байсан тул би “Х. Г” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                               ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч “Х. Г” ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

11. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Цагаанхайрхан сумын Засаг даргад хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу аливаа болзол шаардлагагүйгээр сумын Засаг дарга батлах үүрэгтэй” гэж үзэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй талаар маргажээ.

12. Хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг дарга “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахад шаардагдах баримтуудыг ирүүлээгүй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Д.Д, Хууль зүйн хэлтсийн дарга Ц.З нар нь компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш, Увс аймагт Цагаандунх нэртэй сум байхгүй гэтэл төлөвлөгөөнд Цагаандунх суманд хайгуулын ажил явуулахаар тусгасан байсан, “Х. Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нь усан сан бүхий газартай давхацсан, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн 21 өрхийн өвөлжөө, хаваржааны 2800 га бэлчээрийн газрыг хамарсан байх ба байгалийн түүхт үзэсгэлэнт газруудыг хамарсан, тусгай хэрэгцээний газруудтай бүхэлдээ давхацсан, улсын тусгай хамгаалалттай хязгаарлалтын бүсэд хамаардаг, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х. Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, 38.1.3, 38.1.4-д заасан байгаль орчныг хамгаалах талаарх үүргээ биелүүлээгүй, өмнөх гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй” гэх үндэслэлүүдээр “Х. Г” ХХК-ийн 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

13. Кадастрын хэлтсийн даргын 2015.04.27-ны өдрийн 323 тоот шийдвэрээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг, Дунх нэртэй газарт 12459.32 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч нэхэмжлэгч “Х. Г ” ХХК-д XV-018131 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон байх бөгөөд улмаар эрх бүхий албан тушаалтны 2018 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 265 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.  

14. Гэрч Ц.З шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Х. Г” ХХК-ийн захирал Ж.Р 2021 оны 3 дугаар сард надтай утсаар ярьж Цагаанхайрхан сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөө  хүргэж өгч туслахыг гуйхад нь би зөвшөөрсөн. Тухайн үед хөл хорио тогтоосон байсан учраас Улаанбаатар Увс хооронд ачааны машинаас өөр унаа явдаггүй байсан. “Х.Г”  ХХК-ийн захирал Ж.Р уг төлөвлөгөөг ачааны машинд дайж явуулсан байсныг би хүлээж авсан. “Х. Г”  ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө  ирсэн байгааг Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т-д утсаар ярьж мэдэгдэхэд өөрөө аваад ир гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 04 сард өөрийн машинаар Цагаанхайрхан сумын төвийн ойролцоо хүргэж өгсөн. Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т надад хэлэхдээ сумын төв орж хэрэггүй би урдаас чинь тосоод авна гэж хэлсэн учраас сумын төв оролгүй төлөвлөгөөг замд хүлээлгэж өгөөд буцсан” гэснээс үзэхэд “Х.Г”  ХХК-ийн 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Д.Д, Хууль зүйн хэлтсийн дарга Ц.З нар авч ирж өгсөн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

15. “Х. Г” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар хүргүүлсэн байгаа боловч уг төлөвлөгөөг хянаад батлахаас татгалзсан  Цагаанхайрхан сумын Засаг даргын татгалзал, эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

16. Нэхэмжлэгч компанийн захирал шүүх хурал дээр “огноог тавиагүй 2021-2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн албан хүсэлтийг сумын Засаг даргад төлөвлөгөөтэй хамт хүргүүлсэн, 10 удаа цахим хаягаар нь баримт явуулсан“ гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-д зааснаар хэргийн оролцогч шаардлага татгалзлаа нотолсон нотлох баримтаа гаргаж өгөх мөн шүүхийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан тоот бичгээр нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаарх холбогдох баримтыг ирүүлэхийг шаардахад ирүүлээгүй байна.

17. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х. Г” ХХК Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт орших “Дунх” нэртэй талбайд гүйцэтгэх 2016-2019 оны байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг 2018 онд Цагаанхайрхан сумын Засаг даргаар батлуулжээ, Ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч компани Цагаанхайрхан сумын Засаг дарга нарын хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт орших “Дунх” нэртэй талбайд ашигт малтмал эрж хайх явцад болон геологи хайгуулын ажлын үе шатанд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор захиргааны гэрээ байгуулагдсан байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2021 оны 05 дугаар сарын 11-нд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах болсонтой холбогдуулан уг гэрээг шинэчлэн боловсруулж, 2021-2022 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  батлуулахаар  Цагаанхайрхан сумын Засаг даргад хүргүүлжээ.

18. Захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр нь захиргааны гэрээ байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хуульд заасан тохиолдолд оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирэх бөгөөд бусад тохиолдолд төлөөлөгчөө томилон ирүүлж болно” гэжээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд буюу шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах үйл явцад “Х. Г” ХХК-ийн захирал өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон оролцуулах тухайлбал шуудан, цахим хаягаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан төлөвлөгөө, холбогдох баримтуудыг хариуцагчид хүргүүлэх, улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөө захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах боломжтой  байна. 

19. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт  тодорхойлж, хуульчилжээ.

20. 2018 онд батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний V.6- д “Цооногийн хүдэржилтийн хэсэгт  30 ширхэг цооног хийт 6000т/м өрөмдлөгийн ажил явуулахаар бөгөөд цаашид нүүрсний давхарга нь хэтийн төлөвтэй тохиолдолд өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлэн хийх болно. Нийт өрөмдлөгийн керний дээжний 5 хувиас  хүдрийн дээж авна. Цооногийн өрөмдлөгийн будалтын ажлыг туслан гүйцэтгэгч өрөмдлөгийн компани хариуцах ба нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж орон нутгийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгнө. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төсвийн 50 хувийг тус сум орон нутгийн төрийн дансанд  байгаль орчны тухай болон ашигт малтмалын тухай хуулиудын заалтуудын дагуу барьцаа болгон байршуулах болно” гэж заасан боловч энэ  үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х. Г” ХХК биелүүлсэн нь тогтоогдохгүй байна.

21. Нэхэмжлэгч компанийн захирал шүүх хуралдаан дээр “2018, 2019, 2020 онуудад Цагаанхайрхан сумын “Дунх” хэмээх газар хайгуулын ажил хийсэн,  хайгуулын ажлын тайлан болон холбогдох баримтуудыг Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтэс рүү явуулсан” гэж тайлбарласан боловч энэ нь гэрч Цагаанхайрхан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч   Ц.Батмагнайгийн  ““Х. Г” ХХК нь 2018-2020 онуудад хайгуулын ямар нэгэн үйл ажиллагааг Цагаанхайрхан суманд явуулаагүй болно” гэх мэдүүлэг, мөн тус сумын ЗДТГ-ын даргын “Тус сумын  төрийн сангийн 100151855402 тоот байгаль хамгаалах сангийн дансаар 2018, 2019, 2020 онуудад “Х. Г”-ний байгаль орчныг хамгаалах баталгаа барьцаа болгож ямар нэгэн орлого орж ирээгүй болно” гэсэн тодорхойлолт, дансны хуулга, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг  өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан баримтыг хавсаргаагүй байна.

22. 2006 оны МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр 29.1.3-ийн “н”-д” Аймаг, нийслэл , сумын Засаг дарга нь нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах эрхтэй” гэж,  Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “Нутгийн захиргааны байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих эрхтэй” гэж, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэнэ” гэж тус тус зохицуулжээ.

23. Дээрх хуулиудын зохицуулалт, агуулгаас үзэхэд төрийн захиргааны байгууллага  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлт болон хайгуулын үе шатны ажлын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих улмаар  хайгуулын ажлын тайлан, байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хүлээн авах, гэрээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаас татгалзах  эрхтэй байна.  Иймд нэхэмжлэгчийн “Хуульд зааснаар аливаа болзол шаардлагагүйгээр сумын Засаг дарга байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүрэгтэй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

24. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 -т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж хуульчилсан байх боловч хариуцагчийн хуульд заасан хяналтаа хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд шаардсан баримтуудыг нэхэмжлэгчээс  ирүүлээгүй, өмнөх гэрээнд заасан хайгуулын үе шатны ажлын гүйцэтгэл, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох боломжгүй байна.

25. Нөгөөтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаасаа өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлэн батлуулаад дараа нь орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэн хянуулж, уг өргөдөлд хавсаргах ёстой байтал, нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтэст гаргасныхаа дараа буюу 2021 оны 04 сарын 16-ны өдөр  Цагаанхайрхан сумын Засаг даргад шинэчлэн боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д  заасан шаардлагыг хангаагүй байна.

26. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д  хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд хуульд заасан хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэхээр заасан бөгөөд энэ  шаардлагыг хангаагүй тохиолдолд  мөн хуулийн 56 дугаар зүйл,  22.4-д зааснаар  төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.

27.  Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” тухай зохицуулалтууд нь анх тусгай зөвшөөрөл авсны дараах төлөвлөгөө батлуулах харилцааг зохицуулсан учир маргааны үйл баримттай хамааралгүй байна.

28. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх, Засаг дарга уг төлөвлөгөөг хянан батлах асуудлыг мөн хуулийн 40 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтаар тус тус  зохицуулжээ.

29. Ашигт малтмалын тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-т хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”  тухай зохицуулалтаар хууль тогтоогч  байгаль орчныг хамгаалах зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид  менежментийн төлөвлөгөөний  жилийн тайланг тухай бүр гаргаж  Засаг даргад хүргүүлэхийг үүрэг болгосон байна.

30. Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 05 сарын 14-ний өдрийн 8/2056 тоот лавлагааны хариу албан бичигт “Х. Г” ХХК-ийн эзэмшлийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Дунх” нэртэй 12459.32 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-016131 дугаартай тусгай зөвшөөрлийн  талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 12.50 гектараар хэсэгчлэн  давхцалтай байна” гэжээ.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дүгээр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” тогтоолоор Цагаанхайрхан сумын усан сан бүхий газрын тусгай болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг баталжээ. Монгол Улсын Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2020.01.16-ны өдрийн 1-1/248 дугаар албан бичгээс үзэхэд  хэдийгээр  уг тогтоолыг   улсын бүртгэлд бүртгээгүй, хүчин төгөлдөр болоогүй байгаа боловч  бодит байдал дээрх давхцалыг үгүйсгэх боломжгүй юм.

31. “Х. Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн 21 өрхийн өвөлжөө, хаваржааны 2800 га бэлчээрийн газрыг хамарсан байх ба байгалийн түүхт үзэсгэлэнт газруудыг хамарсан, тусгай хэрэгцээний  газруудтай бүхэлдээ давхацсан, улсын тусгай хамгаалалттай хязгаарлалтын бүсэд хамаардаг” гэх нөхцөл нь анх тусгай зөвшөөрөл олгосон асуудалтай холбоотой бөгөөд энэхүү маргааны  үйл баримттай хамааралгүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

32. Иймд нэхэмжлэгч “Х. Г” ХХК-ийн 2021-2022 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

33. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.5, 38.2 дахь  хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х. Г” ХХК-иас Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х. Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          ОЮУНГЭРЭЛ