| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2019/03780/И |
| Дугаар | 184/ШШ2020/00024 |
| Огноо | 2019-12-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2020/00024
2019 оны 12 сарын 24 өдөр Дугаар 184/ШШ2020/00024 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: ............ тоот хаягт оршин суух Б овогт Лийн Сгийн /регистрийн дугаар: ...../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... тоот хаягт оршин суух Б овогт ийн Ад /регистрийн дугаар:............../ холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, хариуцагч Б.А, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.С нь 2015 онд Б.Атой хамтран амьдарч 2016 оны 07 сарын 22-нд хүү Ж төрсөн. Албан ёсны гэрлэлтийн баталгаагүй боловч хүү Ж нь Б.Аоор овоглодог. Бид амьдарч байх хугацаандаа зан байдлын таагүй харьцаа сэтгэл санааны болон бие махбодид гэмтэл уруулж байснаас болж 2019 оны 10 сараас хойш тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хүү Ж өөрийн минь асрамжинд байгаа. Цаашид цэцэрлэг сургууль гээд хэрэглээ ихсэх учир Б.Аоос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгааг хуулийн дагуу шийдэж өгнө үү… Бид тусдаа амьдарснаас хойш 2 удаа хүүхэдтэйгээ уулзах гэж ирсэн гэхдээ согтуу байсан, би хүүхдээ уулзуулахгүй гэх шалтгаан байхгүй, гэхдээ согтуу ирсэн тохиолдолд би уулзуулах боломжгүй. гэв.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Сгийн гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр танилцаад хариу тайлбар гаргаж байна. Бид 2015 оноос 2019 он хүртэл хамтран амьдарч байсан ба 2016 онд хүү А.Ж маань төрсөн. Б.Аын Ж нь миний төрсөн хүүхэд мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Л.С нь хүүхэдтэй маань уулзуулахгүй байгаа тул би хүүхэдтэйгээ байнга уулзаж харилцаатай баймаар байна...хүү Ж нь миний хүүхэд мөн, тэтгэлэг төлөхөд татгалзахгүй.Гэрлэлтийн баталгаа байхгүй.Хүү маань надаар овоглодог гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Б.Аод холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Л.С, Б.А нар нь 2015 онд танилцан 2015 оны 09 сараас хамтран амьдарсан ба 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Жг төрүүлсэн болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл өсөн бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдов.
Л.С, Б.А нар нь хамтран амьдарч байх хугацаандаа хувийн таарамжгүй байдлын улмаас 2019 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь талуудын тайлбраар нотлогдож байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй ба хариуцагч Б.А нь хүү А.Жг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан бөгөөд өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.
Иймд хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөдэнэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч эцэг Б.Аын хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Л.С саад болохгүй байхыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгч Л.Сгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,868 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж түүнд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор заасан.
Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Аоос нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 35,868 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 22-нд төрсөн хүү А.Жг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б овогт Б.Аоор /регистрийн дугаар:.........../ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Аоос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Сгийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад төлсөн 35,868 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж түүнд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 35,868 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эх Л.С, эцэг Б.А нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
6.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ