Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0217/З |
Дугаар | 128/ШШ2022/0144 |
Огноо | 2022-03-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2022/0144
2022 03 01 128/ШШ2022/0144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Т.К
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарын хоорондын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн XV000000тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ээлжит жилийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэх боломжгүй гэсэн 7/7896 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, тус компанийн XV000000тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны буюу хайгуулын 11, 12 дахь жилийг дараа жил рүү нөхөн тооцон шилжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн 2018, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Т.К, түүний өмгөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/7896 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ХБ014066 тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны хайгуулын жилүүдийг дараа жил рүү нөхөн тооцуулж, маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн тусгай зөвшөөрөлд нөхөн тооцуулахыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х-д гомдол гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/477 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн тул 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас үүдэн компанийн хувьд үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгснийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
1) Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөхгүй хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Х аймгийн Дсумын Засаг даргын 1/298 тоот албан бичгээр хайгуулын ажлын талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, иймд тухайн газарт хайгуулын ажил хийлгэх боломжгүй гэсэн хууль бус шийдвэр гаргасны улмаас,
2) Орон нутгийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалгаалж 2018 он болон 2019 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй, хууль бус акт гаргаж компанийн үйл ажиллагааг зогсоосон, хуулиар олгогдсон эрх, хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж,
3) Ашигт малтмал, газрын тосны газар нь гаргасан гомдлыг хуулийн дагуу хянан шалгаж шийдвэрлээгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгай зөвшөөрлийг хуульд 3, 3 жилээр сунгуулж 12 жилийн хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй. Энэ хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацаа олгогддог гэж ойлгож байгаа. Манай компани тусгай зөвшөөрлийн бүх шаардлагаа хангаж, үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл 2018, 2019 онд манай тусгай зөвшөөрлийн 11, 12 дахь жил буюу сүүлийн хоёр жил үлдсэн байсан. Энэ хугацаанд бид тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс шалтгаалсан үүргээ биелүүлээгүй, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх мэт асуудлаас үүдэн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хэрэг биш. Харин тухайн орон нутгийн байгууллагын буюу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гаргасан хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас үүдэн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Нэхэмжлэгч компани нь 2008 онд тусгай зөвшөөрлийг анх авахдаа бүх хөрөнгө оруулалтаа хайгуулын үйл ажиллагаанд зарцуулсан. 2008 оноос эхлэн тооцоход 8 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан.
Ингээд 2018, 2019 онуудад Ашигт малтмал, газрын тосны газраар хайгуулын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан, тус төлөвлөгөөнд өрөм байршуулж өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулна гэдгээр батлуулсан. Өрөм гэдэг нь хайгуулын үйл ажиллагааны хамгийн эцсийн үр дүн үзэх, үр дүн гаргах боломжтой үйл ажиллагаа байдаг. 2018 онд өрөмдөх үйл ажиллагааг явуулж чадаагүй. Учир нь тухайн үед тусгай зөвшөөрлөөр олгогдсон газар нь тусгай хамгаалалттай газартай давхцаж байна гэсэн тогтоол гарсан. Ийм тогтоол гарсан учир танай компанийн үйл ажиллагааг явуулахгүй гэх 2018 оны 1/205 дугаар албан бичгээр Засаг дарга мэдэгдсэн. 2018 онд тухайн албан бичгийг гардаж авмагц шүүхэд гомдол гаргаж хэрэг үүсгэж явсан. Ингэж хандахад манай тусгай зөвшөөрлийн талбайтай тусгай хамгаалалттай газар нь огт давхцаагүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ үндэслэлээр Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Орон нутгийн байгууллага, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь акт гаргахдаа үндэслэлээ хянахгүй илт үндэслэл муутай гаргаснаас үүдэн 2018 онд төлөвлөсөн байсан бүх ажил нурсан.
Ингээд 2018 оны дараа 2019 онд дахин өрмөө тавих гэж өрмийн компанитай гэрээ хийж, тухайн газраа очиход 4, 5 нутгийн иргэд гарч ирээд явуулахгүй гэсэн. Үүний дараа Засаг дарга нь манай байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ямар нэгэн үндэслэлгүйгээр А/64 дүгээр дугаар захирамжаар цуцалсан байдаг. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар нутгийн иргэд дэмжихгүй гэдэг шалтгаанаар манай компанийн 2019 оны хайгуулын үйл ажиллагааг зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цуцалсан байсан. Ингээд 2018, 2019 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан. Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин хандсан. Маргаан маш их удааширсан, энэ тал дээр уучлалт гуймаар байна. Манай компани 2 жилийн хугацаагаа авахаар Х аймаг, Мэргэжлийн хяналтын газар аль альтай нь шүүхээр явсан. Ашигт малтмал газрын тосны газрыг хариуцагчаар татсан учир нь Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар хууль хэрэгжүүлж, хяналт тавьж, тусгай зөвшөөрлийг олгож, сунгах гэх мэт бүхий л ажиллагааг хариуцдаг. 2018 онд Засаг даргаас ийм мэдэгдэл ирлээ бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаараа мэдэгдэж байсан. 2019 онд А/64 дүгээр захирамжийн талаар мэдэгдэж байсан.
Манай компани 2008 онд тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож авсан. 2019 онд ашиглаж чадаагүй. А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгохоор Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт давж заалдах гомдол гарч 5 дугаар сарын 31-ний өдөр магадлал гарсан. 2018 он 2019 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас бус бус тухайн орон нутгийн захиргааны буруутай үйлдлээс болсон. Ингээд 2 жилийн хугацааг нөхөн олгож өгнө үү гээд Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад тухайн үед маргаан бүхий актаар дараа жилд шилжүүлэн тооцох боломжгүй гэх ямар нэгэн хууль зүйн үндэслэл бичээгүй хариу ирсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөө хуульд заасан журмын дагуу хандах ёстой гэсэн байсан. Манай компани үр дүнгээ үзээгүй, өрөм тавиагүй ийм байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжгүй гэдгийг хариуцагч тал мэдэж байгаа. Сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг шүүхийн байгууллагад хандаж түдгэлзүүлээд шүүгчийн захирамжийг аваад ирвэл танай хүсэлтийг хангаж өгнө гээд бидэнд итгэл төрүүлсэн. Бид энэ албан бичигт нь дурдсаных нь дагуу хугацаагаа нөхүүлж авахаар орон нутгийн байгууллагаар явсан. шүүхээс хоёр шатны шүүхээр шийдвэр гаргаж тогтоогдсон маргаан юм.
Хариуцагч С ХХК-д нөхөн тооцуулах хуулийн боломж байхгүй гэж хэлсэн. Гэхдээ манай компани нийт 12 жилээс 10-ыг нь ашигласан. 12 жил хайгуул хийнэ гэж үзэж хайгуулын үйл ажиллагаандаа хөрөнгө оруулж 1,700,000,000 сая төгрөгийг гаргасан байдаг. Сүүлийн хоёр жилд төгсгөлийн үр дүн үзэх гэж байхад цуцалсан. Манай компани 12 жилийн хугацаагаа бүрэн эдэлбэл хүч чармайлт, хөрөнгө мөнгө зарсан үр дүнгээ үзэх хэрэгтэй байгаа. Захиргааны байгууллагаас хохирлоо нэхэмжлэхэд гаргаж өгдөггүй. Х аймгийн шүүхэд хохирлоо нэхэмжилж хандаж үзэхэд хангаагүй. Бүтэн 12 жилийн хүч хөдөлмөр нийт 1,7 тэр бус төгрөгийг зарцуулсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авч чадахгүй байсан ч хамаагүй 12 жилээ бүтэн ашиглах хүсэлтэй байгаа. Жил бүр хайгуулын судалгааны үр дүнгээрээ Ашигт малтмал газрын тосны газар руу хүргүүлдэг. Энэ мэдээлэл дунд геологийн маш том мэдээлэл байгаа. Энэ нь компанийн ашиг сонирхол талаасаа биш улсын геологийн мэдээллийн санг бүрдүүлэхэд ашигт малтмалын 12 жилийн хугацаанд бүрэн үйл ажиллагааг явуулж тогтоолгох ашиг сонирхол байгаа. 2013 онд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо баталсан байдаг. Манай Засгийн газар хувийн хөрөнгөөрөө хайгаад олбол ашигла байр суурьтай. Гэтэл орон нутгаас нь хэдэн хүн орж ирээд ус ашиглах гэрээнд нь хаалт тавьж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлахгүй, цуцалдаг. Энэ талаарх хүсэлт, мэдэгдлийг хариуцагчид өгч байсан. Энэ нь нотлох баримтаар авагдсан байгаа. н.Баяраа өмгөөлөгчтэй бид зөвлөгөө мэдээлэл авч байхад Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байдаг гэж хэлж байсан.
Иргэн хуулийн этгээд ямар нэгэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотойгоор захиргааны байгууллагаас тодорхой хэмжээний хүлээлтийг бие болгож өөрсдөд нь хүлээлт үүсгэсэн байдаг бөгөөд тэр нь хуулийн дагуу хамгаалагддаг. Компанийн үйл ажиллагаа зогссоноос хойших ажилчдын цалин, тайлан мэдээ гэх мэт сул зогсолтын хохирол дээш нь өсөж байгаа. Мөн манай дээр даалгах шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жил рүү нь нөхөн тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нь бага мөнгө биш 86,000,000 гаруй төгрөг гээд нэлээд өндөр дүн төлдөг. Нийт 168,000,000 төгрөг төлсөн. Бид тусгай зөвшөөрлийн хугацаанд хайгуулын үйл ажиллагааг бүрэн явуулна гэж итгэж энэ мөнгийг төлсөн. Гэтэл 2018, 2019 онуудад хайгуулын үйл ажиллагааг явуулж чадаагүй. Нөхөн тооцуулж, хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг явуулан ашиглах зорилгоор шүүхэд хандаж байгаа. Ашигт малтмал газрын тосны газар манай зөвшөөрлийг хоёр жилийн хугацааг нөхөн тооцоогүй вэ? Гэх асуулт байгаа. Бид Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.7-д гур гурван жилээр нийт 12 жилээр хугацааг сунгана гэсэн байдаг. Гэтэл манай компани 10 жилийг нь ашигласан сүүлийн хоёр жилийг нь орон нутгийг байгууллагын буруугаас болоод хайгуул хийж чадаагүй.
Хууль ёсны итгэл хамгаалах зарчимтай холбоотойгоор төрийн байгууллага байж шүүхэд ирж маргаж байхаар манай компанийн татварт төлсөн мөнгөөр санхүүжиж байгаа юм чинь иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шүүхийн өмнөх шатанд сэргээж болохгүй байгаа вэ? Гэтэл маргаан бүхий актад бичсэн байгаа зүйлс нь биеллээ олсон байдаг. Хоёр шатны шүүхээр хууль бус болсон болохыг нь тогтоосон байдаг. Хугацаа хойшлох тусам компани хэцүү байдалд орж яахаа мэдэхгүй байна. 2 жилийн өмнө манай компани 2 жилийн хугацаагаа эдэлж судалгаагаа хийлгэж дуусгасан байсан бол манай компани өнөөдөр ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжсэн, эсвэл бүх зүйл дуусаж байхыг үгүйсгэхгүй. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаж байгаа үндэслэл нь төрийн байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газраас цуцлах тохиолдолд дууссан байдаг. Гэтэл манай компанид цуцлах ямар нэгэн үндэслэл бүрдээгүй байтал тусгай зөвшөөрлийн хугацаагаа эдэлж чадаагүй. Иймд хоёр жилийн хугацааг нөхөн авч, 167,000,000 төгрөгөө дараа жил рүү нөхөн тооцуулах хүсэлттэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахад тодорхой гомдол шийдвэрлэхэд хугацаа дуусчихаар тэр дунд төрийн байгууллагаас эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдийн эрхийг сэргээх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг сэргээдэг, тасалдаг, түдгэлзүүлдэг арга хэмжээг авдаг эрх зүйн хугацаатай холбоотой зохицуулалт байдаг.
2018, 2019 онд шүүхийн шийдвэрээр хууль бус нь тогтоогдсон орон нутгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үйл ажиллагаа явуулж чадаагүй хоёр жилийн хугацаа нь тасалдах, түдгэлзэх, дахин шинээр эхлэх боломж боломж байгаа байх. Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тайлбар гаргаж өгсөн. Ашигт малтмал нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зохицуулагддаг. Газрын тосны тухай хуульд манай дээр үүсэж байгаа асуудлыг зохицуулсан байдаг. Давагдашгүй хүчин зүйл төрийн байгууллагын шийдвэрээс үүдэн тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй бол тэр хугацаагаар нь гэрээний хугацаа, хайгуулын хугацаа сунгагдах заалттай байдаг. Ашигт малтмалын тухай хуульд нөхөн тооцуулах гэх ойлголт байхгүй хэдий ч компанийн эрх ашиг зөрчигдсөн байгаа бөгөөд үүнийг нь сэргээж эдлүүлэх, өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалах хэрэгтэй. Параллель хуулийн зохицуулалтад нөхөн тооцуулах зүйл байгаа учир манай өмгөөлөгч хуулийг төсөөтэй хэрэглэж болдог гэж Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 21 дүгээр тогтоол хэлж байсан. Уг тогтоолд маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсвэл тодорхой бус, хуулийн зүйл заалт хоорондоо зөрчилтэй шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэхээр хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй гэх зарчим үйлчилдэг байна. Манай компанийн үйл ажиллагаанаас үл хамааран тусгай зөвшөөрлийн хугацаа алдагдсан учир нөхөн тооцуулах боломжтой гэж үзэж байна. Шүүхэд ирэхээсээ өмнө үүнийг сэргээж шийдэх боломжтой байсан. Нэгэнт хуулийн хуульд маргаантай харилцаа үүссэн учир өмгөөлөгч авсан. Энэ мэтээр тодорхой зардлууд манай компаниас гарсан. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хэлсэнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцуулах, тусгай зөвшөөрлийн төлбөрөө нөхөн тооцуулах шаардлага гарсан. Мөн шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Шүүхийг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх сүүлийн найдвар гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бичгээр гаргасан, өмнөх шүүх хуралд гаргасан тайлбараа дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т энэ хууль заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар 3 удаа сунгах эрхтэй буюу 12 жил байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч компани 2008 оны 8 дугаар сард тусгай зөвшөөрлөө авсан. Энэ тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.
Тэгэхээр уг тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны төлбөрийг шилжүүлж тооцох, хугацааг нөхөн тооцох боломж байхгүй. Мөн нэхэмжлэгч компани төрийн захиргааны байгууллагад удаа дараа хандсан гэж хэлсэн. Шүүхийн ирүүлсэн бичгийн хүрээнд нотлох баримтыг манай байгууллагаас гаргуулж авахад 2018, 2019 онуудад манай байгууллагад хандаж байсан бичиг, баримт байхгүй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 32 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөхөөр заасан байдаг. Энэ төлбөрийг хойшлуулах зохицуулалт байхгүй. Төрийн захиргааны байгууллагууд нь хуульд заасан эрх олгогдсон хэм хэмжээний дотор ажилладаг.
Эрх олгогдоогүй үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөнд тооцогддог учир ийм боломж байхгүй. Мөн Газрын тосны тухай хуульд байгаа давагдашгүй хүчин зүйлээс болсон үед гэрээний хугацааг түдгэлзүүлэх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх тухай ярьсан. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль нь тус тусдаа хууль юм. Хоёр өөр ашигт малтмал, хөрөнгө оруулалтын хэмжээ нь өөр учир хууль тогтоогчид эдгээр хуулиудыг өөр өөр хуулиар зохицуулдаг. Тиймээс энэ хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй. Нарийвчилсан зохицуулалттай хууль нь Ашигт малтмалын тухай хууль учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн XV000000тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ээлжит жилийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэх боломжгүй гэсэн 7/7896 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анх С ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Х аймгийн Дсумын Днэртэй газарт орших 31641 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 14066Х дугаар тусгай зөвшөөрлийг авч, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах, 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 498 тоот шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгажээ.
Х аймгийн Дсумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар тогтоолоор Бүргэдтэй хайрхан орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, нэхэмжлэгч С ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтай гэх үндэслэлээр Х аймгийн Дсумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/298 тоотоор хайгуулын ажил хийлгэх боломжгүй гэх албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч С ХХК-иас Х аймгийн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар тогтоолыг эс зөвшөөрч уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 239 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101 дүгээр захирамжаар Х аймгийн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэх газар нь С ХХК-ийн XV-014066 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 11572.97 га газартай давхцаагүй гэх үндэслэлээр С ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж боловч Х аймгийн Дсумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар С ХХК-ийн ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд Шивэр багийн Иргэдийн Нийтийн Хурлаас дэмжлэг үзүүлэхээс татгалзсантай холбогдуулан компанийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталсан шийдвэрийг цуцалсны дагуу Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2104329/01 тоот актаар тус компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоож, түүнийг эс зөвшөөрч гаргасан С ХХК нь Х аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, улсын ахлах байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21-07-036/04 дугаар шийдвэрээр 2019 оны 21-04/329/01 дугаартай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгожээ.
Үүний дараа нэхэмжлэгч компаниас Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х аймгийн Дсумын Засаг даргад холбогдуулан Х аймгийн Дсумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83,905,000 төгрөг, 2019 оны төлбөр 83,905,000 төгрөг, нийт 167,810,000 төгрөгийг Дсумын Засаг даргаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Х аймгийн Дсумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэснийг хангаж, үлдэх хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83,905,000 төгрөг, 2019 оны төлбөр 83,905,000 төгрөг, нийт 167,810,000 төгрөгийг Дсумын Засаг даргаас гаргуулах шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 559 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас үзвэл орон нутгийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж байсан хэдий ч хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Х аймгийн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар тогтоол, Х аймгийн Дсумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамж, Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2104329/01 тоот актаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс дээрх нөхцөл байдлыг Ашигт малтмал газрын тосны газар болон Кадастрын хэлтэст удаа дараа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаарх тайлбар хүсэлтээ бичгээр гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19-01 тоот, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19/10 тоот, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19/02 тоот, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/06 тоот, 2020 оны 3 дугаар сарын 25-ны 20/08 тоот албан бичгүүдээр нотлогдож байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/7896 тоот албан бичгээр орон нутгийн байгууллага, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрээс болж хайгуулын ажил хийж чадаагүй байгаа нөхцөл байдал нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах болон ээлжит жилийн төлбөрт шилжүүлэн тооцох боломжгүй гэх хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр 21.1.1-т хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх гэж заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хангаагүй мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.
2. Тус компанийн XV000000тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны буюу хайгуулын 11, 12 дахь жилийг дараа жил рүү нөхөн тооцон шилжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн 2018, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: С ХХК нь 2008 оноос хойш хайгуулын ажлын зардалд 1,649,980,148 төгрөгийн зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн 2020 оны санхүүгийн тайлангийн 1.2.6 дугаартай мөрөөр нотлогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг, 4.1.15-д "хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг хэлжээ.
Энэхүү хуулийн заалтуудыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл тус компани нь эрх бүхий байгууллагаас олгогдсон ашигт малтмал эрэх хайх тусгай зөвшөөрлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасан эрхийг эдэлж, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хуулиар үйл ажиллагаа явуулах хугацааг нийт 12 жил байхаар заажээ.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах зөрчил гаргавал таслан зогсоох 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг заасан байхад хуульд заасан үүргээ биелүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгч компани орон нутгийн удирдлагуудын хууль бус шийдвэрүүдийн улмаас хуулиар эрх олгогдсон 12 жилийн хугацааны 2 жилд нь буюу тодруулбал 2018, 2019 онд ашигт малтмал эрэх хайх үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдож байх тул түүнийг тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа 12 жил хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл С ХХК нь Х аймгийн Дсумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар тогтоолтой маргаж, 2018 онд шүүхэд хандаж шүүхээс шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101 дүгээр захирамж гарч, дахин Х аймгийн Дсумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд Шивэр багийн Иргэдийн Нийтийн Хурлаас дэмжлэг үзүүлэхээс татгалзсантай холбогдуулан компанийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталсан шийдвэрийг цуцалж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2104329/01 тоот актаар тус компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон тул шүүхээр маргаан үүсч энэ талаар хариуцагч захиргааны байгууллагад удаа дараа албан бичгээр мэдэгдсээр байхад хүлээн авч шийдвэрлээгүй нь буруутай байна.
Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х аймгийн Дсумын Засаг даргад холбогдуулан Х аймгийн Дсумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Х аймгийн Дсумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгосон тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7/7896 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид хуулиар олгогдсон ашигт малтмал эрэх хайх 12 жилийн хугацаа 2016 онд тасалдаж 2022 онд хүртэл шүүхийн маргаан үргэлжилсэн нь тогтоогдож байх тул түүний 2018, 2019 онд хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан хугацааг тооцож эдлүүлэхээр байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй байх тул энэхүү эрхээ элдэх боломжийг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаагаар хаасан байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг нөхөн сэргээхээр байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж зааснаар нэхэмжлэгч компани үүргээ биелүүлж байсан хэдий ч орон нутгийн төрийн захиргааны байгууллагын буруутай шийдвэрүүдээс шалтгаалан тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг шүүхээр тогтоосон байх тул мөн хуулиар олгосон 12 жилийн хугацаа дууссан учраас түүний үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэн шүүхийн маргаантай байсан хугацааг нөхөн тооцож, түдгэлзүүлэх ажиллагаа явуулаагүй хариуцагч буруутай байна.
Нэхэмжлэгчээс үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааны буюу 2018 болон 2019 оны хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлсөн тул түүнээс дахин төлбөр төлөхийг шаардах боломжгүй байна.
Иймээс С ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 2018, 2019 оны хугацааг сэргээн тооцох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7/7896 тоот шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, хайгуулын XV000000тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ