Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0514

 

“Ч” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Л.Б

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б

Гомдол гаргагч: “Ч” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гааийн улсын байцаагч Л.Б

Гуравдагч этгээд: “С” ХХК

Гомдлын шаардлага: 

“Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гааийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0012505 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0031/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч “Ч” ХХК нь “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0012505 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 3, 11.21 дүгээр зүйлийн 11, Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ч ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0012505 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1 дэх заалтад “Захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасныг үндэслэн шийдвэрээ гаргасан боловч уг шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг хангаагүй, мөн шүүхээс эрх бүхий албан тушаалтны гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0012505 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь илт нэг талыг барьж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

3.2. Учир нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1-т зааснаар эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар хууль бус гэж үнэлэн, уг шийтгэлийн хуудсаас болж нэхэмжлэгч буюу зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийж, улмаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох агуулгыг хуульчилж өгсөн байхад хуульд зааснаас өөр шийдвэр гаргаж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосонд гомдолтой байна.

3.3. Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор нэмэлт тайлбар хийхэд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1 2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;”, 47 1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47 1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан үндэслэлээр захиргааны акт болох шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоохоор хуульчилсан.

3.4. Гэтэл анхан шатны шүүх нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн шинж байдал, шийтгэлийн хэмжээ нь тохирсон байх шударга ёсны зарчмыг баримталж тогтоогоогүй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.

3.5. Анхан шатны шүүхээс хариуцагч нь маргаан бүхий тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа өнгөрсөн байхад уг ажиллагааг явуулж шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:” гэж заасныг буруу тайлбарлаж, хэрэглэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон гэж үзэж байна.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол гаргаагүй асуудлаар шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн талыг илт баримталсан, хариуцагчийн талыг нотлох баримтуудыг бүрэн дүүрэн, үнэн зөв үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

3.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0379 дугаар бүхий шийдвэрийн Үндэслэх хэсэгт доорх хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

-Хэсгийн 3-т “ ... Гаалийн улсын байцаагч Л.Б-ын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно” гэжээ. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл-2 хуудас, холбогдогчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гаргасан тайлбар 10 хуудас, холбогдогчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлтээр гаргаж өгсөн тайлбар 17 хуудас, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн гомдол 2 хуудас зэрэг нийт 31 хуудас баримт материалаас үзэж болно. Гомдол гаргагчийн тавьсан шаардлагууд дотор хөөн хэлэлцэх хугацааны талаар нэг ч үг өгүүлбэр, утга санаа байхгүй атал шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар шүүх хуралдаан дээр өөрөө биечлэн санал гарган талуудаас асуулт асууж хариулт авч, энэхүү хэрэг маргаанд хэт нэг талыг баримталсан үндэслэл бий болгож улмаар хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар эцсийн шийдвэрээ гаргасан нь маш буруу гэж үзэж байна. Энэ нь хэргийг үнэн зөв шийдэх, шийтгэл ногдуулсан нь зөв, буруу эсэхэд чухал ач холбогдолтой билээ. Шүүхийн энэхүү шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл мөн болно Шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан, хэргийн оролцогчдын маргасан асуудлаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргадаг билээ. Энэ захиргааны хэргийн хавтас хэргүүд дотор хөөн хэлэлцэх хугацааны талаар нэг ч гомдол, нэхэмжлэл, шаардлага байхгүй учир шүүх энэ талаар шийдвэр гаргах нь буруу, зохимжгүй гэж үзэж байна. Энэ бүгдээс үзвэл анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

-Хэсгийн 16-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл “Хөөн хэлэлцэх хугацаа” гэж хуулийн нэрийг буруу бичжээ. Зүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйл, “Хөөн хэлэлцэх хугацаа” гэж зөв бичих ёстой байлаа.

-Хэсгийн 16, 17-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл (Хөөн хэлэлцэх хугацаа)-ийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:”, 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;”, 3-т “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасныг буруу тайлбарлаж, гомдол гаргагчийн зөрчил үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу гэж дүгнэжээ. Энэ нь үндэслэлгүй дүгнэлт юм Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэснийг сайн анзаарвал “Хуульд өөрөөр заагаагүй бол ... “ гэж хуульчлан тодорхойлж өгчээ. Гомдол гаргагч, энэхүү хэргийн зөрчилд холбогдогч “Ч” ХХК нь улсын хилээр бараа оруулж ирэхдээ гаалийн харилцаанд оролцож Гаалийн тухай хууль зөрчиж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-т заасан зөрчлийг үйлдсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл нь Гаалийн тухай хууль зөрчих гэсэн нэртэй байдаг. Иймд Гаалийн тухай хуулиа баримтлан Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэсэн хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн гомдол, маргааныг 5 жил дотор нь зөрчлийн хэрэг нээсэн болно. Мөн энэхүү зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол гаргагч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хэргийн оролцогчид маргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж маш тодорхой хуульчилжээ. Энэ бүгдээс үзвэл анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

-Хэсгийн 19, 20-д “хариуцагч нь “Ч” ХХК-ийн ... гэх зөрчлийн талаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байна. Мэдсэн атлаа 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.” гэжээ. Шүүх энэхүү цаг хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Гуравдагч этгээд “С” ХХК 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт “Ч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан зөрчлийн талаар гомдол гаргасан. Хариуцагч Л.Б би энэхүү гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Тэгэхээр энэхүү зөрчлийн талаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн гэж үзэхгүй, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдсэн гэж үзнэ. Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн орон тоон дээр биш Улаанбаатар хотын гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан болно Тэгэхээр хариуцагч би энэхүү зөрчлийн талаар мэдэх ямар ч боломж байхгүй. надад эрх бүхий албан тушаалтан Л.Б миний бие гомдлыг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Нийслэлийн прокурорын газарт гомдлыг хянуултал 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн прокурорын тогтоол гарсан. Ингээд Нийслэлийн прокурорын газрын прокурорын хяналтад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргагч “Ч” ХХК-д шийтгэл ногдуулсан Уг зөрчлийг 5 жил шалгаад шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хавтас хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн архивын баримтаас авсан 10 хуудас баримтаас үзэхэд гуравдагч этгээд “С” ХХК 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан зөрчлийн талаар тухайн үед төрийн бүхий л байгууллагад хандаж гомдол гаргасан юм билээ. Энэ хүрээнд анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр БУГГ, Гаалийн ерөнхий газарт хандан лавлагаа, нотлох баримт гаргуулах тухай албан тоот хүргүүлсэн. БУГГ 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 02/83 тоот албан бичгээр “2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/321 дугаар албан бичгээр “С” ХХК-иас “Ч” ХХК- ийн үйлдсэн зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэж, Гаалийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 01-1/688 тоот албан бичгээр “... лиценз гаргуулан авсан үйлдэл болоод түүнтэй холбоотой гарсан зөрчлийг Гаалийн байгууллага шалгах чиг үүрэггүй болно.” гэж анхан шатны шүүхэд хариу хүргүүлж байжээ. Энэ бүхнийг би хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш олж мэдсэн Энэ талаарх баримтуудыг хавтаст хэргээс үзнэ үү. Би ажлаа хуулийн хугацаанд үнэн зөв хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.

-Хэсгийн 21-д “... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зөрчилд 5 жилийн дараа буюу ... 2024 оны 11 дугаар сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.” гэжээ. Үүнийг би үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж маш тодорхой хуульчилжээ. Мөн Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх зүйлд заасан “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэсэн хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн гомдол, маргааныг 5 жил дотор нь шийдсэн болно. Энэ бүгдээс үзвэл анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

-Хэсгийн 24, 25-д “... 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад ... маргаан бүхий захиргааны акт гаргасан байна гэж үзэхээр байна” гэжээ. Шүүх энэ асуудлыг үндэслэлгүй дүгнэжээ. Гомдол гаргагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан зөрчлийн талаар 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гуравдагч этгээдээс гомдол хүлээн авсан. Ажиллагааны явцад прокурорын тогтоолоор 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Ингэснээр 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5 жилийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр буюу хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзнэ. Иймд хөөн хэлэлцэх хугацаандаа багтаж хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналтан дор хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгээд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохих шийтгэлийг ногдуулсан болно.

-Хэсгийн 26-д “... зөрчилд холбогдогчийн эрх байдлыг дордуулах байх үүднээс Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. Өгүүлбэрийг уншвал үг үсгийн алдаатай, утга санаа найруулгын ч бас алдаатай харагдаж байна логик утгаар нь ойлгоход Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах нь зүйтэй гэсэн юм шиг байна. Би дээр хэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэснийг сайн анзаарвал “Хуульд өөрөөр заагаагүй бол ... “ гэж хуульчлан тодорхойлж өгчээ. Гомдол гаргагч, энэхүү хэргийн зөрчилд холбогдогч “Ч” ХХК нь улсын хилээр бараа оруулж ирэхдээ гаалийн харилцаанд оролцож Гаалийн тухай хууль зөрчиж зөрчлийг үйлдсэн байдаг. Иймд Гаалийн тухай хуулиа баримтлан Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх зүйлд заасан “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэсэн хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн гомдол, маргааныг 5 жил дотор нь шийдсэн болно.

-Хэсгийн 29-д “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул ... гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж нийтэд нь дүгнэн үзжээ. Дээрх бүх өөрийн тайлбаруудыг нэгтгэн дүгнэвэл шүүхийн шийдвэр илт нэхэмжлэгч талыг барьж, нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д хэсэгт зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж маш тодорхой хуульчилжээ. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар хууль бус гэж үнэлэн, уг шийтгэлийн хуудаснаас болж нэхэмжлэгч буюу зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийж, улмаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох агуулгыг хуульчилж өгсөн байхад гомдол гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй, хэргийн оролцогчид огт маргаагүй, хавтаст хэрэгт нэг ч нотлох баримт байхгүй хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль бус шийдвэр гаргаж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосонд их гомдолтой байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэснийг сайн анзаарвал “Хуульд өөрөөр заагаагүй бол ...” гэж хуульчлан тодорхойлж өгчээ. Гомдол гаргагч, энэхүү хэргийн зөрчилд холбогдогч “Ч” ХХК нь улсын хилээр бараа оруулж ирэхдээ гаалийн харилцаанд оролцож Гаалийн тухай хууль зөрчиж зөрчлийг үйлдсэн байдаг. Иймд Гаалийн тухай хуулиа баримтлан Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэсэн хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн гомдол, маргааныг 5 жил дотор нь шийдсэн болно. Харин шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдол гаргагч буюу зөрчилд холбогдогч “Ч” ХХК-д давхардуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч зөв гэж үзэж байна.

3.8. Шүүхийн шийдвэрийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон тогтоох нь” гэсэн хэсгийн 106.3 14 дэх заалтыг буруу бичсэн байна. 106.3.14-т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заажээ. Эндээс дүгнэвэл аль утга санааг гаргаж илэрхийлэх гэсэн нь ойлгомжгүй, үг үсэг, тооны санаатай болон санамсаргүй ч юм шиг алдаа гаргасан гэж үзэхээр байна Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргасан.

3.9. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа прокурорын хяналтан дор явагдсан учраас эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг прокурор тухай бүр хянаж баталгаажуулсан.

3.10. Иймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12 дахь заалтад заасны заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

4. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0012505 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч компанийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн зөрчилд хариуцагчийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлж 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хууль, Гаалийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан нь зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Тодруулбал:

4.2. “Ч” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгийн хэрэгсэл импортлох лиценз авахдаа хууль бус нотлох баримт бүрдүүлсэн болох нь гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдсон. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дээрх эмнэлгийн хэрэгсэл импортлох хууль бус лицензээ ашиглан барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил үйлдсэн байдаг.

4.3. Энэхүү зөрчилд олон удаагийн гомдол гаргасны эцэст 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын 61 дүгээр тогтоолоор 2402000645 дугаар зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явагдсаны үр дүнд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулсан байна.

4.4. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан ба 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэжээ. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа нь төрийн бусад хяналт шалгалтын үйл ажиллагаанаас онцлог шинжтэй, бие даасан материаллаг хуулиар зохицуулагддаг, зөрчил хянан шийдвэрлэх тусгайлсан хугацааг баримталдаг тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуульд өөрөөр заасан” гэх зохицуулалтад хамаарч, хөөн хэлэлцэх тусгай хугацааг баримтлах үндэслэлтэй.

4.5. Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэж заасан. “Ч” ХХК-ийн хууль бусаар оруулж ирсэн эмнэлгийн хэрэгсэл нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар чөлөөт эргэлтэд орсон бараа бөгөөд хуульд зааснаар 5 жилийн хугацаанд шалгах боломжтой.

4.6. Анхан шатны шүүх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг Зөрчлийн тухай хуульд зааснаар бус тусгайлсан хуульд заасан 5 жилийн хугацааг баримтална гэж зөв дүгнэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан, шийтгэл оногдуулсан үед буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

4.7. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно гэж заасан ба Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа зогсож, үүнээс хойших ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

4.8. Харин шүүхээс “гомдол гаргагчийн нэг зөрчилд хоёр байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд давхардуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлуудад дараах үндэслэлээр хариу тайлбар гаргажээ.

5.1. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “... анх хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаж, хууль зүйн дүгнэлтээ хийсэн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, аудио бичлэгт тодорхой бичигдсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан нь нотлох баримтаар тогтоогддог.

5.2. Мөн хариуцагч талаас шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгч компани хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдолдоо дурдаагүй. Өнөөдөр анх удаа гаргаж байна” гэж маргаад “аль ч салбарын тухай хууль дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар заавал оруулсан байдаг. Гаалийн тухай хууль дээр чөлөөт эргэлтэд байгаа барааг таван жилийн дотор шалгаж болно гэж оруулсан нь хөөн хэлэлцэх хугацааны талаар гэж би ойлгож байна” гэж нэхэмжлэгчтэй мэтгэлцсэн.

5.3.  Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь “... Гаалийн тухай хуульд таван жилийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. Зөрчлийн тухай хуульд 2 жилийн асуудал яригдаж байна” гэх мэтчилэн тайлбар гаргаж мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

5.4. Тиймээс хариуцагчийн болон гуравдагч этгээдийн “хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн” гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй байна.

5.5. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасныг бүрэн эхээр нь тусгаагүй байгаа нь “хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар гомдол гаргагч маргаагүй” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээд нь “шүүгчийг хэт нэг талыг баримталсан, үндэслэлийг өөрийн санаачилгаар бий болгосон” хэмээн гомдолдоо буруутгасан нь нотлох баримтаар нотлогдохгүйн дээр Монгол Улсын шүүхийг илтэд гүтгэсэн үйлдэл хэмээн харж болохоор байна.

5.6. Хариуцагч болон гуравдагч этгээд нь давж заалдах гомдолдоо “...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, гэсэн зохицуулалтын “хуульд өөрөөр заагаагүй бол” гэдгийг нь Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх зүйлд заасан “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэснийг нь “Зөрчлийн тухай хуульд заасан 2 жилийн хөөн хэлэлцэх хугацааг “Гаалийн тухай хуульд өөрөөр буюу 5 жил гэж заасан” гэж “шалгалт хийх тухай” зохицуулсан байхад “хөөн хэлэлцэх хугацаа 5 жил” гэж заасан гэж буруу ойлгож, энэ буруу ойлголтоо шүүхэд тулгаж, “шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

5.7. Иймд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, талуудын маргасан асуудалд хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 379 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

            2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Өмнө нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчаас эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр бүтэгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон гэх зөрчилд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-д шийтгэл оногдуулж, уг шийтгэлийг эс зөвшөөрч “Ч” ХХК-иас анхан шатны шүүхэд гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0892 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182 дугаар тогтоолоор “Ч” ХХК-ийн гомдлыг хэлэлцүүлээс татгалзсанаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дугаартай шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болжээ.

2.2. Улмаар “С” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай 61 дүгээр прокурорын тогтоолоор 2402000645 дугаартай зөрчлийн хэргийг нээж, хариуцагч гаалийн улсын байцаагч Л.Б нь дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0012505 дугаар шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг Гаалийн тухай хууль зөрчиж, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.

2.3. Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “Ч” ХХК-иас гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ “...Зөрчлийн тухай хуульд зааснаар хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдэд зөрчил үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахааргүй байхад гомдол гаргагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гэх зөрчилд 5 жилийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг хийж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2.4. Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно”, 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна”, 249 дүгээр зүйлийн 249.3-т “Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно” гэж тус тус заажээ.

2.5. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлээр зохицуулагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт” нь мэдүүлэгч Гаалийн мэдүүлэг болон Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгахад чиглэгддэг бөгөөд үүний зорилго нь мэдүүлэгч төлөх ёстой татварыг төлсөн эсэх, төлөөгүй бол түүнийг нөхөн төлүүлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл баримтаар тогтоогдсон зөрчилд дүгнэлт гаргаж, төлбөрийн акт тогтооход чиглэгдэх юм.

2.6. Харин хариуцагч гаалийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх заалтыг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах учиртай.

2.7. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:” гээд 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж зааснаас үзэхэд гомдол гаргагч “Ч” ХХК-ийн гаргасан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гэх зөрчилд зөрчил гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахааргүй байна.

2.8. Иймд дээрх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй” бол гэх үндэслэлд Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 234.-т “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэх 5 жилийн хугацаа хамаарахгүй бөгөөд энэхүү үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

2.9. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх төдийгүй Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд хариуцагч гаалийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулж буй энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хугацааг баримтлахаар байтал Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой Гаалийн тухай хуульд заасан хугацааг баримтлах нь хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй байна.

2.10. Хэдийгээр гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтаар нэхэмжлэгч нь зөрчил үйлдсэн болох нь баримтаар тогтоогдсон байх боловч энэ тохиолдолд хариуцагч гаалийн улсын байцаагч дүгнэлт гаргаж, нөхөн төлбөрийн акт тогтоох хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх зохицуулалттай байх тул бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлаагүй болохыг тэмдэглэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

                              ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

                              ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

                              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН