Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00239

 

                                          ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02289 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1951 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 9,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан үндсэн зээл 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 9,070,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 6,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1951 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1951 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.  

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Шүүх алданги 3,000,000 төгрөгийг хэрхэн тооцсон, алданги авах эрх дуусгавар болсон гэх үйл баримтын талаар шийдвэртээ тодорхой тусгаагүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Тэрээр зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй учир гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Иймд шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 6,000,000 төгрөгийн 50 хувиар хязгаарлаж 3,000,000 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дурджээ.

4.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги тооцохоор заасан бөгөөд тухайн алданги тооцоход алданги хэзээнээс эхэлж тооцсон, хэзээ алданги авах эрх дуусгавар болсон гэх мэт үйл баримт чухал ач холбогдолтой, анхан шатны шүүх энэ талаар дурдаж шийдвэрлээгүй атал давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6,000,000 төгрөгийн 50 хувиар хязгаарлаж 3,000,000 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1951 дүгээр магадлал болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/ШШ2020/02289 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, 3,000,000 төгрөгийн алданги гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг дэмжиж оролцов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан 9,070,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 9,000,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 2018.09.27-ны өдөр зээлдэгч буюу хариуцагчид 6,000,000 төгрөгийг (бэлнээр) 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж зээлийг олгосон болох нь хариуцагч талын тайлбараар тогтоогдсон, хариуцагч нь 2 сарын хүү төлснөөс өөрөөр гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Иймд, хариуцагч үндсэн зээл 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

9. Хариуцагчийн өмгөөлөгчийн “...алданги тооцоход алданги хэзээнээс эхэлж тооцсон, хэзээ алданги авах эрх дуусгавар болсон гэх мэт үйл баримт чухал ач холбогдолтой, анхан шатны шүүх энэ талаар дурдаж шийдвэрлээгүй атал давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6,000,000 төгрөгийн 50 хувиар хязгаарлаж 3,000,000 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4-т) хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 3 сарын дараа нэхэмжлэгч шүүхэд хандсан ба энэ хүртэлх хугацааны алданги ойролцоогоор 13,500,000 (6,000,000 төгрөгийн 0,5 хувь буюу 30,000х450=13,500,000) төгрөг болж байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсний дагуу зээлдэгчийн төлөөгүй үндсэн зээл 6,000,000 төгрөгийн 50 хувь болох 3,000,000 төгрөгийн алданги гаргуулсан нь хуульд нийцсэн, хариуцагчийн эрхийг дордуулаагүй байна.  

10. Түүнчлэн, хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас “6,000,000 төгрөгийг төлж болох юм” гэсэн утгатай тайлбар өгснийг шүүх зөвшөөрсөн гэж буруу дүгнэсэн, уг мөнгийг хариуцагч аваагүй, хамтарч ажилладаг байсан хүн нь авсан...” гэж тайлбарладаг ч энэ нь хавтаст хэргийн 20 дахь талд авагдсан “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс авсан 6 сая төгрөгийг буцааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги гэх 3 сая төгрөгийг үл хүлээн зөвшөөрч байна...” гэсэн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн өөрийнх нь тайлбараар үгүйсгэгдэхээс гадна, хяналтын журмаар гомдол гаргахдаа энэхүү зөвшөөрөхгүй байгаа 3,000,000 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02289 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1951 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД