Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2019/03307

 

 

 

 

 

 

 

         2019 оны өдөр

  12 сар     19  р                                              184/ШШ2019/03307

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н овогт Д.А /РД:/. Хаяг: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Эмон  байр, тоот

Хариуцагч: Б овогт Б.Э /РД: ЧР87021216/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Зүүнбаян-Уул тоот

Хариуцагч: Б овогт Г.М /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Баянгол гудамж, тоот

4 436 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоотод амьдардаг бөгөөд тус байр хамгийн дээд талын 13 давхарт байрладаг. Бороо орж цас хайлахад дээврээс ус гоожиж ийм байдалтай 6-7 жил болж байгаа тул дээврээ засуулах гэж хороо, дүүрэг гэх зэргээр хотын хэмжээнд хөөцөлдөөд бүтээгүй тул 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дээврээ өөрсдөө засуулахаар “Үнэгүй.МН” сайтаас зар хайж “Г” ХХК-ийн захирал Б.Э болон хамтрагч Г.М нартай холбогдож эдгээр хүмүүс манай гэрт ирж ээж бид хоёртой уулзсан. Ирэхдээ “Ид шидийн орон”-г барьж байгуулсан 5-6 жил тогтвортой ажиллаж байгаа гэж зузаан хавтастай зураг төслийг үзүүлж бид хоёрын итгэлийг олж авсан. Ингээд ажлын хөлсөнд 2 500 000 төгрөгөөр Б.Э болон Г.М нар дээврийн засварын ажлыг хийхээр болж бид гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувь болох 750 000 төгрөгийг тэдэнд бэлнээр өгсөн. Маргааш нь бид 11 цагийн үед гурвалжингийн гүүрний орчим байрлах барилгын материал зардаг газар уулзаж нийт 1 767 500 төгрөгийн дээвэр хучих төмөр бусад материалыг худалдан авч портер машин хөлсөлж байрандаа авч ирсэн. Засвар эхэлж 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээний дагуу 40 хувь буюу 1 000 000 төгрөгөөс захирал Б.Эрхэмбаатарын Хаан банкны 59251237525 тоот дансанд 500 000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаа дуусгахад зарим материал дутуу байна гэж дахиад 168 500 төгрөгийн материал авсан. Тухайн өдрийн орой нь ажлаа дуусгасан бөгөөд үлдэгдэл 750 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрээний дагуу 3 жилийн хугацаатай баталгаа гаргаж өгөх болоход хэвлэгдсэн бэлэн албан баланк байхгүй байна гэж А-4 цаасан дээр гараараа 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгч баталгаат хугацааны бичгийг албан ёсоор өгөхөөр тохиролцов гэж бичиж баталгаа болгож гарын үсгээ зурж өгсөн ч дараа нь албан ёсны баримт үйлдэж өгөөгүй. Гэтэл маргааш нь бороо орж урьд гоождог байснаасаа илүү ус гэрт орж ирсэн. Б.Э руу утасдаж хэлэхэд маргааш очиж засаж янзалж өгье, санаа зоволтгүй гэж хэлснээс хойш утсаа авахаа больж, мессеж бичихэд хариу өгөхгүй сүүлдээ аль аль нь утаснуудаа салгаж холбогдохгүй болсон. Хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй байх тул ажлын хөлс 2 500 000 төгрөг болон материалын зардал 1 936 000 төгрөг нийт 4 436 000 төгрөгийг хариуцагч Б.Э, Г.М нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Э, Г.М нарт холбогдуулан 4 436 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.  

Шүүх хариуцагч нарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр мэдэгдсэн, хариуцагч нар мэдэгдсэн тухай баримтад гарын үсгээ зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариу тайлбараа шүүхэд бичгээр  гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Д.А-тай 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 40 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байр, тоот орон сууцны дээврийг солих ажлыг 2 500 000 төгрөгөөр /материалын үнэ 1 936 000 төгрөг болсон/ 5 хоногийн  хугацаанд гүйцэтгэхээр тохиролцжээ.

Гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж “Г” ХХК-ийн захирал Б.Э, захиалагч Д.А нар гарын үсэг зурсан, Б.Э нь 4 500 000 төгрөг хүлээн авсан, гүйцтэгэсэн ажлыг актаар хүлээлгэн өгч, баталгаат хугацааны баримтыг захиалагчид өгөхөөр тодорхойлолт үйлдсэн байх бөгөөд гэрээ хийсэн эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч нар маргаагүй.

Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, захиалагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн төлсөн, харин ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг чанаргүй хийж гүйцэтгэснээс ажлын үр дүн гараагүй, дээвэр ашиглах боломжгүй болсон тул захиалагч уг ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлж, чанаргүй гүйцэтгэсэн ажлын зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгүүдэд үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байх, барилга, байшингийн ажлын гүйцэтгэлд доголдол байвал дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрх хугацаагаар хязгаарлагдаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б.Э, Г.М нараас 4 436 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.А нь Б.Э, Г.М нарт ажил гүйцтэгэх гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэл гаргасан болохыг, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э, Г.М нараас 4 436 000 /дөрвөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 926  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  85 926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАТСҮХ