Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 01

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Шүүгдэгч Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.Б холбогдох  201416010167 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль-эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Г.Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Өмнөд бүс дэх газарт мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа  2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өөрийн эцэг Н.Г-н Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 47 удаагийн гүйлгээгээр 1453574,29 юань буюу 323703943,34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 12 дугаар сарын 07-ны өдрөөс 7 удаагийн гүйлгээгээр 16305656 юань буюу 36650020,52 төгрөг,

Эцэг Н.Г, төрсөн дүү Г.З нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 45 удаагийн гүйлгээгээр 926841,27 юань буюу 260262865,27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.З-н Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565303,87 юань буюу 119554501,46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.С-н Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466383.93 юань буюу 111731243,25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.Н-н Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын  29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4102,94 юань буюу 971695,10 төгрөг,

Г.Б нь өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5002 юань буюу 1266950,64 төгрөг, нийтдээ өөрийн болон бусдын дансаар нийтдээ 182 удаагийн гүйлгээгээр 3584264,67 юань буюу 854141219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нь Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч  Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Н.Г-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж, Ү-2206018460 дугаар улсын бүртгэлтэй 97А орон сууц, Г.Золбоогийн эзэмшлийн Ү-220015493 дугаартай улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, 7707 УНП улсын дугаартай М.бенз жи маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Г.Бийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт 134 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Батзоригийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ням-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ : “...Шүүх гэм буруутай эсэхийг тогтоосон шийдвэр гаргасны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 2 болон 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Бийн нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон. Нэгэнт Г.Б холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүний эрх зүйн байдлыг ямарваа нэгэн хэлбэрээр дордуулж ял, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эсэх талаар санал, дүгнэлт гаргах улсын яллагчийн болон шүүгдэгч, өмгөөлөгчдийн саналыг хэлэлцэх боломж олгоогүйгээс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.5 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцогдсон хүний хууль бусаар олсон орлогыг хэрхэн улсын орлогод оруулах талаар улсын яллагч тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй болсон.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг үндэслэл болгосон нь алдаатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 болон 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгож “хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Г.Б холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх  дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4, 3.5, 3.6 дахь хэсэгт заасан журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад “үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нийтийн албан тушаалтанд хориглосон”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ”, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгийг хураах”-аар тус тус зохицуулсныг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үзвэл Г.Б хамааралгүй мөнгийг хамаатуулан гэм буруутайд тооцсон нь эрх зүйн үндэслэлгүй, гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, Өвөр монгол иргэдийг гэрчээр байцаасан байцаалтууд нь тулгасан, хөтөлсөн, сануулсан асуултыг асууж мэдүүлэг авч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-т зааснаар мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д:..нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно гэж тус тус заасан байгаагаас үзвэл нотлох баримтыг шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Г.Бийн өөрийн эзэмшдэг данснууд дахь мөнгө нь хэзээ юуны мөнгө хаанаас орж ирсэн талаар тайлбар, мэдүүлэг огт аваагүй, тайлбарлуулаагүй энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй байж хүнийг яллаж эрх зүйн байдлыг дордуулсанд маш их гомдолтой байна.

Мөрдөн байцаалтад хэргийг буцааж хэргийг дахин шалгах шаардлага гарч байгааг анхааран үзнэ үү. Г.Бийн хаана хаана ажиллаж байсан талаарх байдлыг нягтлан шалгаж дүгнэсний үндсэн дээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүх үүнд ямар нэгэн няцаалт хийгээгүй, улсын яллагчийн зүгээс ч мөн адил ямар нэгэн няцаалт бүрэн дүүрэн хийгээгүй. Үүнээс үзвэл Батзоригийн хамаарал бүхий гэх иргэдийн дансанд орж ирсэн орлого нь Батзоригийг тухайн Гашуун сухайт хилийн боомтод ажиллаж байх цаг хугацааны хувьд тохирч, таарч байгаа эсэхэд нягтлан шалгаагүй, энэ талаар хэргийн материалд бодитой дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой байна.

Иймд Г.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ням-Очироос 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 62 дугаартай эсэргүүцэл гаргасныг бүрэн дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс Г.Бт холбогдох хэргийг хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шүүх хуралдаанаас Г.Бт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгчээс ямар хэмжээгээр гаргуулах талаар шийдвэр гаргаагүй. Шүүгдэгчээс битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, ял албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж  шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн, алдаатай шийдвэр болсон.  Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн хувьд өөрийнх нь дансаар орсон болон хамаарал бүхий этгээдийн дансаар орсон мөнгөнүүд нь үндэслэл бүхий хөрөнгө гэдгийг өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Гэтэл нотолж чадахгүй байгаа нь энэ гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоож байна. Г.Б нь өөрийнх нь болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар 182 удаагийн гүйлгээгээр 854141299 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн болох тогтоогдсон. Өмгөөлөгчийн гаргасан, тайлбар дүгнэлт үндэслэлгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлж шийдвэр гаргуулах. Мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хууль бусаар олсон хөрөнгийн асуудлыг дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэх саналтай байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Г.Бийг гэм буруутайд тооцсон атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон хөрөнгөний асуудлыг шийдвэрлэхгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцож хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.  Эдгээр хүмүүсийн хамаарал бүхий этгээдийн дансаар орсон орлого нь Г.Бийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн орлоготой хамааралтай шалтгаант холбоотой байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Прокурорын дүгнэлтэд маш их харамсаж байна. Би өөрөө шалгуулъя гэж удаа дараа гуйсан. Тийм тийм хүмүүсийг олж өгөөд намайг чөлөөлөөд өгөөч гэж олон жил гуйж байна. Би ерөөсөө л товч бөгөөд тодорхой хэлсэн. Намайг буруутгаад байгаа гэрчийг энд хамт байлцуулж байгаад шүүх хуралдаанд оролцуулаач гэж гуйсан. Чамайг яллагдагчаар татаад шүүхэд шилжүүллээ хугацаа нь болохоо байлаа гэсэн. Намайг гүтгэж байна. Хэн нь надад гомдоод байгаа талаар би ерөөсөө ойлгодоггүй. Надад үнэхээр харамсалтай байна. Авлигатай тэмцэх газарт шалгуулж болно. Шалгуулсан  гэхээр гэмт хэрэгтэн болно гэсэн үг биш. Үнэхээр энэ хүн ийм бизнес хийсэн байна гэж нотлоод би улсад мөнгө тушаасныхаа төлөө гэм буруутай болоод л зогсож байна. Тэр баримтаар тэр бүх мөнгөнүүд аж ахуй нэгжээр дамжаад Монгол улсад тушаагдсан. Тэр холбоотой гээд байдаг хүмүүсийг ирээд байцаалт өгнө үү гэж хүсэхэд Авлигатай тэмцэх газартай зууралдахгүй өөрсдөө зууралд гэдэг. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ”Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.  2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах Г.Бийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас гомдлоо гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1–т зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг нотлоогүй гэж үзэж байна. Гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэнийг нотлоогүй. Г.Бийг нийтийн албан тушаалтан гэдэгт маргахгүй.  Г.Б нь Өмнөговь аймгийн гашуун сухайт боомтын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, улсын байцаагч гэсэн ажлыг хийгээгүй. Ажилласан цаг хугацааг хэргийн хүрээнд авагдсан яллаад байгаа баримтуудыг авч үзэхэд 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт мэргэжилтнээр ажилласан. 2009 оны 09 дүгээр сарын 04-нийг хүртэл   04 дүгээр сарын 01-ээс Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд ажилласан. Ийм ажил албан тушаалтай хүн ямар ажил хийх ёстой юм. Ажлын байрны тодорхойлолтоор ажиллаж байгаа газар нь хаана байгааг авч үзэх ёстой.  Гашуун сухайтын хилийн боомт дээр ажиллаж байсан цаг хугацааг нотолж өгөөгүй байгааг анхаарч үзнэ үү. Г.Бийн өөрийнх нь дансны дугаар 5606001148 гэсэн дансаар орж ирсэн мөнгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.  Өөрийнхөө үйлдсэн хэргийг нотлох үүрэг хүлээдэггүй боловч энэ хугацаанд өөрийнх нь дансаар орсон орлогоо нотлох боломжийг олгож өгөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Г.Бийн үйлдэл холбогдолд энэ хүмүүсийн дансаар орж ирсэн мөнгө, үйлдэл холбогдол нь хамааралгүй болж байгаа бол Г.Бийн үйлдэл холбогдолд хууль бусаар орсон орлого биш гэдгийг нотолж өгөх гол баримт байгааг анхаар үзнэ үү. Хамаарал бүхий субъект Гансүх, Зоригтбаяр, Золбоо, Нандинцэцэг, Сарангоо нарын дансаар орсон орлогыг хэн нотлох үүрэгтэй юм. Г.Б нь өөр бусад хүмүүсийн дансаар орж ирсэн мөнгийг нотлох үүргийг ямар хуулиар хүлээлгэсэн юм. Тухайн хамаарал бүхий хүмүүс нь өөрсдийн бизнесийн  үйл ажиллагаагаар бий болсон, хөрөнгө мөнгөөр авсан хөрөнгийг Г.Бийн хөрөнгө гэж хамаатуулан үзэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Хавтаст хэргийн хүрээнд  авагдсан өмчлөгч болон тээврийн хэрэгслийн эзэмшигч нарын лавлагаагаар Г.Бийнх гэсэн баримт байдаггүй.   2012 оны 05 дугаар сарын 01-ээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болон 2012 онд Г.Б нь хэдий хэмжээний орлого олох ёстой байсан юм.  Г.Б олох ёстой орлогоос хэдий хэмжээний орлогыг илүү олсон бэ гэдгийг он, оноор нь тогтоосон нийт дүнгийн хэмжээг энэ хэргээс олж харахгүй байна.  5 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явж байхад Иргэний шилжилт хөдөлгөөний харьяатын газрын дансыг шүүж үзэх ажиллагаа огт хийгдээгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангаагүй. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэн, эрх байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байна. Г.Бт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан 2 үндсэн нөхцөлтэйгөөр явагддаг. Эхлээд гэм буруу, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлээгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хүнийг гэм буруутайд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгосон бол ял шийтгэл оногдуулах шүүх хуралдаан үргэлжлэх эрх зүйн үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.  Өмгөөлөгч миний бие тайлбар, үндэслэлээ тодорхой хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  цагаатгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Н.Ням-Очирын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бичсэн 62 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасан “...шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах асуудлыг хэлэлцэнэ” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Г.Б холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/104 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “...Даргалагчаас: Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр 14 цаг 48 минутад түр завсарлаж, 15 цаг 20 минутад дахин үргэлжлүүлэн шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгов” гэж /10 дугаар хавтасны153 дугаар хуудсанд/ тусгагдсанаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх нь Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг хийгээгүйгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.10-т заасан эрхийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эсэх талаар санал, дүгнэлт гаргах улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын саналыг хэлэлцэх эрхийг хязгаарласан байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нь Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад /10 дугаар хавтасны 103-р хуудас/ анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж дүгнэв.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч А.Цэдэн-Иш нь Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын хэлтсийн дарга Г.Бийг 2007-2014 онд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дахь ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний ашиг олсон үйлдэл нь хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй гэсэн үндэслэлээр 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг гаргасан байхад /1-р хавтасны 1-р хуудас/ анхан шатны шүүх нь Г.Б холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 3.6, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7, 1.8-д заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөх тухай” прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Бийг цагаатгах тухай” давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Г.Бт холбогдох  201416010167 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Б урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ                                       

                                        ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА                                                                                                                                                    

                                                                                              Т.БЯМБАЖАВ