Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 34

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч Л.Мажигсүрэн, шүүгдэгч Б.Отгонтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нарандолгор /ҮД:0433/, хохирогч Ц.Отгонбаяр, түүний өмгөөлөгч С.Хишигбуян /ҮД:1211/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                   

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 2-8 насны 5 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамж 508 тоотод оршин суудаг, “Алдарт эх 2” дугаар зэргийн одонтой, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон, /РД:ХО87061003/ Боржигон овогт Баатархүрэлийн Отгонтуяад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2014250001929 дугаартай 185/2017/0052/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Отгонтуяа давтан үйлдэл, шунахай сэдэлтээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Отгонзэсттун” ХХК-ийн захирал Ц.Отгонбаяраас 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 13.830.000 төгрөгний үнэ бүхий 132 ширхэг гар утсыг зарж өгнө гэх нэрийдлээр хуурч, төөрөгдүүлэн залилан авсан,

2015 оны 06 дугаар сарын 23-наас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” нэртэй дэлгүүрт иргэн Ч.Мартад тусгай зөвшөөрөл авч өгнө гэж 4 удаагийн үйлдлээр 1.082.000 төгрөгийг хуурч мэхлэн залилсан,

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн Түргэн үйлчилгээний цэгийг түрээслэн ажиллуулах нэрийдлээр хуурч төөрөгдүүлэн түлхүүрийг нь авч, дотор нь байсан Фрестеч загварын 450.000 төгрөгийн үнэтэй хөргөгчийг итгэл эвдэн залилан авч, нийт 15.362.000 төгрөгийн үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан мөртлөө, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 338 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонтуяагийн: ...2013 оны 12 сарын сүүлээс байнга борлуулагч нараас нь утас авч байсан. Тухайн үед би Өргөө кинотеатрын 2 давхарт гар утасны лангуу ажиллуулж байсан. Есүхэй гэх борлуулагч залуугаас утас авч эхэлсэн. Есүхэй ажлаасаа гарсны дараа Баярмаа, Отгонбаяр гэх 2 борлуулагчаас утас авдаг байсан. Тухайн үед дээд тал нь 4 сая төгрөгийн утас зээлээр гаргадаг байсан. Тооцоогоо төлөөд дараагийн утсаа авдаг байсан. Бид нарт утас өгдөг байсан хүн Отгонбаяр биш. 4 сарын 17-ны өдөр утас аваачиж өгөхдөө Отгонбаярыг мэдэж эхэлсэн. БНСУ-ын иргэн, түүний эхнэр Мөнхзул утсыг хариуцдаг байсан. Борлуулагч нартай өмнөх тооцоогоо хийж дуусгаад дахин утас авдаг байсан. Дэвтэр дээр тулгалт хийе гэхэд Есүхэй ажлаасаа гарсан байсан. Отгонбаяр, Баярмаа нарын дэвтэртэй тулгалт хийе гэхэд дэвтэр нь байгаагүй. 4 сарын 17-ны өдөр очиж утас авахдаа бэлнээр 4 сая төгрөг аваачиж өгсөн. Байцаагчид хэлээд камер шалгаад өгөөч гээд камерын бичлэгийг үзье гэхэд бичлэг нь 3 хоног хадгалагддаг гэсэн. Яагаад 20 сая төгрөгийн утас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Анх 20 сая төгрөг гэж байгаад 13 сая төгрөг нэхэмжилсэн. Борлуулагч нартай нь тооцоо хийж явдаг байсан. Өмнөх хийгдсэн тооцоонууд байсан. Борлуулагч нар миний эсрэг мэдүүлэг өгч байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйл ангийн хувьд санаатайгаар оргон зайлаагүй. Манай нөхөр хашаа байшингаа зараад солонгос улс явсан. Би 5 нялх хүүхэдтэй үлдсэн. Хямдхан түрээсийн байраар амьдарч байсан. Энэ хугацаанд манай 3 настай 2 ихэр охины нэг охин маань уйлахаараа татаж унаад, асаргаа ихтэй байсан. Нөгөө ихэр нь хөлөө хугалаад гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагаанд очиж чадаагүйдээ гэмшиж байна. Оргон зайлсан асуудал байхгүй. Энхтөр байцаагч руу учир байдлаа хэлээд ярьж байсан. Мартын хэрэг дээр өдөр болгон ороод танилцаад дэлгүүрийн зөвшөөрөл биш зээл маягаар мөнгийг нь авч байсан. Мөнгөнцэцэг эгчтэй түрээсийн гэрээ байгуулсан. Цэвэрлэгээ хийж байхад хөргөгч нь шатаад засварын газар өгөөд мөнгөний улмаас янзлуулж чадаагүй байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ар гэрийн амьдралыг харгалзан хөнгөн ял оноохыг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,                               

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгонбаярын: ...Отгонтуяа манай байгууллагаас …нийтдээ манай байгууллагаас 26.075.000 төгрөгний үнэ бүхий 180 ширхэг гар утсыг авсан байгаа юм. Тэгээд үүнээс 2014 оны 04 сарын 13-ны өдөр 2014 оны 04 сарын 06-ны өдрийн 6.810.000 төгрөгний тооцооноос 1.310.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 5.500.000 төгрөгийн тооцоо үлдсэн юм. Түүнээс хойш Б.Отгонтуяа нь тооцоо төлөөгүй байсаар 2014 оны 04 сарын 06-ны өдөр 2014 оны 04 сарын 16-ны өдрийн тооцооны үлдэгдэл 5.500.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд мөн тухайн өдрөө 2014 оны 04 сарын 08-ны өдрийн 1.885.000 төгрөгийн тооцооноос 1.000.000 төгрөгийг тус тус өгч нийт хохирол болох 26.075.000 төгрөгөөс 7.810.000 төгрөгийг төлж барагдуулсан. ...Би тухайн үед Солонгос улсаас гар утас оруулж ирж …Б.Отгонбаяр, Мөнхзул, Баярмаа нараар борлуулалт хийлгэдэг байсан юм. Уг утаснуудын жинхэнэ өмчлөгч нь Отгонбаяр миний бие учир уг утаснуудыг би нэхэмжилнэ. Утаснуудыг захиран зарцуулах эрх нь зөвхөн надад байсан. Одоо …эд зүйлийн үнэлгээгээр үнэлүүлсэн 13.830.000 төгрөгийг авах ёстой тул уг мөнгийг нэхэмжилж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-16-18, 2хх-117-118/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Баярмаагийн: ... Миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байх “Отгонзэсттун” ХХК-ийн гар утасны борлуулагчаар ажилладаг бөгөөд намайг ажиллаж байх хугацаанд 2014 оны 01 сараас эхлэн манай байгууллагаас Отгонтуяа гэх эмэгтэй байнга ирж гар утаснууд зээлээр аваад удалгүй мөнгөө өгөөд байдаг байсан юм. Тэгээд 2014 оны 04 сарын 06-ны өдрөөс 04 сарын 17-ны өдрийн хооронд манай байгууллага дээр ирээд манай байгууллагаас зарж байгаа гар утаснуудаас нийтдээ 18.130.000 төгрөгийн үнэ бүхий 118 ширхэг гар утас ирж авсан юм. Тэр үед ирээд гар утас авах гэж байх үед нь би захирал Ц.Отгонбаяртай уулзуулаад зөвшөөрөл аваад дээр нь би бас өөрөө бүртгэл хөтлөөд тэр эмэгтэйд гар утаснууд хүлээлгэн өгдөг байсан юм. Тэгээд тэр эмэгтэй 2014 оны 04 сарын 17-ны өдөр ирж энэхүү мөнгөө төлж тооцоогоо дуусгах байсан ба…  …2014 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн огт утсаа авахгүй, хаяган дээрээ байхгүй зугтаад алга болсон юм. Тэгээд цагдаад хандсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Мөнхзулын: ...Би “Отгонзэсттун” ХХК-ийн менежрээр 2014 оны 01 сараас хойш ажиллаж байгаа бөгөөд …Отгонтуяа нь …2014 оны 04 сарын 08-ны өдрөөс 2014 оны 04 сарын 17-ны өдрийн хооронд нийтдээ 118 ширхэг гар утаснууд зээлээр аваад мөнгөө өгөөгүй байгаа ба би болон манай ажилтан Баярмаа бид нар байнга энэ хүнтэй холбогдож, өгөх ёстой мөнгөө нэхсээр байсан боловч өгөхгүй хааяа манай байгууллага дээр ирж маргааш өгнө удахгүй хөдөөнөөс мөнгө ирнэ гээд байхаар нь итгээд хүлээгээд байдаг байсан юм. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Тунгалагийн: ...Би Отгонтуяаг хаана байгааг нь мэдэхгүй байна. Отгонтуяа саяхан 2014 оны 09 сарын 15-ны өдөр 1-р төрөх эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2014 оны 10 сарын 05-ны өдөр 4200 грамм жинтэй охин хүүхэд төрүүлсэн юм. Төрөх үедээ хүндрэлтэй төрж хагалгаа хийлгэж хүүхдээ төрүүлсэн одоо биеийн байдал нь хүнд байгаа гэсэн бөгөөд би одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Холбоо барих утасны дугаар байхгүй. Гар утсаа хүүхдээ төрүүлэх гээд ломбарданд тавьсан гэж байсан. Мэдэхгүй байна, сүүлд нэг газар 5 хүүхэдтэйгээ байр түрээсэлж байгаа гэсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-141/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнхтуяагийн: ...Б.Отгонтуяа манай ах Ууганбаатартай хамт амьдарч байсан юм. Хуучин эхнэр нь гэсэн үг. Тэгээд Б.Отгонтуяа нь манай ахтай хамт амьдарч байхад нь гаднаас янз бүрийн хүмүүс өр шир нэхэж ирээд, цагдаа дээр нь бас баахан залилангийн асуудал үүсгээд байхаар нь манай ах Ууганбаатар 2014 оны 06 сараас салаад Солонгос улс руу яваад өгсөн. Манай ах тэгээд явснаасаа хойш ахиж ирээгүй. Би Б.Отгонтуяатай бол ямар ч харилцаагүй. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-216-217/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Мартын: ...Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлж байгаад танил болсон Отгонтуяа нь …танай 6-н нэрийн дэлгүүрийг архи зардаг болгоод 8-н нэрийн хүнсний дэлгүүр болгоод өгье, архины тусгай зөвшөөрөл авахын тулд 2 сая төгрөг болно, найдвартай архины тусгай зөвшөөрөл гаргуулаад өгье гэж хэлээд …1.250.000 төгрөг авсан.  …Энэ хүн нь намайг залилан мэхэлж хуурсан. Хохирлоо хурдан гаргуулж авмаар байна. …Одоо 922.000 төгрөг нэхэмжилж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-230-231/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Мөнгөншагайгийн: ...Отгонтуяа нь манай ээжийн дүү Баатархүрэлийн охин юм. Бид 2 үеэлүүд юм. Отгонтуяа над дээр тусгай зөвшөөрөл гаргуулъя гэж огт ирж байгаагүй. Би ч угаасаа тийм зөвшөөрөл гаргадаг хүн биш, Дүүргээс тусгай зөвшөөрөл гаргадаггүй юм. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-18-19/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мөнгөнцэцэгийн: ...ТҮЦ-ийг …түрээслүүлэхээр зар тавьсан. Тэгтэл 2016 оны 04 дүгээр сарын 30-ны хавьцаа …Отгонтуяа гэх эмэгтэй охинтойгоо ирж …би таны ТҮЦ-ийг түрээсэлмээр байна, манай нөхөр өнөөдөр мөнгө явуулна, та дансаа өгчих гэхээр нь охин Б.Энхзулын нэр дээр байдаг Хаан банкны 5068123597 гэсэн дансыг өгсөн. Тэгтэл би маргаашнаас эхэлж оръё жоохон цэвэрлэгээ хиймээр байна, та түлхүүрээ өгчих гэхээр нь хүүхэдтэйгээ цуг явж байгаа юм чинь гэж бодоод түлхүүрээ өгсөн. …2016 оны 05 дугаар сарын 07-ны …18 цагийн үед очиход дотор нь байсан хөргөгч байхгүй байсан. …Отгонтуяагийн гар утас руу залгаад хөргөгч хаана байна гэхэд би мах хийх гэж байгаад шатаачихсан би удахгүй аваад очно гэхээр нь хүлээгээд ирээгүй тэр өдрөөс хойш дахиж утсаа авахгүй хөргөгч авчирч өгөхгүй байгаа. Түрээсийн гэрээ бичиж байсан боловч мөнгөө өгчихөөд гарын үсэг зурна гээд гарын үсгээ зураагүй. …Фрестеч загварын хоёр хаалгатай саарал өнгөтэй хөргөгч …500.000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан эд зүйлээ авмаар байна. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-90-91/,

Ц.Отгонбаяраас Б.Отгонтуяад хүлээлгэж өгсөн гар утасны шинж чанар, үнэлгээ бүхий жагсаалт /1хх-108-129/, эрэн сурвалжлалт зарлах, оргодол эрэн сурвалжлах бүртгэл /1хх-163-167/, Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2015 оны 01 сарын 19-ний өдрийн 270 дугаартай прокурорын тогтоол /1хх-219/, Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаартай прокурорын тогтоол /1хх-221/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1хх-244/, Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /2хх-52/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-57/, Түрээсийн гэрээ /2хх-86-87/, эд зүйлийн үнэлгээ /2хх-94/, Си Ди-нд үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /хх-110-112/,  

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-91/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-236/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 29-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол /1хх-92-96/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-97-99, 2хх-126/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Б.Отгонтуяаг давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Отгонзэсттун” ХХК-ийн захирал Ц.Отгонбаяраас 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 13.830.000 төгрөгний үнэ бүхий 132 ширхэг гар утсыг зарж өгнө гэх нэрийдлээр хуурч, төөрөгдүүлэн залилан авсан гэмт хэрэг,

2015 оны 06 дугаар сарын 23-наас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” нэртэй дэлгүүрт иргэн Ч.Мартад тусгай зөвшөөрөл авч өгнө гэж 4 удаагийн үйлдлээр 1.082.000 төгрөгийг хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг,

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн Түргэн үйлчилгээний цэгийг түрээслэн ажиллуулах нэрийдлээр хуурч төөрөгдүүлэн түлхүүрийг нь авч, дотор нь байсан “Фрестеч” загварын 450.000 төгрөгийн үнэтэй хөргөгчийг итгэл эвдэн залилан авч, нийт 15.362.000 төгрөгийн үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан мөртлөө, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 338 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Б.Отгонтуяаг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Отгонтуяа эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй, 2-8 насны 5 хүүхэдтэй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Отгонтуяа бусдад учруулсан хохирлоос хохирогч Т.Мөнгөнцэцэгт 450.000 төгрөг, хохирогч Ч.Мартад 1.082.000 төгрөгийг нөхөн төлж, хохирогч Ц.Отгонбаярын 13.830.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.Отгонтуяагаас 13.830.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Отгонбаярт олгуулах шаардлагатай гэж үзэв.

            Шүүгдэгч Б.Отгонтуяа Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-236/, шийтгэх тогтоолын хуулбараар /1хх-92-96/, мөн 2008 оны 8 сарын 10, 2012 оны 6 сарын 14, 2013 оны 7 сарын 18, 2014 оны 10 сарын 5-нд тус тус төрсөн 2-9 насны 5 хүүхэдтэй нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар /1хх-97-99, 2хх-126/ тогтоогдов.

            Шүүгдэгч Б.Отгонтуяа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 2-8 насны 5 хүүхэдтэй байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-ийг хэрэглэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

             

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 300 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баатархүрэлийн Отгонтуяаг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар Баатархүрэлийн Отгонтуяаг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Отгонтуяад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Отгонтуяад оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид

эдлүүлсүгэй.

  1. Б.Отгонтуяа 34 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  2. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Отгонтуяагаас 13.830.000 /арван гурван сая найман зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Согоот багийн 6-9-36 тоотод оршин суух Цэвэгжавын Отгонбаяр /РД:ФМ81070838/-т олгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг /Си Ди/ хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Б.Отгонтуяад 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Отгонтуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.                                            
  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Отгонтуяад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

  

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ