Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2020/00028

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 25 өдөр

        Дугаар 184/ШШ2020/00028

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Б.Баярмаа, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... тоот хаягт оршин суух, Б- овогт Т-ын Б- /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ...  тоот хаягт оршин суух, Т- овогт Э-ы З- /РД:.../-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2,768,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-, хариуцагч Э.З-, хариуцагчийн өмгөөлөгч П.Б-, иргэдийн төлөөлөгч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...2019 оны 01 сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “дүүргийн буудал”-ын ойролцоо Т.Б- нь Тоёота приус /Toyota Prius/ 11 маркийн ... улсын дугаартай суудлын автомашинаа жолоодон хоёр дугаар эгнээгээр явж байх үед Тоёота королла /Toyota Corolla/ маркийн ... улсын дугаартай, автомашины жолооч Э.З- нь туслах замаас орж ирэхдээ нэг дүгээр эгнээгээр явж байсан автобусыг өнгөрөөгөөд шууд хоёр дугаар эгнээгээр явж байсан Т.Б-ын урдуур орж, Т.Б-ын автомашины урд хэсэг эвдэрсэн. Түүний буруутай үйлдлийн улмаас Т.Б-ын автомашинд 2,630,000 төгрөгийн хохирол учирсан. Э.З-гийн буруутай үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар Замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэг хийсэн акт, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд автомашины хохиролд 2,630,000 төгрөг, мөн үнэлгээний төлбөр 138,000 төгрөг, нийт 2,768,000 төгрөгийг хариуцагч Э.З-гаас гаргуулж өгнө үү. Автобус өнгөрөөгөөд ирсэн гэж ярьж байна. Зам тавьж өгөх гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд зам тавьж өгөх, хөдөлгөөний хурд болон чиг өөрчлөгдөхөд нөлөөлөхгүйгээр хөдөлгөөнийг эхлэхгүй, үргэлжлүүлэхгүй байх ёстой. Тормосны мөр байхгүй гэж байна. Тэр талаар Замын цагдаагийн зам тээврийн осол, хэргийн үзлэг тогтоосон байдал 2019 оны 01 сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд тээврийн хэрэгслийн тормосны мөрний хэмжээ Toyota Prius 11 маркийн автомашин зүүн тал 1 метр, баруун тал 1 метр, Toyota Corolla маркийн автомашин мөргүй гэж байгаа. Э.З- нь хэдийгээр байрлалаа эзлээд орж байгаа боловч Т.Б-ын хөдөлгөөнд саад учруулсан учраас Т.Б- нь тормосоо гишгэж байж зогсолт хийсэн байдаг. Э.З- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Т.Б-ын хөдөлгөөнд саад хийсний улмаас чиглэлээ өөрчилж, урсгал сөрж очин мөргөсөн байгаа. Хэрэв Э.З- нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээгүй байсан бол чигээрээ явж байгаа тээврийн хэрэгсэл чигээрээ л явах байсан. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн газрын зураг дээрээс мөн харагдана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн МТ колонктой уулзвараас авто сургууль, 21 дүгээр хороолол чиглэл рүү ... улсын дугаартай, Тоёота королла /Toyota Corolla/ маркийн автомашинаар зүүн гар тийш эргэхээр дүрмийн дагуу дохиогоо өгч төв зам руу шилжин ороход нэгдүгээр эгнээгээр явж байсан автобус зогсож зам тавьж өгсөн. Цаанаас энэ автомашин ирж байсан. Төв замруугаа ороод өөрийн эзлэх ёстой байрлалыг эзэлсэн байх үед ... улсын дугаартай, Тоёота приус 11 /Toyota Prius 11/ маркийн автомашинтай Т.Б- нь хурд хэтрүүлэн эсрэг урсгалаас усгал сөрөн орж ирэн зүүн гар талаас мөргөсөн. Тухайн үед газар дээр нь шинжилгээ хийж, үзлэг хийсэн цагдаа миний зөв гэж баталсан. Маргааш өглөө нь цааш шилжиж яваад М.С- гэдэг хүн дээр очоод дүгнэлт нь өөр болсон байдаг. М.С- нь надаас ямар нэгэн тайлбар мэдүүлэг авалгүйгээр шууд миний буруу гэж хэлсэн. Ерөнхийдөө би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч талыг буруугаа хүлээж, ухамсарлаасай гэж бодож байна. Би өөрөө жолоо барьж явсан хүний хувьд мэдэж байна. Би яг төв замруугаа ороход Toyota Prius 11 маркийн автомашин нь чигээрээ явж байгаа замыг би чөлөөлөөд өгсөн байсан. Тэр жолооч самбаачлах хугацаагаа ашиглаад чигээрээ явсан бол осол гарах үндэслэлгүй байсан. Би замыг нь чөлөөлөөд өгсөн байсан учраас миний буруу биш” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэм хорын хохиролд 2,768,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Т.Б- нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулахад 2,630,000 төгрөгийг, “Тэнцвэр эстимэйт” ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 138,000 төгрөгийг, нийт гэм хорын хохиролд 2,768,000 төгрөгийг тээврийн хэрэгслийг жолоодож явсан хариуцагч Э.З-гаас гаргуулна хэмээн шаардав. 

 

Хариуцагч Э.З- нь, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, нэхэмжлэгч Т.Б- урсгал сөрж, хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гэм буруугийн талаар маргав.

 

2019 оны 01 сарын 02-ны өдөр Э.З- нь 64-70УНЧ улсын дугаартай, Тоёота королла /Toyota Corolla/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа туслах замаас, зүүнээс баруун чиглэлд 2 урсгал бүхий гол замыг хөндлөн дайран өнгөрч, баруунаас зүүн чиглэлийн гол замд нэвтрэх явцад Т.Б-ын  жолоодож явсан Тоёота приус /Toyota Prius/ 11 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

Хэрэгт авагдсан 2019 оны 01 сарын 02-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 01 сарын 25-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр хариуцагч Э.З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 буюу “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн, зам тээврийн осол нь жолооч Э.З-гийн буруугаас болсон гэж үзжээ.

 

Э.З- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 01 сарын 25-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргийг эс зөвшөөрч харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй бөгөөд Э.З-г гаргасан зөрчилд нь 100,000 төгрөгөөр торгож, жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооноос 5 оноо хассан талаар хариуцагч тайлбарладаг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэм буруугийн талаар маргаж түүний хүсэлтээр шүүхээс хөндлөнгийн шинжээч томилсон бөгөөд ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилсон байна. Шинжээчийн дүгнэлтээр “...Тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Б- нь эсрэг урсгалд орж Тоёота королла маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буферийн гол хэсгээр мөргөсөн байх тул ...Т.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 /эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, ...Э.З- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй...” тухай дүгнэжээ.

 

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн шинжээчийн дүгнэлтээр Э.З-г Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн байх боловч уг дүгнэлтэд Т.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл 1 метрийн тормозны мөртэйгээр, ямар учраас эсрэг урсгал сөрсөн болох, аюулыг зайлуулах арга хэмжээ авсан эсэх зэрэг шалтгаант холбоог тогтоолгүйгээр дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болсон гэж үзэхээр байна. 

 

Зохигчдын тайлбар, шинжээчдийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэлийн тормозны мөрний хэмжээ зэргээс үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Э.З-, Т.Б- нар нь хэн аль нь зүүнээс баруун чиглэлд 1 дүгээр эгнээгээр зорчиж явсан автобуснаас хамааран үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд туслах замаас орж ирж байгаа жолооч Э.З- нь анхаарал болгоомжтой хандаж, гол замаар чигээрээ явж байгаа авто машинд саад болохгүй байх үүрэгтэй байжээ. Гол замд зэрэгцээ эгнээнд явж байгаа тээврийн хэрэгсэл/автобус, Т.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл/ зогсолт хийсэн үед явган хүний гарцаас бусад тохиолдолд түүнтэй зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгсэл буюу Т.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл зогсолт хийх үүргийг хүлээгээгүй байна. Тиймээс хариуцагч Э.З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 буюу “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгчийн жолоодож явсан ... улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь “Тайгын булаг авто” ХХК-ийн өмчлөлд, хариуцагч Э.З-гийн жолоодож явсан ... улсын дугаартай, Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл нь мөн “Тайгын булаг авто” ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлүүд нь авто ломбарданд зээлийн барьцаанд байсан тухай зохигчид хэн аль нь тайлбарлах бөгөөд өмчлөлийн талаар буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар маргаагүй болно. 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж заасан тул Э.З-гийн хувьд Т.Б- нь ... улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашины өмчлөгч гэж тооцогдоно.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохиролын үнийн дүнд маргаагүй бөгөөд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 01 сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлангаар 2,630,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлын үнэлгээ хийлгэхэд 138,000 төгрөгийг Т.Б- төлсөн болох нь үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдсон тул нийт 2,768,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Э.З-гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Э.З-гаас гэм хорын хохиролд 2,768,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,530 төгрөгийн 59,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,292 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид 59,238 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.УРАНЗУЛ

 

                 ШҮҮГЧИД                               Б.БАЯРМАА

                                                                       

                                                                        Б.ХИШИГБААТАР