Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2023           06          27                                      2023/ШЦТ/116

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Иргэдийн төлөөлөгч Т.Алтанцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гт холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бул 2, эхнэрийн хамт ......оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ... тоот хашаанд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг “өөрийг нь хутгаллаа" гэх шалтгаанаар зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: Нөхөртэйгөө 1991 оны 07 дугаар сараас хойш ханилсан. 2 охин, 1 хүүтэй, 30 гаруй жил хамт амьдарсан. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр намайг өглөө 20 цагийн үед ажил дээр буулгаж өгчихөөд ойрд салхи шуурга ихтэй байгаа, миний хань битгий явган яваад байгаарай, би өдөр ирж авна гэж хэлээд эмнэлгийн гадаа буулгачихаад явсан. Би 11 цаг өнгөрөөгөөд ирэх болж байна уу гэхэд би хойд айлын хашаанд машинаа янзлуулах гээд айлын хашаанд тавьж байна гэхээр нь би алхаж очоод цайгаа уучихъя гэж хэлсэн. Яаруу ажилтай байна, машинаа янзлуулъя гэхээр нь за машинаа янзлуулчих гэж хэлсэн. Тэгээд гэртээ алхаж очоод цайгаа уугаад байж байтал гэрийн гадаа машин нь байсан. Тэгэхээр нь машинаа гадаа тавьсан юм чинь өөр машин дуудаад явсан юм болов уу, архи уугаад явчихсан юм уу гэж бодоод ажил дээр тогтож сууж чадахгүй арай гэж 17 цаг болгоод гэртээ ирэхэд байхгүй байсан. Үүнээс хойш болсон зүйл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шөнө нь айлын хашаагаар, айл болгоноор орж асуухад ирээгүй гэсэн. Шөнө нь унтах ч биш байж байгаад гэртээ очсон. Өглөө босоод утас руу нь хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 11 цагийн үед муу мэдээ сонссон. 2 гэр бүлийн нэг нь шоронд, нэг нь шороонд орсон. Миний ханийн алтан хайрцгийн цаг минутыг зөв хэлээгүй. Би тухайн үед нэг ч гэрчтэй уулзаж чадаагүй. Цагдаагийн байгууллагаас ард нь үлдэж байгаа үр хүүхдүүдийнхээ төлөө алтан хайрцгийг нь нээлгэмээр байна. Цаг, минутыг нь зөв хэлээд өгөөч гэж хэлсэн. Зодчихоод яваад өгсөн байж, эрүүл байсан О, саарал машинтай хүнд эмнэлгийн тусламж дуудаад өгөөч гэж гуйхад чадахгүй гэж хэлээд явсан хэн ч байсан иргэнийхээ үүргийг биелүүлээд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол өнөөдөр өрөөл татанги гэрийнхээ орон дээр хүүхдүүддээ харагдаад явж байсан бол өдийд миний 20 настай хүүхэд амьд байж байх байсан. Ламын зан үйл, бүх зүйл буруу явагдаж, алтан хайрцаг нь буруу нээгдсэн. Маргааш юу болохыг мэдэхгүй байна, би айж байна, хар дарсан зүүд мэт 3 сарыг өнгөрөөлөө. Хэн нэг нь сэтгэл гаргаад эмнэлэг дуудаад үзүүлсэн бол өнөөдөр байх байсан. Дотуур цус алдалт аргалж болох, амь нас нь аврагдах боломжтой гэмтэл байсан. Амь тавьтлаа шаналж юу болгоныг бодсон бол, 49 хоногийг нь дуусгаад миний 20 настай хүүхэд зам тээврийн осолд орсон. Г төрийн хуулиар шийтгэгдэнэ. Ар гэрт нь нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн үлдэж байгаа, миний амьдралаас ялгаа байхгүй. Нэг нутаг усны хүмүүс чадах чинээгээрээ тусалж байгаа. Би Энхцэцэгийг өрөвдөж байна. Өөрөө бие муутай намайг чи яаж байна гэж байнга асуудаг. Би өөрөө эмнэлгийн хүн болохоор өөрийгөө тайвшруулаад, чөлөөлөөд явж байгаа. Болж л өгвөл тус болох гээд за яаж байна гэж асуудаг. Архи, согтууруулах ундааг замбараагүй хэрэглэснээс болоод ар гэр, үр хүүхэд, нэг айлын гэр бүлийг элэг бүтэн байхгүй болгож байна. 100,000,000 төгрөг ч бай, 200,000,000 төгрөг ч бай миний 2 хүн босож ирэхгүй. Тийм учраас уучлалыг бодож, 2 гэр бүлээ сайн сайхан яваасай, үлдэж байгаа үр хүүхэд маань сайн сайхан яваасай гэж залбирч байгаа гэсэн мэдүүлэг

Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "..13 цаг 20 минутын орчимд манай дүү Эрдэнэтогтохын найзууд болох Г, Ш гэх залуу, Жа, талийгаач Н, миний харж байгаагүй залуу хэд хэдэн залуучууд ирсэн. Тэд нар ирээд надад хандаж "ганц юм уучихаад гаръя" гэж хэлэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Тухайн үед би гадаа гагнуур хийж мотоциклоо янзалж байсан бөгөөд Г, Ш гэх залуу, Жа, талийгаач Н, миний харж байгаагүй залуу, Баатар гэдэг залуу нар гэр лүү орцгоосон. Тэд нар гэрт орсноос хойш ойролцоогоор 20-оос 30 минутын дараа гэнэт гэр дотор хүмүүс түжигнээд орилолдоод эхэлсэн би хийж байсан гагнуураа орхиод гэр лүү ортол Г, Ш гэх залуу нар нь гэрийн үүдний хэсэгт талийгаачийн хоёр гарыг доош нь дарчихсан, талийгаач Нын ам хамраас нь цус гарчихсан, дээшээ харсан байдалтай, талийгаач баруун гартаа хар иштэй хутга барьчихсан байсан. Намайг гэрт ороход Г нь надад хандаж “Хуягаа ахаа Эрхэмээгийн гараас хутгыг нь ав аа. Эрхэмээ намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрхэмээгийн гараас нь хар өнгийн хутгыг булааж авсан чинь Г энийг хараа гээд өөрийнхөө зүүн талын хөхний доод хэсэгт хутгалчихсан гэж хэлж байсан бөгөөд нээрээ л цус гарчихсан байсан. Тухайн үед талийгаачийн хамраас цус гарсан байсан болохоор нь би нүүрийг нь угааж өгсөн. Гэрт зуухны үнс хувинтай нүүрс асгачихсан байхаар нь би цэвэрлээд гэрт үлдсэн гэрт архи ууж байсан залуучуудаас 2, 3 залуу нь гараад явсан. Намайг гэрт юм цэвэрлэж байтал гадаа дахиад маргалдах чимээ гарахаар нь би гэрээс гараад очтол гэрийн үүдний довжооны цаад талд Г талийгаачийг “Чи намайг хутгалчихлаа шүү дээ пяздаа минь” гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа цохисон талийгаач цохиулаад доошоо суусан чинь Г талийгаачийн цээж хэвлий рүү 2, 3 өшиглөсөн тэр үед нь Баатар гэх залуу бид хоёр очиж салгасан. Талийгаач газарт унаад өшиглүүлснийхээ дараа хэсэг хугацаанд босож чадахгүй хэвтээд байсан хамраас нь бага зэрэг цус гарсан байсныг би гадаа угааж өгсөн. Г талийгаачид хандаж “Эр хүний хуйх биз дээ” гэхэд нь талийгаач Гд хандаж "Би бол эр хүний хуйх. Харин чи ямар хүний хуйх юм бэ дээ” гэх мэтээр ярилцаж байсан. Тухайн үед Жа гэрийн баруун орон дээр унтаж байсан, Ш гэх хочтой Ж нь Жаыг налаад суугаагаараа унтаж байсан. Намайг гэрт үнс шороо цэвэрлээд байж байтал талийгаач надад "Миний бие эвгүй болоод байна. Эмнэлэг дуудаад өгөөч” гэж хэлэхээр би "Эмнэлэг, цагдаа хамт дуудна" гэж хэлээд 15 цаг 30 минутын орчимд би өөрийнхөө 89699941 дугаарын утаснаас 102 дугаарт залгаж дуудлага өгөх гэтэл миний өөдөөс "Говьсүмбэр аймгийн цагдаагийн жижүүр сонсож байна" гэж хэлсэн бөгөөд би юу болсон талаар хэлэхэд "Даланжаргалан сумын цагдаа руу яриа" гэж хэлээд тасалчихсан. Тэгэхээр нь би дахиад 102 дугаар луу залгатал ахиад Говьсүмбэр аймгийн цагдаагийн жижүүртэй холбогдохоор нь Даланжаргалан сумын цагдаатай хэрхэн холбогдох талаар асуухад "7052102 дугаарт холбогд” гэж хэлэхээр залгах гэж байтал талийгаач надад “Цагдаа бол хэрэггүй шүү” гэж хэлэхээр нь залгахаа больсон... Би 7052103 дугаар луу залгатал яриад байгаа чимээ өгөөд байсан залгаж байтал ярьж чадалгүй миний гар утасны цэнэг нь дуусаад унтарчихсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64 дүгээр тал),

Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж, Э, Г бид дөрөв айлын хашааны үүдэнд худалдаж авсан байсан 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг 30-40 минутын дотор хувааж ууцгаасан... Ж бид хоёрыг Эрдэнэтогтохын гэрийн гадаа очоод Г, Хуягаа ах, талийгаач Н, Жа нартай таарч Эрдэнэтогтохын гэрт Г, Э, Жа, Ж, талийгаач Н бид нар хамт 0.75 литрийн Хараа архи 1 шилийг хувааж ууцгаасан. Би архи ууж байгаад гарч гэрийн гадаа үүдний цемент дээр нэг хэсэг тамхи татаж суусан. Тухайн үед би архи нэлээд их уучихсан согтолттой байсан. Намайг гэрийн үүдний цементэн дээр сууж байтал гэр дотроос Г болон талийгаач Н нар хоорондоо зодолдоод гараад ирсэн. Тэгтэл талийгаач Эрхэмээ гэрийн урд талд шороон дээр унасан чинь Г ирээд талийгаачийг нэлээд хэдэн удаа өшиглөсөн. Ямар ч байсан 2-оос 3 удаа өшиглөсөн. Г талийгаачийг өшиглөж зодох үед С.О гэх өвгөн гэрээс гарч ирээд бид хоёр Гг салгаж холдуулсан... Г гэрээс гарч ирэхдээ “Надад хутга шаачихлаа” гэж талийгаач Нтай ноцолдож барилцаж авсан байдалтай гарч ирсэн.. нэлээд олон удаа гэдэс нуруу хэсэг рүү нь өшиглөх шиг болсон ямар ч байсан 3-аас 4 удаа бол өшиглөсөн. Тэр үед Эрдэнэтогтохынд ирсэн С.О гэж хүн салгасан тэр хүн архи уугаагүй эрүүл байсан болохоор болсон асуудлыг тодорхой мэдэж байгаа... Талийгаач зодуулсан газраа босохгүй хэвтээд байсан биед гэмтэл учирсан эсэхийг би сайн анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

Гэрч Х.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг мэдэхэд л Г Н "Миний гар луу хутгалчихлаа" гэж хэлж байсан. Дараа нь Г уурлаад Нын толгой хэсэгт нь 2 удаа дэвсэж байсныг санаж байна. Би тухайн үед Гт “Чи хүн зодохоо болиоч гэж хэлэхэд Г зодохоо больсон . Би согтуу байсан болохоор зарим үйл явдлыг нь сайн санахгүй байна..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот луу яваад, өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 20 минутад галт тэргээр Олон овоо зөрлөгт ирсэн юм. Би гэртээ ирэхэд манай нөхрийн хамаатны О ах ирчихсэн, манай гэр цэвэрхэн байсан бөгөөд бид нар тэгээд л амарцгаасан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 10 цаг өнгөрчихсөн байхад босоод бие засахаар нойл руугаа явж байтал манай нойлын хойд талын том төмөрнүүдийн дунд хүн хэвтэж байсан бөгөөд тэрийг харчихаад нөхрөө дуудсан чинь "Хамаагүй ойртож болохгүй. Цагдаа дууд” гэхээр нь сумын цагдаа руу ярьж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал),

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-20 дугаар тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-8 дугаар тал),

Гэрч С.О, Д.Б нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 33-40 дүгээр тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 ооны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/020 дугаартай шинжээчийн “...Амь хохирогч Б.Н нь хэвлийн битүү гэмтлийн улмаас 4 сегментийн судасны хавдар задарч дотуур цус алдаж нас барсан байна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 93-95 дугаар тал),

Шинжээч эмч Э.Анхбаярын “...Амь хохирогчийн цогцост учирсан гэмтэд гэмтлийн зэргийг дүгнэлтээр гаргах боломжгүй. Учир нь гэмтлийн зэрэг тогтоох журам нь амьд хүний биед учирсан гэмтэл түүний эрүүл мэндийг сарниулах хугацаа, амь насанд аюултай байдал үүсгэсэн эсэхийг хамааран дүгнэдэг юм. Харин нас барсан хүний биед учирсан гэмтэл нь үхлийн үндсэн шалтгаан болох тул түүнд гэмтлийн зэрэг тогтоодоггүй юм. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг хугацаа алдалгүй үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой. Амь хохирогчийн цогцост хийсэн эсийн шинжилгээгээр элэгний судасны хавдар буюу гемангиома илэрсэн. Энэ нь эд эсийн шинжилгээгээр батлагдсан байгаа. Гемангиома гэдэг нь хялгасан судасны бөөгнөрөл буюу хоргүй хавдар гэж нэрлэгддэг юм. Элэгний хавдар нь өөрийн явцаараа задрах боломжгүй юм. Ямар нэгэн хүчтэй цохилт, доргилт авсан үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 194 дүгээр тал),

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 26 дугаартай "...Д.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй болно. Д.Г нь болсон зүйлийн талаар зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Д.Г нь өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай болно..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 200-201 дүгээр тал)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 177 дугаар тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ... тоот хашаанд байх Эрдэнэтогтохын гэрт бусадтай нийлэн  согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ хамт архи ууж байсан Б.Нтай  маргалдаж, түүнийг “өөрийг нь хутгаллаа" гэх шалтгаанаар нүүр лүү нь цохих, цээж хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөх зэргээр зодсоноос “хэвлийн битүү гэмтлийн улмаас 4 сегментийн судасны хавдар задарч дотуур цус алдаж” амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэрт ороход Г нь надад хандаж “Хуягаа ахаа Эрхэмээгийн гараас хутгыг нь ав аа. Эрхэмээ намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрхэмээгийн гараас нь хар өнгийн хутгыг булааж авсан чинь Г энийг хараа гээд өөрийнхөө зүүн талын хөхний доод хэсэгт хутгалчихсан гэж хэлж байсан бөгөөд нээрээ л цус гарчихсан байсан. Тухайн үед талийгаачийн хамраас цус гарсан байсан болохоор нь би нүүрийг нь угааж өгсөн. Гэрт зуухны үнс хувинтай нүүрс асгачихсан байхаар нь би цэвэрлээд гэрт үлдсэн архи ууж байсан залуучуудаас 2, 3 залуу нь гараад явсан. Намайг гэрт юм цэвэрлэж байтал гадаа дахиад маргалдах чимээ гарахаар нь би гэрээс гараад очтол гэрийн үүдний довжооны цаад талд Г талийгаачийг “Чи намайг хутгалчихлаа шүү дээ пяздаа минь” гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа цохисон талийгаач цохиулаад доошоо суусан чинь Г талийгаачийн цээж хэвлий рүү 2, 3 өшиглөсөн тэр үед нь Баатар гэх залуу бид хоёр очиж салгасан...”гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэрийн үүдний цементэн дээр сууж байтал гэр дотроос Г болон талийгаач Н нар хоорондоо зодолдоод гараад ирсэн. Тэгтэл талийгаач Эрхэмээ гэрийн урд талд шороон дээр унасан чинь Г ирээд талийгаачийг нэлээд хэдэн удаа өшиглөсөн. Ямар ч байсан 2-оос 3 удаа өшиглөсөн. Г талийгаачийг өшиглөж зодох үед С.О гэх өвгөн гэрээс гарч ирээд бид хоёр Гг салгаж холдуулсан... Г гэрээс гарч ирэхдээ “Надад хутга шаачихлаа” гэж талийгаач Нтай ноцолдож барилцаж авсан байдалтай гарч ирсэн.. нэлээд олон удаа гэдэс нуруу хэсэг рүү нь өшиглөх шиг болсон...”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 ооны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/020 дугаартай шинжээчийн “...Амь хохирогч Б.Н нь хэвлийн битүү гэмтлийн улмаас 4 сегментийн судасны хавдар задарч дотуур цус алдаж нас барсан байна..." гэсэн дүгнэлт,  шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Элэгний хавдар нь өөрийн явцаараа задрах боломжгүй юм. Ямар нэгэн хүчтэй цохилт, доргилт авсан үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....Хүнийг санаатай болон болон хүнд гэмтэл учруулсны улмаас  алах гэмт хэрэг нь обектив тал болох хүний амь нас, субьектив тал болох санаатай гэдэг нь ижил. Харин зорилгоороо ялгаатай. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт хэргийг үйлдэж, хохирогчийн амь хохирсноор санаа зорилго нь биелэгддэг. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний амь насыг алах санаа зорилго агуулаагүй ч гэсэн тэр хүний санаатай үйлдлээс болоод амь нас нь хохирдог. Субьектив талын шинжээр хүнийг санаатай алах уу, эсвэл хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан уу гэдгийг анхаарна уу  гэж тайлбарлан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.          

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Ныг “өөрийг нь хутгаллаа" гэх шалтгаанаар нүүр лүү нь цохих, цээж хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөх зэрэг үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр “амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг хугацаа алдалгүй үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой” гэж мэдүүлсэн боловч амь хохирогч нь  хэвлийн битүү гэмтлийн улмаас 4 сегментийн судасны хавдар задарч дотуур цус алдаж нас барсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон амь хохирогчийн үхэл шүүгдэгч Д.Гийн  үйлдэлтэй шууд шалтгаант холбоо  тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.           

            Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу тодорхой хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

  Шүүгдэгч Д.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой, хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.Г хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.    

         Иргэдийн төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу оролцож “Энэ хэрэгт гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

         

          Хохирол төлбөрийн талаар:

          Шүүгдэгч Д.Г нь амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй  зардалд 21,400,000 төгрөг нэхэмжилснийг шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд төлсөн байна.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс  сэтгэл санааны хохиролд 112,800,000 төгрөг нэхэмжилснээс 90,800,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, 22,000,000 төгрөг нэхэмжилснийг 2023 оны 07 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч, шүүгдэгч Д.Гийн эхнэр Л.Энхцэцэг нар харилцан тохиролцсоныг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г хүлээн зөвшөөрч 22,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөхөө илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.           

         

         Улсын яллагчаас: шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

         Өмгөөлөгчөөс: шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...ялын доод хэмжээг гуравны хоёроос багагүйгээр оногдуулж болно гэж заасан. Миний үйлчлүүлэгч Д.Гт Эрүүгийн хуулийн ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 5 жил  06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад   оногдуулах саналыг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: Г нь хэдэн жилийн дараа гарч ирээд миний үр хүүхдийг аавынх нь хайраар хайрлаж, аавынх нь хийж гүйцээгээгүй зүйлийг хийж  туслаад явна гэж итгэж байна, ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба оршуулгын зардал 21.400.000 төгрөгийг төлсөн байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл буюу “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмын буюу мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил,эсхүл арван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг,заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэснийг үндэслэн шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

           Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.        

                 

          Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 6  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт  хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь оршуулгын зардал 21,400,000 төгрөгийг төлсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ш.Ч сэтгэл санааны хохиролд 112,800,000 төгрөг нэхэмжилснээс 90,800,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс 22,000,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН      

 

                         ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА

 

                         ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА