Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 02

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Т.Бямбажав,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Л.Солонго

Яллагдагч Ц.О

Яллагдагч нарын өмгөөлөгч И.Олонмөнх

Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/242 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан  прокурорын эсэргүүцлээр яллагдагч Э.У, А.Д, А.Б Ц.О, Т.Э нарт холбогдох 1928000760142 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 3, ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 4, ял шийтгэлгүй,

4. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, ял шийтгэлгүй,

5. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд өмнө Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял оногдуулж жинхэнэ эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, мөн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан                                          

Яллагдагч Э.У А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу баг Борсухайт гэх газарт 47-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 6766700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь яллагдагч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.                               

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.У, А.Д, А.Б, Т.Э, Ц.О нарт холбогдох 1928000760142 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Deshi гэх бичигтэй 2 ширхэг молдок, улбар шар өнгийн мотор 1 ширхэг, 47-43 ӨМА улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн автомашин 1 ширхэг, Gold master гэх бичигтэй металл хайгч 1 ширхэг, 28.3 килограмм цэнхэр өнгийн ууттай чулуу, 30.8 килограмм цэнхэр өнгийн ууттай чулууг тус тус хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн шинжилгээнд явуулсан чулуунд алт агуулагдсан, улмаар дээж тус бүрээс 63.84 мг/кг, 5.63 мг/кг хэмжээтэй алтыг шинжилгээний явцад гаргасан байна гэж үзэхээр байна, тус алтыг эд мөрийн баримтаар тооцож хураан авч зохих журмын дагуу сорьц үнэлгээг тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой..., ....Мөн яллагдагч нарын байгаль орчинд учруулсан гэх хохирлын талаар “Дорнын байгаль” ХХК нь үнэлгээ гаргасан байх ба тус дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан үнэлгээ, дүгнэлттэй холбоотой саналыг харгалзах нь зүйтэй..., ...Яллагдагч Ц.О нь урьд ял шийтгүүлж 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 435 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх боловч шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, мөн яллагдагч нарын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, данс эзэмшигчийн талаарх арилжааны банкнуудын лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолтоос бусад ажил мэргэжил, боловсролын талаарх хувийн байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй.......Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байх тул яллагдагч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэлээ...” гэжээ.

Дээрх шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 480 дугаартай дүгнэлтэд тухайн чулуунд алт агуулагдсан болох нь ХФ2016/0660 захиалгын дүнгээр тогтоогдсон. /192800076 31.3-дээжинд 63.84мг/кг, 192800076 28.4 дээжинд 5.63 мг/кг/ гэх дүгнэлтийг гаргасан байхад шүүхээс шинжилгээнд явуулсан чулуунаас 63.84мг/кг, 5.63 мг/кг хэмжээтэй алт гаргасан, уг алтанд сорьц тогтоогоогүй байна гэж хийсвэр дүгнэлт хийсэн байна. Миллграм гэх хэмжигдэхүүн нь хүндийн хэмжигдэхүүний хамгийн бага нэгж буюу 1000 мл нь 1 граммтай тэнцэх хэмжээ бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуунд агуулагдаж байгаа 63.84мг/кг, 5.63 мг/кг алтны хэмжээ нь өөрөө сорьц тогтоох боломжгүй, дээр нь чулуунаас ялган гаргасан талаар дүгнэлтэд тусгаагүй болно.

Хэрэгт байгаль орчны хохирол тооцсон үнэлгээний тайланг “Дорнын байгаль” компани нь тухайн хэргийн газрыг хамруулан үнэлгээг хийж гаргасан байдаг. Үнэлгээг гаргахдаа тухайн компанийн захирлын гарын үсэг зурж баталгаажуулдаг. Шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөр шинжээчид даалгах боломжтой.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс биеийн байцаалтыг авахдаа асуулт хариулт хэлбэрээр тодруулах боломжтой. Мөн ялтай байдал гэх 2002 оны Эрүүгийн хуулийн ойлголт, нэр томьёо нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас нэг мөр хасагдсан байтал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тухайн хүний эзэмшсэн боловсролын талаарх бичиг баримт, урьд өмнө ял шийтгэгдэн, суллагдсан талаарх шүүгчийн захирамжаар дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Ц.О нарт холбогдох хэрэгт гаргасан Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Геологийн төв лаборатори, Төрийн өмчит газрын шинжилгээнд ирүүлсэн чулуунд алт агуулагдаж байгаа  талаар дурдагдсан боловч алтыг ялгаж гаргасан, чулууны хамт ирүүлсэн талаар дүгнэлт гараагүй.. Эргэн тойрны бүх хүрээг хамруулан хийсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд дахин дүгнэлт хийлгэхээр өөр байгууллагад даалгаж болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зохицуулж өгсөн. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал нь тухайн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлагаар тогтоох боломжтой байдаг. Ялтай байдал гэх ойлголт нь 2017 оны Эрүүгийн хуулиас хасагдсан.  Тухайн хүний хувийн байдал нь боловсролын гэрчилгээ, урьд өмнө нь ял шийтгэгдсэн эсэхийг дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Дорнын байгаль компани нь байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг нийт газрын хэмжээгээр үнэлж гаргасан байгаа учраас  шүүгдэгч нарын эрх ашгийг хохироож байна гэж үзсэн. Дорнын байгаль компани нь байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ гаргасан тайланг ирүүлсэн боловч он, сар, өдөр байхгүй.. Миний үйлчлүүлэгч нар  Мандал-овоо сумын газар нутагт очоод  доошоо 20 см газар ухаад 60 см диаметртэй газарт  ухалт хийж 2 уут чулуу нийтдээ 50 орчим килограмм чулуу гаргаж байх үед Мэргэжлийн байгууллагад баригдсан. Дорнын байгаль компанийн шинжээчийн үнэлгээний тайланг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.        Хохирлын үнэлгээний хэдийн хэмжээний газарт энэ хүмүүс очиж ямар хэмжээний хохирлыг яаж учруулсан гэдгийг тухайн хүний үйлдлээр тогтоох ёстой. Дорнын байгаль компанийн гаргасан тайлан нь хууль зүйн үндэслэлгүй учраас дахин дүгнэлт гаргуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй” гэв.

Шүүгдэгч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Очоод жоохон газар ухаад баригдсан. Дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын 2019 оны 11 дүгээр сарын 194-ний өдөр бичсэн 10 дугаартай эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Э.У нарт холбогдох эрүүгийн 1928000760142 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

“Хэрэгт авагдсан  2019 оны 05 дугаар сарын  01-ний өдрийн 480 дугаартай Геологийн төв лабораторийн шинжээчийн  “...Тухайн чулуу нь шинжилгээнд тэнцэнэ. Энэ чулуу нь кварцын нарийн линз, судлуудаар зүсэгдсэн гантигжсан жигд бус ширхэгтэй шохойн чулуу байна. Тухайн чулуунд алт агуулагдсан болох нь ХФ2016/0660 захиалгын үр дүнгээр тогтоогдсон болно (192800076 31.3-дээжид 63.84 мг/кг, 192800076 28.4 дээжид 5.63 мг/кг) гэсэн /хх-115-120 / гэх дүгнэлт, гэрч Б.Одгэрэлийн мэдүүлэгт: “...тухайн дээж нь том ширхэгтэй байсан болохоор гадаа том хацар бутлуураар оруулсан, үүний дараа ROCKLABS  маркийн хацар бутлуураар оруулж 2 миллиметр хэмжээтэй болгон буталж гаргасан. Тэгээд дээжээ алтны пробирын шинжилгээ хийлгэхийн тулд төлөөлөх чадвар бүхий 400 гр дээж болтол нь жонсон хуваагчаар хуваалт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-64-66/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд тухайн шинжилгээнд явуулсан чулуунд алт агуулагдсан, улмаар дээж тус бүрээс 63.84 мг/кг, 5.63 мг/кг  хэмжээтэй алтыг шинжилгээний явцад гаргасан байна гэж үзэхээр байна.

Тус алтыг эд мөрийн баримтаар тооцож хураан авч зохих журмын дагуу сорьц, үнэлгээг тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.

Мөн яллагдагч нарын байгаль орчинд учруулсан гэх хохирлын талаар Дорнын байгаль ХХК нь үнэлгээ гаргасан байх ба тус дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан үнэлгээ, дүгнэлттэй холбоотой саналыг харгалзан үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байх тул яллагдагч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэлээ” гэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн байцаалтын явцад нотлоогүй.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолд /1-р хавтасны 6-69/ шинжээч Ц.Чинзориг, Д.Даваадорж, Э.Уранчимэг нарт эрх, үүрэг танилцуулж, хууль сануулсан, мөрдөгчийн тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулсан боловч эдгээр шинжээч нар нь хэзээ, ямар дүгнэлтийг гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд /1-р хавтасны 124-128/ яллагдагч Ц.О, А.Б, Э.У, Т.Э, А.Д нарт мөрдөгч нь “Дорнын байгаль” ХХК-ийн шинжээч Х.Золжаргал, Ц.Чинзориг нарын гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 254 тоот дүгнэлтийг танилцуулсан гэж бичсэн боловч дээрх шинжээч нарын гаргасан дүгнэлт хэрэгт байхгүй байна.

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...захиалагчид үлдэгдэл дээж, тунгалаг шлифийг буцаан хүргүүлэв” гэж бичигдсэн байхад буцаан хүргүүлсэн “тунгалаг шлифийг” хэн, хэзээ хүлээн авсан, дээрх тунгалаг шлифийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “эд мөрийн баримтыг хураан авах тухай” саналд “...цэнхэр өнгийн ууттай чулуу 28.3 кг, мөн цэнхэр өнгийн ууттай чулуу 31,5 кг” гэж /1-р хавтасны 22 дугаар хуудас/, мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” саналд “...цэнхэр өнгийн ууттай 28,3 кг чулуу, мөн цэнхэр өнгийн ууттай 31,5 кг чулуу зэргийг шилжүүлэв” гэж, прокурорын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичсэн 137 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад /1-р хавтасны 231-232 дугаар хуудас/ 28,3 кг жин бүхий цэнхэр өнгийн ууттай чулуу, 30,8 кг жинтэй цэнхэр өнгийн ууттай чулуу” гэж, эд мөрийн баримт хүлээлцсэн тэмдэглэлд “...28,3 кг цэнхэр өнгийн ууттай чулуу, 30,8 кг цэнхэр өнгийн ууттай чулуу” зэргийг хүлээн авав гэж бичигдсэнийг харьцуулан үзэхэд шүүхэд шилжиж ирсэн чулууны хэмжээ багасаж өөрчлөгдсөн байна.

Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/242 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                    

                                         ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                                

                                                                                               Т.БЯМБАЖАВ