Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 124/ШШ/2021/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын .. багт оршин суух, Н.Б,

     Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

       “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021.09.27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжийн 1,2 дахь заалтыг хүчингүй болгуулж, Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.У, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгч Н.Б нь тус шүүхэд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан “Баруунтуруун сумын Засаг даргын 2021.09.27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжийн 1,2 дахь заалтыг хүчингүй болгуулж,Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

      2. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжаар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Б-ыг 2021 оны 09 сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

       3. Нэхэмжлэгч Н.Б маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 1692 дугаар захирамжаар  “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.Н.Б нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 сарын 08-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлсэн байх бөгөөд Н.Б-ын нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд уг нэхэмжлэлийг иргэний болон захиргааны хэргийн шүүхийн алинд ч гаргах боломжтой, иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15,33.16,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар шүүхэд нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

       4. Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Би шүүхэд Баруунтуруун сумын Засаг даргын 2021.09.27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 тоот захирамжийн 1,2 дахь заалтыг хүчингүй болгуулж, Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Миний бие нь Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуульд 2007 оны 9 сарын 03-ны өдрөөс англи хэлний багшаар ажиллаж байгаад 2018 оны 01 сарын 08-ны өдрийн Увс аймгийн Засаг даргын Б/05 тоот захирамжаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.Мөн Увс аймгийн Засаг даргын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн Б/25 тоот захирамжаар сургуулийн захирлын албан тушаалд жинхлэн томилогдсон. Улмаар Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 07 сарын 01-ний өдрийн Б/04 тоот захирамжаар захирлаар томилсон.Миний бие өөрийн сумандаа газар тариалан эрхлэх зөвшөөрөлтэй 100 га газартай бөгөөд тухайн газартаа хавар тариалалт хийж, намар ургац хураалтын ажлаар 2021 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд тариалангийн талбай явах болж ажлаа дунд, ахлах ангийн сургалтын менежер Н.А, анхан шатны боловсролын менежер С.З нарт танилцуулаад чөлөө аван өөрийн ажлаа сургалтын менежер Н.А-д хариуцуулаад явсан.Учир нь надад техник хэрэгсэл байхгүй тул хүний комбайн гуйхад тухайн хүний ажлын зав боломж нь ажлын өдрөөр манай ургацыг хурааж өгөх байж таарсан.Намайг хөдөө ургац хураалтын ажлаар явах 2 хоногийн хугацаанд сургууль дээр сургалт хүмүүжлийн ажлын ямар нэг ноцтой зөрчил гараагүй сургалт хүмүүжлийн ажил төлөвлөгөөний дагуу явагдсан болно.

        Намайг ургац хураалтын ажлаар явах хугацаанд сумын Засаг дарга С.У 2021 оны 9 сарын 22-ны өдөр сургууль дээр ирж сургуулийн багш ажилтнуудаас захирлын ажил байдлыг үнэлэх асуулга авсан байсан.Уг асуулгын асуулт нь ажил хэргийн хэв шинжгүй зөвхөн захирлын болон хувь хүн миний ажил байдал, хүний эрхэд халдсан, алдаа дутагдал хайсан хэт хувь хүн рүү чиглэсэн байсан....

         2021 оны 9 дүгээр сарын 20-22-нд шилжих өдрүүдэд ажлын цагаар тариа будаагаа хураах ажил надад гарсан. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө манай сумын сургуулийн дотоод журамд “сургуулийн захирлын эзгүйд түүний үүргийг дунд,ахлах ангийн сургалтын менежерүүд орлоно” гэж заасан байдаг учир уг журмын дагуу сургалтын менежерт ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө сургууль дээр очиж нарийн бичигтэйгээ уулзаж ямар нэгэн албан бичиг ирсэн үү? гэж асууж тодруулаад тариалангийн талбай дээрээ очиж ажилласан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Боловсрол соёл урлагийн газраас мэргэжилтэн ирж манай сумын сургуулийн сурагчдаас онол арга зүйн шалгалт авах талаар удирдамж ирсэн байсан тул би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өглөө сургууль дээр яваад очтол сум даяараа тог цахилгаан тасарсан байсан. Би сумын соёлын төвийн моторыг авч сургууль дээр залгаж өгөөд аймгаас ирэх Боловсрол соёл урлагийн газрын шалгалтад бэлдээд байж байгаараа миний газар тариалангийн ажил дуусаагүй байгаа тул үдээс хойш би газар тариалангийн ажил руугаа явна гэдгээ сургалтын менежер нартаа хэлж тайлбарласан. Тухайн үед манай бичиг хэргийн ажилтан манай өрөөнөөс уртасгагч авч сургуульд албан тоот, мэйл ирсэн эсэхийг шалгаж үзтэл манай сургуулийн насан туршийн боловсролын багшийг аймагт болох сургаалтанд хамруулах тухай албан бичиг ирсэн байгааг танилцуулсан. Тухайн өдөр манай сургуульд ажилладаг дээд боловсролтой Ц-ийн зүгээс аймаг орж эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа тул чөлөө олгож өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан. Тиймээс Ц-г аймаг орж эмнэлэгт үзүүлэх хувийн ажлын далимдуулаад аймагт болох насан туршийн боловсролын багшийн хамрагдах ёстой сургалтад хамрагдаад ирээрэй гэдгийг хэлж явуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би 11 цаг 45 минут хүртэл сургууль дээр байж байгаад газар тариалангийн ажилдаа яваад шөнө 20 цаг өнгөрөөд гэртээ ирсэн. Манай эхнэр сургуульд багшийн ажил эрхэлдэг ба өдөр сумын Засаг дарга сургууль дээр ирээд чамайг хайгаад утас руу чинь залгаж, цагдаатай цуг хайж байгаад явсан. Явахаасаа өмнө сургуулийн багш ажилтан нараас чиний ажил мэргэжил, албан тушаалаас өөрөөр хувь хүн рүү чинь чиглэсэн судалгаа аваад явсан гэж хэлсэн. Би сумын Засаг дарга руу залгаад намайг ямар хэргээр хайсан талаар асууж тодруултал “чи архи уучихсан байгаа юм уу маргааш ажил дээр ирж уулзаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө би сургууль дээр очиж аймгаас ирсэн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэнтэй уулзаж, шалгалт авах асуудлаар ярилцаж бэлтгэл ажлыг нь хангасан. Тухайн өдөр 11 цагийн үед би сумын Засаг даргатай уулзахаар өрөөнд нь ортол сумын Засаг даргын өрөөнд сумын Засаг дарга У болон сумын Засаг даргын орлогч Магсаржав нар сууж байсан. Сумын Засаг даргын зүгээс “Н.Б чи надаас албан ёсоор чөлөө авахгүйгээр 3 хоног ажлаа тасалсан учир ажлаас халах мэдэгдэл өгч байна” гэж хэлээд ажлаас халах тухай мэдэгдэл гардуулсан. Сум орон нутгийн хооронд албан томилолтоор явж байгаа тохиолдолд сумын Засаг даргаас чөлөө авч байсан ба сум дотроо газар тариалангийн хувийн ажлаа ажуулахдаа сургуулийн сургалтын менежерт ажлаа хүлээлгэн өгөөд явсан байгаа. Намайг эзгүй байх хооронд сургуулийн багш ажилтан нараас миний өө сэв хайсан хувь хүн рүү чиглэсэн судалгааг авсанд нь би жоохон бухимдуу байсан ба Засаг даргын өрөөнд ороод суутал шууд ажлаас халах мэдэгдэл өгсөнд гомдолтой байсан. Намайг яагаад үдээс хойш ажилдаа ирээгүй вэ талаар утсаар залгаад асууж тодруулсан бол би тайлбарлаж хэлээд үг хэлээ ойлголцох байсан байх. Би ажлаас халах мэдэгдлийг уншиж дуусаад зургийн дарж эхнэр рүүгээ явуулсан. Засаг даргаас албан ёсоор чөлөө авахгүйгээр 3 өдөр ажлаа тасалж авсан гэдэг үндэслэлээр надад ажлаас халах мэдэгдэл гардуулж байгаа талаар ч хэлсэн. Би 3 өдөр ажлаа тасалж яваагүй ба 2021 оны 9 дүгэр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд өөрөөс шалтгаалах ажлаа хийж дуусгаад явсан. Би ажлаас халагдах хэмжээний алдаа гаргаагүй учир ажлаас халах тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Засаг даргад хэлсэн. Мөн Засаг даргын өрөөнд Засаг даргын орлогч М хамт сууж байсан учир миний уур бухимдал их хүрч байсан. Яагаад гэвэл 2020 оны сонгуулийн дараа М миний өрөөнд орж ирээд намайг буруутгаж, сэтгэл зүйд нөлөөлөхүйц үгнүүд хэлж байгаад гарсан учир Засаг даргатай нийлж байгаад намайг ажлаас халах санаа зорилгоо хэрэгжүүлж байгаа юм байна гэж би ойлгосон. Засаг даргын зүгээс миний талаар сөрөг судалгаа авсан байсанд миний уур хүрч бухимдан ажлаас халах тухай мэдэгдлийг базаж хаяад өрөөнөөс гарах гэтэл тус сумын Засаг даргын зүгээс “чи уг ажлаас халах тухай мэдэгдлийг хүлээн авч гарын үсгээ зур эсвэл дахин ийм алдаа дутагдал гаргавал ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэсэн агуулгатай он сар өдөр тавиагүй хүсэлт бичиж өг” гэж хэлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны үдээс хойш 14 цагт сумын онцгой комиссын хуралд суучхаад 15 цагт аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтний цаг үеийн асуудлаар хийх мэдээллийн чанартай сургалтад сууж байтал сумын Засаг дарга сургуульд дээр ирж өчигдөр миний талаар багш ажилтнуудаас авсан судалгааны үр дүнг сургалтын менежерээр танилцуулсан. Тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа Н.Б нь надаас албан ёсоор чөлөө авахгүйгээр 3 хоног ажлаа тасалж явсан ба хамт олны судалгаагаар ийм үр дүнд хүрч байгаа тул арга хэмжээ авна гэдгийг нийт багш ажилтан болон аймгаас ирсэн мэргэжилтний өмнө хэлсэн учир надад маш хүнд цохилт болсон. Тус сумын Засаг даргын зүгээс надад хандаж өөрт тохирох шийтгэлээ бичээд манай өрөөнд хүрээд ирээрэй гэж хэлчхээд яваад өгсөн. Би цалингийн 20 хувь торгуулах сахилгын шийтгэл авна гэх хүсэлтээ бичээд Засаг даргын өрөө рүү яваад ортол наад шийтгэл чинь арай хөнгөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 6 сар цалингийн 20 хувь торгуулъя гэж хэлтэл “чамайг мөнгө төгрөгөөр торгоод яах вэ тэгснээс чи дахин ийм алдаа дутагдал гаргавал ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэсэн агуулгатай он сар өдөр тавиагүй хүсэлт бичиж өг. Хэрвээ ийм хүсэлт бичээд ирвэл чамд сахилгын арга хэмжээ авахгүйгээр чамайг ажиглана” үгүй бол чамайг ажлаас халах тухай захирамж бичээд сургуулийн бичиг хэргийн ажилтан руу явуулна шүү гэж сүрдүүлж, намайг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн гар нооргийг надад үзүүлж байсан. Би тус сумын Засаг даргын хэлснээр он сар өдөргүй дахин алдаа гаргасан тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгнө гэсэн агуулгатай хүсэлт бичээд өгвөл намайг хэзээ нэгэн өдөр алдаа гаргавал миний алдаа нь дээр дөрөөлж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн болгож намайг ажилгүй болгох юм байна гэдэг зүйлийг бодоод байж байтал сургуулийн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан намайг ажлаас чөлөөлсөн тус сумын Засаг даргын захирамжийг өгөөд явуулсан байсан. 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай сургуулийн хамт олны зүгээс намайг ажлаас чөлөөлсөн захирамж ирснийг мэдээд манай гэрт хүрэлцэн ирж санал бодлоо солилцсон. Сургуулийн багш ажилтнуудын зүгээс Н.Б захирлыг халах шийдвэр дэндүү хатуу шийдвэр байх тул Н.Б захирлыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар сургуулийн хамт олны саналыг сонсох хэрэгтэй гэдэг байдлаар сургуулийн багш ажилтны эсэргүүцсэн гарын үсэг цуглуулж, санал асуулга авсан байсан. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус сумын Засаг даргын зүгээс сургуулийн захирлын ажлыг хүлээн авах хүмүүсийг сургууль руу явуулж байсан. Тухайн өдөр 11 цагт тус сумын Засаг даргын зүгээс сургуулийн багш ажилтнуудыг сургуулийн зааланд цуглуулж Н.Б захирлыг дээрх шалтгаанаар ажлаас чөлөөлж байна. Өмнө нь Н.Б захиралд удаа дараа анхааруулж, сануулж байсан гэдэг зүйлийг хэлж, намайг ажлаас чөлөөлж байгаа захирамжийн үндэслэлээ тайлбарлаж өгөөд тус сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох 3 хүний нэрийг бичиж өгөхийг шаардсан. Тухайн үед сургуулийн багш ажилтнуудын зүгээс “Н.Б захирлыг ажлаас чөлөөлж байгаа нь огцом шийдвэр болж байна. Өмнө нь Н.Б захиралд шийтгэл ноогдуулж байсан уу гэдэг байдлаар намайг ажлаас халахыг дэмжихгүй байгаа талаараа илэрхийлж байсан. Н багшийн зүгээс хамт олноос дээрх асуудлаар санал асуулга автал сургуулийн нийт багш ажилтнуудын 74 хувийн саналаар Н.Б захирлыг үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн санал ирсэн. Мөн Н.Б захиралд алдаа дутагдал байгаа бол шат дараалалтай шийтгэл ноогдуулах ёстой гэдэг байдлаар санал бодлоо илэрхийлж тус сумын Засаг даргатай хамт олны зөвлөлийн 3 ажилтан очиж уулзсан. Тус сумын Засаг даргын зүгээс “нэгэнт би шийдвэрээ гаргасан, гэхдээ Н.Б-ын зүгээс өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт бичиж өгвөл өөр сул орон тоонд ажиллуулах боломжтой. Үгүй бол ажлаас халах сахилгын шийтгэлээ авч ажлаа хүлээлгэн өгөх хоёр сонголт үлдсэн гэдэг байдлаар хандсан байсан. Хэрэв би хүсэлт бичиж өгөхгүй бол ажлаас халагдах сахилгын шийтгэл авсан гэдэг утгаараа 1 жил төрийн албанд ажиллаж чадахааргүй хар толботой үлдэх гэх асуудал үүссэн. Би Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхээр явъя гэхээр санхүүгийн дарамтаасаа болоод чадаагүй. Яагаад гэвэл би газар тариалангийн ажил эрхлэхээр Хаан банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авсан ба өмнөх зээлтэйгээ 34.000.000 төгрөгийн өр зээлтэй үлдэж байгаа тул ажлаас халагдах боломжгүй байсан. Тэгээд би сургуулийн хамт олонтойгоо ярилцаж гарц гаргалгаа хайж үзтэл нэгэнт л та ажлаас халагдвал амьдрал аж ахуйгаа эрхлэх боломжгүй болох учир өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байна гэсэн хүсэлтээ бичиж өгөөд өөр ажилд ажиллах нь дээр юм байна гэсэн санал орж ирсэн. Би санхүүгийн нөхцөл байдлаа тооцож үзээд ямар ч байсан нэг ажилтай байж байгаад шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн нь дээр юм байна гэдэг дүгнэлтэд хүрч хамт олны төлөөллийн 3 гишүүний хамт тус сумын Засаг даргын өрөөнд орж хүсэлт бичихээс өмнө ямар агуулгатай хүсэлт бичих вэ гэж асууж тодруулсан. Тус сумын Засаг даргын зүгээс “алдаа дутагдлаа ойлгож ухамсарлаж байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байна гэдэг агуулгатай хүсэлт бичиж өг” хэлж хэлсэн. Ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч байна гэдэг хүсэлтийг би өөрийн хүслийн дагуу бичээгүй учир “ажлаа өгч байна” гэдэг байдлаар хүсэлт бичиж өгсөн. Хэрэв миний өөрийн хүсэлт байсан бол ажлаас чөлөөлж өгнө үү гэдэг байдлаар гуйсан хүсэлт бичиж өгөх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Б захирал өөрийн чин хүсэл эрмэлзлээр ажлаа өгөх хүсэлт санаачилга гаргасан уу эсвэл гадны шахалт дарамтын нөлөө байсан уу, өөрийн гаргасан хүсэлт мөн эсэх уг хүсэлтэд тулгуурлан гаргасан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамж үндэслэлтэй эсэхийг шүүхээр тогтоолгохоор шүүхэд хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн эсэхийг шүүхээр тодруулах шаардлагатай байгаа. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 2021 оны 9 дүгээр сарын 20-22-ны хооронд гарсан үйл баримтад тулгуурлан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжид дурдсанаар Н.Б сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан гэж тайлбарласан. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалтыг яагаад хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бэ гэхээр тус сумын Засаг дарга нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийн 3 дугаар заалтаараа өөрийн гаргасан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгосон учир Н.Б-ын ажлаас халах тухай сахилгын шийтгэл авсан захирамж нь эрх зүйн хувьд ач холбогдолгүй болсон. Өөрөөр хэлбэл Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэлийг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Доод шатны албан тушаалтан нь сахилгын зөрчил гаргасан тохиолдолд дээд шатны албан тушаалтан нь шалган тогтоох үүрэгтэй ба Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Сонсох ажиллагаа гэдэг нь шийтгэл гаргасан этгээдийн тайлбарыг авах, шийтгэл авч байгаа этгээдэд эрхээ хамгаалах боломжийг олгож, хэн нэгний эрх ашгийг хөндөхгүй шийдвэр гаргах агуулгаар Захиргааны ерөнхий хууль үйлчилж байгаа. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамж болон Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжууд гарахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох зүйл заалтыг мөрдөж гараагүй байдаг. 2021 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Н.Б захирал ямар шалтгааны улмаас ажилдаа ирээгүй талаар тодруулах шаардлагатай байсан. Н.Б захирал тухайн өдрүүдэд ажилдаа огт ирээгүй алга болчихсон юм уу эсвэл ажлаа хаяад архидаад явчихсан юм уу. Энэ 3 хоног Н.Б захирал ажлын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан. Захиргааны байгууллага албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусад хориглодог зарчим үйлчилдэг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар юуг зөвшөөрсөн бэ гэхээр асуудал байгаа бол сонсох ажиллагааг хийж тайлбар мэдүүлгийн авсны дараа шийдвэр гаргахыг зөвшөөрсөн байдаг.

       Н.Б захирал архи уудаг эсэх талаар хамт олноос нь судалгаа авч, Н.Б-ыг сумаас олж ир гэдэг үүрэг даалгаврыг орлогч дарга болон цагдаагийн албан хаагчид өгч хайлгуулсан байдаг. Н.Б-ын утас руу 3 өдөр залгасан боловч утас нь холбогдохгүй байсан гэдэг зүйлийг хариуцагч тайлбартаа дурдсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө Н.Б захирал тус сумын Засаг даргатай уулзтал “ажлаас халах мэдэгдэх хуудас” өгсөн.

      Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжид Н.Б-ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан гэж үзсэн байдаг. Хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсан талаар Засаг дарга өөрөө тогтох ёстой. Увс аймгийн Баруунтуруун сум нь газар тариалангийн онцлогтой сум учир ард иргэд бүгд шахуу газар тариалан эзэмшиж, хавар тариалж, намар хураан авч амьжиргааны бусад эх үүсвэрээ аваад явдаг. Энэ нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтанд зөвшөөрөгддөг үйл ажиллагаа учир банкнаас зээл авч газар тариалангийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн талаар нэхэмжлэгч тайлбарласан. Н.Б өөрийн газар тариалангийн талбайд техник тоног төхөөрөмж олдсон дээр нь тариалалтаа хураан авч байгаа асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн байсан эсэхэд тус сумын Засаг даргын зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан. 2021 оны 9 дүгээр сарын 20 ,21, 22-ны өглөө Н.Б захирал сургууль дээр ирж ажлаа хийж зохицуулчхаад явсан талаар гэрчүүд мэдүүлсэн байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө сургууль дээр очиж ажилтай байгаа талаараа 2 менежертээ тайлбарлаж ойлгуулаад сургуулийн дотоод журамд зааснаар захирлын эзгүйд сургалтын менежер ажил үүргийг орлоно гэсэн зохицуулалтын дагуу ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө тус сумын сургуульд ажилладаг Ц гэх хүний зүгээс аймаг орж эмнэлэгт үзүүлэхээр чөлөө хүссэн учир аймагт зарлагдах сургалтад Ц гэх хүнийг явуулахаар шийдвэрлэж өгөөд үдээс хойш нь газар тариалангийн ажилдаа явсан байдаг. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн сумын сургуульд ирж шалгалт авах гэж байсан боловч сумын тог тасарсантай холбоотойгоор сумын соёлын төв рүү явж мотор авч ирж залгаж өгөөд бэлтгэл ажлыг хангасан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Дээрх асуудлыг тус сумын Засаг дарга тодруулсны үндсэн дээр нэг л удаа шийдвэр гаргах ёстой байсан. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын хувьд сургуулийн хамт олноос Н.Б захирал архины хамааралтай эсэх судалгаа аваад 2021 оны 9 дүгэр сарын 23-ны өдөр Н.Б захирлыг ажлаас халах тухай захирамж төлөвлөж гаргасан байсан. Уг захирамжаа Н.Б-д өгөхийн тулд 2021 оны 2 дугаар сарын 23, 24, 27-ны өдрүүдэд 3 удаа өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч байна гэх агуулгатай хүсэлт бичиж өгөхийг шаардсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт “өөрийн хүсэлтээр гэдгийн шалгуур нь хэн нэгний шахалт дарамт байхгүйгээр өөрийн чин сэтгэл, өөрийн хүсэл сонирхлоор” бичиж өгсөн байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан Н.Б-ын өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан хууль хэрэглээний урьдчилсан нөхцөл буюу өөрийн чин хүсэлт шахалт дарамт байхгүй гэдгийн аль нь ч хангахгүй байгаа. Н.Б болсон үйл явдлыг тайлбарлахаар тус сумын Засаг даргын өрөө рүү яваад орохоор Засаг даргын зүгээс чамайг ажлаас халж байгаа учир халагдах мэдэгдлээ ав гэдэг байдлаар хандсан байдаг. Чи ажлаас халагдахгүй гэж байгаа бол ямар шийтгэл авмаар байгаа талаараа бичиж ир гэдэг зүйлийг хэлсэн байсан. Н.Б 3 сар цалингийн 20 хувь торгуулах хүсэлт бичиж орохоор энэ чинь хөнгөн байна гэж хэлсэн байдаг. Тэгвэл 6 сараар цалингийн 20 хувь торгуулах санал тавьсан боловч үгүй хална гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байдаг. Ингээд Н.Б-д халагдах гэж байгаа юм байна гэсэн айдас төрж эхэлсэн. Засаг даргын зүгээс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ он сар тавихгүйгээр бичээд ир гэдэг хууль бус шаардлага тавьсан байсан. Энэ нь хэзээ нэгэн цагт намайг ажлаас халах юм байна гэсэн айдас төрүүлж байгаа юм. Дараа нь тус сумын сургуулийн ажилтны төлөөллийн 3 гишүүний зүгээс Н.Б захирлыг ажилд нь үлдээх хамт олны гарын үсэгтэй саналыг танилцуулахаар Засаг даргатай уулзсан боловч гэрчийн мэдүүлэгт дурдсанаар “Н.Б-д 2 сонголт байгаа Н.Б өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгвөл илүү бланк дээрээ өөр ажилд томилж өгнө. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгөхгүй бол 1 жилийн хугацаанд буцаж төрийн албанд ажиллах эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл авах болно” гэж хэлсэн байдаг. Н.Б-ын хувьд банкны зээлийн асуудлаас болж өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч байна гэх хүсэлт бичиж өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орсны улмаас хамт олны төлөөлөл 3 гишүүний хамтаар Засаг даргын өрөөнд орж ямар хүсэлт бичиж өгөх талаар асууж тодруулж байгаа. Н.Б-ын зүгээс хүсэлтдээ “алдаа дутагдлаа ойлгож байна. Гэхдээ ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичээгүй яагаад гэвэл миний хүсэлт биш байсан тул ажлаа өгч байна гэдэг агуулгаар хүсэлтээ бичсэн гэдгээ илэрхийлж байсан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд “аливаа гэрээ хэлцэл хүсэлтийг үгийн шууд утгаар ойлгоно” гэж заасан байдаг. Ажлаас чөлөөлж өгнө үү гэдэг бол өөрийн хүсэлт байж болно. Харин ажлаа өгч байна гэдэг бол өөр утгаар миний ажлыг авч байна гэж ойлгогдож байна. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бол сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлыг хөндөж тайлбар гаргана. Мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд зааснаар буруутай албан тушаалтан нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг төлж барагдуулдаг. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын зүгээс яагаад Н.Б-ын хүсэлтийг бичүүлж авах гээд байсан талаар дүгнэлт хийж үзвэл Н.Б-ыг өөрийн хүсэлтээр гэсэн нэрийдлээр өөр ажилд оруулсанд байгаа юм. Н.Б нь цалингийн зөрүүг нэхэмжлээгүй ч гэсэн үнэн бодит байдлыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад цалингийн зөрүүг шаардахгүй байгаа учир буруутай албан тушаалтан мөнгө төлөх шаардлагагүй болж байгаа юм. Сум даяараа Н.Б захирлыг архинаас болж ажлаасаа халагдсан гэсэн яриа гарсан. Архинд хамааралтай эсэх судалгааг мэргэжлийн байгууллага хийдэг болохоос биш сумын Засаг даргын зүгээс судалгаа гаргаад шийдвэрлэж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Н.Б захирал ажилдаа эгүүлэн тогтоолгон нөгөөтэйгөөр сум орон нутгийн хүрээлэлд нэр хүнд нь давхар сэргээгдээд явах бүрэн боломжтой гэж үзэж байна.

       2021 оны 9 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд үдээс өмнө ажлын байрандаа очсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Ажилтны өөрийн санаачилгаар ажлаас гарах хүсэлт нь өөрийн бичиг өөрийн гарын үсэг зурсан байх шаардлагыг хангасан байсан боловч хүсэлт бичих болсон учир шалтгааныг шүүх анхаарч үзэх ёстой. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага зүй бус нөлөөлөл байх учиргүй.

       Миний хувьд Н.Б-ыг амьдралын шаардлагаар тариалангийн талбай руугаа явсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл Баруунтуруун сумын хувьд газар тариалангийн бүс нутаг бөгөөд төрийн албан хаагчид газар тариалангийн ажил эрхлэхийг дэмждэгээрээ онцлогтой. Н.Б хавар 20.000.000 төгрөгийн зээл аваад газар тариалангийн ажил эрхэлж тариа будаа тариалсан учир намар хураан авах хугацаа тулсан байсан учир газар тариалангийн ажлаа хийхийн тул явж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн юм. Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ямар байдлаар чөлөө авах талаар нарийвчилсан зохицуулалт байдаггүй. Тус сумын Засаг даргын зүгээс сумын удирдлагуудтай чөлөө авах асуудлаар тусгасан гэрээ, хэлцэл гэх нотлох баримт байдаггүй бөгөөд тус сумын сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд сургуулийн захирал нь тус сумын Засаг даргаас чөлөө авна гэсэн зохицуулалт байдаггүй.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д уг хуулийн шаардлагыг хэрэглэж, сахилгын шийтгэл оногдуулах хууль хэрэглээг маш тодорхой зааж өгсөн. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулдаг.Хөдөлмөрийн дотоод журмын тодорхой заалтыг зөрчсөн байхыг ойлгож, журамд дурдсан сахилгын зөрчилд шийтгэл оногдуулна. С.У Засаг дарга нь тус сумын байгууллагын удирдлага нартай гэрээ хэлцэл хийж чөлөө авах шаардлага гарвал заавал тус сумын Засаг даргаас авна гэсэн зохицуулалт хийгээгүй. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжид дурдсанаар Н.Б сахилгын шийтгэл оногдуулж байгаа нөхцөл байдал нь хуульд нийцээгүй байна. С.У Засаг дарга нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ зөрчсөн учир буруутай этгээд гэж үзэж байна.

         Н.Б өөрийн сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн боловч шахалт дарамт, санал болгосон нөхцөл байдал, эдийн засгийн болон сэтгэл санааны дарамтад орсон нөхцөл байдлуудын улмаас уг хүсэлтийг бичиж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэв.

          6. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Н.Б-ын математикийн багшаар ажиллаж байсан учир багш шавь хоёрын харилцаатай мөн 10-аад жил нэг сургуульд хамт ажилласан,худ ургийн харилцаатай учир Н.Б-той илэн далангүй харьдаг. Н.Б ч гэсэн буруугаа ухамсарлаж, үгийг хүлээн авч харилцаа хандлага сайтай байдаг. Би Н.Б-ын багш байсан учир түүний гаргасан алдаа дутагдлыг засаж залруулахыг хичээж явдаг. Н.Б тус сумын сургуулийн захирлаар томилогдох үед “чи анги удирдаж нэг цагийн хичээл зааж байгаагүй мөн журнал гүйцэт хөтөлж чадахгүй үе үе гарч яваад архи уучихдаг гэж хэлсэн учир сургуулийн захирлаар ажиллаж чадахгүй” гэдгийг би хэлж шүүмжилж байсан. Миний хэлсэн үгнүүдийг Н.Б хүлээн авсан ба “та миний үнэнийг хэлж байна” гэж хэлээд 1 жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Н.Б-ыг ажлаас нь халж мууг нь үзэх бодол надад төрж байгаагүй. Н.Б нь 2021 оны 9 сарын 20-22-ны өдрүүдэд сумын Засаг даргад урьдчилан хэлж мэдэгдэж чөлөө авахгүйгээр “чөлөөтэй” гэж байгууллагадаа мэдэгдэн 3 хоног ажил тасалсан.Тухайн үед манай суманд ковидын нөхцөл байдал хүнд,өдрөөс өдөрт батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байсан бөгөөд хэдэн хэдэн асуудлаар зөвлөлдөх шаардлагатай байсан.Үүнд:Бага ангийн хүүхдийн үдийн хоол өгөгдөхгүй байгаа тухай эцэг эхчүүдээс гомдол ирсэн, аймгийн Боловсролын газраас шалгалтын ажлаас мэргэжилтэн ирэх тухай, “Үндэсний бичиг” сонинд сум, сургуулийн хамт олны тухай материал явуулах шаардлагатай байсан зэргийн талаар тодруулахаар Н.Б-ын утас руу 2021 оны 9 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд залгасан боловч холбогдохгүй байсан.

     2021 оны 9 сарын 22-ны өдрийн үдээс хойш сургууль руу орсон боловч сургуулийн үүдэнд жижүүр байгаагүй. Уг нь ковидын нөхцөл байдалтай энэ үед сургуулийн жижүүр маш өндөр үүрэг хариуцлагатай байж хичээллэх ёстой байсан. 2 менежерийн өрөөнд орж жижүүр яагаад байхгүй байгаа талаар асууж тодруултал Н.Б захирал мэдэж байгаа гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ ковидын нөхцөл байдлын улмаас хөл хорио тавигдсан байдалтай хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байхад сургуулийн зүгээс халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих ёстой. Ковидын халдвартай хүн сургуулийн коридорт алхаж байхыг үгүйсгэхгүй учир жижүүрийн хувьд маш том үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой байтал жижүүр яасан талаар мэдэхгүй Н.Б захирал мэдэж байгаа гээд зогсож байдаг ямар учиртай юм бэ Н.Б захирал яагаад ажлын байран дээрээ байхгүй байгаа юм бэ гэж уурласан. Хичээлийн хонх цохих цаг болсон учир З менежер хонх цохихоор өрөөнөөс гарсан хойгуур А менежерийн зүгээс надад хандаж “үнэн байдлыг танд хэлье. Н.Б захирлыг байхгүй хооронд З бид хоёр сургуулийн үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд ажлыг хийгээд явдаг боловч Н.Б захирал үе үе архи уугаад яваад өгдөг. З бид хоёр ажлаа хүлээлгэж өгөх талаар ч ярьж байсан” гэдэг зүйлийг хэлсэн. Нөхцөл байдал ийм түвшинд хүрсэн бол 2 менежертэй ярилцах шаардлага байхгүй гэдгийг хэлээд бичиг хэргийн ажилтныг дуудаж уулзсан. Н.Б-ыг архи ууж явдаг талаар багш ажилтнуудаас сонссон учир үнэхээр архи ууж явдаг эсэхийг нь нийт багш ажилчдын судалгаагаар тогтоох зорилгоор интернэтээс судалгааны асуулт бэлдэж, багш ажилтан нараас google porms программ ашиглан цахим асуулга авч үр дүнг мэдээлэхийг сургалтын менежерт үүрэг болгочхоод сургуулиас гараад явсан. Өрөөндөө ороод байж байтал миний араас тус сумын Засаг даргын орлогч орж ирэхээр нь “Н.Б-ыг олоод ирээрэй. Сургуулийн үүдний жижүүр Ц-гийн нөхөр Ч-той архи ууж яваа сураг сонсогдож байна” гэж хэлээд явуулсан. Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Боловсрол соёл урлагийн газраас мэргэжилтэн ирж сургууль дээр ажиллах гэж байсан тул санаа их зовж, дахин сургууль орж Н.Б-той холбоотой судалгааны үр дүнтэй танилцчихаад 2 сургалтын менежерт ажлаа сайн хийгээрэй гэдгийг хэлээд явсан. Гэртээ очоод байж байтал 20 цаг өнгөрч байх үед Н.Б над руу залгаад “та намайг хайсан юм уу” гэж асуусан. Тухайн үед Н.Б-ын дуу хоолой нэг л биш архи уучихсан хүн шиг дугарч байсан учир маргааш ажил дээр хүрээд ирээрэй гэж хэлээд утсаа тасалсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө Н.Б-ыг хүрээд ирэх болов уу гэж хүлээж суутал аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Г надтай ирж уулзаад сургуулийн сурагч нараас шалгалт авах ажлаар ирсэн талаараа ярилцаад танай сумын сургуулийн захиралтай уулзаж чадсангүй гэж хэлсэн. Аймгийн боловсрол соёл урлагийн газраас мэргэжилтэн ирж сургуульд дээр ажиллаж байхад ажлаа хаяад алга болчихсон хариуцлагагүй гэж дотроо бодоод нарийн бичгээрээ ажлаас халах тухай мэдэгдэл бичүүлсэн. Тухайн үед Н.Б-ыг ажлаас халах талаар огт бодоогүй ба цочроох зорилгоор Н.Б-д мэдэгдэл өгсөн. Н.Б-д ажлаас халах тухай мэдэгдлийг танилцуулах үед юу ч хэлэхгүй хараад суугаад байсан. Тухайн үед хажуудаа гэрч байлгах зорилгоор сумын Засаг даргын орлогчийг юу ч дугарахгүйгээр хажууд байж бай гэж хэлээд хажуудаа байлгасан. Н.Б их зөөлөн чихтэй учир намайг уучлаарай гэж хэлж байсан. Сумын удирдлагууд надаас байнга чөлөө авдаг боловч Н.Б чөлөө авахгүйгээр хэлж мэдэгдэхгүй ажлаа таслаад явдаг. Н.Б мэдэгдэлтэй танилцаж дуусаад надаас уучлалт гуйх болов уу гэж хүлээж байтал “би таны сумын Засаг дарга байх эсэх асуудлыг мэдэх болно” гэж хэлсэн. Н.Б-ын төрсөн эгч Н.Н, эхнэр А нар Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Манай сум намын хувьд 10, 11-ээр гарсан ба би 11-тэй талын намаас сонгуульд нэр дэвшиж гарч ирсэн учир улс төрийн асуудалтай байгаа. Би Н.Б-ыг засаг даргын ажилтай байх эсэх асуудлыг мэднэ гэж хэлэхээр нь уурлаад “би чамтай албан тушаал наймаацахгүй, танай эгч, эхнэр чинь намайг дэмжиж Засаг дарга болгосон” гэж хэлээд ажлаас халах мэдэгдэл дээр гарын үсэг зур гэж хэлтэл Н.Б намайг харж сууж байгаад ажлаас халах тухай мэдэгдлийг базаж шидчихээд гараад явсан. Би Н.Б-ын энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй учир цагдаагийн газарт өргөдөл бичиж өгөх гэж байгаад больсон. Н.Б-ыг гараад явсны дараа Н.Б-ын эгч Н.Н манай өрөөнд орж ирээд юу болсон талаар асууж тодруулчхаад гараад явсан. Дараа нь сумын онцгой комиссын хуралдаан болж сумын удирдлагууд хуралдсан. Хурал дууссаны дараа би Н.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн гар нооргийг Н.Б-д өгөөд нарийн бичигт хүргэж өгөөд өөрийн ажлаас чөлөөлөх тухай захирамжийг бичүүлээд ир гэж хэлсэн. Би өрөөндөө байж байтал Н.Б орж ирээд намайг ёстой уучлаарай гэж хэлээд цалингийн 20 хувиар 3-6 сар торгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Н.Б-ыг заавал ажлаас халж цалингийн 20 хувиар торгох шаардлага байхгүй. Чамайг архи уухгүйгээр ажлаа асуудалгүй үргэлжлүүлэхийг хүсэж байна гэдгийг хэлтэл Н.Б-ын зүгээс би дахин архи ууж ажлаа цалгардуулахгүй гэж хэлсэн. Тэгвэл чи наад хэлж байгаа үгээ бичгээр баталгаажуулж он сар өдөр тавихгүйгээр надад бичээд ир гэж хэлсэн чинь баярлалаа танд би маргааш өглөө өргөдлөө бичээд өгнө гэж хэлээд гараад явсан. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Н.Б-ыг амлалтаа бичээд хүрээд ирэх болов уу гэж хүлээсэн боловч ирээгүй тул Н.Б-ыг ажлаас халах тухай захирамжийг төлөвлөж, бичиг хэргийн ажилтанд өгсөн. Бичиг хэргийн ажилтан уг захирамжийг бичиж дуусгаад 16 цаг 40 минутад надад авч ирж өгөхөөр нь би сумын Засаг даргын Тамгын газрын даргыг дуудаж Н.Б-д захирамжийг хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Ажил тарах дөхөөд би ажлаасаа гарах гэж байтал Н.Б эхнэрийн хамт манай өрөөнд орж ирээд та яахаараа захирамж гаргадаг юм бэ таныг Засаг даргын суудлаас буулгах болно гэж хэлсэн. Чамайг өглөө орж ирэх байх гээд хүлээгээд ирсэнгүй. Чи юманд ач холбогдол өгдөггүй чинь энэ байхгүй юу гэх мэтээр би загнаж байтал Н.Б эхнэрээ дагуулаад гараад явсан. Н.Б-ыг гараад явсны дараа түүний сууж байсан сандлыг тэгшлэх зорилгоор сууж байсан сандал руу нь дөхөөд очтол маскийн цаанаас архи үнэртэх шиг болохоор нь дахиад архи уусан юм байхдаа гээд өөрөө өөртөөгөө ярьж байтал Н.Н эгч өрөөнд ороод ирсэн. Чи маскийн цаанаас ямар их архи үнэрлэдэг болчихсон юм бэ? Чамайг зайлуулах болно гэх мэтээр намайг хэл амаар доромжилж байхаар нь “та дүүгийнхээ зөв, миний буруу гэж бодож байгаа бол шүүхэд хандаарай” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр билүү 27-ны өдөр амралтын өдрөөрөө би ажил дээр сууж байтал Н.Б эхнэртэйгээ манай өрөөнд орж ирээд та гаргасан шийдвэрээ буцаачих гэх мэт зүйлийг ярьсан. Би нэгэнт гаргасан шийдвэрээ буцаахгүй гэдгээ илэрхийлсэн. Н.Б өрөөнөөс гараад явсны дараа Н.Б-ын эхнэр С надад 2 ууттай зүйл өгөхөөр нь би гайхаад С чи энийгээ аваад яв гээд цүнх рүү нь хийж өгөөд явуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би сургуулийн багш ажилтнуудыг биеийн тамирын зааланд цуглуулсан боловч ихэнх багш нар хичээлтэй байсан учир 30-аад хүн цугларсан байсан. Тус сургуулийн захирал Н.Б-ыг ажлаас чөлөөлөх захирамж гарсан учир дараагийн сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр хэнийг томилуулах саналтай байгаагаа илэрхийлж, 3 хүний нэр бичиж өгөхийг хүссэн. Тухайн үед О, Н нарын зүгээс Н.Б захирал оногдуулж байгаа шийтгэл арай хатуудсан шийдвэр байна гэдгийг хэлсэн ба бусад багш ажилчид чимээгүй сууж байсан. Н.Б авлига өгөх гэж оролдсон гэдэг зүйлийг сургуулийн багш ажилчдын дунд хэлчихсэнд Н.Б сэтгэл эмзэглэсэн юм шиг байсан. Би сургалтын менежер А-д хандаж “нийт багш ажилтнуудын саналыг хураагаад надад мэдэгдээрэй” гэж хэлээд гараад явсны дараа миний араас сургалтын менежер А гараад явчихсан чинь сургуулийн багш ажилчид бас тараад явсан байсан. Ингээд сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр хэнийг томилох талаар асуусан санал хураалт явагдаагүй.Тэгэхээр нь би Н.Б-ыг сургалтын менежер А-тай ажлаа хүлээлц гэж хэлээд явсан. Маргааш нь би хөдөө явчхаад ирсэн чинь Н.Б сургалтын менежер А-тай ажлаа хүлээлцсэн байсан. Н.Б ажлаа хүлээлцэхгүй гэж их удаж байгаад А менежертэй гараад уулзаж байгаад буцаж сургууль руу орж ирээд тушаал гаргаж ажлаа өгсөн байсан. Ямар тушаал гаргасан бэ гэхээр Н.Б-ын зүгээс А-г сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авч байгаа бол намайг насан туршийн боловсролын багшаар ажиллуулах тушаал гарга гэж тохиролцож тушаал гаргуулсан байсан. Дараа нь сургуулийн багш ажилчдын төлөөллийн 3 гишүүн манай өрөөнд орж ирээд Н.Б-ын талаар ярилцаж “архи уудаг хүн ажилгүй болчихвол бүр хэцүү” гэдэг зүйлийг хэлсэн. Байгууллагын удирдлага хүн архи ууж ажлаа цалгардуулж сумын сургуулийн 600 гаруй хүүхэд 70 гаруй багш ажилчдыг хүнд байдалд оруулж байна. Сахилгын шийтгэл авч ажлаасаа халагдах эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх гэсэн боломж байна гэдгийг хэлээд явуулсан. Сургуулийн хамт олны хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар би албан тоот төлөвлөж суутал Н.Б хамт олны төлөөлөл болох 3 багштайгаа манай өрөөнд ороод ирсэн. Юу болов,яав гэсэн чинь Н.Б-ын зүгээс “би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж багшийн ажилтай үлдэхгүй бол амьдрал хэцүү байна” гэж хэлээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн. Надад Н.Б-ыг ажлаас халах санаа оноо байгаагүй” гэв.

         7. Хариуцагчийн өмгөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ... Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эртнээс зохион байгуулалттай ажиллагааг явуулсан мэтээр тайлбар гаргаж, нотлох баримтгүйгээр хардаж сэрдэж болохгүй. Маргаан бүхий захирамжийн 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Н.Б ямар хүн байсан талаар яригдах ёстой байх. Н.Б 2021 оны 9 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Өглөө ажил дээрээ очоод гараад явсан гэж тайлбар тавьж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл ажлын 8 цаг ажил үүргээ хэрэгжүүлэх ёстой байдаг. Түүнээс биш ажлын цагаараа орж гараад явж болохгүй. Тус сумын сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сургуулийн захирлын эзгүйд захирлын ажлыг сургалтын менежер гүйцэтгэнэ гэж заасны дагуу А-д ажлаа хүлээлгэн өгсөн байсан гэдэг зүйлийг нэхэмжлэгч тайлбартаа дурдаж байна. Сургуулийн захирал эзгүйд гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр захирал ээлжийн амралттай, томилолттой, өвчтэй, чөлөөтэй эсвэл хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгийг ойлгох болохоос биш хөдөө тарьсан тариа будаагаа хураан авахаар ажлаа хаяад явсныг захирлын эзгүйд гэж ойлгохгүй. Нэхэмжлэгч газар тариалангийн талбай руу тариа будаагаа хураахаар явсан гэдгээ өөрөө нотолж байгаа нь хувь хүний хувийн зохион байгуулалттай холбоотой асуудал юм. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд сумын Засаг даргад хандаж 2, 3 өдрийн чөлөө хүсэж тариа будаагаа хураахаар явсан бол сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалт хэрэгжих бүрэн боломжтой байсан. Хариуцагчийн зүгээс Н.Б-той ямар харилцаатай хүн гэдгээ тодорхой тайлбарласан бөгөөд Н.Б-ын багшаар ажиллаж байсан, хамт нэг сургуульд багшилж байсан ба худ ургийн холбоотой гэдгээ тайлбарласан. Ийм харилцаа хамааралтай хүн Н.Б-ын мууг үзэх гэсэн санаа зорилготой байгаагүй нь тодорхой харагдаж байна. 2020-2021 оны хувьд улс орон даяар онцгой байдал зарлаж, ковидын нөхцөл байдалтай холбогдуулан бүх аж ахуй нэгж байгууллагын дарга нарыг ажлын байран дээрээ хариуцлагатай байхыг анхааруулж, халдвар хамгаалалтын дэглэмийг сахин ажиллахыг үүрэг болгосон байсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг халдварт өртүүлэхгүй байх үүднээс төрийн байгууллага болон сургуулийн хооронд маш их уялдаа холбоотой халдвар хамгааллын дэглэм сахиж сургуулийн сурагчдын эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй байх үед Н.Б захирлын асуудал үүссэн. Би өр зээлтэй байсан тул өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт бичсэн. Хүсэлтээ бичихдээ ажлаа өгч байна гэдэг байдлаар өөрийн хүсэлтээр өгөөгүй гэдгээ илтгэж бичсэн мэтээр тайлбар гаргаж байна. Ажлаа өгч байна гэж бичих нь үгийн хувьд ач холбогдолгүй. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг үндэслэн захирамж гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс би сэтгэл санааны дарамтад орсны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичсэн гэж тайлбартаа дурдсан. Н, А, Н гэх багш нар шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд сургуулийн хамт олны төлөөлөл болсон багш нар Н.Б-той уулзаж “өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх эсвэл сахилгын шийтгэлээр ажлаас халагдах 2 сонголт байгаа юм байна” гэдгийг хэлсэн талаараа мэдүүлсэн байдаг. Н.Б-д сонголтыг өгсөн ба Н.Б өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх сонголтыг сонгож хүсэлтээ бичиж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж байгаа тохиолдолд хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй. Н.Б өөрийнхөө санаачилгаар өөрийн итгэл үнэмшлээр өөрөө ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт бичсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч Н.Б шүүхэд “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021.09.27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжийн 1,2 дахь заалтыг хүчингүй болгуулж,Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

10. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Өөрийн хүсэл зоригийн дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй тул ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын захирамжийн холбогдох заалт хууль бус...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган маргаж байна.

11. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга, түүний өмгөөлөгчөөс “...гурван өдрийн ажил тасалсан тул Н.Б өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх сонголтыг сонгож хүсэлтээ бичиж өгсөн...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

12. Нэхэмжлэгч Н.Б нь Увс аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Баруунтуруун сумын Ахлах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн Б/51 дугаар захирамжаар Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар, Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 07 сарын 01-ний өдрийн Б/04 дугаар захирамжаар Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар тус тус томилогдон ажиллаж байжээ.

13. Маргаан бүхий акт болох Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,29.3,Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай Н.Б-ыг 2021 оны 9 сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж,2 дахь заалтаар Н.Б-ын ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2021 оны 09 сарын 28-ны дотор хүлээлцэхийг үүрэг болгож, 3 дахь заалтаар сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүйд тооцжээ.

14. Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Б-ыг 2021 оны 9 сарын 20-22-ны өдрийн хооронд тодорхой,хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

15. Сургуулийн захирал Н.Б нь 2021 оны 09 сарын 20,21,22-ны өдрүүдэд үдээс өмнө  сургууль дээрээ ирсэн боловч тухайн өдрүүдэд ажлын цагаар бүтэн ажиллаагүй, газар тариалангийн талбайд ажиллахаар явсан болох нь түүний шүүхэд гаргасан “2021 оны 9 дүгээр сарын 20-22-нд шилжих өдрүүдэд ажлын цагаар тариа будаагаа хураах ажил надад гарсан. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө манай сумын сургуулийн дотоод журамд “сургуулийн захирлын эзгүйд түүний үүргийг дунд,ахлах ангийн сургалтын менежерүүд орлоно” гэж заасан байдаг учир уг журмын дагуу сургалтын менежерт ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө сургууль дээр очиж нарийн бичигтэйгээ уулзаж ямар нэгэн албан бичиг ирсэн үү? гэж асууж тодруулаад тариалангийн талбай дээрээ очиж ажилласан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Боловсрол соёл урлагийн газраас мэргэжилтэн ирж манай сумын сургуулийн сурагчдаас онол арга зүйн шалгалт авах талаар удирдамж ирсэн байсан тул би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өглөө сургууль дээр яваад очтол сум даяараа тог цахилгаан тасарсан байсан. Би сумын соёлын төвийн моторыг авч сургууль дээр залгаж өгөөд аймгаас ирэх Боловсрол соёл урлагийн газрын шалгалтад бэлдээд байж байгаараа миний газар тариалангийн ажил дуусаагүй байгаа тул үдээс хойш би газар тариалангийн ажил руугаа явна гэдгээ сургалтын менежер нартаа хэлж тайлбарласан” гэх тайлбар,

гэрч С.З-ийн “2021 оны 9 сард сумын Засаг дарга сургуулийн ажилтай танилцахаар орж ирэх үед захирал Н.Б ажил дээрээ байгаагүй, Боловсролын газрын мэргэжилтэн Г манай сургууль дээр хоёр өдөр ажиллахад захирлын утас нь холбогдоогүй” гэх мэдүүлэг,

гэрч И.Г-ын “Би 2021 оны 9 сарын 22-ны орой Баруунтуруун суманд очсон.Н.Б-той утсаар холбогдож чадаагүй.Суманд эрчим хүч тасарсан байсан ба Н.Б соёлын төвийн цахилгаан үүсгүүрийг бэлдэж өгөөд хөдөө явсан байсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.А-ын “2021 оны 9 сарын 20-ны өдөр нэг давхарт захирал Н.Б-той тааралдсан.Дараа нь захирал надтай утсаар яриад хөдөө явж байна.Танилцуулах албан бичиг байгаа юу гэж асуусан.9 сарын 21-ний өдөр байх гэж би санаж байна.Тэр өдөр сургуулийн тог тасарсан тул захирал руу ярьсан.Захирал өрөөндөө ирээд явсан ба мотор асаж тог ассан” гэх мэдүүлэг,

гэрч Н.А-гийн “2021 оны 9 сарын 20-нд Н.Б захирал манай өрөөнд орж ирээд би тариан талбай 3 өдрийн хугацаатай явахаар боллоо.Хэрэг гарвал утсаар холбогдоорой гэж хэлсэн.2021 оны 9 сарын 21-ний өдөр ажилдаа ирээгүй.9 сарын 22-ны өглөө ирээд насан туршийн боловсролын багшийн сургалтад Улаангомд багш хамруул гэсэн албан бичиг ирснийг танилцуулсан.тэгээд уг сургалтад хичээл зохицуулагч,жижүүр багш Цэцэгсүрэнг явуулахаар шийдвэрлэсэн” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Ар-ийн “2021 оны 9 сарын 20-ны өдөр Н.Б тариа хураалгахаар явсан.Манай нөхөр сумандаа цөөн комбайнтай хүний нэг.Ээлж дарааллаар комбайнаа өгч ажиллуулдаг байсан.9 сарын 20,21-ний өдрүүдэд Н.Б-ын тариалангийн талбай дээр ажиллах ээлж таарч Н.Б талбай дээрээ ажилласан.9 сарын 22-ны өглөө ажилдаа ирэхэд сургууль дээр Н.Б захиралтай таараад мэндлээд зөрсөн” гэх мэдүүлэг,

гэрч Ц.А-ын “Н.Б 2021 оны 20-ны өдрийг өглөө ажилдаа очоод сургалтын менежер нартай уулзаж ажлаа захиж үлдээгээд тариалангийн талбай явсан.9 сарын 20-ны орой буцаж гэрээ ирж хоносон.9 сарын 21-ниы өглөө Н.Б сургууль дээр ирээд явсан,9 сарын 22-ны өглөө шалгалтын хүн ирнэ гээд мотор асааж шалгалтад бэлтгээд сууж байсан.Үдээс хойш талбай руугаа явсан байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж заасан ба сургуулийн захирал Н.Б нь чөлөө хүсэх шаардлага гарсан тохиолдолд ажил олгогч болох сумын Засаг даргад мэдэгдэж чөлөөг авахаар байна.

17. Сумын Засаг даргаас 2021 оны 09 сарын 22-ны өдөр сургуулийн багш,ажилтнуудаас захирал Н.Б-ын талаар 8 асуулт бүхий санал асуулгыг цахимаар авч,түүний үр дүнгийн талаар багш нарт танилцуулсан, сумын Засаг дарга 2021 оны 9 сарын 27-ны өдөр сургуулийн багш,ажилтнуудыг цуглуулан захирал Н.Б-ыг ажлаас халсан тул дараагийн захиралд нэр дэвшүүлэх 3 хүний нэрийг бичгээр санал болгох тухай танилцуулсан,багш ажилтнууд ямар нэгэн хүний нэрийг санал болгоогүй үйл баримтууд болсон талаар хэргийн оролцогчид тайлбарлаж, энэ талаар маргаангүй байгаа болно.

18. Сумын Засаг даргын зүгээс сургуулийн захирал Н.Б-д 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар “ажил тасалсан” гэж үзэн ажлаас халах шийтгэлийг ногдуулсны дараа Н.Б-оос 2021 оны 09 сарын 27-ны өдөр гаргасан “Баруунтуруун сумын ЕБС-ийн захирал ажилтай Н.Б миний бие гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийн үүрэгт ажлаа өгч байна” гэсэн өргөдлийг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Н.Б-ыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажлаас чөлөөлж, захирамжийн 3 дахь заалтаар Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

19. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актын  үндэслэл болох “ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн”  гэх асуудалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

20. Сумын Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасны дагуу сумын сургуулийн захирлын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой шийдвэрийг гаргах эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэх ёстой.

21. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтны санаачилгаар, 38.1.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

22. Сургуулийн захирлын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг сумын Засаг даргатай байгуулан ажиллаж байсан байна.

23. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл,заалтыг тайлбарлах тухай” тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарлажээ.

24. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан “..2021 оны 9 дүгээр сарын 23-ны үдээс хойш сумын Засаг дарга сургууль дээр ирж миний талаар багш ажилтнуудаас авсан судалгааны үр дүнг сургалтын менежерээр танилцуулсан. Тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа Н.Б нь надаас албан ёсоор чөлөө авахгүйгээр 3 хоног ажлаа тасалж явсан ба хамт олны судалгаагаар ийм үр дүнд хүрч байгаа тул арга хэмжээ авна гэдгийг нийт багш ажилтан болон аймгаас ирсэн мэргэжилтний өмнө хэлсэн учир надад маш хүнд цохилт болсон. Тус сумын Засаг даргын зүгээс надад хандаж өөрт тохирох шийтгэлээ бичээд манай өрөөнд хүрээд ирээрэй гэж хэлчхээд яваад өгсөн. Би цалингийн 20 хувь торгуулах сахилгын шийтгэл авна гэх хүсэлтээ бичээд Засаг даргын өрөө рүү яваад ортол наад шийтгэл чинь арай хөнгөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 6 сар цалингийн 20 хувь торгуулъя гэж хэлтэл “чамайг мөнгө төгрөгөөр торгоод яах вэ тэгснээс чи дахин ийм алдаа дутагдал гаргавал ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэсэн агуулгатай он сар өдөр тавиагүй хүсэлт бичиж өг. Хэрвээ ийм хүсэлт бичээд ирвэл чамд сахилгын арга хэмжээ авахгүйгээр чамайг ажиглана” үгүй бол чамайг ажлаас халах тухай захирамж бичээд сургуулийн бичиг хэргийн ажилтан руу явуулна шүү гэж сүрдүүлж, намайг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн гар нооргийг надад үзүүлж байсан. Би тус сумын Засаг даргын хэлснээр он сар өдөргүй дахин алдаа гаргасан тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгнө гэсэн агуулгатай хүсэлт бичээд өгвөл намайг хэзээ нэгэн өдөр алдаа гаргавал миний алдаа нь дээр дөрөөлж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн болгож намайг ажилгүй болгох юм байна гэдэг зүйлийг бодоод байж байтал сургуулийн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан намайг ажлаас чөлөөлсөн тус сумын Засаг даргын захирамжийг өгөөд явуулсан байсан. 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай сургуулийн хамт олны зүгээс намайг ажлаас чөлөөлсөн захирамж ирснийг мэдээд манай гэрт хүрэлцэн ирж санал бодлоо солилцсон. Сургуулийн багш ажилтнуудын зүгээс Н.Б захирлыг халах шийдвэр дэндүү хатуу шийдвэр байх тул Н.Б захирлыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар сургуулийн хамт олны саналыг сонсох хэрэгтэй гэдэг байдлаар сургуулийн багш ажилтны эсэргүүцсэн гарын үсэг цуглуулж, санал асуулга авсан байсан. Мөн Н.Б захиралд алдаа дутагдал байгаа бол шат дараалалтай шийтгэл ноогдуулах ёстой гэдэг байдлаар санал бодлоо илэрхийлж тус сумын Засаг даргатай хамт олны зөвлөлийн 3 ажилтан очиж уулзсан. Тус сумын Засаг даргын зүгээс “нэгэнт би шийдвэрээ гаргасан, гэхдээ Н.Б-ын зүгээс өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт бичиж өгвөл өөр сул орон тоонд ажиллуулах боломжтой. Үгүй бол ажлаас халах сахилгын шийтгэлээ авч ажлаа хүлээлгэн өгөх хоёр сонголт үлдсэн гэдэг байдлаар хандсан байсан. Хэрэв би хүсэлт бичиж өгөхгүй бол ажлаас халагдах сахилгын шийтгэл авсан гэдэг утгаараа 1 жил төрийн албанд ажиллаж чадахааргүй хар толботой үлдэх гэх асуудал үүссэн. Би газар тариалангийн ажил эрхлэхээр Хаан банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авсан ба өмнөх зээлтэйгээ 34.000.000 төгрөгийн өр зээлтэй үлдэж байгаа тул ажлаас халагдах боломжгүй байсан. Тэгээд би сургуулийн хамт олонтойгоо ярилцаж гарц гаргалгаа хайж үзтэл нэгэнт л та ажлаас халагдвал амьдрал аж ахуйгаа эрхлэх боломжгүй болох учир өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байна гэсэн хүсэлтээ бичиж өгөөд өөр ажилд ажиллах нь дээр юм байна гэсэн санал орж ирсэн. Би санхүүгийн нөхцөл байдлаа тооцож үзээд ямар ч байсан нэг ажилтай байж байгаад шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн нь дээр юм байна гэдэг дүгнэлтэд хүрч хамт олны төлөөллийн 3 гишүүний хамт тус сумын Засаг даргын өрөөнд орж хүсэлт бичихээс өмнө ямар агуулгатай хүсэлт бичих вэ гэж асууж тодруулсан. Тус сумын Засаг даргын зүгээс “алдаа дутагдлаа ойлгож ухамсарлаж байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байна гэдэг агуулгатай хүсэлт бичиж өг” хэлж хэлсэн. Ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч байна гэдэг хүсэлтийг би өөрийн хүслийн дагуу бичээгүй учир “ажлаа өгч байна” гэдэг байдлаар хүсэлт бичиж өгсөн. Хэрэв миний өөрийн хүсэлт байсан бол ажлаас чөлөөлж өгнө үү гэдэг байдлаар гуйсан хүсэлт бичиж өгөх байсан” гэх тайлбар,

 хариуцагч сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан “2021 оны 9 сарын 23-ны өдөр би Н.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн гар нооргийг Н.Бод өгөөд нарийн бичгээр өөрийн ажлаас чөлөөлөх тухай захирамжийг бичүүлээд ир гэж хэлсэн. Би өрөөндөө байж байтал Н.Б орж ирээд цалингийн 20 хувиар 3-6 сар торгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Н.Б-д “заавал ажлаас халж цалингийн 20 хувиар торгох шаардлага байхгүй. Чамайг архи уухгүйгээр ажлаа асуудалгүй үргэлжлүүлэхийг хүсэж байна” гэдгийг хэлтэл Н.Б-ын зүгээс “би дахин архи ууж ажлаа цалгардуулахгүй” гэж хэлсэн. Тэгвэл чи наад хэлж байгаа үгээ бичгээр баталгаажуулж он сар өдөр тавихгүйгээр надад бичээд ир гэж хэлсэн чинь баярлалаа танд би маргааш өглөө өргөдлөө бичээд өгнө гэж хэлээд гараад явсан. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Н.Б-ыг амлалтаа бичээд хүрээд ирэх болов уу гэж хүлээсэн боловч ирээгүй тул Н.Б-ыг ажлаас халах тухай захирамжийг төлөвлөж, бичиг хэргийн ажилтанд өгсөн. Сургуулийн багш ажилчдын төлөөллийн 3 гишүүн манай өрөөнд орж ирээд Н.Б-ын талаар ярилцаж “архи уудаг хүн ажилгүй болчихвол бүр хэцүү” гэдэг зүйлийг хэлсэн. Байгууллагын удирдлага хүн архи ууж ажлаа цалгардуулж сумын сургуулийн 600 гаруй хүүхэд 70 гаруй багш ажилчдыг хүнд байдалд оруулж байна. Сахилгын шийтгэл авч ажлаасаа халагдах эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх гэсэн боломж байна гэдгийг хэлээд явуулсан. Сургуулийн хамт олны хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар би албан тоот төлөвлөж суутал Н.Б хамт олны төлөөлөл болох 3 багштайгаа манай өрөөнд ороод ирсэн. Н.Б-ын зүгээс “би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж багшийн ажилтай үлдэхгүй бол амьдрал хэцүү байна” гэж хэлээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн”  гэх тайлбар, 

Гэрч Б.Н-ийн шүүхэд өгсөн “Манай хамт олны зөвлөлийн Н,А бид гурав Н.Б-ыг ажлаас чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн хамт олны гарын үсэг зурсан баримтыг сумын Засаг даргад танилцуулахад “Н.Бод нэг боломж байгаа.Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичээд ирвэл ажлаас чөлөөлөх захирамж гаргаж болно” гэсэн.Бид нар сургууль дээр захирал Н.Б-той уулзаад Засаг даргын саналыг танилцуулахад Н.Б захирал саналыг хүлээн авч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгье гэж хэлсэн.Тэгээд сумын Засаг даргын өрөөнд өөрийн гараар хүсэлтээ бичиж өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н-ийн шүүхэд өгсөн “ Хамт олны захирлыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлтийг Б.Н, Н.А бид гурав 2021 оны 09 сарын 27-ны өдөр сумын Засаг даргад хүлээлгэн өгч уулзахад Засаг дарга “Н.Б-д хоёр сонголт байна.Нэг нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж өөр ажилд томилогдох,эсвэл 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдах сонголт байна” гэсэн. Захирлын өрөөнд очиж уулзахад ажилгүй болчихвол нэг жилийн хугацаанд эргэж ажиллахгүй болж бас банкны зээл төлөхөд хүндрэлтэй болох тухай ярилцаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх боломжийн талаар Засаг даргад танилцуулсан.Тэгээд засаг даргаас ямар утгатай өргөдөл бичих вэ гэж асуухад алдаа дутагдалдаа дүгнэлт хийн өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна гэсэн утгаар бич гэсэн.Ингээд Н.Б захирал өргөдлөө бичиж өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч Н.А-ийн шүүхэд өгсөн “2021 оны 9 сарын 27-ны өдрийн үдээс хойш Б.Н,багш Н надтай ирж уулзаад захирал Н.Б-ыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай багш,ажилтнуудын гарын үсэг зурсан баримтыг танилцуулахаар болж сумын Засаг даргатай уулзсан.Хэрэв Н.Б өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдвөл захирамжаа өөрчилж болно гэж хэлсэн.Бид гурав захирал Н.Бод өөрийн хүсэлтээр чөлөөлөгдвөл захирамжаа өөрчилж болно гэснийг хэлсэн.Буцаж сумын Засаг даргын өрөөнд өргөдөл бичихээр очоод “өргөдлөө ямар агуулгаар бичих вэ” гэж Н.Б захирал асуухад сумын Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгөх агуулгатай бич гэж хэлсэн.Тэгээд Н.Б захирал өргөдлөө бичиж өгөөд бид гарцгаасан” гэх мэдүүлэг,

Н.Б-ын 2021 оны 09 сарын 27-ны өдөр Баруунтуруун сумын Засаг даргад хандан бичсэн өргөдөлд “Баруунтуруун сумын ЕБС-ийн захирал ажилтай Н.Б миний бие гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийн үүрэгт ажлаа өгч байна” гэж бичигдсэн байдал зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Н.Б-ыг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр,ажил олгогчийн шаардлагагүйгээр,хөндлөнгийн оролцоогүйгээр бичсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

25. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Б өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргаагүй байхад хариуцагчаас тус үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзнэ.

26. Иймд сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийн 1, 2 дахь заалт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хүчингүй болгож,нэхэмжлэгчийг Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх  үндэслэлтэй.

27.Хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн иргэн Т-ийн өргөдөл, Д.М, Н.Б нарын ярианы бичлэг гэх  баримт хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар тооцож үнэлээгүй болохыг тэмдэглэв.

28..Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, Н.Б-ыг Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНЦЭЦЭГ