| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0101/З |
| Дугаар | 221/МА2025/0524 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0524
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ц.М, М.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, М.О нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-124000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6 569 472 867.50 төгрөгийн нөхөн татвар, 2 627 789 147.31 төгрөгийн торгууль, 2 170 891 495.42 төгрөгийн алданги, нийт 11 368 153 510.23 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 409 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, Ж.Ц, өмгөөлөгч Б.Б
Хариуцагч Ц.М, М.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2025/0101/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас “Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, М.О нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-124000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6 569 472 867.50 төгрөгийн нөхөн татвар, 2 627 789 147.31 төгрөгийн торгууль, 2 170 891 495.42 төгрөгийн алданги, нийт 11 368 153 510.23 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, М.О нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-124000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6 569 472 867.50 төгрөгийн нөхөн татвар, 2 627 789 147.31 төгрөгийн торгууль, 2 170 891 495.42 төгрөгийн алданги, нийт 11 368 153 510.23 төгрөгийн төлбөр төлөх хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
Учир нь анхан шатны шүүх нь “Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-21240000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар. 2,627,879,147 төгрөгийн торгууль, 2,170,891,459.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөр төлөх хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэрийн 4.10-д “Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүгийн төлөвлөлт, зохицуулалтад зөвлөгөө, үйлчилгээг мэргэшлийн өндөр түвшинд үзүүлэх чиг үүрэгтэй болохын хувьд тус яам, газраас гаргасан албан бичгийг Сангийн яамны харьяа агентлаг болох Татварын ерөнхий газрын байцаагч үйл ажиллагаатай тусгах нь зүйтэй юм” гэсэн байна.
Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/6776 тоот “А & А” ХХК-ИЙН ПАРТНЕР Х.Н ТАНАА тус “Хариу хүргүүлэх” тухай албан бичиг байсан бөгөөд татвар төлөгч тус албан бичгийг татварын хяналт шалгалтын явцад Татварын алба болон татварын хяналт шалгалтын багт ирүүлээгүй болно. Энэхүү албан бичгийг хэрэгжүүлээгүйд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 захирах, захирагдах ёсыг баримтлах зарчимтай нийцэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.
Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-аар тус компанийн боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрс (бусад) нь ашигт малтмалын хүдэр ангилалд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 81 дүгээр тогтоолоор БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http://en.sxcoal.com)-ийн дагуу тооцох, энэхүү тооцсон үнэлгээ нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дахь заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно”, 4.2-д “Экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, найрлага, чанар, ангиллыг гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлно. Гаалийн лаборатори нь дүгнэлт гаргахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улс, эсхүл олон улсад итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно” гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулсан.
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр “Г” ХХК-ийн 2020-2021 онуудад экспортолсон нийт нүүрсийг 2701.12.13 БТКУС кодтой, коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс гэж дүгнэсэн.
Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалын хавсралт “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын 27-р бүлэг, 2701.12.13 БТКУС кодтой Коксжих чанаргүй нүүрсийг “эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-тай тэнцүү эсвэл түүнээс их байх” гэж тайлбарласан.
Доорх хүснэгтээр татвар төлөгчийн 2021 оны 4, 6 саруудад экспортолсон нүүрсний дээжид хийсэн шинжилгээний үр дүн болон Сангийн яамны цахим хуудсаар зарласан коксжих чанаргүй нүүрсний чанарын үзүүлэлттэй зэрэгцүүлэн харуулъя.
Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнгээрх чанарын үзүүлэлт
| № | Нүүрсний ангилал | БТКУС | Чийгтэй жинд тооцсон илчлэг | Үнслэг | Дэгдэмхий | Бодит илчлэг | Чийглэг | Хүхэр | Хөөлт | Дүгнэлтийн дугаар | Огноо |
| 1 | Боловсруулаагүй коксжих чанаргүй, бусад нүүрс | 2701.12.13 | 6047 | 25.60 | 42.90 | 4404 | 11.50 | 1.61 | <1.0 | 26495 | 2021.04.27 |
| 2 | 5850 | 27.00 | 48.70 | 4239 | 17.20 | 1.64 | 0 | 27999 | 2021.04.30 | ||
| 3 | 5955 | 24.90 | 46.70 | 4360 | 13.60 | 1.20 | <1.0 | 28893 | 2021.04.20 | ||
| 4 | 6166 | 19.66 | 47.10 | 4402 | 12.44 | 0.26 | 0 | 29625 | 2021.06.16 |
Сангийн яамнаас зарласан чанарын үзүүлэлт
| Нүүрс | ||||||
| Төрөл | Нэр | Чанарын үзүүлэлт | Эх сурвалж | |||
| Боловсруулаагүй нүүрс | Коксжих чанаргүй нүүрс | Барьцалдах чанар: | Дэгдэмхий: | Үнслэг: | Илчлэг: | http://en.sxcoal.com |
| G<50 | V=37% | A>25% | Q>=4500 | |||
Татварын улсын байцаагчид бид хууль дээдлэх зарчмыг баримталсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 76 дугаар зүйл.Татварын албаны үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, хориглох зүйл. 6.4.Татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд шийдвэр гаргахыг хориглоно. 76.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно. 76.6.Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах бөгөөд татварын алба энэ үүргээ хэрэгжүүлэхгүй бол татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасныг болон татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, хуульд нийцүүлэн гаргасан тогтоол, журмуудыг хэрэгжүүлж ажилласан болно.
Эрх бүхий байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 342, 465 дугаар тогтоолууд, 2015 оны 102, 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлдэг бөгөөд энэхүү мэдээллийг зарлахдаа “боловсруулаагүй. коксжих чанаргүй нүүрс” нэртэй дээрх 4 чанарын үзүүлэлтийг хангасан тохиолдолд Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар зохицуулсан.
Шүүхийн шийдвэрийн 4.11-т “Г” ХХК-ийн хариуцагч нарт даалгасан “компанийн боловсруулсан нүүрс нь одоогийн хагас чулуун нүүрс ангилалтай адилтгаж авч үзэх болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэсэн хуулийн заалт, Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албан бичигт дурдсан Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан ангилал, аргачлалаар боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрсний тооцох зарчимд нийцэх БНХАУ-ын Өвөрмонголын Ордос, Бугат зэрэг хотын уурхайн ...” гэсэн байна.
Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолд 2023 онд тус тогтоолын зарим хэсэгт нэмэлт өөрчлөлт орсон. Мөн Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд дурдсан “боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс” гэсэн шинжилгээний бичиг, Гаалийн байгууллагаас 2701.12.13 БТКУС кодтой боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрсний ангилал, Сангийн яамнаас сар бүр Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд зарласан үнийн мэдээллийг баримтлан ажилласан болно.
Түүнчлэн эрх бүхий байгууллагаас 2020 оны 03 сараас эхлэн БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http://en.sxcoal.com)-ийг “Боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс”-ийг чанарын үзүүлэлтээр нь 2 салган “Барьцалдах чанар: G<50, Дэгдэмхий: V=28%-37%, Үнслэг: А<=25%, Илчлэг: Q>5000” болон “Барьцалдах чанар: G<50, Дэгдэмхий: V>37% Үнслэг: А>=25%, Илчлэг: Q>=4500” гэж тусдаа зарласан нь дээрх үндэслэлүүдээр шийдсэн шийдвэрийг бүхэлд нь үгүйсгэж, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Дараах үндэслэлээр хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангав.
2.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, М.О нар “Г” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 136,978,430,934.92 төгрөгийн зөрчлийг илрүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-21240000001 дугаар нөхөн ногдуулалтын актаар 6,774,855,362.53 төгрөгийн нөхөн татвар, 2,847,324,351.37 төгрөгийн торгууль, 2,416,930,305.16 төгрөгийн алданги, нийт 12,039,110,019.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
2.2. Нэхэмжлэгч маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-21240000001 дугаар нөхөн ногдуулалтын актын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 11 368 153 511.00 төгрөгийн төлбөр нөхөн ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.
2.3. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6 569 472 867.50 төгрөгийн нөхөн татвар, 2 627 789 147.31 төгрөгийн торгууль, 2 170 891 495.42 төгрөгийн алданги, нийт 11 368 153 510.23 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд 2020 оноос эрчим хүчний нүүрс олборлож, БНХАУ-д бүртгэлтэй 6 компанитай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан Монгол Улсын Замын-Үүд, Эрээн боомтоор экспортолж борлуулдаг, ... манай компани бараагаа Олон Улсын Инкотермсийн DAP нөхцөлтэйгөөр БНХАУ-ын Эрээн хотын RU YI HUI TONG гаалийн хяналтын талбайд нийлүүлдэг. Ингэхдээ харилцагч байгууллагын тогтмол худалдан авдаг үнэ болон тухайн хэсгийн ерөнхий эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнэд үндэслэн гэрээгээ байгуулж, олборлосон нүүрсээ борлуулдаг, ... манай компанийн нүүрсийг чулуун нүүрсний төрөлд хүчээр оруулсан, гэтэл манай борлуулдаг нүүрс нь орон нутгийн цахилгаан, дулаан станцад ашиглагддаг, зориулалт, хэрэглээний хувьд ихээхэн ялгаатай, үнэ хямд нүүрс юм, ... манай компанийн 2020 оноос 2022 оны хоорондох лабораторийн шинжилгээний дүгнэлтээр харилцан адилгүй байдлаар шинжилгээний дүгнэлтүүд гарч байсан, ... гэтэл Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр дээрх үзүүлэлтийг харгалзан үзэлгүйгээр шууд боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрс гэсэн дүгнэлт гаргасан, манай нүүрс хүрэн нүүрсний ангилалд хамаарна, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан нүүрсний ангилалд манай компанийн борлуулдаг нүүрсний төрөл байгаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь хэсэгт заасны дагуу “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэсэн зохицуулалтад үндэслэн борлуулалтын үнэлгээгээ тодорхойлж Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, СТОУС 15 /орлого, хүлээн зөвшөөрөх/, Монгол Улсын Засгийн газрын 342 дугаар тогтоол, 81 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт заасны дагуу гэрээ болон худалдан авагчаас хүлээн авсан мөнгөн дүнгээр тайлагнасан, ... гэтэл Засгийн газраас тайлагнасан чулуун нүүрсний ангилалд хүчээр оруулж, үнэтэй зах зээлийн үнээр тооцож улмаар 11 368 153 510.23 төгрөгийн төлбөрийг бидэнд тавьсан...” гэж тайлбарлан маргажээ.
2.4. Гэтэл анхан шатны шүүх “...Гаалийн төв лабораторийн захиалгын дагуу хийгдсэн Геологийн төв лабораторийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шинжилгээний дүгнэлтээр нэхэмжлэгч компанийн борлуулсан нүүрсний илчлэг 4404 ккал/кг гэж дүгнэлт гарч, “Г” ХХК-ийн экспортолсон нүүрс нь чулуун болон хүрэн нүүрсний хооронд хэлбэлзэж, ангиллыг шууд тогтоох боломжгүй байхад хариуцагч татварын байцаагч нар “Г” ХХК-ийн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо бүхэлд нь коксжих чанаргүй нүүрсний зах зээлийн үнээр тооцож акт тавьсан нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл дээрх 4500 ккал/кг бага илчлэгийн агууламжтай нүүрсний ангиллыг зөв хөдөлбөргүйгээр тогтоолгон, тооцуулснаар маргаан бүхий актаар тогтоосон үнийн дүн өөрчлөгдөх боломжтой” гэж дүгнэн маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-124000001 дугаартай нөхөн ногдуулалтын актын 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6 569 472 867.50 төгрөгийн нөхөн татвар, 2 627 789 147.31 төгрөгийн торгууль, 2 170 891 495.42 төгрөгийн алданги, нийт 11 368 153 510.23 төгрөгийн төлбөр төлөх хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
2.5. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баталсан бөгөөд Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.2-ын 9 дэх заалт, 2.4-ийн 4 дэх заалтыг тус тус өөрчлөн найруулсан ба ингэхдээ Коксжих чанаргүй нүүрсний чанарын үзүүлэлтийг Барьцалдах чанар Gi <50, Дэгдэмхий Vdaf 28-37, >37, Илчлэг Qar >5000, ≥4500, Үнслэг Ad ≤25, ≥25, Нийт чийг Wt<15 байна гэж заасан ба Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/300 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-д Коксжих чанаргүй нүүрс (эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-тай тэнцүү эсвэл түүнээс их байх) бол 2701.12.13 кодтой байхаар кодолжээ.
2.6. Тодруулбал, нэхэмжлэгч “Г” ХХК нь 2020-2022 онуудад 2701.12.13 кодтой коксжих чанаргүй нүүрсэд гаалийн бүрдүүлэлт хийж, экспортолж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гадаад зах зээлд нүүрс борлуулсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл болон Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэгчийн экспортолсон нүүрс нь 2701.12.13 кодтой коксжих чанаргүй нүүрс болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд тайлант хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолууд болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан барааны ангиллын жагсаалтын дагуу 2701.12.13 кодоор кодолж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцоолж, ийнхүү нөхөн ногдуулалтын акт ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
2.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь ашигт малтмалын ашиглалтын тусгай эзэмшигчийнхээ хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнийн эх сурвалжийн нэрийг (“http://en.sxcoal.com) гэж зарласан байгаа энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” тооцоолно гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
2.8. Мөн хавтаст хэрэгт авагдсан Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/6776 дугаар албан бичигт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193, 2016 оны 81 дүгээр тогтоолуудыг өөрөөр тайлбарлан борлуулалтын үнэлгээг тооцоолохоор тайлбарласан байгаа энэ тохиолдолд уг хууль болон Засгийн тогтоолыг давж тайлбарласан Сангийн яамны албан бичгийн дагуу борлуулалтын үнэлгээг тооцоолох агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбар болон анхан шатны дүгнэлт үндэслэлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд ийнхүү хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой, цаашид тодруулах шаардлагатай зүйл байхгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж заасныг буруу тайлбарлан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.6, 47.8, 47.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, М.О нарт холбогдуулан гаргасан “Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, М.О нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-124000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6 569 472 867.50 төгрөгийн нөхөн татвар, 2 627 789 147.31 төгрөгийн торгууль, 2 170 891 495.42 төгрөгийн алданги, нийт 11 368 153 510.23 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг “2” болгож тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.М, М.О, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН